Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Түвшинтөгс,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул ,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М холбогдох эрүүгийн 2234000000184 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...... төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...... оршин суух, хувиараа барилгын ажил эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай, Б.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Цээл сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ эхнэр Ц.Уранчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Цээл сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ эхнэр Ц.Уранчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000184 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Ц.Уранчимэгийн өгсөн: “Нөхөр маань 2022 оны 03 дугаар сарын 06-ны өглөө гэртээ байхдаа орноосоо босоод урьд өдөр нь авсан пивоо ганцаараа уугаад суугаад байсан. Тэгээд би хүүхдүүддээ сүүтэй будаа хийж өгсөн. Тэгээд хүүхдүүд хуушуур иднэ гээд байхаар нь би гаунзнаас хуушуур авчраад хүүхдүүдээ болон нөхөртөө өгөөд би гэрээсээ гараад хашаан дотор ойр зуурын хог шороо цэвэрлээд байж байгаад гэртээ эргээд ортол нөхөр маань өөрийнхөө хуушуурыг идчихсэн хүүхдүүдийн хуушуурыг хураагаад авчихсан байсан. Тэгээд би яагаад хуушуураа идээгүй байгаа юм бэ гэхэд хүүхдүүд аав будаагаа идээд дараа нь ид гээд хураагаад авсан гэж байхаар нь би нөхөрөөсөө асуухад манай нөхөр “яасан цамаан юм бэ энэ будааг тэгээд хэн идэх юм бэ” гээд чанга хашгираад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хамаагүй наад будааг чинь идчихнэ гэж хэлтэл манай нөхөр уурлаад цонхоо хага цохиод тогтоотой будаагаа цонхоор гаргаад нохойд шидээд өгчихсөн. Тэгэхээр нь би хүүхдүүдээ аваад жижиг өрөөндөө ороод суучихсан. Тэгтэл тэгтэл манай нөхөр гэрийнхээ эд зүйлийг эвдээд байсан. Тэгээд жижиг өрөөнд орж ирээд наамйг “чи зайлаач гээд байсан” би юу ч хэлээгүй уйлаад суугаад байсан. Тэгээд би хүүхдүүдээ аваад гэрээсээ гараад төрсөн ахындаа аваачиж өгөөд. Би гэртээ харихгүй гадуур сумын Төвөөр Мартын-8 болох гээд үсээ янзлуулаад явж байтал араас утсаар залгаад машин авчирч өг гээд байсан. Тэгээд би Мөнзул гэх найзтайгаа нөхөртөө машиныг нь аваачиж өгөөд Март болох гэж байгаа юм чинь ганц дарс уучих уу гэж нөхөрөөсөө асуухад нөхөр зөвшөөрсөн. Тэгээд би найз Мөнхзултайгаа дарсаа машинд хувааж уучихаад Мөнхзулын гэрт нь байж байтал манай нөхөр намайг ирж авсан. Би гэртээ харих гээд машинд нь суутал намайг манай нөхөр Мөнгөншагай “ямар даварцан шээс бэ” гээд намайг үгийн зөрүүгүй нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гэрлүүгээ бид хоёр ороод гэрт намайг нүүр нүдгүй, гэдэс гүээгүй хөл гараараа цохиж зодсон. Тухайн үед Мөнгөншагай согтуу байсан. Тэгээд би маргааш нь цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг/хх-6-9 тал/,

 

            Гэрч С.Эрдэнэцэцэгийн өгсөн: “манай хүргэн Мөнгөншагай РС тоглоом гар утасны PUBG тоглоом их тоглодог. Пиво их уудаг. Сүүлийн үед охинтой маань таарахгүй хэрүүл маргаан үүсгэж, заримдаа цохиж зоддог талаар сонссон. Би өөрөөс нь сонссон. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зодуулаад манай гэрт охин маань ирж хэд хоног бие нь өвдөж байсан. Тэгээд хүргэн өөрөө ирээд гуйгаад аваад явсан. Хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охиныг маань зодож гэмтээсэн байсан. Охин маань өөрөө хэлсэн нүүр нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг/хх-14 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 173 дугаартай “1.Ц.Уранчимэгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, дээд уруул, баруун гуянд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-17-18 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.М гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.М нь хувиараа газар тариалангийн ажил эрхэлж, Төв аймаг, Цээл суманд ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, одоо 34 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Ц.Уранчимэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж мэдүүлсэн/хх-50 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000000184 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000/найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН