Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар  2022/ШЦТ/758

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Д, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000570158 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянхайрханы **дүгээр гудамж, ** тоотод түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөгдсөн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 900 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгэгдсэн, Б овогт Б-ийн Д (РД:******).

                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянхайрханы ** дугаар гудамж, ** тоотод хохирогч Я.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн чих орчимд өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын нугалаасны няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон явдал үнэн учир мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед архи уусан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үнэхээр их харамсаж байна. Дахиж хэрэг, зөрчил гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2208000570158 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Я.Сгийн: “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчим ирсэн. Пүрэвжав, Давааням, Д нар архи ууж байсан. Хамт ууж байтал үл ялих асуудлаас болж Дтай маргалдсан. Намайг гэрийн баруун талын орон дээр сууж байхад Д зүүн чих рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд чихнээс цус гараад нэлээн байж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...Архи ууж дууссны дараа Д эхнэр П-ыг элдэвээр хэлээд доромжлоод байхаар нь би “Чи яахаараа эхнэрээ ингэж хэлдэг юм” гэх мэтээр загнасан чинь “танд хамаагүй” гээд гуталтай хөлөөрөө зүүн чих рүү өшиглөсөн. Би тэр үед чихнээс цус гарсныг мэдээгүй, нэлээн согтчихсон байсан. Гэртээ очтол хүү Сэргэлэнбаатар “таны чихнээс цус гарч байна” гэхээр нь толинд хартал цус гоожиж байхаар нь түргэн дуудаж үзүүлээд боолт хийлгэж 1 оёдол тавьж өгчихөөд явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээтэй холбоотой төлбөрийн баримт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.02-ны өдрийн 11956 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Я.Сгийн биед зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын нугалаасны няцарсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэрч Д.П-ын: “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр Д нь архи уучихаад хардаад уурлаад дайраад байсан. Тэр үед С эгч намайг өмөөрч урдуур орж Дтай маргалдсан. Д зүүн талынхаа гуталтай хөлөөрөө зүүн талын чих орчим нь өшиглөчихсөн. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Шүүгдэгч Б.Дын яллагдагчаар өгсөн: “Өнгөрсөн 11 дүгээр сарын 24-ний өглөө, би танил Д-ын гэрт хамтран амьдрагч П-ын хамт дэлгүүрээс 0.75 литрийн “Сэржим” нэртэй архи уугаад сууж байтал С эгч орж ирсэн. Би тэр өглөө үүрээр 1 найзтайгаа архи уусан болхоор их согтсон байсан. С эгч орж ирээд бид нар архи ууцгаасан. Дуусгачихаад би С эгчтэй юм яриад сууж байснаа санаж байна, нэг мэдсэн С эгч над руу хашгичаад дайраад байсан. Тэгэхээр нь зүүн талынхаа хөлөөр С эгчийг өшиглөнө ч гэж бодоогүй савчихсан чинь зүүн талын чих орчим нь өшиглөчихсөн. С эгч орон дээр хэвтээд, хашгираад орилоод байхаар нь би явчихсан. Гол нь би эхнэрийгээ хардаад муудалцаж байхад С эгч над руу хашгичаад дайраад байсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-8), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-39), Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн “ялыг дүйцүүлэн хасах тухай” захирамжийн хуулбар (хх-93), Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжийн хуулбар (хх-94) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д согтуурсан үедээ 2021 оны ** дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянхайрханы **дугаар гудамж, ** тоотод хохирогч Я.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн чих орчимд нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын нугалаасны няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Я.Сгийн “...Бид нар архи уусан. Д эхнэр П-ыг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би “чи яахаараа эхнэрээ ингэж хэлдэг юм” гэх мэтээр загнасан чинь “танд хамаагүй” гээд гуталтай хөлөөрөө зүүн чих рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-15-16), шүүх эмнэлгийн 11956 дугаар “1. Я.Сгийн биед зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын нугалаасны няцарсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-24-25), гэрч Д.П-ын “...Бид архи ууж байсан. Д зүүн талын гуталтай хөлөөрөө зүүн талын чих орчим нь өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг (хх-20), шүүгдэгч Б.Дын “...зүүн талын чих орчим нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-35-37) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Дын хохирогч Я.Сг үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зүүн чих орчимд өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-16)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянхайрханы ** дугаар гудамжны ** тоотод иргэн Я.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн чих орчимд нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын нугалаасны няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 29 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 232 цагийг хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 288 цагаар тогтоож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл дээр санал нэг байна. 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Урьд ял эдэлж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгч эхнэрээ хардаад хэрүүл маргаан үүсгэж байхад нь хохирогч шаардлага тавьснаас хувийн таарамжгүй харилцаа үүсч хохирогчийн эрх, эрх чөлөөнд зүүн чихэнд нэг удаагийн өшиглөх үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Шүүгдэгч Б.Дын 2022.05.18-ны өдрөөс 2022.06.12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 208 цагийг түүний эдлэх ялд оруулан хасч, биечлэн эдлэх ялыг 312 цагаар тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 520 (таван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 26 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 208 цагийг хасч, эдлэх ялыг 312 цагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР