Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/760

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Н, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000654 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 69% алдсан гэх, Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, Сэлбийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Орчлон хороолол, **байрны подвальд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Б-ын Н (РД:----).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, НАЗУ-ийн байранд хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойд нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “Зулайн орой хэсгийн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирол төлөх мөнгө байхгүй. 288,000 төгрөгийн группийн мөнгө авдаг байсан” гэв.

Эрүүгийн 2208000000654 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Мын: “2022 оны 2 дугаар сарын 01-ний орой Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, НАЗУ-ийн байранд амьдардаг Згийн гэрт түүний эхнэр А, танил Б, Гтэй архи ууж байсан. Нэг мэдэхэд танил Н ороод ирчихсэн байсан. Би архи согтууруулах ундаа ихээр хэрэглэчихсэн байсан бөгөөд нэг сэргэтэл толгой хагарчихсан ГССҮТ дээр сэргэсэн. Тэгээд эмнэлэгт 7 оёдол тавиулаад гэртээ харьсан. Харих замаараа З-гийнхоор дайрч орсон. Хыамт байсан хүмүүс “Чамайг Н архины шилээр толгой руу чинь цохиж гэмтээсэн” гэж хэлсэн. Тэр үед Н Згийн гэрт байгаагүй. Маргааш нь Нын амьдардаг подвальд ороод “Та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд “Яадаг юм, чи цагдаагаа дуудаач, би тэр ганц худагт чинь ормоор байна” гээд хаалгаа хаачихсан. Тэр өдрөөс хойш бараг 10 хоног толгойдоо хүйтэн жин тавиад зүгээр болохгүй, улам хавдаад байсан учир Нын гэрт очиж уулзахад “Надад чамд өгөх мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгээд СХД-ийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл мэс заслын тасагт 2022 оны 3 дугаар сарын 02-нд толгойд цус хуралттай гэсэн оноштойгоор хагалгаанд ороод 3 дугаар сарын 14-нд гарсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.18-ны өдрийн 4378 дугаартай шинжилгээний дүгнэлтэд “1. Б.Мын биед зулайн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

Гэрч Ш.Б-ийн: “...2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр манай хүү М найзуудтайгаа уулзана гэж гараад 03-ны өдөр толгойгоо боосон орж ирсэн. “Юу болоод толгойгоо боосон” талаар асуухад “би дүүргийн эмнэлэгт толгойгоо хагалуулаад хэвтэж байгаад гарч ирлээ” гэсэн. Түүнээс хойш хүү гэртээ хэвтэж байгаад 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр биеийн байдал эрс хүндрээд эргээд дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа. Одоо биеийн байдал нь тааруу, толгойн ар хэсэгтээ хавдартай гэдэг оношоор хагалгаанд 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр орж хавдраа авахуулсан. Манай хүүг зодсон Н-той уулзахад “би цохисон нь үнэн, тэгэхдээ хохирлын мөнгө гаргаж өгч чадахгүй, цагдаадаа ханд” гээд тоохгүй байгаа болохоор цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх тал),

Гэрч П.З-гийн: “2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр эхнэртэйгээ айл хэсээд бага зэрэг согтууруулах ундаа хэрэглээд гэртээ орсон. Гэрт найз Б, эхнэр Г, танил М нар ирээд бид хэд архи ууж байхад Н нэг шил архитай орж ирсэн. Ганц ганц татаад сууж байхад М Ныг үгээр идээд авч ирсэн архийг нь голоод хоорондоо маргалдсан. Гэтэл Н авч ирсэн архины шилээр Мын толгой руу 2 удаа цохичихоод гараад явчихсан. Мын толгой хагарсан, цус гараад 103 аваад явсан...” гэх мэдүүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

Шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн: “2022 оны 2 дугаар сарын 01-ний орой З гэх айлд орсон. З, эхнэр А, танил Б, М, Г нар согтуу архи ууж байсан. Цагаан сар болж байсан бөгөөд би тухайн айлд эрүүл, нэг шил архитай орсон. М “Таны авч ирсэн хар экс нэртэй архи чинь миний уудаг Шим архитай адилхан шүү дээ” гэж хэлсэн. М нь байнга архи уудаг, архины хамааралтай залуу. М миний авч ирсэн архийг муулаад байхаар нь архины шилээрээ дагз хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгээд би З-ийнхаас гараад явчихсан. Би группт орсон бөгөөд тахир дутуу, хөл муу таяг тулдаг, өрөөсөн гар мэдээгүй хүн. Би сардаа группын 288,000 төгрөг авдаг. Энэ мөнгөөрөө л амьдарч байна. Ганцаараа болохоор тогтсон орон гэргүй, хүмүүс гуйгаад гэр орноор нь хонож өнжиж байдаг. Тийм болохоор би хохирлыг барагдуулах боломжгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд (хх-18-20),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-21), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-23), нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй лавлагаа (хх-25), Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол (хх-29-30), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-36) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 2 дугаар сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, НАЗУ-ийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “Зулайн орой хэсгийн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс 2,365,150 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Мд олгуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаантай зүйл байхгүй. Хохирлын мөнгийг зөвшөөрч байгаа” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Н согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн -- дугаар хороо, НАЗУ-ийн байранд хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойд нь архины шилээр 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “Зулайн орой хэсгийн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Мын “...Бид нар архи уусан. “Чамайг Н архины шилээр толгой руу чинь цохиж гэмтээсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-16), шүүх эмнэлгийн 4378 дугаар “1.Б.Мын биед зулайн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 4.Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх шинжилгээ (хх-9-10), гэрч Ш.Б-ийн “...манай хүүг зодсон Нямдоржтой очиж уулзахад “би цохисон нь үнэн, хохирлын мөнгө гаргаж өгч чадахгүй цагдаадаа ханд гээд тоохгүй байгаа...” гэх мэдүүлэг (хх-4), гэрч П.З-гийн “...Н авч ирсэн архины шилээр Мын толгой руу 2 удаа цохичихоод гараад явчихсан. Тухайн үед Мын толгой хагарчихсан цус гараад...” гэх мэдүүлэг (хх-38), шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн “...М миний авч ирсэн “хар экс” нэртэй архийг муулаад байхаар нь би архины шилээрээ дагз хэсэгт нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-33) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Нын согтуурсан үедээ хохирогч Б.Мыг “авчирсан архи голлоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн толгойн дагз хэсэгт архины шилээр 2 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 2,365,150 төгрөг (хх-18-20)-ийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “гомдолтой” гэх мэдүүлэг (хх-16)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчээс 2,365,150 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.  

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 1,988,460 төгрөгөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлж төлүүлсэн 1,690,191 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, 674,959 төгрөгийг хохирогч Б.М (Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, РД:******, утас: 9602***)-д тус тус олгохоор шийдвэрлэж байна.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.

Харин хохирогч Б.М гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой буюу цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Санал нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ, “авчирсан архи голлоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогчийн эрх, эрх чөлөөнд толгой хэсэгт архины шилээр 2 удаа цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 2,365,150 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөдөлмөрийн чадвараа 69% алдсан, группт байдаг гэх, зүүн талын гар, хөл саажилттай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх буюу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Новогт Б-ын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглох буюу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас нийт 2,365,150 (хоёр сая гурван зуун жаран таван мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулж, 1,690,191 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, 674,959 төгрөгийг хохирогч Б.М (Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, РД:******, утас: 9602----)-д тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.М гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой буюу цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР