Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0726/З |
Дугаар | 120 |
Огноо | 2017-04-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 120
С.Энхболдын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаа, Г.Энхбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир нарыг оролцуулан хийж, С.Энхболдын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 939 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0092 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 939 дүгээр шийдвэрээр: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын баталсан “Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах” тухай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0092 дугаар магадлалаар: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 939 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Цэрэн-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч С.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Шүүх магадлалын үндэслэлдээ 1.Батлагдсан цэгээс өөр байршилд үйл ажиллагаа эрхэлсэн байх нь гэрээ цуцлах нэг үндэслэл болохоор байна. Гэвч гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд тухайн байршлыг зөвшөөрсөн тушаал гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн нөхцөл байдал маргааныг шийдвэрлэх үед арилсан байна гэж дүгнэсэн нь журмыг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга иргэн Б.Энхжинтэй Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэгт хамтран ажиллах тухай гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 30-нд байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гэрээн дээр тус зохицуулах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэж гэсэн боловч энэхүү хурлын тэмдэглэлийг гаргаж өгөөгүй бөгөөд энэхүү ТҮЦ-ний асуудлыг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүй өөрөө дур мэдэн гэрээ байгуулсан нь журмаа зөрчсөн.
Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд дүүргийн Өмчийн харилцааны хэлтсийн дарга ордог бөгөөд энэ ТҮЦ-ний асуудлыг хурлаар оруулаагүй учраас газрын зөвшөөрөл олгогдоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмчийн харилцааны хэлтсийн тодорхойлолтоос нотлогддог. ТҮЦ-ийг ажиллуулахад холбогдох Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журамд зааснаар газрыг түр ашиглах гэрээ байгуулж зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Мөн гэрээндээ ч энэ тухай заасан байгаа.
Мөн ТҮЦ байршуулах байршлыг эхлээд Хотын ерөнхий менежер батлах бөгөөд дүүрэг эдгээр байршилд л хүсэлт гаргасан иргэдтэй гэрээ байгуулан ТҮЦ ажиллуулах журамтай. Гэтэл шүүх ТҮЦ-д нийцүүлэн байршил баталсан байна энэ нь журам зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.
2. Нэхэмжлэгч миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 62/1 байрны тоот үйлчилгээний зориулалттай Чка дэлгүүр ажиллаж байгаа байрны гадна талд 1 м хүрэхгүй зайд Б.Энхжин нь 25 м.кв талбайтай ТҮЦ нэртэй том байшинг байршуулсан. Энэхүү ТҮЦ нь эрчим хүчний хамгаалалтын зурвас дээр буюу манай байр руу орж байгаа цахилгааны кабел утаснууд дээр байршуулснаас галын болон цахилгаантай холбоотой аюул гарч болзошгүй аюултай нөхцөл байдал үүсгээд байгаа.
Мөн гадна хананд байрладаг гудамжны гэрэлтүүлгийн удирдлагын хайрцагны хаалгыг онгойлгох боломжгүй болгож мөн засвар үйлчилгээ хийх, аюул гарсан үед ашиглах боломжгүй байдалд хүргэж хөрш зэргэлдээ байрлах нэхэмжлэгч миний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг зөрчин аюул үүсэж болох нөхцөл байдал үүсгэсэн. ТҮЦ нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 -д заасныг зөрчин хамгаалалтын зурвас дээр байрласан учраас энэ нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд одоог хүртэл хэвээр байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх миний эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрх зөрчигдсөн гэснийг хэт өрөөсгөл байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн давж заалдах шатны шүүх “Зүүн түгээх төв” болон “Соён Дрййм лимитед” ХХК -иас гадна гэрэлтүүлгийн удирдлагын самбар болон ТҮЦ байрласан газар доорх кабел утсыг тус тус шилжүүлэх зардлыг Б. Энхжингээр гаргуулахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, энэ ажиллагааг хийлгэхийг шаардах нь төрийн байгууллагын үүрэг тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.” гэж дүгнэсэн.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК -иас тус ТҮЦ -д хамгаалалтын бүс дээр байрлаж орчиндоо аюултай нөхцөл байдал үүсгээд байгаа тухай удаа дараа албан шаардлага хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд кабел утсыг шилжүүлэхээр тохиролцсоны дараа ч мөн албан шаардлагаа хүргүүлж байсан гадна гэрэлтүүлэг хариуцдаг Соён Дрийм лимитэд ХХК ч мөн ийм мэдэгдэл шаардлага өгч байсан нь хэрэгт байгаа. Гэтэл ТҮЦ-д нийцүүлэн байрны эрчим хүчний кабелуудыг зөөх, мөн гадна гэрэлтүүлгийн удирдлагын хайрцгийг шилжүүлэх тухай тохиролцсон гэсэн албан тоотыг л давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэн дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан бөгөөд нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байна.
3. Тухайн ТҮЦ байрлуулсан газрыг манай дэлгүүрт хариуцуулсан бөгөөд 6 дугаар хорооны засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу би цэцгийн мандал хийж тохижуулахаар цутгасан суурин дээр өрлөг хийхээр бэлтгэсэн байсан. Аж ахуйн нэгж өөрийн байрны орчмын 50 м газрын цэвэрлэгээ тохижилтыг хариуцахаар хорооноос даалгасан байсан ТҮЦ байршуулснаас хог хаях, иргэд ил задгай бие засах боломжийг бүрдүүлж бохир орчныг бий болгож эрүүл орчин байхгүй болсон. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Энхжинтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Чка дэлгүүрийн хойд талд байршуулан хүнс, хүнсний ногоо зарж борлуулах түргэн үйлчилгээний цэг ажиллуулах “Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах” 25 тоот гэрээг /1 жилийн хугацаатай/ байгуулсан байна.
Нэхэмжлэгч С.Энхболд нь дээрх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “ТҮЦ-ийг байршуулахдаа Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны А/З6 дугаар тушаалд заасан байршлыг зөрчсөн, уг тушаалд манай Чка дэлгүүрийн хойно гэсэн байршил байхгүй. Мөн ТҮЦ нь газар ашиглах зөвшөөрөлгүй бөгөөд эрчим хүчний хамгаалалтын зурвас зөрчиж байрласан” гэж маргасныг давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэл, шалтгаанаар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь,
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д хот, тосгоны захирагч нь худалдаа, яармаг болон үйлчилгээний бусад арга хэмжээг зохион байгуулах эрхтэй болохыг заажээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан байх ба уг журмын 2.1.2-т “Тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер тушаалаар батална” гэжээ.
Журмын дээрх заалтыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/36 дугаар тушаалаар дүүргүүдийн нутаг дэвсгэрт ажиллуулах түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн байршил, тоог тогтоосон байх ба Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 7 ТҮЦ ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэвч уг тушаалаар гуравдагч этгээд Б.Энхжингийн ТҮЦ-ийн байршил батлагдаагүй байсан бөгөөд энэ нь дээрх журмын 4.3-д “Дүүргээс зөвшөөрөгдөөгүй байршилд ТҮЦ-ийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Гэхдээ, маргаан бүхий захиргааны гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер нь “Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай” А/93 дугаар тушаал гаргаж, 2015 оны А/36 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байршуулахаар батлагдсан 38 ТҮЦ-ийн байршлаас нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, авто замын үзэгдэх орчинд нөлөөлж буй 26 байршлыг өөрчлөн нэмэлтээр баталсны дотор тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд Б.Энхжингийн ТҮЦ-ийн байршлыг “6 дугаар хороо, Чка дэлгүүрийн хойд тал 52 дугаар байр” гэж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч С.Энхболдын эзэмшлийн Чка дэлгүүр нь 62 дугаар байранд байрладаг байтал дээрх тушаалд байрны дугаарыг “52 дугаар байр” гэж алдаатай бичсэн, уг байршил нь гуравдагч этгээдийн ТҮЦ-ийн байршил болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Иймд энэ үндэслэлээр гуравдагч этгээд Б.Энхжинг зөвшөөрөгдөөгүй байршилд ТҮЦ ажиллуулсан, дээрх журмын болон гэрээний холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Мөн журмын 2.1.1-д “Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана” гэж зааснаар Б.Энхжингийн ТҮЦ нь түр байршилд байрлах тул Газрын тухай хуульд заасан газар ашиглах зөвшөөрөл авсан байхыг шаардахгүй юм.
Иймд, давж заалдах шатны шүүхийн “...“Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 2.1.1, 2.1.2, 4.3 дахь заалтыг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн нөхцөл байдал маргааныг шийдвэрлэх үед арилсан байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн ирүүлсэн 2016 оны 32/220 тоот албан бичиг болон бичгийн бусад баримтуудаар гуравдагч этгээд Б.Энхжингийн ажиллуулж буй ТҮЦ-ийн дэргэд байрлах цахилгааны кабель шугам болон ЧД-0601 дугаартай гадна гэрэлтүүлгийн удирдлагын самбарыг аюулгүй байдал, стандартад нийцүүлэн шилжүүлэх талаар ТҮЦ эзэмшигчтэй тохиролцон шийдвэрлэхээр болсон нь тогтоогдсон зэргээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс, гуравдагч этгээд Б.Энхжингийн ТҮЦ байршуулсан газрыг 6 дугаар хорооны Засаг даргаас нэхэмжлэгчид хариуцуулсан, цэцгийн мандал хийж тохижуулах чиглэл өгсөн гэж маргах ба энэ нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны гэрээ хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учир гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0092 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА