| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/00704/И |
| Дугаар | 01207 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 01207
| 2018 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2018/01207 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Э-д холбогдох
2,400,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд “барс-1” худалдааны төвийн жимсний А заалны А7-6 дугаартай лангууг түрээслэж байсан хариуцагч Эд нийт 3,965,500.00 төгрөгийн үнэтэй Польш алимыг зээлээр худалдсан ба тэрээр үнийг буцаан төлөхдөө сард 1-2 удаа хэсэгчлэн 20,000.00-100,000.00 төгрөг төлсөөр 1,556,500.00 төгрөгийг өгсөн.
Гэвч хариуцагч тал үлдэгдэл 2,400,000.00 төгрөгийг төлөөгүй ба энэ талаар түүнд удаа дараа шаардлага тавьсан боловч тэрээр үүргээ биелүүлсэнгүй. Иймд, хариуцагч Эгээс 2,400,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “П” ХХК-иас хариуцагч Эд холбогдуулан 2,400,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхээр 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагт товлосон шүүх хуралдааныг хариуцагчид мэдэгдэх хуудас хүрээгүй гэсэн үндэслэлээр хойшлуулж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт шүүх хуралдааныг товлож, хариуцагчид энэ талаар мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Шүүх, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийн дагуу хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/03932 тоот захирамжаар хариуцагч Эг албадан ирүүлэхээр шийдвэрлэсний дагуу түүнд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэтэл хариуцагч Э ийнхүү нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу тайлбар өгөх ёстой байтал энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлож, хариуцагчид энэ талаар мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иймд, хариуцагч Э нэхэмжлэлийг хувийг хүлээн авсан хэдий ч заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүнийг тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д зааснаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөлөөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уг компани 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хариуцагч Эд нийт 3,965,500.00 төгрөгийн үнэтэй Польш алимыг зээлийн худалдаж, хариуцагч тал 1,556,500.00 төгрөгийг төлсөн боловч үлдэх 2,400,000.00 төгрөгийг төлөөгүй ажээ.
Хэрэгт талуудын 2015, 2016 оны хоорондын өглөг, авлагын талаарх тооцоогоор “нийт 3,965,500.00 төгрөгөөс 2,400,000.00 төгрөг дутуу” гэсэн баримт, мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж, татгалзаагүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байх тул хариуцагч Эг энэхүү нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдсанаар хэдийгээр тус компани хариуцагчид зээлээр Польш алим худалдсан гэж тайлбарлаж байгаа ч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Учир нь, зохигчид тухайн шилжүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг нэн даруй бус хожим төлөхөөр тохиролцсон гэх боловч хариуцагч буюу худалдан авагч тал зөвхөн гэрээний зүйл болсон алимны худалдах үеийн үнийг төлөх бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөөр төлөх хэмжээ, хэсэгчлэн төлөх үнэ, зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, худалдагч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.
Гэвч хариуцагч тал тухайн маргаанд гэрээнд заасан алимыг хүлээн аваагүй, төлбөрийг бүрэн төлж дууссан гэж маргаагүй бөгөөд гэрээний дагуу төлөх ёстой 2,400,000.00 төгрөгийг төлөөгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн мэтгэлцээгүй тул түүнээс уг төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг үндэслэн хариуцагч Эгээс 2,400,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,350.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,350.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР