| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0734/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/731 |
| Огноо | 2022-06-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/731
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208003420801 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачааны машины жолооч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир ** дугаар баг, ** дугаар хэсэгт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Б-ын Д(РД:*****).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Днь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Эт “Таван толгой түлш” ХХК-д нүүрс тээвэрлэлтэд машин явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан залилж банкны 5050**** тоот дугаарын өөрийн данс руу 4,600,000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, болсон явдал үнэн болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2208003420801 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Эын: “2021 оны 11 дүгээр сарын дундуур Тавантолгой түлшийн түүхий нүүрсний тээвэрт явах зорилгоор 22-ын товчооны ойролцоо байдаг “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн төв салбарын гадаа явж байгаад зүс таньдаг Б.Дгэх залуутай тааралдсан. Ямар ажлаар явж байгаагаа ярьтал Б.Д би “Таван толгой түлш ХХК-ийн түүхий нүүрсний тээвэрт хэдэн машин бүртгүүлээд явж байна, дотор таньдаг хүн байгаа” гэхээр нь би “машин бүртгүүлж болох уу” гэхэд “нэг машиныг 1,200,000 төгрөгөөр бүртгүүлж өгнө” гэхээр нь би Б, Т, Б нартай яриад таньдаг хүн нүүрсний тээвэрт явуулж өгнө, зуучлалын хөлс нэг машин 1,200,000 төгрөг гэж байна гэхэд зөвшөөрсөн. Би Б.Д-аас “нийт 4 машин байна, намайг арай хямд зуучлаад өгч болох уу” гэхэд намайг 1,000,000 төгрөгөөр бодоод нийт 4 машины 4,600,000 төгрөг өгөхөөр тохирсон. Б.Д надад “манай 4 машиныг бүртгэлтэй компаниасаа “Таван толгой түлш” ХХК-ийн түүхий нүүрсний тээвэрт явж болно гэсэн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар зэрэг материал бүрдүүлж өгөх хэрэгтэй гэсний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр материалыг бүрдүүлээд өгсөн. Маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны ** дугаар гудамж, **тоотод байхдаа өөрийн данснаас интернэт банкаар Б.Д данс руу 4,600,000 төгрөг шилжүүлсэн. Б.Д мөнгө авсны дараа “1-2 хоногийн дараа бид нарыг нүүрс тээвэрт явж болно” гэж хэлж байсан ч одоог болтол шийдэгдээгүй. Б.Д-аас мөнгөө буцааж авмаар байна гэж хэлэхэд цаашаа хүнд өгсөн авч чадахгүй байна гэж хэлдэг. Яг ямар хүнд өгсөн талаараа хэлдэггүй, анхнаасаа худлаа хэлж мөнгө залилсан байх гэж бодож байна. Авсан мөнгөө буцааж өгөх юм бол өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Гэрч М.Б-ын: “...2021 оны 11 дүгээр сард надтай хамт тээвэрт явдаг найз Э.Э “Таван түлш толгой” ХХК-д машин оруулж өгч чадна гээд хүнтэй уулзлаа нэг машины 1,200,000 төгрөг өгөх юм бол асуудалгүй оруулж өгнө гэж хэлсэн. Тухайн үед гадуур ачаа тээврийн олдоц муу байсан учраас Э.Э, Э.Б, О.Т бид дөрөв ярилцаад мөнгөө нийлүүлж Э.Эын данснаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4,600,000 төгрөгийг 5050**** дугаартай данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгө авсан залууг Б.Д гэдэг гэж сонссон, би огт уулзаж байгаагүй, худлаа үнэн зүйл яриад зугтаагаад байгаа. “Таван толгой түлш” ХХК-д бид нарыг оруулж өгч чадахгүй байж худлаа хэлж залилж мөнгө авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Гэрч Э.Бын: “...Э.Э, М.Б , О.Т бид дөрөв ярилцаад Э.Эын таньдаг “Таван толгой түлш” ХХК-д оруулж өгнө гэсэн хүнд мөнгөө нийлүүлж Э.Эын данснаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4,600,000 төгрөгийг 5050**** дугаартай данс руу шилжүүлсэн. Би Б.Дгэх залуугийн утас руу залгаад 2021 оны 12 дугаар сарын эхээр ярихад “би цаашаа хүнд мөнгө өгсөн, та нараас авсан мөнгөө буцааж авч чадахгүй хүлээгдээд байна, удахгүй өгнө” гэж хэлээд утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
Гэрч О.Тын: “...Бид дөрөв ярилцаад Э.Э-ын таньдаг “Таван толгой түлш” ХХК-ийн тээвэрт явуулж өгнө гэсэнд хүнд мөнгө өгөхөөр тохирсон. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Э.Э бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин хотхоны гадна зогсоол дээр Б.Дгэх залуутай уулзаад 4 машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн жолооны үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тус тусын компаниас “Таван толгой түлш” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтэд явуулахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийн хуулбар зэргийг өгсөн. Тухайн үед Б.Д“Таван толгой түлш” ХХК-ийн нүүрс тээвэрт оруулж өгч чадна, бичиг баримт, мөнгөө өгчих гэж хэлээд бүрдүүлсэн бичиг баримт аваад явсан. Түүнээс хэд хонгийн дараа найз Э 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4,600,000 төгрөгийг 5050**** дугаартай данс руу шилжүүлсэн. Мөнгө авсны дараа Б.Д худлаа үнэн шалтаг хэлж байгаад огт холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Гэрч Н.Г-ийн: “...Манай “Таван толгой түлш” ХХК 2021 оны 3 дугаар сарын сүүлээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд түүхий нүүрсний тээвэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу хийгдэж байсан. Уг тээвэрт явахад тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар, компани байгууллагын нэр дээр байдаг бол тээвэрт явахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг зэрэг зүйлсийг бүрдүүлж авч тээвэрт явуулж байсан. Ямар нэгэн байдлаар мөнгө хураамж төлөх зүйл байгаагүй. Манай түүхий нүүрсний тээвэрт ямар нэгэн зуучлалын байгууллага, зуучлагч хүнээр дамждаггүй байсан. Зөвхөн тээврийн компани, тээврийн хэрэгслийн жолооч нартай уулзаж байсан. Таван толгой түлш ХХК-ийн түүхий нүүрсний тээвэрт явах хүсэлт гаргасан жолооч, байгууллагын хүсэлт хүсэлт гаргасан өдөртөө шаардлага хангах юм бол шууд гэрээ хийгдэж тээвэрлэлтэнд явах боломжтой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Шүүгдэгч Б.Д яллагдагчаар өгсөн: “2021 оны 11 дүгээр сард “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн төв салбарын гадаа явж байгаад зүс таньдаг Э.Этай тааралдаад “түүхий нүүрсний тээвэрт явах гээд явж байна” гэхээр нь би “хүмүүс зуучлуулаад тээвэрт явж байгаа, надад таньдаг хүн байгаа” гэж худлаа хэлээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн дугаар данс руу 4 машины зуучлалын хөлс гэж 4,600,000 төгрөг авсан. Түүний дараа зуучилж өгөхөөр таньдаг хүн хайсан боловч олдоогүй. Э.Эаас авсан 4,600,000 төгрөгөө өөрөө хэрэглээд дууссан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107 дахь тал),
хохирогчийн банкны ...дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (хх-41), шүүгдэгчийн ...дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (хх-49-75), “Таван толгой түлш” ХХК-н “Б.Д тус компанид ажилладаггүй болно” гэх албан бичиг (хх-86),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-76), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-45), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-47), иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-48) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 5 хуудас дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Днь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Эт “Таван толгой түлш” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтэд машин явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж өөрийн данс руу 4,600,000 төгрөг шилжүүлэн авч бусдад хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Эын “...Б.Д би “Таван толгой түлш” ХХК-ийн түүхий нүүрсний тээвэрт хэдэн машин бүртгүүлээд явж байна дотор таньдаг хүн байгаа гэж хэлэхээр нь би машин бүртгүүлж болох уу? гэж хэлхэд Б.Д нэг машиныг нь 1,200,000 төгрөгөөр бүртгүүлж өгнө гэсэн. ...4 машины 4,600,000 төгрөг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр интернэт банкаар Б.Д данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-10-11), гэрч М.Б-ын “...Э.Э, Э.Б, О.Т бид дөрөв хоорондоо ярилцаад Э.Эын “Таван толгой түлш” ХХК-д оруулж өгнө гэсэн хүнд 4,600,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-15-16), гэрч Э.Бын “...Э.Эын данснаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4,600,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-18-19), шүүгдэгч Б.Д“...би “хүмүүс зуучлуулаад “Таван толгой түлш” ХХК-ийн тээвэрт явж байгаа, таньдаг хүн байгаа” гэж худлаа хэлээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн данс руу 4 машины зуучлалын хөлс гэж 4,600,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хх-107) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Д“Таван толгой түлш ХХК-д түүхий нүүрсний тээвэрлэлтэд машин явуулж өгнө” гэж хохирогч Э.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 4,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эт 4,600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,600,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Днь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Эт “Таван толгой түлш” ХХК-д нүүрс тээвэрлэлтэд машин явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан залилж өөрийн хаан банкны тоот дугаарын данс руу 4,600,000 төгрөг шилжүүлэн авч бусдад 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдох байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч урьд ял шийтгэлгүй, ам бүл 5, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэж,
Шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч өөрийгөө “Таван толгой түлш” ХХК-д таньдаг хүн байгаа, түүхий нүүрс тээвэрлэлтэд явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 4,600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа ачааны машины жолооч ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Б.Дашбаярыг 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР