Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

 2022          5              19                               2022/ШЦТ/187

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Ц.Л,

хохирогч С.М,

шүүгдэгч П.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн 2225001690138 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, П.Э

Шүүгдэгч П.Э согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 23-06 тоотод С.М-ын нүүрэн тус газарт заазуураар зүсэж гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

хохирогч С.М мэдүүлэхдээ “...тухайн өдөр Хэнмэдэхийнд очсон, сар шинийн өдөр байсан юм. Отгонбаяр эгч дээрээ очиж золгоод хоёр шил архитай ирсэн байсан. Бид нар нэг шил архиа уугаад үлдсэн нэг шил архиа арай бараагүй байхад Эрдэнэсүрэн хаалганы цоож эвдээд ороод ирсэн. Би морь уяж олон түрүү авч байсан талаараа ярихад “яасан баян п***а вэ” гээд намайг хутгаар зүссэн, өөрөө намайг эмнэлэг авч явсан бөгөөд би 12 оёдол тавиулсан, өвчин намдаах эм ууж байсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч С.М-ын “...2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Цагаанчулуут багийн 33-2а тоотод Хэнмэдэхийн гэрт ирж, Хэнмэдэх түүний эхнэр Отгонбаяр бид гурав хоол хийж идээд “Монгол стандарт” нэртэй 0.75л, 0.33л хэмжээтэй архи хоёр шилийг хувааж уугаад сууж байсан юм. Гаднаас үүдний хаалганы түгжээг эвдээд мухар шар гэх залуу орж ирээд хамт бид гурвын ууж байсан 0.33л архинаас уугаад, би морь уралдуулж, айраг түрүү авч байсан талаараа ярьж байтал мухар шар гэнэт “чи яасан баян п***а вэ” гэж хэлээд хаанаас ч юм заазуур гаргаж ирээд миний нүүр лүү цохисон, маш их цус гараад тогтохгүй байсан чинь мухар шар “алив гараад ир, эмнэлэг явъя” гээд хамт эмнэлэг дээр очоод, намайг үзүүлж байх хооронд буцаад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Т.О-н “...цагаан сарын шинийн нэгний өдөр би эгчийндээ очоод золгоод буцаад ирэх замдаа хоёр шил архи аваад ирсэн, тэгээд “баяр болж байна” гээд ширээ засчихсан, Хэнмэдэх, би, Мөнхбаяр ах бид гурав миний авч ирсэн шилтэй архийг хувааж уугаад сууж байхад шөнө 00 цаг нэлээн өнгөрсөн байхад мухар шар гаднаас согтуу ороод ирсэн, Мөнхбаяр ахтай хурдан морины талаар яриад байх шиг байсан. ...Нэг сэрээд босоод ирсэн чинь Хэнмэдэх босчихсон шалан дээр цус болсон арчиж байхаар нь “юун цус арчаад байгаа юм, юу болсон юм бэ гэхэд “харин сая мухар шар Мөнхбаяр ахыг зүсчихлээ, тэр хоёр эмнэлэг явсан” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

гэрч Б.Х-н “...шинийн нэгний өдөр эхнэр Отгонбаяр “эгчийндээ золгочихоод ирье” гээд явсан, ирэхдээ хоёр шил архи авч ирсэн, “баяр болж байгаа” гээд эхнэр ширээ засаад, Отгонбаяр, би, Мөнхбаяр бид гурав эхнэрийн авч ирсэн архийг уугаад шөнө 00 цаг нэлээн өнгөрчихсөн байхад мухар шар гаднаас нэлээн согтуу орж ирсэн, Мөнхбаяр хурдан морины талаар яриад, мухар шар “чи яасан баян п***а вэ” гээд муудалцаад байх шиг байсан, ...би нэг сэрээд босоод ирсэн чинь Мөнхбаярын нүүрнээс цус гарчихсан байхаар нь “юу болсон, яасан” гэсэн чинь “мухар п***а заазуураар зүсчихлээ” гээд нэл цус болсон байхаар нь би босож шалан дээрх цусыг арчаад байж байхад мухар шар тэр хоёр цуг гараад явсан, хаашаа явсныг мэдээгүй, маргааш нь Мөнхбаяр “эмнэлэг орж оёдол тавиулсан” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаартай; “...С.Мын биед зүүн шанаа, зүүн чихний дэлбээний дээд хэсгийг хамарсан шарх гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй байна. Зүүн шанаа, зүүн чихний дэлбээний дээд хэсгийг хамарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

П.Э-н “...би 2022 оны 2 дугаар сарын 03-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найз Хэнмэдэхийн гэр рүү ороход Хэнмэдэх, Отгонбаяр болон Мөнхбаяр нар архи уугаад сууж байсан. Тэр гурвын ууж байсан архи нь дуусчихаар нь би Хэнмэдэхтэй хамт “Төгөл” худалдааны төвийн гадаа шагийн архи зардаг хүнээс архи авчихаад буцаад Хэнмэдэхийн гэрт ирээд бид дөрөв архиа хувааж уугаад сууж байхад Мөнхбаяр “би алдарт уяач” гээд байхаар нь “чиний морь уядаг гэж юу байсан юм” гээд бид хоёр маргалдаад гэрээс гарсан. Гарахдаа би ширээн дээр байсан хутгыг аваад айлгах санаатай далайтал Мөнхбаяр над руу дөхөж ирэхдээ зүсэгдчихсэн. Тэгээд нүүрнийх нь шанаанаас цус гарахаар нь би дагуулаад түргэн тусламж руу такси бариад очсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт нүүрэндээ зүсүүлж гэмтсэн хүн ирлээ.” гэх мэдээллийг 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 05.39 цагт Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 6 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 33-2а тоот хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 7-9 дэх тал/,

П.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 33, 37, 37 дахь тал/,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 онд 11 дүгээр сарын 16-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд хохирогч С.Маас гаргаж өгсөн амбулаториар эмчлүүлэгсдийн карт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн П.Э-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч П.Э-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч П.Э согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 23-06 тоотод С.Мын нүүрэн тус газарт заазуураар зүсэж гэмтээн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч С.М-ын “...Хэнмэдэх түүний эхнэр Отгонбаяр бид гурав хоол хийж идээд “Монгол стандарт” нэртэй 0.75л, 0.33л хэмжээтэй архи хоёр шилийг хувааж уугаад сууж байсан юм. Гаднаас үүдний хаалганы түгжээг эвдээд мухар шар гэх залуу орж ирээд ...“чи яасан баян п***а вэ” гэж хэлээд хаанаас ч юм заазуур гаргаж ирээд миний нүүр лүү цохисон.” гэх,

гэрч Т.О-н “...Хэнмэдэх, би, Мөнхбаяр ах бид гурав миний авч ирсэн шилтэй архийг хувааж уугаад сууж байхад шөнө 00 цаг нэлээн өнгөрсөн байхад мухар шар гаднаас согтуу ороод ирсэн, Мөнхбаяр ахтай хурдан морины талаар яриад байх шиг байсан. ...Нэг сэрээд босоод ирсэн чинь Хэнмэдэх босчихсон шалан дээр цус болсон арчиж байхаар нь “юун цус арчаад байгаа юм, юу болсон юм бэ гэхэд “харин сая мухар шар Мөнхбаяр ахыг зүсчихлээ, тэр хоёр эмнэлэг явсан” гэж байсан.” гэх,

гэрч Б.Х-н “...мухар шар гаднаас нэлээн согтуу орж ирсэн, Мөнхбаяр хурдан морины талаар яриад, мухар шар “чи яасан баян п***а вэ” гээд муудалцаад байх шиг байсан, ...би нэг сэрээд босоод ирсэн чинь Мөнхбаярын нүүрнээс цус гарчихсан байхаар нь “юу болсон, яасан” гэсэн чинь “мухар п***а заазуураар зүсчихлээ” гээд нэл цус болсон байхаар нь би босож шалан дээрх цусыг арчаад байж байхад мухар шар тэр хоёр цуг гараад явсан.” гэх,

П.Э-н “...Хэнмэдэхийн гэрт ирээд бид дөрөв архиа хувааж уугаад сууж байхад Мөнхбаяр “би алдарт уяач” гээд байхаар нь “чиний морь уядаг гэж юу байсан юм” гээд бид хоёр маргалдаад гэрээс гарсан. Гарахдаа би ширээн дээр байсан хутгыг аваад айлгах санаатай далайтал Мөнхбаяр над руу дөхөж ирэхдээ зүсэгдчихсэн. Тэгээд нүүрнийх нь шанаанаас цус гарахаар нь би дагуулаад түргэн тусламж руу такси бариад очсон.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаартай; “...С.М-ын биед зүүн шанаа, зүүн чихний дэлбээний дээд хэсгийг хамарсан шарх гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт нүүрэндээ зүсүүлж гэмтсэн хүн ирлээ.” гэх мэдээллийг 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 05.39 цагт Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 33-2а тоот хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч П.Эшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд, шүүгдэгч П.Эрдэнэсүрэнгийн хохирогч С.М-ын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэн тус газарт заазуураар зүсэж гэмтээсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. 

Шүүгдэгч П.Э-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч П.Эрдэнэсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Э-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас “...шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлт гаргаж,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учирсан хохирлыг төлнө.” гэсэн болно.

          Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.М-ын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зүүн шанаа, зүүн чихний дэлбээний дээд хэсгийг хамарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хор уршгийн шинж чанар, ахуй амьдралын хувьд ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр нь ажилгүй зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг тус тус баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

Шүүх хуралдаан эхлэхэд хохирогч амбулаториар эмчлүүлэгсдийн картыг гаргаж, “...надад 350.000 төгрөг өгсөн, би П.Эрдэнэсүрэнд зүсүүлсний улмаас нүүрний зүүн тал саажилттай болсон, намайг Орхон аймагт эмчилж чадахгүй гэсэн тул Улаанбаатар хотод мэс засал эмчилгээ хийлгэх тул эмчилгээний зардлаа гаргуулан аваад эмчилгээндээ явмаар байна.” гэсэн болно.

          Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч С.Мын биед зүүн шанаа, зүүн чихний дэлбээний дээд хэсгийг хамарсан шарх бүхий гэмтэл учирсан болох нь хавтаст хэргийн 22-23 дахь талд авагдсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч С.М-т шүүгдэгч нь 350.000 төгрөг төлж барагдуулсан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд “Улаанбаатар хотод мэс засал, эмчилгээ хийлгэхэд зарцуулагдах мөнгийг гаргуулна” гээд шинээр гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдийн картыг шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судлахад хохирогч нь мэс засал эмчилгээг хаана, ямар эмнэлэгт хийлгэх гэж байгаа болон үнэ өртөг нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан зардал буюу эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг хохирогч С.Мт нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.

Хохирогч С.М шүүх хуралдааны үед “тухайн үед өвчин намдаах эм уусан” гэж мэдүүлсэн бөгөөд эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн, хэрэглэсэн эм, тарианы талаар баримт ирүүлээгүй тул өнөөдрийн байдлаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-г 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Шүүгдэгч П.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан зардал буюу эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ