Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0695

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 28 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0695

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тоот тушаалыг хүчингүй болгуулж, Б талбар болох 0.5 га газар ашиглах эрхийг буцаан олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компани нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан Уулын дархан цаазат газрын ******* ******* 2.5 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашигладаг бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчилгүйгээр ашиглаж ирсэн. Бид тухайн газрыг бусдын адил зориулалтын бусаар ашиглаж, орон сууц, хаус бариагүй бөгөөд газрын төлбөрийг тухайн хугацаанд нь төлж Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд байгаль орчны нөхөн сэргээлтэд жил бүр 2 сая төгрөгийг хандив болгон өгөхийн зэрэгцээ жил бүр тайлангаа бичиж гурвалсан гэрээгээр дүгнүүлсээр ирсэн.

Тус компанийн газар ашиглах 836 тоот гэрчилгээний хугацаа нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дууссан бөгөөд уг хугацаа дуусахаас 1 сарын өмнө хуулийн хугацаанд нь багтааж 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглалтын хугацаагаа сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өгсөн.

Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тухайн байгууллага, компанийн ажлыг шалгаж дүгнээд газар ашиглах хугацааг сунгуулах шаардлагыг биелүүлж байвал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн газарт газар ашиглах гэрээг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн албан тоотоо өгдөг. Энэ журмын дагуу манай компани нь ажлаа шалгуулж дүгнүүлээд С ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн албан тоот авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн газарт өгсөн.

Бид энэхүү 2.5 га газар дээрээ 1 ширхэг ресторан, 16 ширхэг гэр, 8 ширхэг дүнзэн байшин, эко эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн газар, дууш, хурлын болон эрдэм шинжилгээний хурлын заал, хамгаалалтын хашаа зэргийг барьсан. Цахилгаан, холбоо сүлжээний техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, архитектор төлөвлөлтийн даалгавар, зураг төслөө УБ хотын Ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан. Байгаль хамгаалах 2018 оны төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөө батлуулж тайлангаа өгсөн. Тус компанийн 2016 онд батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан нь анхны боловсруулсан зураг, төсөлтэйгөө бүрэн нийцэж байгаа болно гэсэн тодорхойлолт гаргуулсан. Барилга хот, байгуулалтын яамны Барилгын хөгжпийн төвөөр зураг төслийн баримтын магадлалын ерөнхий дүгнэлтээ гаргуулсан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын ерөнхий газраар Барилгын зураг төсөлдөө хяналт хийлгүүлж дүгнэлт гаргуулж авсан. Жилд 2 удаа агаар, ус, хөрсний шинжилгээг Цаг уур, орчны шинжилгээний газар байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид өгч хянуулж байгаа. Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээр газар ашиглах эрхтэй холбоотой өргөдлийн дотоод хяналт хийлгүүлж эдгээр дарга, мэргэжилтнүүдийн газар ашиглах гэрээг сунгахыг зөвшөөрсөн зөвшөөрөл бүхий 10 хүний (дарга, мэргэжилтэн нийлсэн) гарын үсэг авч Газар ашиглах гэрээ-г 95%-тай дүгнүүлсэн дүгнэлт зэргийг хавсаргаж өгсөн. Эдгээр баримт бичгүүдээс гадна манай компани нь Ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдсан архитектор төлөвлөлтийн даалгавар, БЗД-ийн газрын албатай тооцоо нийлсэн акт, кадастрын зураг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс С ХХК-ний газрын солбилцлыг мэдээллийн санд бүртгэж авлаа гэсэн тоот мөн тухайн газартаа ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгээр Археологийн хайгуул судалгааны ажил гүйцэтгүүлсэн баримт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан, 2018 оны Байгаль орчин менежментийн төлөвлөгөө зэрэг материалуудыг нэмэлтээр гаргаж өгсөн.

Мөн А болон Б талбартаа 380кВ-ын цахилгааны кабель оруулж суурилуулсан. Мөн А болон Б талбартаа орц гарцын асуудлыг шийдвэрлэж эхний байдлаар хайрган хучилттай зам тавьсан. Б талбартаа барилга эхлүүлэх улаан шугам тавиулж зураг төсөлдөө экспертиз хийлгүүлсэн. Түүнчлэн уг газартаа 300-аад мод бут сөөг, жимсний мод тарьж ургуулсан билээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/******* тоот тушаалаар 2,5 га талбайн Б талбар болох 0,5 га газрыг сунгах боломжгүй гэж үзсэн байна.

Иймд манай С ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/******* тоот тушаалаар манай Б талбар болох 0,5 га газрын ашиглах эрхийг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү тушаалыг хүчингүйд тооцож, Б талбарын 0,5га газрыг манай компанид буцаан олгож газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

... Нэхэмжлэгч нь ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 0.5 га газрыг буцааж сэргээж өгнө үү... гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Энэхүү шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. С ХХК нь 2008 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс буюу ******* ******* 2 хэсэг нийт 2.5 га газрыг ашиглаж ирсэн. Харин Б хэсэг буюу 0.5 га газрыг 11 жилийн хугацаанд огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.-д '...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг зөрчиж байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаал гаргаж тус компанийн 0.5 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон. Энэ тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн менежерийг байлцуулан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийж 0.5 га газрыг хүчингүй болгох болсон талаар танилцуулсан. С ХХК нь шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д ...Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана... гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тус компанид маргаан бүхий тушаалыг өгсөн. Энэ тухай компани нэхэмжлэлдээ дурдсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаал нь зорилгодоо нийцсэн. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн агуулга зорилго, хэмжээнд үндэслэсэн.

Иймд газрын тухай хуулийн хууль тогтоомжийг зөрчсөн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Байгаль орчны сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан Уулын дархан цаазат газрын ******* ******* 2.5 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр С ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, 836 тоот газар ашиглуулах гэрчилгээнд 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зааж өгсөн солбицлоор уг 2.5 га газар нь 1 талбар байсныг 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2.0 га газрыг А талбар, 0.5 га газрыг Б талбар болгон өөрчилсөн байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалаар ашиглах газрын хэмжээг 2.0 га болгон өөрчилж, газар ашиглах 836 тоот гэрчилгээний хугацааг сунгаж, мөн сайдын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/******* дугаар тушаалаар С ХХК-д олгосон 2.5 га газраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй Б талбар болох 0.5 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч энэхүү Б талбарыг ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс ... 2.5 га газраа хэрхэн ашиглаж ирсэн талаараа тайлбар, нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд эдгээр нотлох баримтаас маргаан бүхий Б нэгж талбар буюу 0.5 га газартай холбогдох хэсгийг үнэлж дүгнэв.

Нэхэмжлэгчээс ... энэхүү 2.5 га газар дээрээ 1 ширхэг ресторан, 16 ширхэг гэр, 8 ширхэг дүнзэн байшин, эко эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн газар, дууш, хурлын болон эрдэм шинжилгээний хурлын заал, хамгаалалтын хашаа зэргийг барьсан. Цахилгаан, холбоо сүлжээний техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, архитектор төлөвлөлтийн даалгавар, Байгаль хамгаалах 2018 оны төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөө батлуулж тайлан, Барилга хот, байгуулалтын яамны Барилгын хөгжпийн төвөөр зураг төслийн баримтын магадлалын ерөнхий дүгнэлт, ... Ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдсан архитектор төлөвлөлтийн даалгавар, Байгаль орчин менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ... талаар дурджээ.

Эдгээр баримт нь С ХХК-ийн ашиглалтын 2.5 га газарт холбогдох үйл ажиллагааг нотлох боловч маргаан бүхий 0.5 га газарт эдгээр бичиг баримтын дагуу үйл ажиллагаа явагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 0.5 га газраа 11 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгааныг дээр бичиг баримтуудаар нотлох боломжгүй байна.

Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр С ХХК-ийн ашиглаж буй Б талбарын 0.5 га газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн сангаас шалгахад усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр дуусгавар болгох талаар Сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэлд тусгасан боловч нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр ма усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр маргаагүй болно.

С ХХК-ийн Газар ашиглах эрхийн 836 тоот гэрчилгээнд 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А талбараас салган Б талбар болгон өөрчилснөөс хойш ашиглаж ирсэн маргаан бүхий 0.5 га газарт шүүхээс хийсэн үзлэг хийхэд, уг газрыг хашаалж, барилгын материал хураасан нөхцөл байдалтай байсан.

Мөн Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06б/******* дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагааны хавсралт сансрын зурагт маргаан бүхий Б талбарын 0.5 га газарт үйл ажиллагаа явуулаагүй байгааг харуулжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн
 1 дэх хэсгийн 1-д Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болно:,

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; 40 дүгээр зүйлийн 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан байна.

С ХХК нь ашиглах эрх бүхий Б нэгж талбарын 0.5 га газраа 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 11 жилийн хугацаанд ашиглаагүй гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/******* дугаар тушаалаар С ХХК-д олгосон 2.5 га газраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй Б талбар болох 0.5 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй болжээ.

Иймд С ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Б талбар болох 0.5 га газар ашиглах эрхийг олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өндөр хүчдэлийн шугам барих зорилгоор газрыг 2 нэгж талбар болгон хувааж, өөр аж ахуйн нэгжид газар ашиглуулах болсноос шалтгаалан 0,5 га газраа ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчээс С ХХК-ийн 2,5 га газрыг /836 тоот газар ашиглуулах гэрчилгээнд/ 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2.0 га газрыг А талбар, 0.5 га газрыг Б талбар болгон өөрчилсөнтэй маргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Б талбар болох 0.5 га газар ашиглах эрхийг олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН