Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0742

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0000

              Улаанбаатар хот

М.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах нэхэмжлэл гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: БЗДЗД

Гуравдагч этгээд: Э.А

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжийн Э-ын А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 000590578 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, БЗДЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/825 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/455 тоот захирамжийг тус тус сэргээхээр даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 752 дугаартай шийдвэр;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Гуравдагч этгээд Э.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2023/0284/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б-аас Баянзүрх дүүрийн Засаг даргад холбогдуулан “БЗДЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжийн Э-ын А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 000590578 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, БЗДЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/825 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/455 тоот захирамжийг тус тус сэргээхээр даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 752 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн БЗДЗД д холбогдуулан гаргасан “БЗДЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжийн Э-ын А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 000590578 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, БЗДЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/825 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/455 тоот захирамжийг тус тус сэргээхээр даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш  давж заалдах гомдолдоо:

3.1. М.Ш  миний бие 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр БЗД-ийн газрын албанд хандан тус дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байх 85 б байрны урд талын 331 м.кв газрыг өөрийн эзэмшилд авахаар хүсэлт гаргасан. Миний гаргасан хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэж 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БЗДЗД-ын А/209 дугаартай захирамжаар энэ газрыг надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Би уг газрыг эзэмших эрхээ 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр М.Бд шилжүүлэхээр гэрээ хийн БЗД-ийн газрын албанд хүсэлт гаргахад газрын албанаас энэ газар нь өөр хүнд эзэмшүүлсэн газартай давхцалтай байна гэсэн асуудал яригдаж эхэлсэн ба бидний зүгээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэн, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон бидний хууль ёсны эрхийг сэргээж, хамгаалж өгөөгүйд гомдолтой байна.

3.2. Э.А гэгч нь БЗДЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшдэг гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар Э.А нь энэ газрын хууль ёсны эзэмшигч болох нь бүрэн тогтоогдоогүй. Э.А  нь намайг авилга өгөн маргаан бүхий газрыг өөрийн эзэмшилд авсан гэж Авлигатай тэмцэх газраар шалгуулсан боловч гурван шатны шүүхээр намайг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан. Эмнэлгийн хог хаягдал хаясан жалгыг цэвэрлэн шороогоор дүүргэж янзалсан гэж Э.А ярьж тайлбарладаг ба бидний зүгээс хүсэлт гарган шинжээч томилуулж маргаан бүхий газрын хөрс нь байгалийн унаган төрхөөрөө байна уу, хүний хүч хөдөлмөрөөр шороон дүүргэлт хийсэн байна уу гэдгийг тогтоолгохоор анхан шатны шүүхэд хандсан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Энэ байдлыг сайн мэдэж байгаа н.Т-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг мөн анхан шатны шүүх хүлээн аваагүй. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар хоорондоо давхцалтай нэг газар гэж үзэн шийдвэрлэсэн.

3.3. Гэтэл хэргийн 1-р хавтасны 46-р хуудсанд авагдсан Э.А д эзэмшүүлсэн гэх газрын бэхэлсэн эргэлтийн цэгийн координат, 2-р хавтаст хэргийн 129-р хуудаст авагдсан М.Ш т эзэмшүүлсэн газрын бэхэлсэн эргэлтийн цэгийн координат нь хоорондоо зөрүүтэй байгаа нь маргаан бүхий газар нь хоёр тусдаа өөр газар гэсэн ойлголтыг өгч байна. Нөгөө талаас Э.А д эзэмшүүлсэн гэх газар нь газрын мэдээллийн цахим санд огт бүртгэлгүй байсан. Хэрэв 2015 онд энэ газрыг Э.А д эзэмшүүлсэн бол 2020 он хүртэл энэ газар нь газрын кадастрын нэгдсэн санд бүртгэлгүй байх боломжгүй, намайг газар эзэмших эрх авсны дараа зориудаар зохиомлоор кадастрын зураг хийсэн гэж үзэхээр байна. Дээрх бодит бус баримт фактад үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/825 захирамжаар М.Ш ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож 2020 оны А/209 дүгээр захирамжийн М.Ш , 2020 оны А/455 дугаартай захирамжийн М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган БЗДЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 захирамжийн Э.А д холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 000590578 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, БЗДЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/825 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/455 захирамжийг тус тус сэргээхээр даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд газрын харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангасан байна.

 

  1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, БЗДЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/562 дугаар захирамжаар гуравдагч этгээд Э.А д БЗД-ийн 5-р хороо, Өлгийн 1-2 тоотод 343 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ олгосон /1-р хх-42-54 дэх тал/ байх ба энэхүү захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тодруулбал,

 

    1. Кадастрын мэдээллийн санд Э.А-д эзэмшүүлсэн газрын мэдээлэл устсан үед Э.А н хууль ёсоор эзэмшиж байгаа 343 м.кв газартай давхцуулан БЗДЗД  2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай” А/209 дүгээр захирамжаар М.Ш т 273 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр, үүнээс 4 сарын дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/455 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Б-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байна.

 

    1. Мөн нэхэмжлэгчийн нэр дээрх нэгж талбарын дугаартай 273 м.кв, гуравдагч этгээд Э.А-н нэр дээрх нэгж талбарын дугаартай 343 м.кв газруудад нь 249 м.кв талбайн хэмжээгээр давхцалтай болох нь дээрх газруудыг 2017-2018 онуудын сансрын зурагтай давхцуулан харуулсан кадастрын зураглал, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон бусад баримтуудаар тогтоогджээ.

 

    1. БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1321 дугаартай Цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ДШМ/1096 дугаар Магадлал зэргээс үзвэл иргэн М.Ш т Газрын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй, эрхийн зөрчилтэй болох нь тогтоогдож байна.

 

  1. Иймээс өмнө нь газар эзэмших эрх үүссэн газарт давхцуулан газар эзэмшүүлсэн буруутай шийдвэрээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу залруулж, дээрх эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг баримтлан, газрын маргааныг шийдвэрлэн БЗДЗД 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/825 дугаар захирамжийн 1 дэх заалтаар М.Ш ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 3 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 дүгээр захирамжийн М.Ш т холбогдох хэсэг, мөн оны А/455 дугаар захирамжийн М.Б нарт холбогдох заалтыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих байх” гэж заасантай тус тус нийцсэн байна.

 

  1. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

  1. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

                   ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА