Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0110/З |
Дугаар | 221/МА2023/0714 |
Огноо | 2023-11-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2023/0714
Д.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,
Нэхэмжлэгч: Д.Н
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 744 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Газрын эрх шилжүүлэхээс татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “газрын эрх шилжүүлэхээс татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Үүнд: “...
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.4-т "Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1-д гэж тус тус заасныг харьцуулан тайлбарлавал, газрыг зохих журмын дагуу худалдах зэргээр захиран зарцуулах нь газар эзэмшигчид хуулиар олгосон эрхийн агуулгыг илэрхий ойлголт байх тул Газрын тухай хуулийн 38.1-д заасан "... хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр..." гэдэгт хамаарахгүй юм. Дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигч болон газар шилжүүлэн авагчийн хүсэлтийн дагуу хуулийн хүрээнд шийдвэр гаргасан байхад шүүх маргааны үйл баримтаас хэтэрсэн дүгнэлт хийж маргаагүй асуудлаар дүгнэлт гаргасан. Мөн иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээг дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл "А групп" ХХК-аас гуравдагч этгээд "Т" ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ"-г үндэслэн газрын эрхийг шилжүүлсэн байх ба гэрээний агуулгаас үзвэл маргаан бүхий газрын эзэмших эрхийг хариу төлбөрт авч буюу 75 сая төгрөгийн хариу төлбөр авч шилжүүлэх нөхцөлийг тохиролцсон хэлцэл хийсэн гэжээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 дугаар захирамж нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ"-г үндэслэн гараагүй Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу гарсан байхад хэтэрхий нэг талыг баримталж нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт хийсэн.
3.3. Энэ нь тухайн маргаан бүхий газрыг эзэмшихийг хүсэж буй иргэн Д.Нийн эрх гэхээсээ илүү тухайн газартай холбоотой ашиг сонирхлыг хөндсөн гэж тул маргаан бүхий актыг хүчингүй болгов. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилт, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн зүгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж маргаснаар байхад нотлох баримтыг хэт нэг талыг баримталж буруу үнэлж, дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "... дүүргийн Засаг даргын А/535 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн... хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Үүнд: “....
4.1. ...Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: ...шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-д "Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн". Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй". 27.1.3-д өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах", Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг", 3.1.3-д "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг", 35 дугаар зүйлийн 35.1-д "Газар эзэмшигч дараах эрхтэй", 35.1.4-д "газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх", 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно гэж тус тус заасныг харьцуулан тайлбарлавал, газрыг зохих журмын дагуу худалдах зэргээр захиран зарцуулах нь газар эзэмшигчид хуулиар олгосон эрхийн агуулгад хамаарахгүй, гагцхүү өмчлөх эрхийн хүрээнд байж, түүний үндсэн агуулгыг илэрхийлэх ойлголт байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр ...гэдэгт хамаарахгүй юм." гэж дүгнэн хуулийг тайлбарласан нь дараах үндэслэлээр алдаатай дүгнэлт болжээ.
4.2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж болох эсэх талаар: Газрын салбар эрх зүйд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ерөнхий ойлголтууд байх бөгөөд иргэд төдийгүй хуульч, судлаачдын дунд эдгээр ойлголтыг хольж солих тохиолдол түгээмэл байдаг бөгөөд эрхүүд нь дараах онцлогтой. Үүнд
Эрхийн төрөл | Газар өмчлөх эрх | Газар эзэмших эрх | Газар ашиглах эрх |
Хугацаа | Хугацаагүй | 15-60, +40,...+40 жил | 5,+5,...+5 жил |
Эрх олгогдох этгээд | Зөвхөн /Монгол улсын иргэн/ | Зөвхөн /18 насанд хүрсэн Монгол улсын иргэн, Монгол улсын хуулийн этгээд / | Зөвхөн /Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, СӨХ/ |
Эрхээ бусдад шилжүүлэх | Тийм /Зөвхөн Монгол улсын иргэд хооронд/ | Тийм /Зөвхөн 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн, Монгол улсын хуулийн этгээд хооронд/ | Үгүй |
Газраа бусдад ашиглуулах | Тийм /Зөвхөн Монгол улсын иргэн, хуулийн этгээд хооронд/ | Тийм /зөвхөн 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн, Монгол улсын хуулийн этгээд хооронд/ | Үгүй |
Эрхээ барьцаалах, хөлслөх, түрээслэх | Тийм /Зөвхөн Монгол улсын иргэн, хуулийн этгээд хооронд/ | Тийм /зөвхөн 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн, Монгол улсын хуулийн этгээд хооронд/ | Үгүй |
4.3. Газрын тухай хуулийн 3.1.3-т газар этэмших гэж "газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах"-ыг ойлгохоор заасан байна. Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг Монгол Улсын 18 насан хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 15-60 хүртэл жилийн хугацаагаар, нэг удаад 40 хүртэл жилээр сунгах нөхцөлтэйгөөр хууль ёсны гэрчилгээний үндсэн дээр олж авах ба эрхийг өвлүүлэх, бусдад шилжүүлэх боломжтой байхаар хуульчилсан байна.
4.4. Манай улсын тухайд 1,564,116 км2 талбай бүхий газар нутагтай үүнийхээ 0.01 хувийг буюу 70.1 мян.га талбайг нийт 680797 иргэндээ өмчлүүлсэн. Үндсэн хуулийн 6.2-т "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн заасан агууллагаар үзвэл нийт нутаг дэвсгэрийн 0.01 хувь нь хувийн өмч харин үлдсэн 99.99 хувь нь төрийн нийтийн өмчийн газарт хамаарахаар байна.
4.5. 2022 оны байдлаар Төр нь нийтийн өмчийн газрынхаа 0.05 хувь болох 722,8 мян.га талбайг 1533 тооны гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд ашиглах эрхээр олгосон бол 5.5 хувийг эзлэх 7.7 сая га талбайг 515072 тооны иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрхээр тус тус олгожээ.
4.6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 187 тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5.1.2.1-д Эзэмшил газраа бүхэлд нь шилжүүлэх, 5.1.2.2-т Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх өргөдөл авах талаар харилцааг зохицуулсанаас үзэхэд эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжтой гэж үзэхээр байна. Гэвч анхан шатны шүүхээс газрын эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэх харилцаан гагцхүү өмчлөх эрхийн хүрээнд байж, түүний үндсэн агуулгыг илэрхийлэх ойлголт гэж үзээд, эзэмших эрхэд бусдад шилжүүлэх эрх хамаарахгүй гэж газар ашиглах эрхтэй адилтгаж тайлбарласан юм.
4.7. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт газар эзэмшигч нь нийт 7 эрхтэй байхаар хуульчилсан байна. Тодруулбал 35.1.4-д "газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх" 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно" гэж тус тус заасан байна.
4.8. Хуулиар олгогдсон дээрх эрхээ эдэлж буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхээр 2021 онд 24743 иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн бол өнгөрсөн онд 31823 иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргаж, маргаан бүхий акттай ижил төсөөтэй хуулийн үндэслэлт бүхий захирамж улсын хэмжээнд гарсан байна. “Т” ХХКнь Газрын тухай хуулийн 27.2-т заасан нөхцөл, шаардлагад нийцэж байгаа. Нөгөө талаас "А групп" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах, түрээслэх зэрэг эрхийг нь хуулиар хязгаарласан шийдвэр байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 35.1.4-д заасан эрхээ эдлэхээр хуульд заасан материалуудыг бүрдүүлэн, анх тухайн газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд болох Дүүргийн Засаг даргад 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хандсан байдаг.
4.9. Манай маргаан бүхий акт болох "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" А/535 тоот захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 66.1.3. Газрын тухай хуулийн 38.44, болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 187 тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг тус тус үндэслэл болгосон байдаг. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн энэхүү харилцаа Газрын тухай хуулийн 38.1-д заасан хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр хийгдэж буй ажиллагаа юм.
4.10. Хэрэв 18 нас хүрээгүй хүн болон гадаадын иргэн, хуулийн этгээдэд эрхийн гэрчилгээг шилжүүлсэн, хуульд заасан татвар хураамж төлөөгүй, аль нэг тал нь хүсэлт гаргаагүй, тухайн газар нь маргаантай, бусдын барьцаанд байсан зэрэг нөхцөл байсаар байхад эрхийг шилжүүлсэн бол сая анхан шатны шүүхээс дүгнэсэнчлэн хуулиар зөвшөөрсөн хэлбэрт хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй юм.
4.11. Эрхийн гэрчилгээг шилжүүлж буй үйлдэл нь газар өмчлөгчийн эрхийг хөндөхгүйгээр хийгдэж байгаа бөгөөд тухайн газрыг бус зөвхөн уг газрыг тодорхой зориулалт, хугацаа бүхий хэмжээ хязгаарын дор ашиглах хязгаарлагдмал эрхийг нь шилжүүлж буй хэлбэр юм. Хэрэв шилжүүлж буй харилцаанд өмчлөгчийн эрх хөндөгдөж байна гэж үзвэл газрын өмчлөгч буюу ТӨР өөрөө тухайн эрхийг шилжүүлэхгүй байх ч боломжтой.
4.12. Эрхийн гэрчилгээг хариу төлбөртэй шилжүүлсэн нь зөрчил гэж үзсэн тухайд, Газар нь тодорхой үнэ, үнэлгээтэй байх талаар Газрын тухай хуулийн 36.1, 36.2, 38.6 болон Газрын төлбөрийн тухай хуулийн 5.1-д зааж өгсөн байна. Төр өөрийн өмчийн газрыг хязгаарлагдмал эрхээр буюу эзэмших эрхээр бусдад анх олгохдоо дуудлага худалдааны зарчмаар болон үнээр нь олгохоор хуульчилсан. Тухайн дуудлага худалдааны үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байхаар, хэрэв тухайн эрхийн гэрчилгээгээ шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцож, зайлшгүй төлөхөөр хуульчилжээ.
4.13. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.12-т "эрх эзэмшигч" гэж....... газар ашиглах, эзэмших эрхийг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу эзэмшдэг этгээдийг ойлгохоор заасан байх бөгөөд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэний орлогод үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого хамаарахаар заасан. Мөн хуулийн 30.4-д "Энэ хуулийн 30.3-д заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас эцсийн эзэмшигчийн борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээс эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлно." гэж, 30.6-д "Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү. төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж тус тус заасан байна.
4.14. Хуульд ийнхүү заасны дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ыг, 2 дугаар хавсралтаар -Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ыг тус тус баталсан байна. Уг аргачлалын 2.1-д “Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал"-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна." гэж заасан нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тохиолдолд заавал татвар төлөх үүрэгтэй байхаар заасан байна.
4.15. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах 0,4 га талбайтай, аж ахуйн зориулалт бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ талууд 75 сая төгрөгөөр тохиролцож газрын эзэмших эрхийг шилжүүлэх 2281 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд уг газрын дуудлага худалдааны анхны үнэ 263,753,280 төгрөг байсан тул, хууль болоод дээрх журам, зааварт заасны дагуу аль өндрөөс нь 10 хувийн татвар ногдуулж, улмаар 26,375,328 төгрөгийг эрх борлуулсны орлогын албан татварт төлсөн нь хууль зөрчөөгүй үйлдэл болно.
4.16. Монгол улсын иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхтэй, тухайн газартай үл хөдлөх эд хөрөнгө барих улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар түрээслэх. бусдад ашиглуулах бүр эрхээ бусдад шилжүүлэх нь ч нээлттэй. Эцэст нь хэлэхэд газар эзэмшигч нь тухайн зөвшөөрөл олгосон Засаг даргын зөвшөөрснөөр эзэмшил газрынхаа тал хэсгийг эсхүл бүхлээр нь бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд, үүний хариуд орлого олохгүй байх үүрэг хүлээгээгүй өөрөөр хэлбэл хариу төлбөр авахыг хуулиар хориглоогүй байна.
4.17. Дээрх байдлаас үзвэл "газрыг зохих журмын дагуу худалдах зэргээр захиран зарцуулах нь газар эзэмшигчид хуулиар олгосон эрхийн агуулгад хамаарахгүй..... хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр эрх шилжээгүй" гэж заасан шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4 болон 4.6 дахь хэсэг нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна.
4.18. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан тухайд: Шүүхээс "Газрын эрх шилжүүлэхээс татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуульд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг "ТАЛУУД" гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас шилжүүлж авах тухай, мөн "А групп" ХХК-иас нэхэмжлэгч Д.Нт шилжүүлж өгөх тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь олон баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсгийн 3.1-3.6 дахь хэсэгт зөв дүгнэлт хийсэн. Угтаа нэхэмжлэгчийн гаргасан 2 нэхэмжлэлийн шаардлага нь логикийн хувьд хамааралтай, хоорондоо уялдаа холбоо бүхий шаардлага байсан. Хэрэв нэхэмжлэгч өргөдөл өгч байсан. түүнийг хариуцагч шийдвэрлээгүй бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах 2 дахь шаардлагыг гаргах эрхтэй гэж үзнэ.
4.19. Өөрөөр хэлбэл тухайн захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг давхар шаарддаг. Гэтэл өргөдөл хүсэлт огт гаргаж байгаагүй этгээд болох нэхэмжлэгчийн талд буюу маргаан бүхий актыг хүчингүй болгож гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг зөрчсөн шийдвэр гаргасан.
4.20. Шүүх ингэж үзэхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-д "Энэ нь тухайн маргаан бүхий газрыг эзэмшихийг хүсэж буй иргэн Д.Нийн эрх гэхээсээ илүү тухайн газартай холбоотой ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн тул маргаан бүхий актыг хүчингүй болгов." гэж дүгнэсэн. Хэргийн оролцогчид “А групп” ХХК, “Т” ХХК. Д.Н гэх этгээдүүд гэлтгүй ер нь газар эзэмших эрхтэй аливаа, хүн хуулийн этгээд тухайн эрхээ буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлж болох эсэхтэй холбоотой асуудлаар маргаагүй болно.
4.21. Тухайн газартай холбоотой ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь туйлын тодорхойгүй энэ талаар шийдвэрт огтхон ч тусгаж тайлбарлаагүй. Маргаан бүхий актын улмаас Д.Нийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзсэн атлаа хэний, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндөгдсөн талаар дүгнэлт хийгээгүй байна. Угтаа маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх, тухайн акт хууль бус байх гэх 2 үндсэн шинжийг давхар шалгаад тухайн 2 нөхцөл бүрдсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах учиртай. Гэвч манай маргааны тухайд дээрх 2 нөхцөл хоёул тогтоогдоогүй байхад хангаж шийдвэрлэсэн нь алдаатай шийдвэр болсон.
4.22. Шүүхийн ийнхүү дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж заасан хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдаатай байх зарчмыг хангаагүй болно.
4.23. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зорчсон тухайд: Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан 60+30+15=105 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал 268 хоногт шийдвэрлэсэн нь биднийг шударгаар шүүлгэх эрхэд халдсан, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан үйлдэл гэж үзэж байна.
4.24. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.09.27-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас гаргасан актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх болон гуравдагч этгээдийн зүгээс "Захиргааны Хэргийн харьяалалын бус маргаан болох нь хэрэгт авагдсан олон баримтаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргаж тус хүсэлтүүдийг хэлэлцүүлж, шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрхий удаашралтай байгаа тул арга буюу хэргээ нэг ч болов хоногийн өмнө шийдвэрлүүлэх үүднээс "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргах эрхтэй байдаг. Бидний зүгээс хэрэг маргаанаа шударга шүүхээр хуулийн хугацаандаа шүүлгэх хүсэлтэй байгаагаас үүдэн уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ямар байхаас үл хамааран гомдол гаргахгүй" гэж мэдэгдсэн байдаг. Тус шүүх хуралдаанаас миний гаргасан хүсэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг гомдол гаргах эрхгүйгээр, хангахгүй шийдвэрлэж, харин нэхэмжлэгчийн актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг гомдол гаргах эрхтэйгээр, хангаж шийдвэрлэсэн. Хуульд гомдол гаргах эрхтэй захирамжийг ажлын 3 хоногийн дотор бичгээр гаргахаар заасан байдаг.
4.25. Өмнөх хуралдаанаас даруй 13 хоногийн дараа болсон буюу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хуралдаан болоход гомдол гаргах эрхтэй захирамжийг шүүгч албажуулж бичгээр гаргаагүй, хэрэгт үдэгдээгүй, хэргийн оролцогч нарт гардуулаагүй байсан болно. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч процессын зөрчил гаргаж буй талаар шүүгчид сануулж, тэмдэглэлд тусгуулсан боловч шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д "шүүгчийн захирамж бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно" гэж заасан байдаг. Хэдий гомдол гаргахгүй гэдгээ өмнөх шүүх хуралдааны үеэр мэдэгдсэн боловч тухайн захирамжтай одоог болтол танилцаагүй, гардаж аваагүй л байна.
Иймд Захиргааны хэргийн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан болон хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж, 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй, заасантай нийцээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Газрын эрх шилжүүлэхээс татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгчээс “... “А” ХХК нь газрын эрх шилжүүлэх төлбөрийн 70%-ыг авсан, улмаар газар шилжүүлэх гэрээ хэлцлийг холбогдох журмын дагуу бүрдүүлж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан байхад эс үйлдэхүй зааж, “Цэргийн ангийн зориулалттай газар газар” гээд надад өгөөгүй хэрнээ “Т” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-ийг зөрчсөн” гэж, хариуцагчаас “... “А групп” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхээ “Т” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан тул ...2022 оны А/535 дугаар захирамжаар “Т” ХХК-д шилжүүлсэн. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Анхан шатны шүүхээс “...Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0007 дугаар шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт заасныг үндэслэл болгон “Газар эзэмших гэрээ”-г үндэслэн газрын эрхийг шилжүүлсэн байх ба гэрээний агуулгаас үзвэл маргаан бүхий газрын эзэмших эрхийг хариу төлбөр авч шилжүүлэх нөхцөлийг тохиролцсон хэлцэл хийсэн нь тухайн газрыг эзэмшихийг хүсэж буй иргэн Д.Нийн эрх гэхээсээ илүү тухайн газартай холбоотой ашиг сонирхлыг хөндсөн” хэмээн маргаагүй асуудлаар дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгоно гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж тус тус заасан.
6. Мөн анхан шатны шүүхий шийдвэрийн үндэслэл болсон Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэр гарснаас хойших цаг хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших, ашиглахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, суурин болон хээрийн судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулах, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /цаашид "эрхийн гэрчилгээ" гэх/ олгож, гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.2.1-д “Эзэмшил газраа бүхэлд нь шилжүүлэх”, 5.1.2.2-т “Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх” гэж хүсэлтийг хүлээн авах, бүртгэх талаарх харилцааг зохицуулсан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр...” гэдэгт хамаарахгүй” гэх дүгнэлт учир дутагдалтай болжээ.
7. Маргааны үйл баримтын тухайд:
7.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо 013 дугаар ангийн баруун талд байрлах нэгж талбарын 18632308612289 дугаар бүхий 4007 м.кв газрыг “А групп” ХХК-д аж ахуйн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
7.2. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “А групп” ХХК нь нэхэмжлэгч Д.Н болон Л.Э нартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 013 дугаар ангийн баруун талд байрлах 2003,5 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тус тус гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд дээрх гэрээг хийгдсэн эсэхтэй маргаагүй.
7.3. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/535 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг бүхэлд нь буюу нэгж талбарын 18632308612289 дугаар бүхий 4007 м.кв газрыг “А групп” ХХК-аас “Т” ХХК-д шилжүүлжээ.
7.4. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч“... “А групп” ХХК нь газрын эрх шилжүүлэх төлбөрийн 70%-ыг авсан, улмаар газар шилжүүлэх гэрээ хэлцлийг холбогдох журмын дагуу бүрдүүлж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан байхад эс үйлдэхүй зааж, “Цэргийн ангийн зориулалттай газар” гээд надад өгөөгүй хэрнээ “Т” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-ийг зөрчсөн” гэж, хариуцагчаас “А групп” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 07 сарын 04-ний өдөр газар эзэмших эрхээ “Т” ХХК-д шилжүүлсэн гэж, гуравдагч этгээд “Т” ХХК-аас “...иргэн Д.Н “А групп” ХХК-ийн захирал Л.А-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан төлбөр төлөлтийн маргаан өрнөж, улмаар “А групп” ХХК-ийн захирал Л.А-ын хүсэлтийн дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш 5 жилийн дараа манай компани гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн шилжилт хийгдсэн, ...2017-2022 оны газрын төлбөрийг манай компани төлсөн” гэж тус тус тайлбарлан маргасан.
7.5. “Т” ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТХ/07/2022 тоот албан бичгээр “...газрыг “А групп” ХХК-аас шилжүүлэн авч байгаа тул “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүргүүлсэн байх бөгөөд үүний дараа дахин 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “... “А групп” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо цэргийн ангийн баруун талд байрлах 2003 м.кв газрыг иргэн Н-т шилжүүлэхээр 2017 онд эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэвч Д.Н нь газар худалдан авсан төлбөр, газар ашигласны төлбөр зэргийг төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн тул дээрх газрыг “Т” ХХК-д шилжүүлсэн болно” гэх албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүргүүлсэн байна.
7.6. Дээрх албан бичгүүдээс үзэхэд тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр Д.Нтай гэрээ байгуулсан талаараа Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргах үедээ газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч “А групп” ХХК мэдэгдэж байсан гэж үзэхээр байна.
7.7. Бодит байдалд, талууд хоорондоо харилцан тохиролцож газар эзэмших гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Н-аас гэрээнд заасан төлбөрийн тодорхой хувийг төлсөн талаар хэн аль нь маргаагүй, нэхэмжлэгчээс гэрээнд заасан газраа эзэмших хүсэл зоригоо илэрхийлэн маргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй.
7.8. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахдаа ямар баримт бичгийг хавсаргаж өгөхийг заасан бөгөөд 38.2.1-т нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”; 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4.-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр, бодит нөхцөл байдлыг шинжлэн судалсны үндсэн дээр хуульд заасан эрхийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий актын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН