Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12-р хороолол, 27 байр, 30 тоотод оршин суух, Ейншөөбү овогт Намхайдоржийн А/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж 19А, Шангри-Ла оффисын 15-р давхарт байрлах, “ТБ” ХХК/РД: /-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн, Ё.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь ТБны Гүйцэтгэх Захирал М.Отгонбаярын 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 01/1-114 дүгээр тушаалаар Үйл ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн Программистын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Уг тушаалаар 3 сарын хугацаатай түр гэрээгээр ажиллуулахыг тусгасан. Ажил олгогч 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 40 дугаартай хөдөлмөрийн гэрээг надтай байгуулахдаа 2017 оны 8 сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 сарын 26-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байгуулсан. Гэрээ ёсоор цаашид жинхлэн ажиллах эсэхийг шийдэх хугацаа нь 2017 оны 11 сарын 26-ны өдрөөс хойш шийдвэрлэх байсан. Гэтэл 11 сарын 17-ны өдрийн байгууллагын Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын жинхлэх хурлын 2017/09 дугаартай тэмдэглэл, №2017/09-01 хурлын шийдвэрээр хугацаанаас өмнө буюу 11 сарын 17-ны өдөр намайг ажлаа чөлөөлснийг би дараах нөхцлүүдийн улмаас хүлээн зөвшөөрөхгүй

Гэрээний хугацаа дуусаагүй, мөн гэрээ цуцлах тухай хуульд заасан хугацаанд албан ёсоор ажил олгогчийн зүгээс надад мэдэгдээгүй.

Миний бие туршилтын хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй, ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл оногдуулсан асуудал байхгүй.

Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй.

Уг ажлын байранд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй талаар ямар ч эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй байхад ямар үндэслэлээр гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тушаал үйлдсэн нь ойлгомжгүй байгаа тул ажил олгогчийн энэ шийдвэр нь хууль бус бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлөх 01/1-192 дугаар тушаалд дээрх хурлын шийдвэрийг үндэслэсэн байна. Тухайн хурал дээр надад ямар нэг зөрчлийн асуудлын талаар тодорхой яриагүй, чиний зан харьцаа болохгүй байна, хүмүүсээс гомдол гараад байна гэхээс өөр зүйл хэлээгүй атал шууд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасанд маш их гомдолтой байна. Үндэслэлгүй, анхааруулга, сануулгагүй, гэнэтийн байдлаар хууль бусаар ажлаас халагдаж, цалин орлогогүй болсон тул нэхэмжлэлийг маань хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Үндсэн цалин 2 000 000 төгрөг, 8 000 000 төгрөгийг цалин хөлсөд нэхэмжилж байна.” гэв. 

 

Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Намхайдорж овогтой А нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 01/1-114 тоот тушаалаар Мэдээллийн технологийн хэлтсийн Программист албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатай томилж, хөдөлмөрийн түр гэрээ /№40/-г байгуулсан. Энэ хугацаанд тус ажилтан нь хөдөлмөрийн түр гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, банкны ёс зүйн дүрэмд заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний нөөц, сонгон шалгаруулалтын хороо хуралдан хэлэлцэж, №40 тоот хөдөлмөрийн түр гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гурван сарын хугацаатай түр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байсан. Гэрээний 10 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах тухай заасан. 10.2.1, 10.2.8-д заасан зөрчил гаргасан. Хариуцагч надад ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээгүй гэх боловч ямар хуулийн хугацаа ярьсан нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үндэслэл хамааралгүй. Ёс зүйн дүрмийг зөрчсөн. Удирдах албан тушаалтны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй. Ёс зүйн зөрчлийн талаар ажилтнуудын гаргасан гомдол, хүсэлт хэрэгт авагдсан. Ёс зүйн дүрмийг зөрчсөн нь ажлаас чөлөөлөх үндэслэл болдог.” гэв.

 

Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажиллах журмын 3.1-т зааснаар гэрээний хугацаа дуусахаас гурван сарын өмнө хуралдана гэсний дагуу хуралдаж шийдвэр гаргасан.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан Үйл ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн Программистын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “ТБ” ХХК нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Мэдээллийн технологийн хэлтэст Программистаар ажиллаж байсан болох нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилох тухай 01/1-114 дугаар тушаалын болон № 0479999 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн № 40 Хөдөлмөрийн түр гэрээгээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна.”, 23.2.3-т “... шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.3 дахь заалтад зааснаар хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 2-ын 2.12-т зааснаар нэхэмжлэгчтэй 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 3/гурав/ сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь № 40 Хөдөлмөрийн түр гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

№ 40 Хөдөлмөрийн түр гэрээнд заасан хугацаа дуусахаас 9/ес/ хоногийн өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1-192 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нотлогдож байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1-192 дугаар тушаалд зааснаар хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг цуцалсан болох нь 01/1-192 дугаар тушаалаар нотлогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн түр гэрээний 10-ын 10.2, 10.2.1, 10.2.2-т заасан ноцтой зөрчил буюу удирдах ажилтны өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, байгууллагын дотоод дүрэм, журам буюу ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь “ТБны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5-ын 5.1-д заасан банкны ажилтан харилцан биенээ, хамт олноо болон бусдыг хүндэтгэж, өөр хоорондоо нөхөрсөг, шударга, хамтач харилцаатай байна гэснийг зөрчиж, уг дүрмийн 6-ын 6.5-д зааснаар Хүний нөөц, сонгон шалгаруулалтын хороо дүгнэлт гаргасан болох нь Хүний нөөц, сонгон шалгаруулалтын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын № 2017/09 тэмдэглэлийн хуулбар, ББХХ-ийн тайлангийн нягтлан бодогч Б.Лхамсүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт, Үйл ажиллагаа, мэдээллийн системийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн эрсдлийн шинжээч Ц.Ганзулын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлт, А.Болорсувдын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь удирдах ажилтны өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх зөрчил гаргасан болох нь нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн түр гэрээний 10-ын 10.2, 10.2.2-т заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Хөдөлмөрийн түр гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй болох нь 01/1-192 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, № 40 Хөдөлмөрийн түр гэрээ, Хүний нөөц, сонгон шалгаруулалтын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын № 2017/09 тэмдэглэлийн хуулбар, ББХХ-ийн тайлангийн нягтлан бодогч Б.Лхамсүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт, Үйл ажиллагаа, мэдээллийн системийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн эрсдлийн шинжээч Ц.Ганзулын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлт, А.Болорсувдын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийг хариуцагчийн Мэдээллийн технологийн хэлтсийн Программистын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Мэдээллийн технологийн хэлтсийн Программистын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Н.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Мэдээллийн технологийн хэлтсийн Программистын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Н.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Аын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ