Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 56

 

 

 

     2022 оны 06  дугаар                                Дугаар 2022/ШЦТ/56                                                       Замын-Үүд сум

      сарын 08-ны өдөр  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга Э.Ө  

Улсын яллагч Б.С

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Э.Э холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, ..., халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух хаягтай, одоо ... тоотод оршин сууж байгаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар ... ... ялаар шийтгүүлж байсан, ... овогт Э.Э /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ачаа шилжүүлэн ачих каргоны замын эсрэг талын шороон дээр улсын дугаар, номергүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Норд бенз загварын тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл дор хий авч байсан иргэн Б.Т-г дайрч, ам насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд дээр өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай аавын төрсөн дүүгийнх нь нөхөр М миний утас руу залгаад “ахын дүү гараад ир урдаас орж ирсэн тээврийн хэрэгслүүддээ засвар үйлчилгээ хийнэ” гэж ярихаар нь “за” гэж хэлсэн. Тэгээд 10 цагийн орчимд ээжийн ажиллуулдаг хувцасны дэлгүүр дээр очиход аав, ээж хоёр хамт ирсэн. Удалгүй ээжийн дэлгүүрийн гадна М ах машинтай ирээд аав бид хоёрыг ачааны тээврийн хэрэгсэл байгаа газар буюу каргоны хашаа руу авч явсан. Тухайн газар очиход 4 ширхэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл, мөн барьж явах хоёр жолооч байсан. Тэгээд бид 4 нэг нэг машиныг асаагаад каргоны хашаанаас гаргаж урд талын задгай урд талын задгай талбай дээр авч ирсэн. Бид нарын араас кран ирээд машин дээр ачсан байсан хойд талд нь залгаж явдаг чирүүлүүдийг буулгаж тухай бүр нь холбож техник үйлчилгээ хийж дуусаад машинуудыг хөдөлгөж жаахан зайтай тавьж байрлуулж байсан. Тэгээд сүүлийн хоёр машины чиргүүлийг буулгаж угсраад, үйлчилгээ хийж дуусаад урагшлуулаад 50-60 метрийн зайд явж байхдаа толинд хартал араас А ах даллаад гүйгээд байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод гүйгээд очтол А ах “чи хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд машин зогсож байсан газар очиход чиргүүлийн дугуйны мөрөн дээр хөндлөн доошоо харсан аав хэвтэж байсан. Тэгээд аавыг дээш нь харуултал гэдэс хэсэг нь цуурсан, газар бага хэмжээний цус гарсан байсан. Тэгээд М ах эмнэлэг рүү залгасан боловч дуудаад байхаар нь М ахын машинд аавыг өргөж хийгээд эмнэлэг рүү шууд аваад явсан. Эмнэлэг дээр ирэхэд аавыг эмч нь үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед сүүлийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг буулгаад холболт хийгээд байж байхад аав харагдаагүй, урд талын хоёр машинд юм хийж байна гэж бодсон. Мөн хойд талын чиргүүлийг холбож байхад хажуу талын машинд А, Т ах хоёр бас холболт хийж байсан. Миний зүгээс хойд талын чиргүүлд хийх зүйл байхгүй байсан тул холболт дуусаад машины доогуур хальт харчхаад хөдөлсөн гэжээ. /хх-ийн 102-103/         

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өглөө шинэ машинууд ирсэн гэж М ярьсан. Ээжээс өмд авахаар ярьж ээжийн ажил дээр очсон. Тэнд талийгаач ээжтэй хамт байсан. Тэгээд бид хоёрыг карго руу М аваад явсан. Машинуудын холболтыг  нь янзалж чиргүүлийг нь кранаар буулгаж явахад бэлэн болгож байсан. Шинэ машинууд байсан. Би машинаа хөдөлгөхөөс өмнө машины 2 талаар харсан. Талийгаачийг урд машин юм хийж байна гэж бодсон. Миний асаасан машины ойр хавьд харагдаагүй. Тэгээд машинаа хөдөлгөхөд А араас далласан. Тэгээд зогсоод буугаад ирэхэд ийм юм болсон байсан. Маш их харамсаж байна гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Уг ослын талаар сайн мэдэхгүй байна. Өглөө манай хүү Э над руу залгаад “ээжээ танаас очиж өмд авмаар байна” гэхээр нь “за тэг” гэж хэлээд талийгаач бид хоёр дэлгүүр дээрээ очиж хүүдээ өмд гаргаж өгчхөөд байж байсан чинь манай хамаатан болох М дэлгүүрийн гадаа ирээд хүү Э, талийгаач хоёрыг аваад явсан түүнээс хойш манай талийгаач надтай утсаар холбогдоогүй тэгтэл өдрийн 13 цаг өнгөрч байхад М гэрийн гадаа ирээд “эгчээ муу юм дуулгах болоод байна Т ах нас барсан” гээд намайг тэврээд уйлаад байхаар нь би итгээгүй. Юу болсон талаар асуусан чинь машинд юм хийж байгаад дайруулсан гэхээр нь би сумын эмнэлэгт очсон чинь түргэн тусламжийн өрөөнд оруулан дээгүүр нь даавуугаар бүтээсэн байсан. Талийгаач маань хууч өвчин байхгүй, унаж татдаггүй цоо эрүүл хүн байсан. Талийгаачийн оршуулгын зардал мөнгө манай ах дүү, талийгаачийн ах дүү нар болон найз нөхөд, хамт олны зүгээс гарсан тул хохирлын талаар ямар эг санал хүсэлт байхгүй. Хохирлын талаар ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 16-17, 21/

Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “... ХХК-ны Замын-Үүд дэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2021 оноос одоог хүртэл ажиллаж байна. БНХАУлсаас манай компани ачаа, бараа орж ирэх бүрд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилдог. 2022 оны 02 сард БНХАУлсаас том оврын ачааны тээврийн хэрэгсэл ирэхтэй холбоотой 2022 оны 02 сарын 18-ны өдөр итгэмжилсэн төлөөлөгчөөр томилсон. Тус өдөр манай компани том оврын 4 тээврийн хэрэгсэл Замын-Үүд дэх шалган нэтрүүлэх боомтоор орж ирсэн. 02 сарын 19-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж дуусаад Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг каргоны хашаанд оруулсан. 2022 оны 02 сарын 20-ны өдөр ... тоотод амьдардаг Э.Э-ын гар утас руу залгаад “ахын дүү гараад ир урдаас орж ирсэн тээврийн хэрэгслүүддээ засвар үйлчилгээ хийнэ” гэж ярихад “за” гэж хэлсэн. Тэгээд 08 цагийн орчимд талийгаач ах буюу Т-гийн гэрт очоод “БНХАУлсаас 4 тээврийн хэрэгсэл орж ирсэн засвар үйлчилгээ хийнэ та босоод цай ундаа уугаад байж байгаарай” гэж хэлээд гараад явсан. Би өөрийн ажлаа амжуулж дуусаад Ж.Э-ийн дэлгүүр дээр очиж талийгаач болон Э.Э хоёрыг аваад ачааны тээврийн хэрэгсэл байгаа газар буюу каргоны хашаа руу авч явсан. Тэгээд бид гурвыг ирэхэд машин барьж явах А, Э, краны жолооч байсан. Би тэд нарт машины түлхүүрүүдийг өгсөн. Каргоны хашаан дотор машинуудын чиргүүлүүдийг буулгаж угсрах гэсэн чинь талийгаач “хашаанаас гараад задгай талбай дээр угсрах уу” гэхээр нь “за” гээд машинуудыг каргоны хашаанаас гаргаад задгай талбай дээр зогссон. Би машинуудын хажуу талд машин дотор бичиг баримтуудыг янзлаад сууж байхад араас нь кран гарч ирээд машин дээр ачсан байсан хойд талд нь залгаж явдаг чиргүүлүүдийг буулгаж тухай бүр нь холбож техник үйлчилгээг барьж явах жолооч нар хийж байсан. Эхний хоёр тээврийн хэрэгслийг жаахан зайтай байрлуулж байсан. Талийгаач миний хажуу талд жолооч талын цонхон дээр ирэх үед би “даарч байна уу машинд суух уу” гэж асуухад талийгаач “машинуудыг холбож дууссан каргоны хашаа руу зөөх үү” гэж асуухаар нь “та нар өөрсдөө мэд” гэж хэлсэн. Энэ үед би бичиг баримт янзлаад сууж байсан тул талийгаачийг хаашаа явсан талаар анзаарч хараагүй. Тэгээд намайг сууж байхад тээврийн хэрэгсэл дугараад хөдлөхөөр нь хальт хараа эргээд би бичиг баримтаа янзалж байгаад эргээд хартал хөдөлсөн тээврийн хэрэгслийн хойд талд зам дээр хүн хэвтэж байхаар нь машинаасаа буугаад “наад машинаа зогсоо” гээд хашхираад гүйгээд очтол талийгаач доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь дээшээ харуулаад бид нар миний унаж явсан Альпарт маркийн машинд оруулаад шууд эмнэлэг рүү явахад 12 цаг өнгөрч байсан. Эмнэлэгт оруулж ирээд талийгаачийг эмч үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Манай компани Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар нүүрс тээврийн үйлчилгээ явуулдаг. Тийм учраас БНХАУлсаас том оворын ачааны тээврийн хэрэгсэл оруулж ирдэг. Манай компанийн эд хөрөнгө. Тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй. Талийгаач чиргүүлийн дугуйд дайрагдаж нас барсан. Манай компанийн зүгээс ямар нэг санал хүсэлт байхгүй тул үнэлгээний компаниар шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэжээ. /хх-ийн 24-25/

Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 сарын 20-ны өглөө гэртээ байж байхад М гэх хамаатны болох дүү манай орж ирээд “урдаас ирсэн тээврийн хэрэгслүүддээ засвар үйлчилгээ хийнэ та хувцсаа өмсөөд хамт явах уу” гэхээр нь би “араас чинь цай ундаа уучхаад очно” гэж хэлээд үлдсэн. Тэгээд би 11 цаг өнгөрч байхад осол болсон газар ирсэн чинь манай хэд машинуудаа гарган чиргүүлүүдээ буулгаад угсралтын ажлаа хийж байсан би очоод зах зухаас нь нэмэр болоод наана цаана нь ганц хоёр юм янзлаад байсан чинь хүмүүс чангаар дуугараад орилоод байхаар нь юу болов гээд харсан чинь 8 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл хөдлөөд аажуухан явж байхаар нь машинаа тойроод хартал талийгаач Т газар хэвтэж байсан. Би гүйгээд очсон чинь талийгаач доошоо харсан байдалтай толгой нь зүүн хойшоо харсан хэвтэж байсан. Тэгээд би талийгаачийн хүүг “чи хүн дайрчхаа ш дээ сайн харахгүй яасан юм бэ” гээд орилсон тэгтэл Э гүйгээд ирж байсан тухайн үед бид нар бүгд сандарсан байсан учир түргэн дуудаад цаг алдаад яах вэ гээд өөрсдийн машинаараа зөөвөрлөж эмнэлэг хүргэсэн чинь эмч үзээд “энэ хүн нас барсан бүх амин үзүүлэлтүүд зогссон байна” гэж хэлсэн. Тэгээд би цаг хартал 12 цаг 37 минут болж байсан гэжээ. /хх-ийн 33-34/

2022 оны 02 сарын 25-ны өдрийн 12 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт: 1.Улсын дугааргүй, Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны 11 сард БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орж ирсэн импортлогч нь ... ХХК иргэн Б.Д утас /.../ УБ хот БЗД ... эзэмшлийн тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд техникийн стандартын шаардлага хангасан бүрэн бүтэн байна. 2.Улсын дугааргүй, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг асааж гар тормизны хэвийн ажиллагаа, эд ангийн бүрэн бүтэн байдал, тормозны /систем/-ийн ажиллагааг шалгаж үзэхэд чирэгч толгой, 1-р тавцант чиргүүл, 2-р тавцант чиргүүл, эмээлт чиргүүл холбогчийн тормозны эд анги бүрэн тормозны /систем/ хэвийн бүрэн ажиллагаатай байна. 3.Норд бенз маркийн улсын дугааргүй, ... арлын дугаартай чирэгч толгой, 1-р тавцант чиргүүл, 1,2-р тавцанг холбогч эмээлт чиргүүл, 2-р тавцант чиргүүлүүд эвдрэлгүй байсан тул осол болоход нөлөөлөөгүй. 4.Норд бенз маркийн чирэгч толгой, 1-р тавцан чиргүүл, 2-р тавцан чиргүүл, холбогч эмээлт чирэгчид ослын дараа ямар нэгэн эвдрэл гараагүй. 5.Норд бенз тээврийн хэрэгсэл нь 2021 оны 11 сард үйлдвэрээс гарсан эвдрэл гэмтэл гараагүй шинэ тээврийн хэрэгсэл тул цаашид ашиглах бүрэн боломжтой. 6.Шинээр орж ирсэн тээврийн хэрэгслийг ажлын байранд хүргүүлэх жолооч нарыг хөлслөн авч байгаа нөхцөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны сургалтад хамруулах “ХАБ”-ын инженер зааварчилгаа өгч гарын үсгээр баталгаажуулах асуудлыг ... ХХК нь хийгээгүй байна. 7.Монгол улсын Засгийн газрын 2016 оны 12 сарын 23-ний өдрийн 213 дугаар тогтоолд заасан Авто тээврийн хэрэгслийг үзлэгт оруулах хугацаа, оношилгооны төлбөрийн жишиг батлах тухай 2-р заалтад “Шинэ авто тээврийн хэрэгслийг эхний 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн тооллогод хамруулж байсугай” гэж заасан тул оношилгоонд хамрагдах шаардлагагүй. 8.Жолооч Э.Э нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдөж ажиллаагүй, хохирогч Б.Т нь тавцант чиргүүлүүдийн хийн хоолойнуудыг шалгах, дугуйнуудын хооронд байрлах тоормозны эд ангийн тохиргоог шалгаж байсан бах магадлалтай. /хх-ийн 37-38/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3. “Э” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. /хх-иийн 49-50/

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 54-61/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 14-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Амь хохирогч Б.Т-ийн биед хавсарсан хүнд гэмтэл, цээжний зүүн талд 2-8-р хавирганууд өвчүүний хажуугийн шугамаар хугарч, өвчүү зүүн талдаа бүрэн салсан хугарал, цээжний зүүн талд 1-12 дугаар хавирганууд суганы дунд шугамаар, нугалмын хажуугийн шугамаар хоёрлосон хугарал, багана нуруу 8,9-р нугалмаар салсан хугарал, аарцгийн яс умдаг хэсгээр салсан хугарал, зүүн сүүжний дэлбээний дээд хэсгийн хугарал, зүүн уушгины доод дэлбэн ар хэсгийн урагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, элэгний доод хэсгийн урагдал, их сэмжний урагдал, хоёр цавины арьсны урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.  2.Амь хохирогч Б.Т-ийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл буюу тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу автомашины үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Амь хохирогчид үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Б.Т-ийн цуснаас этилийн спиртийн агууламж илрээгүй. 5.Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтэл, цээжний зүүн талд 2-8-р хавирганууд өвчүүний хажуугийн шугамаар хугарч, өвчүү зүүн талдаа бүрэн салсан хугарал, цээжний зүүн талд 1-12 дугаар хавирганууд суганы дунд шугамаар, нугалмын хажуугийн шугамаар хоёрлосон хугарал, багана нуруу 8,9-р нугалмаар салсан хугарал, аарцгийн яс умдаг хэсгээр салсан хугарал, зүүн сүүжний дэлбээний дээд хэсгийн хугарал, зүүн уушгины доод дэлбэн ар хэсгийн урагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, элэгний доод хэсгийн урагдал, их сэмжний урагдал, хоёр цавины арьсны урагдсан шарх гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас барсан байна. /хх-ийн 64-66/

Техникийн шинжээчийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Жолооч Э.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эрхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх .....-дээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. 2.Жолооч Э.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Жолооч Э.Э Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан байна. 3.Шинжилгээний явцад шинээр өөр зүйл илрээгүй. /хх-ийн 72-73/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04-10/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11-12/

Ашид Билгүүн ХХК-ны автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-83/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2014 оны 08 сарын 30-ны өдрийн ... дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хуулга /хх-ийн 108, 110-116/

Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байсан эсэхийг судалгаа  /хх-ийн 119-144/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  /хх-ийн 153-158/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ачаа шилжүүлэн ачих каргоны замын эсрэг талын шороон дээр улсын дугаар, номергүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Норд бенз загварын тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл дор хий авч байсан иргэн Б.Т-г дайрч, ам насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болох шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ийн “...тэгтэл өдрийн 13 цаг өнгөрч байхад М гэрийн гадаа ирээд “эгчээ муу юм дуулгах болоод байна Т ах нас барсан” гээд намайг тэврээд уйлаад байхаар нь би итгээгүй. Юу болсон талаар асуусан чинь машинд юм хийж байгаад дайруулсан гэхээр нь би сумын эмнэлэгт очсон чинь түргэн тусламжийн өрөөнд оруулан дээгүүр нь даавуугаар бүтээсэн байсан. Талийгаач маань хууч өвчин байхгүй, унаж татдаггүй цоо эрүүл хүн байсан.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.М-ы “...би бичиг баримтаа янзалж байгаад эргээд хартал хөдөлсөн тээврийн хэрэгслийн хойд талд зам дээр хүн хэвтэж байхаар нь машинаасаа буугаад “наад машинаа зогсоо” гээд хашхираад гүйгээд очтол талийгаач доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь дээшээ харуулаад бид нар миний унаж явсан Альпарт маркийн машинд оруулаад шууд эмнэлэг рүү явахад 12 цаг өнгөрч байсан. Эмнэлэгт оруулж ирээд талийгаачийг эмч үзээд “нас барсан байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Р.А-гийн “...би очоод зах зухаас нь нэмэр болоод наана цаана нь ганц хоёр юм янзлаад байсан чинь хүмүүс чангаар дуугараад орилоод байхаар нь юу болов гээд харсан чинь 8 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл хөдлөөд аажуухан явж байхаар нь машинаа тойроод хартал талийгаач Т газар хэвтэж байсан. Би гүйгээд очсон чинь талийгаач доошоо харсан байдалтай толгой нь зүүн хойшоо харсан хэвтэж байсан. Тэгээд би талийгаачийн хүүг “чи хүн дайрчихлаа ш дээ сайн харахгүй яасан юм бэ” гээд орилсон тэгтэл Э гүйгээд ирж байсан тухайн үед бид нар бүгд сандарсан байсан учир түргэн дуудаад цаг алдаад яах вэ гээд өөрсдийн машинаараа зөөвөрлөж эмнэлэг хүргэсэн чинь эмч үзээд “энэ хүн нас барсан бүх амин үзүүлэлтүүд зогссон байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, 2022 оны 02 сарын 25-ны өдрийн ... дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 64-66/, техникийн шинжээчийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эрхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх .....-дээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг шүүгдэгч Э.Э зөрчсөний улмаас Б.Т-ын амь нас хохирсон нь шүүгдэгчийн үйлдлээс шууд хамааралтай, шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутай гэж үзсэн болно. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон уг зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, иргэний нэхэмжлэгч Б.М нар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг харгалзан үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Э.Э-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч,  өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б