Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д  холбогдох 2134000000428 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А-ийн Г, Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан аймаг Дархан-Уул суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Старс” клубт дасгалжуулагч ажилтай, ам бүл 7 аав ээж дүү эгч нарын хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо нуурын 7 дугаар гудамж 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч А.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хар хошуу” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан “Делта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 132.5 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, улмаар 63-01 УБН улсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч А.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хар хошуу” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан “Делта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 132.5 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, улмаар 63-01 УБН улсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134000000428 дугаартай хэрэгт авагдсан

Гэрч М.Нарангэрэлтхааны: “ ... Би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай найз Г надад хандаж хамт манай ахынд очиж ажилд туслаад ирье гэж хэлэхэд би зөвшөөрөөд манай хүргэн ах Содбаярын Киа-5 маркийн машиныг түр гуйж аваад хамт 13 цагийн үед Улаанбаатараас Баруунхараа чиглэлд гарсан тэгээд 18 цагийн үед Баруунхараад Очироо гэх ахынд очсон тэгээд тэндээ хоол унд идэж амраад хоноод маргааш өглөө эрт босоод ахын ногооны тариалангийн ажилд тусалж байтал манай найз Г би өнөөдөр 18 цагаас тэмцээнтэй болчихлоо гээд бид 2 Улаанбаатар хот явахаар болоод хөдөлсөн тэгээд замдаа явж байтал       манай машины урд дугуй хагараад дугуйгаа солихоор зогссон. Харин манай найз Г бие засах гээд замын хажуу руу гарсан. Тэгж байгаад намайг  уудсан яваад очиход нэг ургамал руу заагаад энэ нөгөө харуудын хэрэглээд байдаг өвс мөн үү гэж асуусан. Тэгээд би мэдэхгүй байна гэж хариулахад чи амсаад үз дээ гэж хэдэн ширхэг навч өгөхөд зажилаад залгихад маш гашуун муухайн амттай байсан тэгээд би наад чинь бүтэхгүй гэж хэлээд дугуйгаа үргэлжлүүлэн солихоор яваад өгсөн ардаас манай найз машин дээр ирээд буцаад нөгөө ургамал руу яваад өгсөн тэгээд би найзыгаа дугуй солиод дуудсан манай найз цүнхэндээ цэнхэр “Тошлок” гаргаж ирж хийгээд хөдөлсөн тэгээд нилээн явж байхад цагдаа зогсоож тээш шалгаад Ганаагийн цүнхийг шалгахад цэнхэр тошлок дотроос нь ургамал гарч ирсэн тэгээд цагдаа хурааж аваад шалгаж эхэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Анхбаярын..” Би хэдэн төгрөг зээлж авсаныг нь мэднэ. Уг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан хүнийг би харж байгаагүй. Нийт 9.000.000 төгрөгийн зээл авсан. Одоо байгаа үлдэгдэл нь 7.420.310 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.Уг машины үлдэгдэл 7.420.310 төгрөгийн төлбөрийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг/хх-ийн 22 хуудас/,

А.Ган-Эрдэнийн сэжигтнээр мэдүүлсэн: “... Бид 2 Баруунхараагаас 14 цагийн орчимд гараад замдаа явж байхад манай машины урд дугуй хагараад зогссон Нарангэрэлтхаан запаас дугуй байгаа гэж хэлээд солиж байхад нь би замын хажууд гараад бие засаж байтал миний хажууд өндөр өндөр ургамал байсан түүнийг харахад өмнө фейсбүүк дээр харж байсан мөн малгай оймсон дээр байдаг ургамалтай адилхан ургамал ургасан байхыг хараад би 1 навч тасдаж аваад зажиллаж үзэхэд гашуун байсан тэгээд найз Нарангэрэлтхааныг дуудаж энэ ургамалыг идээд үздээ гэхэд Нарангэрэлтхаан бага зэргийг аваад зажлаж идээд энэ бүтэхгүй ээ муухай гашуун юм байна гэж хэлээд үргэлжпүүлэн дугуйгаа солисон харин би машин дотроос өөрийн “оо сойз” хийдэг жижиг тошлокоо аваад хэдэн ширхэгийг түүж аваад хар цүнхэнд хййсэн харин Нарангэрэлтхаан дугуйгаа янзлаад цааш хөдөлтөл цагдаа ирж биднийг сэжиглэж шалгаад бид баригдаж шалгагдах болсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 хуудас/,

Гэрч М.Номин-Эрдэнийн..” Би уг машиныг 2021 оны 06 дугаар сард авч байсан. Тэгээд Прогресскапитал ББСБ-д 9.000.000 төгрөг зээлээд барьцаанд нь тавьсан байгаа. Одоо улсын бүртгэлд Прогрусскапитал ББСБ-гын нэр дээр бүртгэлтэй байгаа. Би хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны үед гэртээ байхад миний төрсөн дүү Нарангэрэлтхаан маань гарчихаад ирье гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулсан. Тэгсэн 1-2 цагийн дараа найз маань ахындаа очоод ирье хамт яваад ирье гээд байхаар нь яах гээд байгаа юм бэ гэхэд за гэж хэлчихээд тэгээд утсаа салгасан. Тэгтэл маргааш нь Төв аймгийн Борнуур сумын цагдаа байна гэж хэлээд Нарангэрэлтхааны эгч мөн үү гэхэл мөн байна гэж хэлтэл танай дүү Борнуур суманд сэтгэцэд нөлөөт ургамал түүж байгаад баригдлаа та ирж уулза гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4408 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Сlarins men” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн уутанд хийсэн ургамал мэт зүйл” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, /хх-ийн 44-45 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4284 дугаартай шинжээчийн..” Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. А.Г МТ01210911 2021.09.18” гэсэн хаягтай шээс, “М.Нарангэрэлтхаан УЦ02292070 2021.09.18” гэсэн шээс зэргээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 хуудас/,

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07/378 дугаартай үнэлгээний тайлан “Прогресс капитал” ББСБ өмчлөлийн 63-01 УБН улсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 14.850.000 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-63 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Г нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч А.Г-д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч А.Г нь “Старс” клубт дасгалжуулагч ажилтай, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо нуурын 7 дугаар гудамж 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 21 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Гэмт хэргийн улмаас бусдад хор уршиг учраагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-01 УБН улсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 14.850.000 төгрөгийг шүүгдэгч А.Гэс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт А-ийн Г-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ийн Г-д хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ийн Г-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ийн Г-г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт А-ийн Г нь шүүхээс тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 63-01 УБН улсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 14.850.000 төгрөгийг шүүгдэгч А.Г-с гаргуулж улсын орлого болгосугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Г-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ