Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/00599

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......... тоотод  байрлах, “Ү-А” ХХК /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ байрлах, НШШГГт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, гэрч Б.Бат-Энх, Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Худалдаа хөгжлийн банктай 2011 оны 7 дугаар сарын 25-нд 503.400.000 төгрөгийн, 2013 оны 12 дугаар сарын 12-нд 450.000.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулж, өөрийн компанийн жоншны уурхайд тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгө болгон авч ашигласан билээ. Манай компани дэлхийн зах зээл дээрхи жоншны үнийн уналт, дотоодын санхүүгийн хямралтай байдалтай уялдан 2013 оны 9 дүгээр сараас ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, мөн борлуулалтгүйн улмаас банкнаас авсан зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй гэрээний үүргээ олон сараар зөрчсөний улмаас Худалдаа хөгжлийн банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 3 дугаар сарын 25-ны болон 28-ны өдрүүдийн шүүгчийн захирамжаар нийт 605.000.000 гаруй төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад Иргэний хуулийн 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээчээр барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг “Х-Э” ХХК хийж, хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаа НШШГГт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн байна. Манай компани хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан тухай мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 31-нд хүлээн авсан бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компанийн жоншны уурхайг үнэлэхдээ уурхайн нөөцөд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай. Бид өөрийн уурхайд ашиглалт явуулахын тулд зөвхөн тухайн орд газарт зориулан ашиглах зорилгоор орон нутгаас олгосон газар эзэмших зөвшөөрөлтэй талбайд ажилчдын болон ИТА-ын амрах байр, ажилчдын хоолны газар, саун душ бүхий угаалгын газар, спорт талбай бүхий уурхайн хотхон, хүнд машин механизм болон тоног төхөөрөмжүүдийн граж, тэсэлгээний агуулах, түлшний агуулах, гүний худаг зэрэг бүтээн байгуулалтыг 6 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр бий болгон тохижуулан байгуулсан. Энэ бүх бүтээн байгуулсан зүйлсийг үнэлгээнд огт тусгаагүй байна. Эзэмшиж буй газартаа бий болгосон, газраас салгаж болохгүй хөрөнгүүдийг хамтад нь үнэлэх ёстой гэж үзэж байна.

Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд бариулсан зургаан орон сууцны үнэлгээг зах зээлийн өнөөгийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Манай компанийн эзэмшин ашиглаж буй Худалдаа хөгжлийн банкны барьцаанд бариулсан техник тоног төхөөрөмжүүдийг бүгдийг хамруулаагүй. Өөрөөр хэлбэл банкны зээлээр уурхайд авсан 3 замтай бутлуурыг үнэлгээнд хамруулаагүй. Уг бутлуурыг Худалдаа хөгжлийн банк 225.000.000 төгрөгөөр үнэлэн зээлийн барьцаа хөрөнгөнд бүртгэн авсан болно. Мөн 2011 онд Худалдаа хөгжлийн банкны лизингийн зээлээр худалдан авсан одоо зээлийн барьцаанд буй өөрөө ачигч буулгагчийг үнэлгээнд хамруулаагүй. Иймд “Х-Э” ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэхдээ газраас салгаж үл болох худаг, агуулах, гараж, ажилчдын байр, бутлуурын төхөөрөмж зэргийг үнэлээгүй. Газар дээрх хөрөнгийг барьцаа хөрөнгө биш тул үнэлгээнд хамруулах ёсгүй гэж хариуцагч талаас тайлбарлаж байх боловч тухайн ашигт малтмалын төслийн хүрээнд дээрх хөрөнгө бий болсноос гадна салгавал үнэ цэнээ алдах хөрөнгө. Мөн шинжээч уурхайд очиж үзэлгүйгээр үнэлгээг хийсэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. Өөрөө ачигч 87-88УБ дугаартай самосвал, 18-88УБ дугаартай ачигч ковш зэргийг үнэлээгүй. Мөн шүүхийн шийдвэрт ямар хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заагаагүй тул хуулиар төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзнэ гэж заасан. Гэтэл санал аваагүй, зарим хөрөнгөд ажиллагаа явуулсан. Мөн шинжээч томилсон тогтоолд ашигт малтмалын 1555А тоот тусгай зөвшөөрөлд үнэлгээ хийхээр заасан байхад шинжээч 1455А зөвшөөрөлд үнэлгээ хийсэн. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлж дүгнэлт гаргасан шинжээч Д.Гантулгад  эрх, үүргийг тайлбарлаж баримтжуулаагүй байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2694 дүгээр шийдвэрээр “Ү-А” ХХК-иас 478.287.995 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор, тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2655 дугаар шийдвэрээр 126.026.914 төгрөгийг гаргуулж мөн Худалдаа хөгжлийн банкинд олгохоор тус тус шийдвэрлэжээ.  Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу дараах барьцаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан. Үүнд:

1.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 98 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006187 дугаарт бүртгэлтэй, 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц,

2.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 96 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003962 дугаарт бүртгэлтэй, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц,

3.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 137 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006497 дугаарт бүртгэлтэй, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц,

4.Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 19 дүгээр байрны 47 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014563 дугаарт бүртгэлтэй, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц,

5.Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2, ХД-54 дүгээр байрны 05 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023142 дугаарт бүртгэлтэй, 56.2 м.кв талбайтай бүхийн 2 өрөө орон сууц,

6.Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-107 дугаар байрны 39 тоот, эрхийн улсийн бүртгэлийн Ү-2205026467 дугаарт бүртгэлтэй, 47.5 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц,

7.Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар 40 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1455А тоот тусгай зөвшөөрөл,

8.Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар уурхайд ашиглаж байгаа КТ-315 маркийн өөрөө явагч тэсэлгээний өрөм 1 ширхэг, СVFҮ-13/7 маркийн хийн компрессор 2 ширхэг, 30 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүр 2 ширхэг,

9.Хөрсний краз автомашин 1 ширхэг, 87-88 УНЛ улсын дугаартай Хово маркийн ачааны автомашин 1 ширхэг, 51-76 УБ улсын дугаартай Хьюндай робекс маркийн эксковатор 1 ширхэг, 28-88 УБ улсын дугаартай Хьюндай робекс LC-7А маркийн эксковатор 1 ширхэг.

Битүүмжилж, хураасан дээрх барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нараас үнийн санал өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч, үнийн саналаа ирүүлээгүй талаар төлбөр авагч талд танилцуулахад хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээг тогтоосон. Үүнд: Т.Төмөрсолийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 32-96 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003962 дугаарт бүртгэлтэй 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 185.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 129.500.000 төгрөгөөр,

Т.Төмөрсоль, С.Үенбаатар, Ц.Буянжаргал, Ү.Янжмаа, Ү.Илдбаатар нарын хамтран өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 32-137 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006497 дугаарт бүртгэлтэй 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 185.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 129.500.000 төгрөгөөр,

Т.Төмөрсолийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 19-47 тоот Улсын бүртгэлийн Ү-2205014563 дугаарт бүртгэлтэй 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 132.600.000   төгрөгийн 70 хувиар тооцон 92.820.000 төгрөгөөр,

Д.Ганболдын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол К-107 дугаар байрны 39 тоот, улсын бүртгэлийн Ү-2205026467 дугаарт бүртгэлтэй 47.5 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 118.750.000 төгрөгийн 70 хувиар тооцон 83.125.000 төгрөгөөр,

”Ү-А” ХХК-ийн эзэмшлийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар орших 40 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1455А тоот тусгай зөвшөөрлийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны сагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 1.529.039.000 төгрөгийн 70 хувиар тооцон 1.070.327.300 төгрөгөөр,

”Ү-А” ХХК-ийн эзэмшлийн КТ-315 маркийн өөрөө явагч тэсэлгээний өрөм 8.800.000 төгрөг, СVFҮ-13/7 маркийн хийн компрессор 1 ширхэг нэг бүрийн үнэ 1.937.500 төгрөг, 30 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүр 2 ширхэг, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, хөрсний краз автомашин 1 ширхэг, 87-88 УНЛ улсын дугаартай Хово маркийн ачааны автомашин 1 ширхэг 47.200.000 төгрөг, 51-76 УБ улсын дугаартай Хьюндай робекс маркийн эксковатор 1 ширхэг 77.450.000 төгрөг, 28-88 УБ улсын дугаартай Хьюндай робекс LC-7А маркийн эксковатор 1 ширхэг 44.450.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 10 дугаар сарын 24, 25, 26-нд мэдэгдсэн.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсаргасан хацарт буцлуур, шигшүүр зэргийг барьцаалсан барьцааны гэрээ, фидуцийн гэрээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, авагч талаас баримтаар ирүүлээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй тул ажиллагаа хийгээгүй, үнэлүүлээгүй болно. Хураах, битүүмжлэх ажиллагаа хийсэн барьцаа хөрөнгө төлбөрт хангалттай хүрэлцэхээр байгаа тул өөр хөрөнгөд ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Хоёр шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан ажиллагааг нэгтгээгүй. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нэг тул зэрэг ажиллагаа хийгдсэн. Уурхай дээрх ажилчдын байр, хоолны газар, угаалгын газар, уурхайн хотхон, граж, агуулах, гүний худаг зэрэг нь барьцаа хөрөнгө биш тул үнэлүүлээгүй. Харин шинжээч томилсон тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дугаар 1455А байхыг 1555А гэж техникийн алдаатай бичигдсэн байна. Гэхдээ энэ нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Шинжээчээр манай зүгээс хамтран ажилладаг гэрээт байгууллагыг томилсон. Байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.Гантулгад хууль сануулж, гарын үсэг зуруулсан тул бусад шинжээчээр заавал гарын үсэг зуруулах шаардлагагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул “Ү-А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү-А” ХХК нь тус банктай 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ЗГ-804/11-108 тоот “Зээлийн гэрээ”-г, ЗБГ-804/11-108 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г, БГ-804/11-108/1 тоот, БГ-804/11-108/2 тоот, БГ-804/11-108/3 тоот, БГ-804/11-108/6 тоот, БГ-804/11-108/7 тоот, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг, ЗБГ-804/11-108 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-804/12-56 тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БГ-804/12-809 тоот, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗНГ/855 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 503.400.000 төгрөг зээлсэн. Мөн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/976 тоот “Зээлийн гэрээ”-г, БГ/976 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г, БГ/976-1 тоот, БГ/976-2 тоот, БГ/976-З тоот, БГ/976-4 тоот, БГ/976-5 тоот, БГ/976-6 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗБ/976-2 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗНГ/855 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 450.000.000 төгрөгийг зээлж авсан. “Ү-А” ХХК нь “Зээлийн гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 101/ШШ2016/02655, мөн 2016 оны 3 дугаар 28-ны өдрийн 101/ШШ2016/02694 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Манайх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээгээр барьцаалсан. Өөрөөр хэлбэл газрын доорх баялагийг барьцаалсан тул газар дээрх худаг, граж, агуулах зэргийг үнэлүүлэх ёсгүй. Манай зүгээс фидуцийн гэрээ, барьцааны гэрээг шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй тул ажиллагаа хийгээгүй нь зөв. Одоогийн ажиллагаа хийсэн хөрөнгө шүүхийн шийдвэрийн дагуу манайд олгогдох төлбөрт хангалттай хүрэлцэхээр байгаа. Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгийн хүрээнд ажиллагаа хийх ёстой. Үүнийхээ дагуу ажиллагааг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч талаас барьцааны 6 орон сууцны үнэлгээг бага гэж маргаж байх боловч дээрх тайлбараа нотлосон баримтыг ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Анх шүүхээс 2694 дүгээр шийдвэрийг гаргахдаа барьцаа хөрөнгийг дурдаагүй алдаа гарсан. Гэхдээ энэ талаар манайх шүүхэд гомдол гаргаагүй. Мөн 2694 дүгээр шийдвэрийн дагуух зээлийн барьцааны гэрээг шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй ч манай зүгээс барьцааны зүйл адилхан гэдгийг хэлсэн байсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх хянан хэлэлцэхдээ зөвхөн гомдлын хүрээнд хэлэлцэх тул ажиллагаа нэгтгэгдсэн эсэх, хураах, битүүмжлэх ажиллагаа зөв явагдсан эсэх энэ хэрэгт хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ү-А” ХХК нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр “Ү-А” ХХК-иас 125.633.854 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор, мөн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02694 дүгээр шийдвэрээр “Ү-А” ХХК-иас 477.016.479 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор тус тус шийдвэрлэжээ. Тус газар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлжээ. /1хх 53-57, 113-116/

Дээрх хоёр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг нэгтгэн явуулаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Төлбөр төлөгчид шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар 101/ШШ2016/02655 дугаар шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006497 дугаарт бүртгэлтэй, Т.Төмөрсоль, С.Үенбаатар, Ц.Буянжаргал, Ү.Янжмаа, Ү.Илдбаатар нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 32-137 тоот 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тогтоолоор хураасан байна. Мөн ”Ү-А” ХХК-ийн эзэмшлийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Мануулт нэртэй газар орших 40 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1455А тоот тусгай зөвшөөрөл болон КТ-315 маркийн өөрөө явагч тэсэлгээний өрөм 1 ширхэг, СVFҮ-13/7 маркийн хийн компрессор 2 ширхэг, 30 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүр 2 ширхэг, 87-88 УНЛ улсын дугаартай краз автомашин 1 ширхэг, 51-76 УБ улсын дугаартай Хово маркийн ачааны автомашин 1 ширхэг, 28-88 УБ улсын дугаартай Хьюндай робекс маркийн эксковатор 1 ширхэг, 18-88 УБ улсын дугаартай Хьюндай робекс LC-7А маркийн эксковатор 1 ширхэгийг тус тус 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01, 02 тоот тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн 01, 02 тоот тогтоолоор хураажээ. /1хх 87-105/

           

Мөн тус шүүхийн 101/ШШ2016/02694 дүгээр шийдвэрийн дагуу төлбөр төлөгчид шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006187 дугаарт бүртгэлтэй, Т.Төмөрсоль, Т.Дуламсүрэн нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 98 тоот, 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003962 дугаарт бүртгэлтэй, Т.Төмөрсолийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 32-96 тоот 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014563 дугаарт бүртгэлтэй, Т.Төмөрсолийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 19-47 тоот 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023142 дугаарт бүртгэлтэй, Г.Нямдорж, Т.Төмөрсоль нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2, ХД-54 дүгээр байрны 05 тоот,  56.2 мкв талбай бүхий орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026467 дугаарт бүртгэлтэй, Д.Ганболдын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол К-107 дугаар байрны 39 тоот, 47.5 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор тус тус битүүмжилж,  2016 оны 12 дугаар сарын 14, 15, 2017 оны 01 дүгээр сарын 06, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор хураасан байна. /1хх 129-142/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон өмчлөгчийн хувьд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч үнийн санал өгөөгүй болох нь хэрэгт авагдсан 2017 оны 2 дугаар  сарын 07-ны өдрийн мэдэгдлүүд, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, дээрх мэдэгдлийг хүлээн авсан тухай нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /1хх 92,145-147/

Улмаар үнийн санал ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй үндэслэлээр төлбөр авагч шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор 6 ширхэг орон сууц,  ашигт малтмалын 1455А тоот тусгай зөвшөөрөл, 4 ширхэг тээврийн хэрэгсэл, 5 ширхэг техник тоног төхөөрөмжид үнэлгээ хийлгэхээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-г шинжээчээр томилжээ. /1хх 151-152, 2хх- 40/

Шинжээч ашигт малтмалын 1455А тоот тусгай зөвшөөрөл бүхий жоншны уурхайг 1.529.390.000 төгрөгөөр, нэр бүхий 6 орон сууцыг 874.618.000 төгрөгөөр, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 184.122.500 төгрөгөөр тус тус үнэлжээ. /1хх 153-181/

Нэхэмжлэгч үнэлгээг хийхдээ нэг шинжээчид хууль сануулаагүй гэх боловч шинжээч томилох тухай тогтоолд “шинжээч дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх” тухай дурдсан, түүнчлэн шинжээч дүгнэлтдээ “мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг баримтлан Хөрөнгийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд, хараат бусаар дүгнэлтийг гаргасан” тухайгаа дурдсан байх тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

Мөн төлбөр төлөгч, авагч хэн алин нь 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн фидуцийн гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн барьцааны гэрээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад баримтаар өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд зарим барьцааны хөрөнгөд ажиллагаа хийгээгүй, үнэлгээнд оруулаагүй гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, хариуцагч байгууллагыг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй. /1хх 23-24, 29-30/

Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн хүчин төгөлдөр хоёр шийдвэрийн дагуу ажиллагааг нэгтгэн явуулаагүй хэрнээ 101/ШШ2016/02694 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор шинжээч томилохдоо уг шийдвэрийн дагуу хураах, битүүмжлэх ажиллагаа явагдаагүй хөрөнгийг хамруулан шинжээч томилсон байна.

Өөрөөр хэлбэл эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006497 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын ашиглалтын 1455А тоот тусгай зөвшөөрөл, нэр бүхий 4 ширхэг тээврийн хэрэгсэл, 5 ширхэг техник тоног төхөөрөмжийг 101/ШШ2016/02655 дугаар шийдвэрийн дагуу хураах, битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэсэн хэрнээ хураах, битүүмжлэх ажиллагааг явуулаагүй 101/ШШ2016/02694 дүгээр шийдвэрийн дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгэжээ.

Нөгөөтэйгүүр 101/ШШ2016/02694 дүгээр шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгийн тухай тусгагдаагүй, төлбөр төлөгч, төлбөр авагч талын хэн алин нь барьцааны гэрээг ажиллагааны явцад баримтаар өгөөгүй байхад төлбөр авагч талын тайлбарт тулгуурлан барьцаатай эсэ, барьцаа хөрөнгө юу болох талаар нягтлалгүйгээр хөрөнгөд ажиллагаа явуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн үнэлгээг хийсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн Б.Бат-Энх “тусгай зөвшөөрлийг үнэлэхдээ газар дээрх хөрөнгийг үнэлгээнд оруулаагүй” гэж, Д.Гантулга “уурхайд биечлэн очоогүй,  яаманд өгсөн уулын ашиглалтын тайлан, ТЭЗҮ-д тулгуурлан үнэлгээг хийсэн, төслийн үр ашиг гэдэг үүднээс ТЭЗҮ дотроо газар дээрх бүтээн байгуулалт багтдаг” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргаж байх тул шүүх дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан “тогтоосон үнэ цэнэ үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй.

Мөн зарим хөрөнгөд, тухайлбал эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026467 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-нд битүүмжилж, 5 дугаар сарын 04-нд хураах ажиллагааг явуулсан хэрнээ өмчлөгч Д.Ганболдоос үнийн санал аваагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмчлөгч нараас үнийн санал авсан гэж тайлбарлаж боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Дээрх бүгдийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гуравдагч этгээдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар шүүх гомдлыг хэлэлцэх хүрээ зөвхөн үнэлгээгээр хязгаарлагдана гэж тайлбарлаж байх боловч дээрх маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.3, 159 дүгээр зүйлийн 159.4-т заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарахаас гадна хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон арга журмын дагуу ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй тул ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/02694 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 229 дүгээр тогтоолын дагуу үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2017/15520 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ