Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-д холбогдох 2234000000193 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн

М. Ц, Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймаг Баянцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, Төв аймаг Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал 2-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

 

Шүүгдэгч М.Ц нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн шинэ хороолол 2-4 тоотод оршин суух гэртээ 2022 оны 03 дугаар сарын 26-ны шөнө согтууруула ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.Болортуяаг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алимны дотор салст, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч М.Ц нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн шинэ хороолол 2-4 тоотод оршин суух гэртээ 2022 оны 03 дугаар сарын 26-ны шөнө согтууруула ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Болортуяаг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алимны дотор салст, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2234000000193 дугаартай хэрэгт авагдсан

 

          Хохирогч М.Болортуяагийн “Би 2022 оны 03 дугаар сарын 26-нд гэртээ унтаж байхад шөнө манай нөхөр Ц согтуу ирсэн. Тэгээд тухайн үед цаг 23 цаг 40 минут болж байсан байх тэгээд би босоод цай болон хоол хийж өгөөд эргээд унтах гэж байхад манай нөхөр надаас хэрүүл өдөөд хашааны гадаа машин ирсэн байна юун машин юм гэж асуухаар нь би манай дүү Эрдэнэбаатар ирсэн гэж хэлэхэд манай нөхөр намайг битгий худлаа яриад бай чи муу янхан гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү ирсэн хүн ирээгүй гэж хэлэхэд намайг хардаад миний баруун нүд рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би болиоч гэж хэлээд одоо унтаж амар гэж хэлээд унтуулсан миний баруун нүд хавдаж хөхөрсөн. Тэгээд би маргааш ажилтай тул шил зүүгээд явсан. Манай ээж мэдээд цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж хэлсэн.  ... Манай нөхөр гараараа миний баруун нүд рүү хоёр удаа цохисон өөр зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 тал/

          Гэрч Д.Баяраагийн “Манай охин Болортуяаг 2022 оны 03 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед байх нөхөр Ц нь хөдөөнөөс ирээд зодсон байсан. Зодохдоо нүүр лүү нь гараараа цохисон гэсэн. Нүүр нь хөхөрч хавдсан байсан. Манай охин Болортуяа нь эмнэлэгт сувилагч хийдэг юм. Өмнө нь манай хүргэн бас зодож байсан. Тухайн үед нь хуулийн байгууллагад хандаж байгаагүй. 03 дугаар сарын 26-нд Ц нь эхнэр Болортуяаг зодсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үйл явдал болох үед гэрт нь хүн байхгүй байсан дөрвөн хүүхэд нь байсан гэсэн. Манай охины нүүр нь хэсэг хөхөрч хавдсан, нүд нь улайж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 тал/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №49 дугаартай шинжээчийн “М.Болортуяагийн биед баруун нүдний алимны дотор салст, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухай хэрэг учрал болон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүхэмнэлгийн гэмтлийн зэрэгтогоохжурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/,

          яаралтай тусламжийн хуудас/хх-17 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-20-21 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Ц нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Болортуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 5 сарын 16-ны өдөр 106 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-56 тал/ 2022 оны 5 сарын 20-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч М.Ц-д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч М.Ц нь малчин, Төв аймаг Баянхангай сум 1 дүгээр баг Найрамдал 2-4 тоотод оршин суудаг, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 37 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч М.Болортуяа нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт хохирлын баримт авагдаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн/хх5-6 тал/ байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000000193 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ийг 300/гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 300/гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

                                               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ц-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ