| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/05297/и |
| Дугаар | 902 |
| Огноо | 2018-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 902
| 2018 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2018/00902 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.А/,
Нэхэмжлэгч: Ө.А / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.А/,
Хариуцагч: Д.О/ нарт холбогдох,
11,418,266.97 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.А , Д.О нар нь 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ө.Ам аас 13,000,000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч хариуцагч нар нь төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй. Нэхэмжлэгчийг төлбөрөө нэхэхэд дугаар байрны нэг өрөө орон сууцаа зараад өрөө төлье гэсэн байдаг. Тухайн үед орон сууцыг худалдан авах гэж байсан хүн нь худалдан авахаа больсон учраас та энэ байрыг авах уу гэх саналыг Ө.Ам д хариуцагч нар тавьсан. Ө.Ам нь өөрийн төрсөн дүү Ө.Ама д орон сууц худалдан авч өгөх гэж байсан учраас уг орон сууцыг тухайн үеийн ханш болох 9,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, өмчлөх эрхийг Ө.Ама гийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Үлдэх 4,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлж авахаар болсон. Ө.Ам ын нэр дээр шилжсэн нэг өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьж, 4,000,000 төгрөгийг зээлж авч, хариуцагч нар банкны зээлийн графикийн дагуу төлөхөөр тохиролцож, Иргэний хуульд заасан хэлцлийг байгуулсан байдаг. Гэвч хариуцагч нар Худалдаа хөгжлийн банкинд төлөх ёстой байсан 4,000,000 төгрөгийг төлөөгүй. Ө.Ам нь үндсэн төлбөр 3,264,883 төгрөг, хүү 1,683,099 төгрөгийг 2015 онд төлж дуусгасан. 2009 оны 6 дугаар сард нэхэмжлэгч нар хариуцагч нараас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх уг нэхэмжлэлийг хянаад хариуцагч нар хаягтаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Гэтэл хариуцагч нарын шилжүүлсэн орон сууцны хууль ёсны өмчлөгч нар гарч ирж, Ө.А , Д.О нарыг хууль бусаар бидний өмчлөлийн орон сууцыг бусдад зарсан байна гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн журмаар шалгуулсан. Ө.А , Д.О нарын орон сууцыг шилжүүлсэн үйлдлийг хууль бусаар бусдын өмчлөх эрхэд халдсан байна гэж үзэж, Ө.Ама гийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон. Иймд Ө.А , Д.О нар нь Ө.Ам , ӨӨ.Ама нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдал үүссэн. Хариуцагч тал 13,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч хэрэгт баримт гаргаж өгөөгүй. Энэ дээр хариуцагч нар “та банкнаас зээлчих, тэр мөнгийг нь бид нар төлөөд явъя” гэж хэлж байснаас харахад Ө.Ама , Ө.Ам нарын 13,000,000 төгрөг төлөгдсөн мэт харагдаж байгаа боловч бэлэглэлийн гэрээ хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. н.Өлзийхутаг нь орон сууцыг бусад эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бэлэглэсэн байна гээд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Ө.Ама д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ давхар хүчингүй болсон. Ингээд бодит байдал дээр 13,000,000 төгрөг төлөгдөөгүй байдаг. Үүнээс банкинд төлөх ёстой төлбөрөөс Ө.А тодорхой хэмжээний мөнгө төлж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Талуудын хооронд мөнгө өгсөн, авсан тооцоо байдаг учраас нэхэмжлэгч тооцоог гаргаж, хариуцагч нараас 11,418,266.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байрыг буцаан өгсөн учраас байрны үнэ болох 9,000,000 төгрөг, банкнаас зээлсэн 4,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 736,000 төгрөг, хүү 1,683,099 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө.Ам нар 11,418,266.97 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ. Миний бие 2005 онд Ө.Ам аас 8,000,000 төгрөгийг зээлж аваад 10 хоногийн хугацаатай буцааж өгсөн. Гэтэл Ө.Ам нь надаас ямар ч үндэслэлгүйгээр хүү гэж 4,000,000 төгрөгийг авсан. Үүний дараагаар 2005 онд 13,000,000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед ямар нэгэн хүүтэй зээлийн гэрээ хийгээгүй бөгөөд аман тохиролцоогоор авсан байдаг. Тухайн үед би банкны зээл бүтээгүй учир мөнгийг нь өгч чадаагүй учраас ахынхаа 1 өрөө байрыг түр хугацаагаар шилжүүлж өгсөн. Гэтэл Ө.Ам нь Худалдаа хөгжлийн банкнаас бидний байрыг барьцаалж 4,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тус мөнгийг миний бие төлж барагдуулсан. Өмнө нь надаас авсан 4,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. Мөн бидний байрыг тавьж авсан зээл болох 4,000,000 төгрөгийг бид төлж барагдуулсан. Өнгөрсөн хугацаанд бид эд материалын болон бусад байдлаар төлж байсан. Иймд нэхэмжлэгч нь 2005 онд авсан зээлийг ямар үндэслэлээр надаас 2017 онд шаардаж байгааг ойлгохгүй байна. Учир нь Иргэний хуульд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэсэн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дэмжихгүй байгаа. 4,000,000 төгрөгийг хасч тооцно гэж бодсон ч хасаагүй байдаг. Ө.А нь тодорхой хэмжээний мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдсэн мөнгөний хүү, зээл хоёроо төлж байсан. 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, 4,000,000 төгрөгийг төлөөд дууссан” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ам , ӨӨ.Ама нар нь хариуцагч Ө.А , Д.О нарт холбогдуулан 11,418,266.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нь 9,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ө.Ам нь хариуцагч Ө.А , Д.О нарт 2005 оны 12 сарын 02-нд 13,000,000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай зээлж баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтад бэлэн мөнгө тоолж авсан Ө.А , Д.О , бэлэн мөнгө тоолж өгсөн Ө.Ам , байлцсан У.Б гэж бичиж гарын үсгээ зуржээ. /хх-6/
Хариуцагч Д.О нь 2005 оны 12 сарын 09-ний өдөр “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-ээр талбайтай, 1 өрөө орон сууцыг Ө.Ам аас зээлсэн 13,000,000 төгрөгийн 9,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, нэхэмжлэгч Ө.Ам нь өөрийн дүү Ө.Ама гийн нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000148990 тоот гэрчилгээг гаргуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-82-84/
Хариуцагч нар нь 13,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөхийн тулд нэхэмжлэгч Ө.Ама гийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкнаас 4,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд нэхэмжлэгч ӨӨ.Ама нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.
Хариуцагч Ө.А , Д.О нар Ө.Ам аас зээлсэн 13,000,000 төгрөгийн өглөгтэй учир Худалдаа хөгжлийн банкнаас Ө.Ама гийн зээлж авсан 4,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгах үүргийг хүлээсэн “Хэлцэл” гэх баримтыг 2006 оны 01 сарын 08-ны өдөр үйлдэн, нэхэмжлэгч Ө.Ам , Ө.Ама , хариуцагч Ө.А , Д.О нар гарын үсгээ зурсан байна. /хх-8/
Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий баримт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулсан байх бөгөөд хариуцагч нар нь Ө.Ама гийн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нар зээлийн төлбөр 4,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 04 сарын 16-ны өдрийн 238 дугаартай шийдвэрээр Ө.Ө гийн нэхэмжлэлтэй Ө.А , Д.О , ӨӨ.Ама нарт холбогдох Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэж, Г.Ө , Д.О нарын хооронд 2005 оны 11 сарын 25-нд байгуулагдсан, Д.О , ӨӨ.Ама нарын хооронд 2005 оны 12 сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэн, уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл болон Д.О ийн нэр дээр олгогдсон 000148957 тоот, Ө.Ама гийн нэр дээр олгогдсон 000148990 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг Дорнод аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд даалгаж шийдвэрлэжээ. /хх-85-87/
Уг шүүхийн шийдвэрийн дагуу Ө.Ама гийн нэр дээр олгогдсон 000148990 тоот гэрчилгээг хүчингүй болгож, талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.Ө , Ө.Ө , Ө.С нарыг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, улмаар орон сууцны өмчлөгч нар нь 2016 оны 04 сарын 13-ны өдрийн арилжааны гэрээгээр орон сууцыг иргэн Ц.Т ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлээр тогтоогдож байна. /хх-69-97/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгч Ө.Ам нь хариуцагч Ө.А , Д.О нарт 13,000,000 төгрөгийг зээлж, зээлдүүлэхдээ бэлнээр өгч, авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь орон сууцыг буцаан өгсөн тул түүний төлбөрт тооцсон 9,000,000 төгрөг, банкнаас зээлсэн 4,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 736,000 төгрөг, хүү 1,683,099 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Д.О , нэхэмжлэгч ӨӨ.Ама нарын хооронд 2005 оны 12 сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж тооцон, 9,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлж авсан орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу бусдад шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Ө.Ам нь зээлийн төлбөрийн үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар нь орон сууцны төлбөрт тооцсон 9,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч нартай харилцан тохиролцсоны дагуу Худалдаа хөгжлийн банкнаас авсан 4,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээний дагуу хариуцагч Ө.А нь 2014.05.16-нд 200,000 төгрөг, 2014.06.17-нд 200,000 төгрөг, 2014.10.17-нд 200,000 төгрөг, 2014.11.17-нд 200,000 төгрөг, 2015.03.18-нд 400,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч ӨӨ.Ама нь зээлийн гэрээний төлбөрт 4,483,099.67 төгрөгийг төлж, зээлийн гэрээний төлөлтийг бүрэн дуусгасан болох нь Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ӨӨ.Ама нь зээлийн гэрээний дагуу төлсөн мөнгийг хариуцагч нараас шаардах эрхтэй. /хх-15/ Нэхэмжлэгч ӨӨ.Ама нь зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2,418,266.97 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нар нь 2005 онд авсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч Ө.А нь нэхэмжлэгч нартай байгуулсан хэлцлийн дагуу зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 03 сарын 18-ны өдөр төлсөн байдлаас дүгнэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Хариуцагч нар нь 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, 1,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж, үлдсэн төлбөрийг эд зүйлээр төлсөн гэх тайлбарыг гарган маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ө.А , Д.О нараас орон сууцны төлбөрт тооцсон 9,000,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу төлсөн 2,418,266.97 төгрөг, нийт 11,418,266.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ам , ӨӨ.Ама нарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.А , Д.О нараас 11,418,266.97 /арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга хоёр зуун жаран зургаан төгрөг ерөн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ам , ӨӨ.Ама нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 57 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож, хариуцагч Ө.А , Д.О нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 197,643 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ам , Ө.Ама нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР