Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 57

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                        

Улсын яллагч Б.Б

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ч.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ...боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ...., ... овогт Ч.Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... гэх газарт нутаглах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Б-ийг хүүхдээ эмнэлэгт үзүүлье гэхэд нь “даварсан янхан бэ” гэж хэлээд гараараа толгой руу нь цохих, хоолойноос нь боох, цээж хэсэгт нь хөлөөрөө өвдөглөх зэргээр зодож, цээжний баруун талд 5 дугаар хавирганы бүрэн бус цууралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдрах санаатай л хөдөө мал маллаж амьдардаг хааяа би архи ууж агсан тавьдаг нь үнэн. Гэхдээ архи уусан хүний дэргэд хэн байхыг хүсэх билээ дээ. Би өөрийн хийсэн буруугаа хүлээж байгаа. Би эхнэртээ гар хүрч зодсон үнэн. Би дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ сайн ухамсарлаж байгаа. Одоо би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ зодохгүй. Тэр өдөр сар шинийн бэлтгэл хийх гээд эхнэр бид хоёр хүүхдээ аваад сумын төв орсон юм. Тэгээд эхнэр дэлгүүр хоршоо ороод юм бэлдэж байх хооронд сумын төвд манай найзууд таараад нэг хоёр шил архи уусан. Тэгээд эхнэр бид хоёр оройхон сумын төв орсон болохоор шууд гэртээ харихаар манай эхнэр машинаа бариад явсан. Би архи уусан байсан болохоор замд жаахан ядраад унтсан байсан. Тэгтэл нэг мэдсэн чинь манай эхнэр “хөөе чи босоод гэртээ орж амар” гэхээр нь би гэртээ ороод шууд амарсан тэгтэл нэг сэрээд харсан чинь манай эхнэр хүүхдээ хувцаслан хаашаа ч юм явах гэж байхаар нь би “хаашаа явах нь вэ” гэсэн чинь “чи архи уучхаад ямар ядаргаатай юм бэ” гэхээр нь би архи гараагүй босож ирээд “чи машины түлхүүр өг” гээд эхнэрийгээ түлхээд бас үснээс нь зулгаасан байсан. Тухайн үед би ямар үйлдэл хийснээ сайн санахгүй байна. Маш их архи уусан байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. хийсэн хэргээ би хүлээж байна, миний буруу гэжээ. /хх-ийн 34-36/

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 сарын 18-нд эхнэр, хүүхдүүдийн хамт сум орсон. Тэнд хүүхэд, эхнэр эмнэлэгт үзүүлэх, банкнаас 2 сая төгрөг зээлэх ажилтай очсон юм. Зээл авч чадаагүй, эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлж чадаагүй гээд ирсэн. Би 2 найзтайгаа таараад архи уусан. Тэгээд орой нь эхнэр машинаа бариад, би хүүхдээ аваад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ ороод унтсан. Нэг сэрсэн чинь эхнэр 2 хүүхдээ аваад сум явлаа гээд байж байхаар нь харанхуй шөнө машин муу барьдаг байж явах гэлээ гээд уур хүрээд үснээс нь татаад машины түлхүүр авах гэж булаацалдаад дээрээс нь дарсан. Буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна. Миний буруу гэв.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 сарын 18-ны өдөр миний охин Б-ийн төрсөн өдөр байсан тул өглөө эрт ... сумын төв рүү өөрийн нөхөр Б, Б, Б гэх хүүхдүүдийнхээ хамт явсан. Сумын төв дээр очоод Б нь архи уучихсан. Машины арын суудал дээр унтаад байсан. Өдөр 16 цагийн орчимд хөдөө гэр рүүгээ буцаж иртэл Б гэртээ ороод унтчихсан. Бага хүүхдээ эмнэлэгт үзүүлэх байсан юм. Үзүүлж чадалгүй гэртээ ирсэн. Гэтэл гаднаас Б-ийн ах Б орж ирээд миний өөдөөс “нэг мөсөн хүүхдээ үзүүлчхээд ирэхгүй яасан юм. Бензин тосны гарлага хийлээ” гээд намайг загнасан. Тэр үед Б сэрээд над руу “даварчихсан янхан бэ, машины түлхүүр аваад ир” гээд гүйж ирээд толгой руу цохиод, үснээс зулгаагаад зодож эхэлсэн. Манай 4 настай охин айгаад уйлаад охин руугаа “гар пизда минь” гээд хөөгөөд гаргачихсан. Тэр үед Б ах нь хажууд байсан хэр нь салгахгүй байсан. Намайг зодохоо болихоор нь бага хүүхдээ авчихвал зодохгүй байх гээд бага хүүхдээ автал Б ах руугаа “Б-аа хүүхэд авч бай, энийг зодоодохъё” гэж хэлтэл Б миний өвөр дээр байсан хүүхдийн авчихсан. Тэгээд Б дахиад намайг зодож хоолойноос боож дараад цээж хэсэгт хавирга дээр өвдгөчихсөн. Үүнээс болж миний зүүн талын 2 хавирга, баруун талын 1 хавирга хугарсан. “Би амьсгалж чадахгүй байна болилдоо” гэж гуйтал намайг чирээд гал тогооны шүүгээ рүү чирээд “одоо чамайг ална” гээд байсан. Тэгж байгаад зодохоо болихоор нь би бага хүүхдээ дахиад авчихсан. Тэр шөнө би унтаж чадахгүй халуурч хоносон. Халуураад ёолохоор “юундаа ёолоод жүжиглээд байгаа пизда вэ” гээд байсан. Би тухайн үед Б, түүний ах Б нартай байсан. Мөн утас хураагаад авчихдаг. Надад өгдөггүй. Тэр өдрөөс 7-8 хоногийн дараа нь миний бие өвдөөд болохгүй байхаар нь ... сумын эрүүл мэндийн төв орж үзүүлж, хэвтэн эмчлүүлсэн. Мөн намайг “цагдаа, шүүхэд өгсөн байвал би чамайг заавал алж байж санаа амарна” гэж айлгасан.  Анх 2016 онд намайг жирэмсэн байхад согтуу байх үедээ хөдөө явж байгаад төөрөөд шууд хээр талд орхиод явж байсан. Мөн 2017 оноос 2018 онуудад миний бие рүү халуун ус цацаж түлж байсан. Түлэнхийний улмаас миний бөөр хэсэгт түлэнхийний сорвитой үлдсэн. Мөн миний гуя, хөл хэсэгт маш олон удаа хутга, сэрээгээр хатгаж гэмтээж байсан. Одоо болтол миний хөлд сорвинууд нь байгаа. Энэ бүх явдлууд маш олон болсон болохоор би яг тодорхой цаг хугацааг нь мэдэхгүй байна. 2018 оны хавьцаа согтуу байх үедээ миний хөмсөг хэсгээс хазаж гэмтээсэн. Уг хасанаас болж би хөмсгөндөө 4 оёдол тавиулж байсан. Миний бага хүүхэд гэдсэнд байх үед миний гэдэс рүү өшиглөж, заазуур бариад 2 хүүхдийн хамт хөөгөөд бид 3 айлд хонож байсан удаа байгаа. Уурлах үедээ эрүүл ч бай, согтуу ч бай шууд хутга шөвөг бариад дайрдаг хүн. Б-ээс айж байна. Би одоо эгчийнхээ гэрт байгаа. Хүрээд ирэх байх гэж их айдаг. Намайг хамгаалж, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Миний хувьд Б-д гомдолтой байгаа эмчилгээний зардал гээд гаргаад өгөх баримт байхгүй. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр болсон уг зардлыг нэхэмжлэх болно гэжээ. /хх-ийн 12-14, 39/

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Б, Б нар нь хоорондоо байнга маргалдаж байдаг хүмүүс байгаа юм. Нэг мэдэхэд сална гэж яриад явж байдаг. Тэгсэн хэр нь эргээд хийлсэн гээд явж байдаг. Залуу хүмүүс байж юунаас болж мууддаг талаар би мэдэхгүй. Хавар болж малын ид ажил эхлэх үеэр салаад явчихдаг. Энэ хоёр нэг удаа салах биш нэлээд хэд хоорондоо салж байгаа хүмүүс. Хүү Б хаяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болохоор архи уулаа гэж мууддаг байж магадгүй. Хоорондоо муудаж байх үед нь би хажууд нь байж байгаагүй. Б бол ер нь түргэн зантай, уур нь хурдан гардаг хүн байгаа юм. Б-ийн хувьд уул нь яаран дуугардаггүй хүн шиг байдаг. Б, Б хоёрын дунд өмнө гэр бүлийн хэрүүл маргаан байдаг байсан. Миний нүдэн  дээр Б, Б нар нь бие биеийнхээ биед гар хүрч байгаагүй, харин хадам Э нь надад “Б-ийн танай хүү болох Б нь биед нь гар хүрсэн байна” гэж 1-2 удаа хэлж байсан удаа бий гэжээ. /хх-ийн 112/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Б-ийн биед цээжний баруун талд 5-р хавирганы бүрэн бус цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 22-23/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ... сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-45/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 48-49/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 50-58/ 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66-67, 114, 117/

Эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 2022 оны 05 сарын 09-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 105-106/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын ... гэх газарт нутаглах гэртээ эхнэр Б.Б-ийг зодож, цээжний баруун талд 5-р хавирганы бүрэн бус цууралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн /хх-ийн 12-14/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгчийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 48-49/-д “өндөр”, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 50-58/ зэргээр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн нь нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д  “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах,... бие махбодид халдсан үйлдэл хийсэн байхыг ойлгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ч.Б, хохирогч Б.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 2012 оноос хойш хамт амьдарч, ... хүүхдийг төрүүлж хамт амьдарч байсан нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасанд хамаарах юм. Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1. “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн хуулийн 3.1.1. “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, ..... тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарахаар хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Б.Б нь гомдолтой, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх боловч эмчилгээний зардлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгчийн бусдад хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн урд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учруулж байсан, хохирогчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан 2 сарын хугацаагаар оршин суух газар болох Дорноговь аймгийн ... сумын .... гэх газраас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 2 /хоёр/ сарын хугацаагаар оршин суух газар болох Дорноговь аймгийн ... газраас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б