Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0715

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, М.Ө, Ж.Д

Нэхэмжлэгч:Н” ХХК

 

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 510 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, М.Ө, Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, Д.Б, хариуцагч нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2022/0727/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч”Н” ХХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус  холбогдууланНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу "Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж" гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулах, "Н" ХХК нь нэгж талбарын 18642309615029 дүгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 510 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1-д заасныг тус тус баримтлан”Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Газар байгуулалтын албанд тус тус холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу "Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж" гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулах, "Н" ХХК нь нэгж талбарын 18642309615029 дүгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, М.Ө, Ж.Д нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Анхан шатны шүүх маргаан бүхий газрын эрх зүйн байдлын талаар урьд хянан шийдвэрлэгдсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0834 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2020/0136 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоолыг тус тус харгалзан үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй тухайд:

3.2. Манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 209 дүгээр тогтоолоор "дахин шинэ акт гаргатал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамж хүчингүй болохыг дурдаж эцэслэн шийдвэрлэсэн..

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д "Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана" гэж заасан. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоолд заасан хугацаанд дахин шинэ захиргааны акт гаргаагүй тул 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамж хүчингүй болж манай компанийн газар эзэмших эрх сэргэсэн болно.

3.4. Манай компанийн эзэмшил бүхий газрыг нийтийн эдэлбэр газар мөн эсэх, нийтийн эдэлбэр газраар тогтоож байсан эсэх, нийтийн эдэлбэр газрын зориулалтаар ашиглах тухай асуудал нь өмнөх гурван шатны шүүх хуралдаан дээр яригдсан бөгөөд энэхүү үйл баримтын талаар шүүх нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэж байсан. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед гарсан эрх зүйн актыг цаг хугацааны хувьд уг актаас хожим шүүхийн шийдвэрээр сэргэсэн нэхэмжлэгчийн субьектив эрхтэй өрсөлдүүлэх болон давуулж үнэлэх боломжгүй. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 209 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн субьектив эрх сэргэсэн атал хяналтын шатны шүүхийн тогтоолоос илүү НИТХ-ын захиргааны актыг давуу хүчинтэй гэж 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүх үзэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Ийнхүү хөдөлбөргүйгээр тогтоогдсон үйл баримт байсаар байхад Анхан шатны шүүх үүнийг огт анхаарч үзсэнгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

3.5. Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд: 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 1.9-т " Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт гарах үед нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 дугаар захирамж хүчин төгөлдөр байсан, нийслэлийн Засаг даргаас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд санал хүргүүлсэн, улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ." гэжээ.

3.6. Гомдол гаргагч "Н" ХХК болон нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэж байх хугацаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газарт тооцсон байсан.

3.7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй." гэж заасан байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй буюу хуулийн үндсэн үзэл баримтлал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй гэсэн зарчимтай. Бусдад эзэмшүүлж, ашиглуулах гэдэгт нийтийн эдэлбэр газраар тогтоосныг мөн хамруулан ойлгох ёстой. Учир нь "Н" ХХК-ийн газар эзэмших эрх сэргэх үү, үгүй юу гэдэг нь тодорхой болоогүй, талуудын хооронд үүссэн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй газрыг нийтийн эдэлбэр газарт авсан нь хууль бус юм. Ингэснээр нэхэмжлэгчийн эрхийг шүүхээр сэргээх явдалд саад болж байна.

3.8. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь Гомдол гаргагчийн маргах эрхийг хязгаарласан, шүүхийн шийдвэр заавал биелэгдэнэ, шүүхийн шийдвэрийг төр, иргэн, хуулийн этгээд хэн ч бай биелүүлнэ гэх зарчим зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгэж байна.

3.9. Шүүхийн буруу жишиг тогтоож байгаа тухайд: Энэ маргааны тухайд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоол нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн 209 дүгээр тогтоолын үндсэн дээр сэргэсэн манай компанийн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болох эсэх нь гол асуудал юм.

3.10. Хэрэв шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй болон мэдэх боломжгүй байсан баримт илэрсэн бол уг асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах журмыг баримтлахаас бус уг баримтыг иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчих байдлаар ашиглаж болохгүй. Ингэхийг зөвшөөрөх аваас захиргааны байгууллага нь шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байх үед өөр захиргааны акт гаргаж, улмаар шүүхийн шийдвэр өөрийнх нь эсрэг гарсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр гаргасан захиргааны актаараа дахин иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчдөг буруу жишиг тогтох аюултай.

3.11. Хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад нийслэлийн Засаг дарга нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, нөхцөл байдлыг зориудаар нуун дарагдуулж, шүүхэд бодит мэдээлэл өгөлгүй хууран мэхэлж, маргаан бүхий газрын эрх зүйн байдлыг өөрчилсөн шинэ захиргааны актыг НИТХ-аар гаргуулж батлуулсан. Хэрэв шүүх захиргааны байгууллагын энэ мэт зальтай, хууран мэхэлсэн үйлдлийг нэн даруй таслан зогсоохгүй аваас цаашид захиргааны хэргийн шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад захиргааны байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийг үл тоон иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарласан, хүчингүй болгосон өөр шинэ эрх зүйн акт давхар гаргах боломжийг олгосон практик тогтохоор байна.

3.12. Дээр дурдсан гурван шатны шүүхээр сэргээгдсэн иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг дурын захиргааны байгууллага захиргааны актаараа хүчингүй болгож, зөрчиж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д заасан "Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх" гэж заасныг зөрчиж, шүүхэд итгэх итгэлийг үгүй хийж байна.

3.13. Шүүх, НИТХ гэх хоёр эрх бүхий субьектыг хууран мэхлэх замаар захиргааны акт гаргуулсан тухайд: Нийслэлийн засаг дарга, ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Н" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос (2019 оны 06 дугаар сарын 05) өмнө НИТХ-аар хэлэлцүүлэхээр санал хураалт (2019 оны 05 дугаар сарын 27) явуулж, нөхцөл байдалтай танилцсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед "Н" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байсаар атал бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг мэдсээр байж НИТХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан байгаа юм. НИТХТ-ийн хуралдаанаар маргаан бүхий тогтоолын төслийг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд манай компанийн эзэмшлийн газрын талаар тусгагдсан, яригдсан зүйл огт байдаггүй.

3.14. Иймд Засаг дарга нь нэгдүгээрт, маргаан бүхий газрын талаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд үнэн бодитой мэдээлэл өгөөгүй, хоёрдугаарт, гурван шатны шүүх хуралдааны үеэр маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоож байсан үйл баримт байгаа эсэх талаар удаа дараа тодруулахад НИТХТ-ээс гаргасан шинэ захиргааны актын талаар шүүхэд мэдэгдээгүй, тайлбар, баримт гаргаж өгөөгүй.

3.15. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Анхан шатны шүүх хурдааны явцад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгч буй "Нийслэлийн засаг даргын өргөн мэдүүлсний дагуу шийдвэрлэсэн", "Нийслэлийн засаг дарга сонсох ажиллагаа хийх ёстой байсан гэх тайлбаруудаас болон тогтоолын төслийн танилцуулга, Powerpoint presentation (2Xх 125 дахь тал), мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь шүүх болон НИТХ гэсэн хоёр эрх бүхий субьектыг хууран мэхэлж, төөрөгдүүлж, худал мэдээллээр хангасан болох нь нотлогдоно. Энэ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т зааснаар хүчингүй болгуулах үндэслэл болно.

3.16. Нөхөн олговоргүйгээр бусдын эзэмшилд байгаа газрыг хураан авсан тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно" гэж иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, уг эрхийг төр гагцхүү хуульд заасан үндэслэлээр, нөхөн олговортойгоор хязгаарлаж болохыг хуульчилсан. Бусад хууль, эрх зүйн акт буюу Газрын тухай хууль, ИТХТ-ийн 126 дугаар тогтоол нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж байх ёстой.

3.17. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлд мөн "Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах 46.1.Засгийн газар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно. 46.2.Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно." гэж Үндсэн хуулийн суурь зарчмыг, төрөөс газрын талаар баримтлах бодлогыг зааж өгсөн.

3.18. Хууль тогтоогч Газрын тухай хуулийн төслийг боловсруулахдаа яагаад уг хуулийн 42, 46 дугаар зүйлүүдийг тусад нь оруулж өгч, зохицуулсан бэ гэдгийг шүүх харгалзаж үзэх ёстой. Хэрэв нэгэнт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулсан бол тухайн газрыг төр шууд нийтийн эдэлбэр, эсхүл тусгай хэрэгцээнд ашиглах буюу хураан авахыг хязгаарлахын тулд, иргэн, хуулийн этгээдийн эрхийн хамгаалалт болгож оруулж ирсэн зохицуулалт юм.

3.19. Захиргааны байгууллагын зүгээс нийслэлийн Засаг дарга ч тэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал ч тэр ямар нэг хэлбэрээр сонсох ажиллагаа хийгээгүй, нөхөн олговор санал болгоогүй, газар эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулалгүй газрыг шууд хураан авч, нийтийн эдэлбэрт тооцож байгаа нь Гомдол гаргагчийн газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг юм.

3.20. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Газрын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно." гэж заасны дагуу, мөн Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу Захиргааны байгууллага нь газар эзэмших эрх нь сэргэсэн гомдол гаргагч "Н" ХХК-тай харилцан тохиролцож, нөхөн олговор олгох, эсхүл өөр газраар сольж өгөх бүрэн боломжтой, хууль зүйн зохицуулалт байгаа.

3.21. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0510 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноор гомдол гаргагч "Н" ХХК нь өөрийн сэргээгдсэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй шинэ нөхцөл байдал үүснэ.

3.22. “Н" ХХК нь маргаан бүхий газрыг 1 тэрбум 825 сая төгрөгөөр худалдаж авсан ба Улсын дээд шүүхийн тогтоолоор манай газар эзэмших эрх сэргэсэн. Гэтэл НИТХ-аас ийнхүү газрыг нийтийн эдэлбэр газарт тооцсоноор гомдол гаргагч нь газар ч үгүй, мөнгө ч үгүй болсон ба 1,825,000,000 төгрөгийн хохирол амсаад байна. Өчнөөн тэрбум төгрөгийн зардал гаргаж авсан газрыг төрийн захиргааны байгууллага ямар нэгэн нөхөн олговоргүйгээр шууд нийтийн эдэлбэрт тооцож, улсын тусгай хэрэгцээнд булаан авч байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь байдлаар   шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2.”Н” ХХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус  холбогдууланНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу "Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж" гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулах, "Н" ХХК нь нэгж талбарын 18642309615029 дүгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Анх нийслэлийн Засаг даргын 2000 оны 433 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 16 дугаар байрны урд талд байршуулан 0,08 га газрыг зочид буудал, үйлчилгээний зориулалтаар Т ХХК-д эзэмшүүлж, 2004 оны 30 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг иргэн Г.Б, 2007 оны 06 дугаар захирамжаар Ц ХХК-д тус тус шилжүүлсэн, мөн даргын 2008 оны 463 дугаар захирамжаар Ц ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2194 м.кв болгон нэмэгдүүлж, 2009 оны 671 дүгээр захирамжаар Н ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газрын хэмжээг 1970 м.кв болгон багасгаж, 2010 оны 204 дүгээр захирамжаар Н ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг дахин 2194 м.кв болгож нэмэгдүүлсэн, 2015 оны А/677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгаж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна.

4. Харин нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжаар “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

5. Улмаар нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж ...маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.7-д “энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл “маргаан бүхий захиргааны акт”-ыг түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч нь Улсын Дээд шүүхийн 209 дүгээр тогтоолд заасан зургаан сарын хугацаанд дахин шинэ акт гаргах үүрэгтэй бөгөөд  энэ хугацаанд шинэ акт гаргаагүй тул “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 дугаар захирамж хүчингүй болсон байна.

7. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор ...нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах хамгаалах зорилгоор “Нийтийн эдэлбэр газар”-ын байршил, хэмжээг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолын хавсралтын 22 дахь хэсэгт Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж 4488.27 га газрыг хамруулсан нь маргаан бүхий газарт хамаарч байна.

8. Улсын Дээд шүүхийн 2020 оны 209 дүгээр тогтоолд “...хариуцагч нийслэлийн Засаг дарга 2000 оноос үүссэн маргаан бүхий газар эзэмших эрхийг “анхнаасаа хууль зөрчиж олгосон” талаар болон 2004, 2007, 2008, 2009, 2010, 2015 онд уг газар эзэмших эрхийг баталгаажуулж гаргасан захирамжуудын “хууль ёсны эсэх”, “хүчин төгөлдөр байдал”-ын талаар маргаагүй тул шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж дүгнэх боломжгүй. ...хариуцагчаас төрийн өмчийн эзэмшил, ашиглалтын асуудлыг шийдвэрлэх эрхийн хүрээнд шийдвэр гаргахдаа “2008 онд анх бусдын эзэмшилд олгогдох үед уг 2194 м.кв газар нь “нийтийн эдэлбэр газар”-т хамаарахаар төлөвлөгдсөн байсан бөгөөд нийтийн эзэмшил газрыг хууль зөрчин бусдын эзэмшилд олгосон эсэх”, бусдын эзэмшил ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэрлэж байгаа эсэх” талаар болон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан “хууль бус захиргааны актыг цуцлах”, эсхүл 49 дүгээр зүйлд заасан “эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах” үндэслэлүүдийн аль нь тухайн тохиолдолд хамаарч байгаа талаар тодруулах шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч уг асуудлыг судласны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй” гэж дүгнэн дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

9. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллага нь Улсын Дээд шүүхийн 2020 оны 209 дүгээр тогтоолд дурдсан дээрх ажиллагаануудыг хийсэн эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулж дүгнэлт хийлгүйгээр “...маргаан бүхий захиргааны акт гарах үед нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 дугаар захирамж хүчин төгөлдөр байсан, нийслэлийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд санал хүргүүлсэн, улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. ...нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж маргаж буй хэдий ч түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон уг захирамж тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан, тухайн байршил бүхий газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглуулахаар тогтоол гарсан тул нэхэмжлэгчид мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэсэн дүгнэлтүүд хийсэн нь буруу болжээ.

10. Нэхэмжлэгчийн гаргасан “...хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад нийслэлийн Засаг дарга нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, нөхцөл байдлыг зориудаар нуун дарагдуулж, шүүхэд бодит мэдээлэл өгөлгүй хууран мэхэлж, маргаан бүхий газрын эрх зүйн байдлыг өөрчилсөн шинэ захиргааны актыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар гаргуулж батлуулсан, ... газар эзэмших эрх сэргэх үү, үгүй юу гэдэг нь тодорхой болоогүй, талуудын хооронд үүссэн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй газрыг нийтийн эдэлбэр газарт авсан нь хууль бус, ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүйгэж заасан гэтэл шүүхэд маргаж байх цаг хугацаанд төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр маргаан бүхий шийдвэрийг гаргасан” гэх давж заалдах гомдлыг шүүхээс шууд үгүйсгэх боломжгүй байна.

11. Учир нь анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй, холбогдох баримтуудыг бүрэн гүйцэт цуглуулаагүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхээс “нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар “...нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох асуудлыг” хэлэлцэхдээ “Н” ХХК-аас тухайн байршилд хамаарч буй газрын асуудлаар шүүхийн шатанд маргаантай байгаа талаар танилцуулж, хэлэлцүүлсэн эсэх, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох” асуудлыг өргөн барихдаа шүүхийн шатанд маргаантай талаар мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлсэн эсэх үйл баримтыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

12. Түүнчлэн нэхэмжлэгч нь “...тухайн маргаан бүхий газрыг 1 тэрбум 825 сая төгрөгөөр худалдаж авсан ба Улсын дээд шүүхийн тогтоолоор манай газар эзэмших эрх сэргэсэн. ...төрийн захиргааны байгууллага ямар нэгэн нөхөн олговоргүйгээр шууд нийтийн эдэлбэрт тооцож, улсын тусгай хэрэгцээнд булаан авч байгаад гомдолтой байна” гэж маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагчийн бүрэн эрхийг дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

13. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.” 42.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.” 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.” гэж тус тус заасан.

14. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Засгийн газраас иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговрын асуудал яригдахаар байх тул хариуцагч захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан эсхүл нөхөн олговор санал болгосон эсэх үйл баримтыг тодруулах нь зүйтэй.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон холбогдох нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг дүгнэх замаар хэргийг шийдвэрлэнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт хийлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ          

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН