Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02381

 

Д.Б нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02899 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

           

Гэрээний үүргийн биелэлт, торгуульд нийт 12 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М ХХК-тай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр Д.Б нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 68 өдөр “МБР” ХХК-ийн Төв аймгийн Баян сумын нутаг дахь уурхайд газрын хөрс болон шохойн чулууг өөрийн өмчлөлийн Хово маркийн 73-66 УНӨ улсын дугаартай авто ачигч-буулгагчаар зөөн тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн. Гэрээгээр “МБР” ХХК нь нийт 13 600 000 төгрөгний хөлс төлөхөөр тохиролцсоноос 3 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10 600 000 төгрөгийг төлөөгүй. Түмэн тал компаниас мөнгө авахаараа өгнө гэсэн. Хариуцагчийн 2017 оны 4 сарын 19-ний өдрийн 12 600 000 төгрөг төлнө гэсэн албан бичиг байгаа. Үүнээс хойш 2 000 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч “МБР” ХХК-иас үлдэгдэл 10 600 000 төгрөг, гэрээний 6.8-д заасан алданги 2 120 000 төгрөг, нийт 12 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: “М” ХХК нь “Түмэн тал” ХХК-тай Төв аймгийн Баян сумын нутаг дахь шохойн уурхайн олборлолтын үйл ажиллагаанд Д.Баярмагнайтай гэрээ байгуулан техник хэрэгслийг авч ашигласан ч гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдаагүй, энэ талаар өөрөө мэдэж байгаа ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилжээ. Манай компани захиалагч “Түмэн тал” ХХК-ийн хүчин зүйлээс шалтгаалан бүрэн хэмжээнд ажиллаагүй, ажилласан хугацааны төлбөр тооцоогоо авч чадаагүй маргаж байгаа, энэ шалтгаанаар Д.Баярмагнайн техник хэрэгсэл бүрэн хэмжээнд ашиглагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МБР” ХХК-иас 12 720 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баярмагнайд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 218 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МБР” ХХК-иас 218 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярмагнайд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:     Хэргийн харьяалал зөрчин шийдвэрлэсэн. "МБР" ХХК нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуулийн этгээдийн гэрчилгээнд энэ хаяг, захирлаар н.Энхзаяа бүртгэлтэй.  

Шүүх хуралдааны товыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн туслах мэдэгдэхэд сарын сүүлчээр миний бие гадаад улс руу томилолтоор явах тухайгаа хэлж, 9 дүгээр сарын эхээр хурлаа хийлгүүлэх хүсэлтээ хэлсэн ч боломжгүй гэсэн. Би 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9.47 минутанд шүүгчийн туслах н.Батцэцэг руу залган 9 дүгээр сарын 21-ний шүүх хуралдаанд оролцох боломжгүй, 9 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 05-ны хооронд Швейцарь улс руу Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн томилолтоор ажиллах болсон тухай мэдэгдэн, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй тухайгаа дахин хэлсэн. Гэхдээ тухайн үед онгоцны тийз гараагүй байсан. Шүүх хуралдаантай өдөр тийзний хуулбар, хүсэлтийг шүүхэд очсон хүн ...туслах өрөөндөө байхгүй байсан, олж уулзаж чадаагүй байх хооронд шүүх хурал болсон байна. Шүүгчийн туслах оролцогч байхгүйг мэдсээр байж шүүх хуралдааныг хийлгүүлсэн байдаг.

 Мэтгэлцэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг үгүйсгэх, няцаах үндэслэлээ нотлох зэрэг боломжийг хэргийн оролцогчид олгоогүй, олгох боломжоор хангахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зөвхөн нэг талыг баримталж нэхэмжлэгчийн гарсан нотлох баримт, тайлбарт хөтлөгдөн хуулийг буруу хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 12 720 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “Техник хэрэгслийг бүрэн ашиглаагүй тул нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр зөвшөөрөх боломжгүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд Д.Б өмчлөлийн Хово маркийн 73-66 УНӨ улсын дугаартай авто ачигч буулгагчаар 2016 оны 6  дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 сарын 01-нийг хүртэл хугацаанд Төв аймгийн Баян сумын нутаг дахь уурхайд олборлолтын үйл ажиллагааны хөрс болон шохойн чулууг зөөвөрлөх, ажил гүйцэтгүүлэгч МБР ХХК нь хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээгээр тээвэрлэлтийн зай, ажлын цаг, ажиллах хоног, рейсийн тоо зэргийг тохиролцсон, ажлын үр дүн гэхээс илүү ажил үйлчилгээг гүйцэтгүүлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /х.х-ийн 5-6/

 

Зохигчдын дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хуралдааны тэмдэглэл үйлдэж, тооцоо нийлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл авсан ажил үйлчилгээний төлбөрт 12 600 000 төгрөг төлөх үүрэгтэй үлдсэн гэдгээ хариуцагч МБР ХХК хүлээн зөвшөөрсөн байна. Талууд уг тэмдэглэлийг үйлдэхдээ ажилласан хоног, сул зогсолт, төр засгийн шийдвэрээс болж хорио тогтоосон өдрүүдийг хасч тооцон нийт ажилласан хоног, хөлсний хэмжээ зэргийг тохирч үүргээ тодорхойлсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ. Хариуцагч нэхэмжлэгчид ажлын хөлс 12 600 000 төгрөг төлөх үүрэгтэй гэдэг нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны өр барагдуулах албанд бичгээр гаргаж өгсөн тайлбараар давхар нотлогдсон. /хх-ийн 7-9/

 

Дээрх төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргээс МБР ХХК нь цувуулж төлсөөр 10 600 000 төгрөгийн үүрэг үлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласныг болон техник хэрэгслийг бүрэн ашиглаагүй гэх тайлбар, татгалзлаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6.8-д төлөгдөөгүй төлбөрийн асуудлаар харьяалах шүүхэд хандаж болох бөгөөд алданги нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 20%-иас хэтрэхгүй гэж тохиролцжээ. Талууд хэдийгээр алданги гэсэн нэг томьёог ашигласан ч  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэсэнтэй нийцсэн, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэт зааснаар 10 600 000 төгрөгийн 20% буюу 2 120 000 төгрөгийн торгууль тооцон гаргуулсныг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч нь гэрээний 5.5-д зааснаар гүйцэтгэлийг үндэслэн сар бүрийн 05-ны өдрийн дотор төлбөр буюу ажлын хөлсийг төлж дуусгах үүрэгтэй ч ажил дууссанаас хойш хөлс төлөхгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж байгаа нь тогтоогдсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгт нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч, шүүх хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон нь хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацааг олгосон гэж үзэхээр  байна. 

 

Түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хойшилж байсан, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт “...шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан... дамжуулан мэдэгдэж болно...” гэж заасны дагуу шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгт 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар маргаагүй тул түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй юм. /хх-ийн 39, 40/

 

Хариуцагч байгууллага нь өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтыг шүүхэд ирүүлэх боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

“МБР” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Чингэлтэй дүүргийн хаяг бүртгэлтэй хэдий ч албан бланк дээр нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Норд центр /north center/ гэж өөрийн үйл ажиллагаа явуулдаг газрын хаягаа бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. /хх-ийн 22, 25/

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02899 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч МБР ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

                                                                                               Ш.ОЮУНХАНД