| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0225/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/235 |
| Огноо | 2022-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х. Ц-т холбогдох эрүүгийн 22340002030186 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Бүрэн суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 9, нөхөр ач зээ, дүүгийн хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум Зүүндэлгэр 4 дүгээр баг А14 гудамж 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Х.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг Зуунмод сумын 4 дүгээр багийн 1-10 тоотод П.Болормаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, шилэн аяга шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг Зуунмод сумын 4 дүгээр багийн 1-10 тоотод П.Болормаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, шилэн аяга шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 22340002030186 дугаартай хэрэгт авагдсан
Төв аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийн Г-1021 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 02 тал/,
Хохирогч П.Болормаагийн “Би 2022 оы 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад дэлгүүр яваад гэртээ ороод ирсэн чинь Цэрэндолгор нөхрийн хамт манай гэрт согтуу орж ирээд муудалцаад сууж байхаар нь би гэрт битгий хэрүүл хийгээд бай гэрээс гар гэж хэлсэн чинь Ц за битгий хуц чамд ямар хамаатай юм гэж хэлээд над руу ширээн дээр байсан шилэн аяга аваад шидсэн чинь миний нүүрний зүүн нүдний дээд хэсэгт оноод гэмтээсэн.. ” гэх мэдүүлэг /хх- ийн 08 тал/,
Гэрч Ц.Түмэн-Өлзийгийн “..Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө ажпаасаа буугаад гэртээ өдрийн 12 цагийн үед ирээд эхнэрээ харсан чинь нүд нь аймар болсон байхаар нь Цын гэрт нь яваад очсон чинь Ц гэртээ байхгүй хүү Бүрнээ, Энхээ 2 байхаар нь ээж чинь хаана байгаа юм манай эхнэрийн нүдийг аягаар цохиж аймар болгосон байна гэж хэлсэн чинь Бүрнээ гэх хүү нь та нар битгий хүнд гай болоод байгаарай гээд намайг заамдаад авсан би маргалдаад ярьж байх хооронд хиймэл шүдээ хазаад аман дотор 3 хэсэг болсон байсан. Тэр үед манай эхнэр Болормаа ирээд намайг салгасан. Ц 2022 оны 03 сарын 10-ны өглөө ажил дээрэз байж байхад утсаар залгаад эхнэрийг чинь согтуудаа толгойг нь хагалсан байна уучлаарай гэж хэлсэн.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Гэрч Р.Батсуурийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө гэртээ сэрсэн чинь манай эхнэр байхгүй байхаар нь Болормаагийн гэрт яваад очсон чинь Болормаагийн нүд нь хавдсан, шалбарсан танай эхнэр намайг ийм болгосон гээд тэр 2 сууж байсан. Тэгээд би буцаад гэртээ ирээд хар нүдний шил аваачиж өгөөд би гараад явсан тэр 2 гэрт үлдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 4223 дугаартай “П.Болормаагийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн зовхи, хацарт, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Х.Ц нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Болормаагийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн зовхи, хацарт, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Х.Ц нь тэтгэвэрт, Төв аймаг Зуунмод сум Зүүндэлгэр 4 дүгээр багт ам бүл 9, нөхөр болон ач зээ, дүүгийн хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас хэрэгт авагдсан, одоо 60 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Ц нь Төв аймаг Зуунмод сум Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч П.Болормаа нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол эмчилгээний зардалд 333230 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Х.Ц-оос 333230 төгрөгийг гаргуулж хохирогч П.Болормаад олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2234002030186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Х Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Х.Ц-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн 2234002030186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-оос 333230 төгрөгийг гаргуулж хохирогч П.Болормаад олгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ