Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/390

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108031690407 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Борнуур, ** дугаар баг, Мандал, пүүний дэнж ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Аптаун вилла ***дүгээр байр, *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж-ийн Б(РД:***********).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Б согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Аптаун вилла хотхоны автомашины зогсоолд хохирогч Г.Б“автомашин хөдөлгөсөн” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унагаан зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд цагдаа дээр байхдаа 230,000 төгрөг шилжүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2108031690407 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Б: “2021 оны 12 дугаар сарын 12-ны орой 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Аптаун хотхоны гадна машинаа байрлуулсан. 20 орчим минутын дараа гарч ирэхэд миний машиныг хойд гуперээс нь өргөөд зүүн тал руу хөдөлгөсөн байсан. Машины хажууд зогсож байсан 3 хүнээс миний машиныг хэн хөдөлгөсөн юм гэж асуухад бид нар хөдөлгөсөн юм, тэгээд чи яах юм гэж хэлсэн. “Та нар хүний хөрөнгөд хамаагүй дураараа хандаж болохгүй шүү дээ, миний утас руу залгахгүй яасан юм бэ гэж хэлэхэд тус залуучуудын нэг нь ...машиныг чинь аятайхан өргөж тавина гэхээр яадаг юм пизда гээд шууд намайг заамдаж аваад баруун гараараа зүүн нүд рүү цохисон. Би тэнцвэр алдаж унахдаа баруун бугуй хэсгээ гэмтээсэн. Би тухайн 230,000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-16-17),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.15-ны өдрийн 364 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Б биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хх-25-26),

Шинжээч эмч Г.Энхбаатарын: “...Дээрх гэмтлүүдээс баруун бугуйн үений хөдөлгөөн эрс хязгаарлагдсан буюу зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учир нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд нь хэмжээ, талбайн хувьд жижиг байна. Хөнгөн зэрэгт хамаарсан гарын бугуйн гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мөн бусад гэмтлүүд нь тус тусдаа 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг (хх-32-33),

Гэрч Г.Н-ы: “...19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Аптаун Вилла хотхонд амьдрах Б бид 2 тамхи татахаар гарсан. Тэгтэл хүүгээ тэвэрсэн хүүхэн, залуу хоёр “машинаа гаргах гэсэн чинь энэ Приус-30 маркын машин тээглээд байна, хойд хэсгийг нь зүүн тийш өргөөд өгөөч” гэж хэлсэн. Би Б-ийн хамт өргөж дийлэхгүй байж байтал тус машины жолооч дахин нэг залууг гуйхад тус залуу зөвшөөрсөн бололтой бид хоёртой хамжаад Приус-30 маркын машины хойд хэсгийг зүүн тийш холдуулахад тухайн эрэгтэй, эмэгтэй хоёр “баярлалаа” гээд явсан. Б бид хоёр машины хойд хэсгийг хойшлуулсан залуутай хамт зогсож байтал холдуулсан Приус-30 маркын автомашин эзэмшигч гээд нэг залуу гарч ирснээ “та нар энэ машиныг холдуулсан уу, гуперний түгжээ мултарсан байна” гээд уурласан. Нэлээн согтсон байсан найз Б очоод тус залууг заамдаж аваад баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа цохиж, баруун хөлөөрөө хавсарч унагаасан. Би салгасан...” гэх мэдүүлэг (хх-22-23),

Шүүгдэгч Ж.Б-ийн яллагдагчаар өгсөн: ...Би хохирогч Г.Б эмчилгээний зардлыг барагдуулсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-52-53),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-79), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-34), банкны дансны хуулга (хх-59-75), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-76), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-77), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-78), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-80), шүүгдэгч, хохирогч нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-85, 86), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-88-89), прокурорын “Яллагдагчид оногдуулах, ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухйа” санал (хх-90) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Бсогтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Аптаун вилла хотхоны автомашины зогсоолд хохирогч Г.Б“автомашин хөдөлгөсөн” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унагаан “зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Б “...намайг заамдаж аваад баруун гараараа зүүн нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг (хх-16-17), шүүх эмнэлгийн 364 дүгээр “1. Г.Б биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-25-26), гэрч Г.Н-ы “...Бочоод тус залууг заамдаж аваад баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа цохиж, баруун хөлөөрөө хавсарч унагаасан...” гэх мэдүүлэг (хх-22-23), шүүгдэгч Ж.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-52-53) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-ийн согтуурсан үедээ хохирогч Г.Б-ийг нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, хавсарч унаган хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтгүйгээр 230,000 төгрөг нэхэмжилсэн, хохиролд 230,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-85)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Б согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аптаун вилла хотхоны автомашины зогсоолд иргэн Г.Б“автомашин хөдөлгөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унагаасны улмаас биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруунд зулгаралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдосж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ж.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй байсан тул торгох ял оногдуулах саналыг гаргасангэж,

шүүгдэгч “Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсдэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ж.Б“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй хөдөлгөсний улмаас хохирогч Г.Бхувийн таарамжгүй харилцаа үүсгэн, нүүрэн тус газарт зүүн гараараа нэг удаа цохих, хавсарч унагах зэрэг хэд хэдэн удаагийн үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 230,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Бцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Л.БААТАР