| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0337/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/347 |
| Огноо | 2022-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/347
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208006570370 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан гэх, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/1080 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22/43 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Т овогт Э-ийн М(РД:******).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байранд хохирогч Н.Я“гар утсаа авах” зорилгоор үснээс нь зулгаах, нүүрэнд нь 2 удаа алгадах, зүүн чихнээс нь хазах зэргээр зодсоны улмаас баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, зүүн хөмсөг, баруун бугалга, шуу, баруун өвдөгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний 2 утсыг аваад явчихаар нь утсаа авах гээд үсдээд, алгадаад зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйсан, гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2208006570370 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.Я-гийн: “...Маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд буудлаас гарч М-ын гэрт ирсэн. М миний авч ирсэн шар айргийг “хортой шар айраг аваад ирлээ” гээд асгачихсан. Би уурлаад “танай гэр чинь архичдын оромж болчихсон юм биш үү” гээд хэлчихсэн. Тухайн үед М уурлаад ээж рүүгээ ярина гээд байхаар нь би “за за уучлаарай, битгий ээж рүүгээ ярь” гэхэд тэр “ярина” гээд байхаар нь би утсыг булаацалдаж байгаад авчихсан. ...Тэр түүний дараа “өөр утас байгаа” гээд ээжийнхээ өрөө рүү орох гээд түлхээд хаалганы цоожийг нь эвдэлсэн. Тэр утсаа авахаар нь би дахин нөгөөх утсыг нь булааж аваад орц руу гарсан. 8 давхарт алхаад бууж байхад араас хүрч ирээд үснээс зулгааж нүүр хэсэгт 2 удаа алгадсан, чихнээс хазсан. Би зөрүүлээд шуу хэсгээс нь хазчихсан. Тэр хоёр утсаа аваад гэр рүүгээ орсон. М уурлахаараа биеэ хянах чадваргүй. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-7, 42-43),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.26-ны өдрийн 2056 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Н.Я-ийн биед баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, зүүн хөмсөг, баруун бугалга, шуу, баруун өвдөгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-29-30),
Шүүгдэгч Э.М-ын яллагдагчаар өгсөн: “...Маргааш нь бид манай гэрт очоод шар айраг уусан. Би Я-гийн авсан шар айргийг цонхоор асгасан. Я уурлаад “танай гэр чинь архичин цуглардаг газар болчихсон байна” гэж хэлсэн. Би ээжтэй утсаар ярих гэтэл миний утсыг Н.Я булааж авчихаад “ээж рүүгээ битгий ярь” гээд байсан. Би ээжийн өрөөнд байсан утсыг аваад ярих гэтэл мөн тэр утсыг авах гээд булаацалдаж байгаад надаас булааж аваад орц руу гарсан. Би маш их уурлаад 8 давхрын шатан дээр түүний үснээс зулгааж зогсоогоод утсаа авах гэтэл өгөхгүй байхаар нь түүний нүүр хэсэгт 2-3 удаа алгадсан, утсыг барьсан гарыг нь мушгисан. Түүний зүүн чихнээс хазсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн маргалдах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-70-71),
Дуудлага лавлагааны хуудас (хх-4), зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-5-6), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-84), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-73), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.28-ны өдрийн 1080 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-79-82), Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт (хх-83), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-85), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-86), эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа (хх-87), банкны дансны хуулга (хх-88-89), бакалаврын дипломын хуулбар (хх-91-93), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-99, 100), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-101-102), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” санал (хх-103-104) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол (1 хуудас) зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.М согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байранд хохирогч Н.Я“гар утсаа авах” зорилгоор үснээс нь зулгаах, нүүрэнд нь 2 удаа алгадах, зүүн чихнээс нь хазах зэргээр зодсоны улмаас баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, зүүн хөмсөг, баруун бугалга, шуу, баруун өвдөгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Я-ийн “...Бид нар шар айраг уусан. М араас ирээд үснээс зулгааж байгаад нүүр хэсэгт 2 удаа алгадсан, чихнээс хазсан...” гэх мэдүүлэг (хх-7, 42-43), шүүх эмнэлгийн 2056 дугаар “1.2. Н.Я-ийн биед баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, зүүн хөмсөг, баруун бугалга, шуу, баруун өвдөгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-29-30), шүүгдэгч Э.М-ын яллагдагчаар өгсөн: “...Бид нар манай гэрт шар айраг уусан. Янжмаагийн нүүр хэсэгт 2-3 удаа алгадсан, гарыг нь мушгисан, зүүн чихнээс нь хазсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-70-71) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.М-ын согтуурсан үедээ хохирогч Н.Я “утсаа авах” зорилгоор үснээс зулгаах, нүүрэнд 2 удаа алгадаж, чихнээс хазах үйлдлээр цохиж зодон хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Я-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-42-43, 99)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.М нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байранд хохирогч Н.Я“гар утсаа авах” зорилгоор үснээс нь зулгаах, нүүрэнд нь 2 удаа алгадах, зүүн чихнээс нь хазах зэргээр зодсоны улмаас биед нь баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, зүүн хөмсөг, баруун бугалга, шуу, баруун өвдөгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Гэмшиж байна. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.М“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, “утас авлаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогчийг алгадах, үснээс зулгаах, чихнээс хазах зэрэг хэд хэдэн удаагийн үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан-тархины гэмтлийн улмаас гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Э-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР