Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 318

 

Ц.Г-т холбогдох ял дүйцүүлэн

хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 261 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар магадлалтай, Ц.Г-т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Ц.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаарын сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа Б овогт Ц-ийн Г.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 9 жил 4 сар 26 хоног хорих ял болгон хасч, Ц.Г-т оногдуулсан 9 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 3 жил 9 хоногийн хорих ялыг хасч, эдлэх ялыг 6 жил 4 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 261 дүгээр шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “...13 жил...” гэснийг “...11 жил...”, 10.1 дүгээр зүйлийн 2.1...” гэснийг 10.1 дүгээр зүйлийн 1...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Ц.Г-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Ялтан Ц.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан хэмжээнд ял дүйцүүлэн хасахдаа дутуу хассан гэж ойлгож байна. Учир нь Улсын Ерөнхий Прокурорын газар болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн албаны хүмүүс зурагтаар мэдээлэл өгөхдөө хорих ял эдэлж буй бүх хүмүүст энэ хууль ижил үйлчилж, оногдуулсан ял нь 20-30 хувиар багасах тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бүх заалтуудыг хэрэглэнэ гэж байсан. Хуучин Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 10 жил байхад намайг 11 жилийн хорих ялаар шийтгэсэн. Миний бие анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирол, төлбөр байхгүй болно. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 8 жил, дээд хэмжээ 15 жил байхаар хуульчилсан тул надад уг хуулийн дагуу 8 жил 8 сарын хорих ял оногдуулах ёстой байсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 5 жил 4 сар болгож өгөхийг хүсье” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ц.Г-т 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 261 дүгээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх гурван үндэслэлийг тодорхойлсон байна.

Дээрх гурван үндэслэлийн “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэдэгт Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ялын доод эсхүл дээд хэмжээг хөнгөрүүлсэн, доод, дээд хэмжээний аль алиныг багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн төрлийн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмсэн, нэмэгдэл ялын доод, дээд хэмжээг бууруулсан эсхүл уг ялыг хүчингүй болгосон зэргийг хамааруулан ойлгодог билээ.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын доод, дээд үндсэн хэмжээнд нийцүүлэн хасч тооцно.

2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ 10 жил, дээд хэмжээ 15 жил байсныг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялын доод хэмжээ 8 жил, дээд хэмжээ 15 жил болж, ялын доод хэмжээ багассан тул анхан шатны шүүх шинээр батлагдсан хуульд нийцүүлэн ялтан Ц.Г-ийн ялыг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх захирамжийн захирамжлах хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд ялтан Ц.Г-ийн ялыг дүйцүүлэн хасах талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан түүний гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 261 дүгээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан Ц.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН