Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 176/2022/0206/Э |
Дугаар | 2022/ШЦТ/215 |
Огноо | 2022-05-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М холбогдох эрүүгийн 2234001470187 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ..... төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ....оршин суух, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай, С.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар нутаг “Цагаан чулуу” гэх газар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, хоолой хэсэгт хайчаар дүрж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар нутаг “Цагаан чулуу” гэх газар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, хоолой хэсэгт хайчаар дүрж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234001470187 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Б.Бын өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би малдаа яваад 16 цагийн орчимд гэртээ ирсэн чинь эхэнр хүүхэд байхгүй байсан. Би галаа түлээд сууж байсан чинь машины дуу гараад тэгтэл гаднаас эхнэр бага зэрэг архи согтууруулах ундаа уусан саахалт айлын Сараатай хамт орж ирсэн. Би тэр хоёрыг хаашаа хаагуур яваад байдаг юм гэсэн. Тэгтэл эхнэр сумын Төв ороод ирлээ гэсэн. Хүүхэд хаана байна гэсэн чинь айлд байгаа гэсэн. Би хүүхдээ танихгүй айлд үлдээгээд гэсэн чинь эхнэр гэрээс гараад явсан. Би хүүхдээ авах гээд мотоциклтой саахалт айл Пүрэвдаваагийнд очоод Дүрэвдаваагийн машинтай эхнэрийг аваад Баяртогтох гэх айлд очоод бараашик, архи согтууруулах ундаа уусан. Тэгэхэд эхнэр согтсон. Би эхнэрийг сугадаж айлаас гараад айлын гадаа эхнэр Мөнхнасан бөөлжсөн. Тэгээд Пүрэвдаваагийн машинд суулгаад бид эхнэр Мөнхнаст, хүүхэд бид нар гэртээ хүргүүлээд гэртээ буусан. Пүрэвдаваа гэрлүүгээ явсан. Эхнэрийг унт гэсэн чинь унтахгүй байсан. Би галд дүлээ хийх гээд зуухны хажууд суусан. Тэгтэл миний эрүүний доод хэсгээс цус гарсан. Би тэгэхээр нь гэрээс гарч гүйгээд саахалт айл болох Пүрэвдаваагийн гэрт очоод эхнэр намайг дүрсэн гэж хэлээд даавуугаар боогоод Пүрэвдаваагийн гэрт байсан Баяртогтох намайг машиндаа суулгаж сумын эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг/хх-14-15 тал/,
Гэрч Э.Баяртогтохын өгсөн: “...орой 18 цаг өнгөрч байхад Пүрэвдаваа түүний эхнэр сарантуяа, Болдбаатар, түүний эхнэр Мөнхнаст нар хүрч ирээд 1 шил 0.75 граммын архи согтууруулах ундааны зүйл болон исгэсэн цагаан зүйл ууж байгаад удалгүй би Болдбаатар, Мөнхнаст хоёрыг гэрт нь хүргэж өгөөд Пүрэвдаваагийн гэрт нь сууж байхад гаднаас Болдбаатар нүүр цус болсон орж ирээд “манай эхнэр хайчаар хатгачихлаа” гэж хэлэхээр нь би сумын эмнэлэгт шууд аваачиж эмч нарт үзүүлсэн.” гэх мэдүүлэг/хх-23-24 тал/,
Гэрч М.Сарантуяагийн өгсөн: “...Баяртогтох ах Болдбаатар, Мөнхнаст хоёрыг гэрт нь хүргээд өгчихлөө гээд манай гэрт байж байхад Болдбаатар манай гэрт цус гоожсон орж ирээд “манай эхнэр намайг ийм болгочихлоо” гэхээр нь Баяртогтох ах сумын эмнэлэг авч явсан.” гэх мэдүүлэг/хх-26-27 тал/,
Гэрч Ж.Пүрэвдаваагийн өгсөн: “...манай эхнэр, Болдбаатар, Мөнхнаст бид нар Баяртогтох ахын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Удалгүй Баяртогтохын хамт гэрээс нь гарч Болдбаатар, Мөнхнаст хоёрыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд манай гэрт Баяртогтох байж байхад Болдбаатар манай гэрт нүүр хувцас хэсэг нь цус болсон орж ирээд юм хэлж чадахгүй байгаад байхаар нь Баяртогтох ах сумын Төвийн эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг/хх-29 тал/,
Яллагдагчаар С.Мын өгсөн:...би 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр нөхөр Болдбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нөхөр Болдбаатарын хоолой тус газарт хайчаар дүрж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай “1.Б.Бын биед эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт/хх-41-42 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч С.М гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч С.М нь малчин, Төв аймаг, Эрдэнэсант суманд ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, одоо 30 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн/хх-20 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 2234001470187 хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 500/таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Мад урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН