Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, хилчин гудамж, 4 тоотод оршин суух  Хашига овогт Лхагвын Х/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар, дүүрэг, 08-р хороо, оюутны гудамж, Воли апартмент 1003 тоотод байрлах, “Ж” ХХК/РД: /-д холбогдох,  

 

17 752 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч Л.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиалагч Лхагва овогтой Х нь Жи Ди ХХК-тай 2014 оны 05-р сарын 30-ны өдрийн Дугаар А-60 тоот Ажилчдын захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо “Ханын материал” орчимд баригдах орон сууцнаас 39.26 мкв талбайтай орон сууцыг нэг метр квадратыг нь 1280000 төгрөгөөр тооцож нийт 50 252 800 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний явцад:

1. 2014 оны 06 сарын 20-нд 5 025 280/Таван сая хорин таван мянга хоёр зуун наян/ төгрөг

2. 2014 оны 07 сарын 24-нд 5 025 280/Таван сая хорин таван мянга хоёр зуун наян/ төгрөг

3. 2014 оны 10 сарын 28-нд 7 702 240/Долоон сая долоон зуун хоёр мянга хоёр зуун дөчин/ төгрөг

Нийт 17 752 800 /Арван долоон сая долоон зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөг төлсөн.

Захиалгаар бариулж буй орон сууц 2015 оны 3-р улиралд ашиглалтанд орох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл орсонгүй. Цаашид баригдах үгүй нь тодорхойгүй болсон.

Захиалагч нь 2017 оны 12 дүгээр сарын 31-ний өдрөөр тооцон барилгын урьчилгаанд төлсөн 17 752 800 /Арван долоон сая долоон зуун тавин хобр мянга найман зуун/ төгрөг, хугацаа хойшилсон алданги болох 8 876 400/Найман сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг, алданги нь захиалагчийн гүйцэтгэсэн үүргийн дүнгээс хэтэрсэнийг багасгаж, гүйцэтгэсэн үүргийн дүнгийн 50 хувиар тооцож оруулсан болно.

Нийт 26 629 200 /Хорин зургаан сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч “Ж” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Жи Ди” ХХК-д холбогдох иргэн Л.Харцагын нэхэмжлэлтэй танилцан хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэлд дурдсан үнийн дүн болох 17,752,800 /арван долоон сая долоон зуун далан зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү болох 8,876,400 /найман сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг хэрэгжүүлэх хүрээнд компанийн ажилчдыг зах зээлийн үнээс хямд үнээр орон сууцжуулах зорилготой “Ажилчдын захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ба иргэн Л.Хтай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “А-60” тоот гэрээг байгуулсан болно.

Орон сууцны барилгын ажил нь 2014 онд эхлэн цахилгааны болоод цэвэр, бохир усны гэх мэт дэд бүтцийн ажлуудаа 2015 оноос 2016 онуудад хийж гүйцэтгэн дуусгасан.

2017 онд барилгын ажлыг эхлүүлэн гүйцэтгэх явцад манай компаниас үл шалтгаалан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 тоот захирамжаар барилгын ажил явагдаж байсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайг буюу харуул хамгаалалтын компанийн хамгаалж байсан объектуудыг дахин хуваан барилгажуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг бид хожим мэдсэн бөгөөд хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч, дээрх захирамжийн талаар холбогдох хүсэлт, шаардлагыг эрх бүхий этгээдэд хандан гаргасан боловч тодорхой хариу гарахгүй хүлээгдсээр байсан тул барилгын хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан байгууллага энэ жилдээ санхүүжилтээ өгч чадахгүй болсноо мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор төслийн санхүүжилт саатаж хүлээгдэх явцад хүйтний улирал эхэлж барилгын ажил явагдах боломжгүй болсон.

Иймд манай компани энэ оны барилга угсралтын ажлаа зогсоосон учир дээрх 17,752,800 /арван долоон сая долоон зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийг 2018 оны 6 дугаар сард төлж барагдуулах тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан шугамаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч “Ж”-д холбогдуулан алдангид 8 876 400/найман сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг, урьдчилгаа төлбөр 17 752 800/арван долоон сая долоон зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг, бүгд 26 629 200/хорин зургаан сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ж” ХХК нь алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, 17 752 800/арван долоон сая долоон зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбар гаргасан.

 

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргалд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр утсаар, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргалын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр № А-60 “Ажилчдын захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.2, 2-т зааснаар хариуцагч нь 39.26/гучин ес зууны хорин зургаа/ м.кв орон сууцыг 2015 оны III дугаар улиралд барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.2, 2-т зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид хөлс төлөх үүрэг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Гэрээний 1-ийн 1.2-т заасан хугацаанд буюу 2015 оны III дугаар улиралд 39.26/гучин ес зууны хорин зургаа/ м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх ба, түүнчлэн барилгын ажлыг эхлүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 тоот захирамж нь хариуцагч Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд саад болсон хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй болно.

 

Гэрээний 2-ын 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны төлбөрт буюу ажлын хөлсөд нийт 17 752 800/арван долоон сая долоон зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөлгүй хугацааг 2/хоёр/ жил, 6/зургаа/ сараар хэтрүүлсэн байх тул Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирол алдангид 8 876 400/найман сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг, ажлын хөлс буюу урьдчилгаа төлбөрт 17 752 800/арван долоон сая долоон зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг, бүгд 26 629 200/хорин зургаан сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг Гэрээг цуцалсан өдөрт тооцно.

 

Гэрээний 6-ын 6.1, 6.2-т зааснаар зохигчид алдангийг 0.1/тэг аравны нэг/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар Гэрээний харилцаа Гэрээг цуцлах хүртэл хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг 2015 оны III дугаар улирлаас эхлэн нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн төлбөрөөс тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 8 876 400/17752800:2=8876400/ /найман сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг, урьдчилгаа төлбөрт 17 752 800/арван долоон сая долоон зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг, бүгд 26 629 200/8876400+17752800=26629200/ /хорин зургаан сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас нийт 26 629 200/хорин зургаан сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Хд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас нийт 26 629 200/хорин зургаан сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Хд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Харцагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 291 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Хд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ