Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар  2022/ШЦТ/748

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208010070781 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хуучин цэргийн хотхон ** дугаар байр, ** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/841 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, Ш овогт Д-ын Б(РД:******).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Бсогтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар бааз, ** тоотод 2022 оны 2 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч У.Отэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан маргалдан ууж байсан архитай шилээр толгойд нь цохиж хагалан, шилний хагархайгаар баруун шанаан тус газарт зүсэж биед нь “баруун шанаанд шарх, баруун дээд, дээд баруун 1-р шүд цөгц хэсгийн хугарал, доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч намайг өөрөө гэртээ дагуулж орсон. Өөрсдийнх нь мэдүүлэг худлаа байгаа. О намайг үсдэхээр нь би архины шилээр цохисон. Хохирогчид 550,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2208010070781 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч У.Оийн: “2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчим гэртээ ирсэн. 23 цагийн орчим Б/Монхооноо/ гэх эмэгтэй манай гэрт согтуу нэг шил 0,75 граммын архитай орж ирсэн. Нөхөртэй архиа хувааж уугаад намайг шахаад байхаар нь би 2 хундага уусан. Би “та одоо явчих” гэж хэлсэн чинь “чи юу гэнээ” гэж над руу уурласнаа “Нанай нөхөртэй хамт явна. Би гэртээ ганцаараа байгаа” гэхээр нь би “юу гэнээ” гэсэн чинь шууд архитай архины шилээр толгой руу цохиж шил хагараад шилний хагархайгаар баруун чамархай хэсэгт зүссэн. Тэгээд зодох гээд дайраад байсан чинь нөхөр дундуур орж ирээд “чи яаж байгаа юм бэ” гээд орилсон чинь гэрээс гараад зугтаасан. ...Надад Б эмчилгээний зардал төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 66 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.04-ний өдрийн 3652 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. У.Оийн биед баруун шанаанд шарх, баруун дээд, дээд баруун 1-р шүд цөгц хэсгийн хугарал, доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч Б.Э-ын: “2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед манайд танил эгч Б/Монхооноо/ 1 шил архитай орж ирсэн. Ингээд бид 3 хувааж уусан. Би тасраад унтсан чинь эмэгтэй хүмүүс хэрүүл хийх чимээ сонсогдохоор нь сэрсэн чинь эхнэр У.Оийн баруун шанааны дээд хэсэгт зүсэгдсэн цус гарсан, Б гартаа архины хагархай шил барьсан дахиад эхнэр Оийг зодох гээд дайраад байхаар нь би Оийг салгасан чинь Б гараад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Н-ын: “Хохирогч У.О нь 2022 оны 02, 03, 04 дугаар саруудад Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 326,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Дүүргийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

Шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч У.Оийн нөхөр Б.Э-ыг гэр лүүгээ авч явах гэсэн чинь У.О нь нөхрөө явуулахгүй гэхээр маргалдаад архины шилээр толгойг нь цохиод шил хагарахаар нүүрийг нь зүсээд гараад зугтаасан. У.От учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Би мөнгөтэй болохоороо хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-31), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-55), У.Оийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан зардал (хх-70-71), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-48), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-50-53), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-33) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 7 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Бархи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **-р бааз, ** тоотод 2022 оны 2 сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч У.Отэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан маргалдаж ууж байсан шилтэй архиар толгойн тус газар нь цохиж хагалан, шилний хагархайгаар баруун шанаан тус газарт зүсэж биед нь “баруун шанаанд шарх, баруун дээд, дээд баруун 1-р шүд цөгц хэсгийн хугарал, доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч У.От баримтаар 96,560 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 326,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй, уурхай явж ажиллаж ирээд хохирлыг төлнө” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Бсогтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар бааз ** тоотод 2022 оны 2 сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч У.Отэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан маргалдаж ууж байсан архитай шилээр толгойд нь цохиж хагалан, шилний хагархайгаар баруун шанаан тус газарт зүсэж биед нь “баруун шанаанд шарх, баруун дээд, дээд баруун 1-р шүд цөгц хэсгийн хугарал, доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч У.Оийн “...Б/Монхооноо/ гэх эмэгтэй согтуу, нэг шил архитай орж ирсэн. Ууж сууж байгаад би “та одоо явчих” гэж хэлсэн чинь “чи юу гэнээ” гэж над руу уурласнаа “Танай нөхөртэй хамт явна. Би гэртээ ганцаараа байгаа” гэхээр нь “юу гэнээ” гэсэн чинь шууд архитай шилээр толгой руу цохиж архины шил хагараад, шилний хагархайгаар баруун чамархай хэсэгт зүссэн...” гэх мэдүүлэг (хх-77), шүүх эмнэлгийн 3652 дугаар “1.У.Оийн биед баруун шанаанд шарх, баруун дээд, дээд баруун 1-р шүд цөгц хэсгийн хугарал, доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-23-24), гэрч Б.Энхбаярын “...Бид нар архи хувааж уусан. ...Эхнэр У.Оийн баруун шанааны дээд хэсэгт зүсэгдсэн цус гарсан, Бгартаа архины хагархай шил барьсан дахиад эхнэрийг зодох гээд дайраад...” гэх мэдүүлэг (хх-9), шүүгдэгч Д.Б-ын “...хохирогчийн нөхөр Б.Э-ыг гэр лүүгээ авч явах гэсэн чинь нөхрөө явуулахгүй гэхээр маргалдаад архины шилээр толгойг нь цохиод шил хагарахаар нүүрийг нь зүсээд гараад зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-62) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ын хохирогч У.Оийг “Нөхрөө явуулахгүй гэлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн толгойд нь архины шилээр цохиж, шилний хагархайгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 97,710 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдолтой байна” гэх мэдүүлэг (хх-66)-ийг үндэслэн шүүгдэгч Д.Б-аас 97,710 төгрөг гаргуулж, хохирогч У.О (Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар бааз, ** тоотод оршин суух, РД:*****, утас:9188**)-т олгохоор шийдвэрлэлээ.  

Иргэний нэхэмжлэгч Б.Н “Эрүүл мэндийн даатгалын санд олгогдох 326,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргаснаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 230,000 төгрөг (2022 оны 2 сар гэсэн огноо бүхий 150,000 төгрөг, 80,000 төгрөг)-ийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин 2022 оны 3, 4 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төв гэсэн бичиглэл бүхий 96,000 төгрөгийг энэ хэрэгт хамааралтай болох нь хангалттай нотлогдохгүй байх тул холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Бэрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хохирол төлөөгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, дүгнэлт хийхгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, танил айлд ороод архи ууж “нөхрөө хамт явуулахгүй гэлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд толгойд архины шилээр цохиж, хагарсан шилээр нь баруун чамархайг зүсэх үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 97,710 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх, Эрүүл мэндийн даатгалын санд 230,000 төгрөг төлсөн), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Бцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Бцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 97,710 төгрөг гаргуулж, хохирогч У.О (Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо** дугаар бааз, *** тоотод оршин суух, РД:******, утас: 9188****)-т олгож, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлөгдөх ёстой гэх 96,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР