Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч А.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан /ҮД:2242/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Мягмарсүрэн овогт Алтанхүүгийн Мягмарсүрэнд  холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080135 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцээд       

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын иргэн, 1990 оны  08 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотын  Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 4-27 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, УД90081459  регистрийн дугаартай,  Боржигон овогт Алтанхүүгийн Мягмарсүрэн нь

2016 оны 03 сарын 20-нд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөөгөн өндөр” нэртэй уулнаас 24 ширхэг буюу 1.48 шоо метр нойтон шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, 40-39 НАА улсын дугаартай портер /Hyundai  porter/ маркийн автомашинаар тээвэрлэж бага бус хэмжээний буюу 768.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мягмарсүрэнгийн өгсөн:

2016 оны 03 сарын 20-нд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөөгөн өндөр” нэртэй уулнаас 24 ширхэг нойтон шинэс модыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ганцаараа бэлтгэж, өөрийн эзэмшлийн 40-39 НАА улсын дугаартай портер маркийн автомашинаар тээвэрлэн явж байгаад цагдаад баригдсан.   Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ганбатын  өгсөн:

Би Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын Налайх дүүрэг хариуцсан байгаль хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Уг хэрэгт Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөөгөн өндөр” нэртэй газраас зөвшөөрөлгүй моднуудыг бэлтгэсэн байх тул байгууллагаа төлөөлөн оролцож байна. Уг хэрэгтээ холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт алга байна гэх мэдүүлэг.  /хх-16 дахь талд/

Эдгээр нотлох баримтуудаас гадна Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дэх талд тал/, хураан авах тогтоол /хх-9/, 40-39 НАА улсын дугаартай портер маркийн  автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх12/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрөө /хх-13/,  гэрч Э.Мөнхзулын мэдүүлэг /хх-18/, гэрч  А.Лхагвасүрэнгийн  мэдүүлэг /хх-20/, Модны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-23/, Мод модон материалын гадаад шинж байдлаас нойтон, хуурайг тогтоох тухай тэмдэглэл /хх-24-25/, эд зүйлийн үнэлгээ /хх-29/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч А.Мягмарсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд учруулсан хохирлоо төлж барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй болсон байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө, 40-39 НАА улсын дугаартай портер /Hyundai  porter/ маркийн автомашин, гэмт хэрэг үйлдэж олсон  24 ширхэг нойтон мод зэргийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасны дагуу заавал хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Мягмарсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Алтанхүүгийн Мягмарсүрэнг зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Алтанхүүгийн Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 6 сарын  хугацаатай хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Мягмарсүрэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар  гэмт хэрэг үйлдэхэд  хэрэглэсэн 40-39 НАА улсын дугаартай портер /Hyundai  porter/ маркийн автомашин, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон 24 ширхэг нойтон мод зэргийг хурааж улсын орлого болгосугай.

6.  Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар 40-39 НАА улсын дугаартай портер /Hyundai  porter/ маркийн автомашины АЯ№00178131 дугаартай гэрчилгээг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1, 61.4-д зааснаар А.Мягмарсүрэнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шүүгдэгч А.Мягмарсүрэнд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ЦЭЛМЭГ