Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0710

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ю.Баасанжаргал

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 109/ШШ2023/0022 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Ю.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 109/2021/0054/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан “2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 109/ШШ2023/0022 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдох, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгуулах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 109/ШШ2023/0022 дугаартай шүүхийн шийдвэрийг 2023 оны 10 сарын 03-ны өдөр гардан авч, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч талаас 2021 оны 09 сарын 08-ны өдөр 2021 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай” албан бичиг, төлөвлөгөөний хамт манай байгууллагад ирүүлснийг хүлээн авч, хянаж, хуулийн хугацаанд буюу 2021 оны 09 сарын 14-ний өдрийн албан бичгийг Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байх зарчмын хүрээнд хариу татгалзлыг хүргүүлсэн. Үүнд:

3.2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 05 сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Шаргачны гол” орчмын 32800 га газрын байгалийн нөөц орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээ, хилийн заагийг тогтоож 04 тоот тогтоол гаргасан бөгөөд тухайн тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд 2021 оны 05 сарын 24-ний өдөр бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр акт юм. Уг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай нэхэмжлэгчийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул ХВ-005359 тоот тусгай зөвшөөрлийн талбай давхацдаг болох нь Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2022 оны 05 сарын 22-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтаар тогтоогддог.

3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэг “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ... ашигт малтмал хайх, олборлох ... аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сумын Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгч төрийн төлөөлөгч атал хууль тогтоомж зөрчиж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах эрх олгогдоогүй.

3.4. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д зааснаар “Цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх үйл ажиллагааг экологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр” заасан гэтэл нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа гэх цацраг идэвхт ашигт малтмалын ХВ-005359 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... 15.2.1-д заасан үйл ажиллагаа эзэмших тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-с доошгүй сарын өмнө  түүний хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргах”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор”, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дараах тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-т “ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023.08.23 өдрийн 1/4079 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар “... “Н” ХХК-ийн эзэмшлийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ХВ-005359 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 06 сарын 28-ны өдөр дуусгавар болсныг Геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэсэн бөгөөд тус компаниас 2021, 2022, 2023 онуудад хүсэлт, өргөдөл, гомдол гаргаж байгаагүй учраас 2020 оны 04 сарын 28-ний өдрийн шийдвэрээр хугацааг сунгахаас татгалзаж дуусгавар болгож шийдвэрлэсэн болох тогтоогдож байна. /3х, 13-16/. Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгохдоо ямар нэгэн эрхийн акт гаргалгүй, кадастрын нэгдсэн системд дуусгавар болсноор бүртгэгдсэнээр баталгаажна, өнөөдрийн байдлаар дээрх ХВ-005359 дугаартай тусгай зөвшөөрөл төрийн мэдэлд байна гэж ойлгож байна. Мөн одоогийн байдлаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн, сунгасан талаарх эрх бүхий этгээдийн ямар ч шийдвэр ч гараагүй. 2021, 2022, 2023 онуудад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад огт ирүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй.

3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал, Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зохицуулалтууд нь зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон хуулийн этгээдтэй ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй.

3.6. Хариуцагч миний бие Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.5-д заасан үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч танилцан, хуульд нийцсэн эсэх талаар хянаж, хуульд заасан хугацаанд хариуг хүргүүлсэн. Харин нэхэмжлэгч байгууллага нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй шууд батлуулахаа ирүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг заасан хуулийн зохицуулалт нь хариуцагч нь хариуцагч талыг нэхэмжлэгчээс ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг заавал батлахыг үүрэг болгосон зохицуулалт гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол үндэслэл нь 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зорилготой батлуулах гэдгээ анхан шатны шүүх хуралд тайлбарласан бөгөөд энэ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, нөхөн сэргээх, хамгаалах, зүй зохистой ашиглах үндсэн зорилго, ач холбогдлыг хэрэгжүүлэхгүй болох нь тодорхой байна.

3.7. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 нь Төрийн захиргааны төв байгууллагаас өөрийн норм, стандартыг батлах эрх олгосон заалт байхад сумын Засаг дарга батлах үүрэгтэй мэтээр тайлбарлаж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

3.8. Хариуцагчаас гаргасан 2021 оны 09 сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот захиргааны акт нь Монгол Улсын хууль, дүрэм, журам, эрх зүйн хэм хэмжээний зөрчилгүй акт юм.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 109/ШШ2023/0022 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан “2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Н” ХХК-д Архангай аймгийн Жаргалант, Тариат сумын “Асар уул” нэртэй газарт орших 15,687 гектар талбай,  Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын “Далтын овоо” нэртэй газарт орших 27,709 гектар талбайд тус тус цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газраас олгож, эрх бүхий байгууллагаас 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тус тус сунгасан байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас дээрх 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг даргад тус тус албан бичиг хүргүүлсэн боловч бүгд “... тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” үндэслэлээр татгалзсан хариу өгчээ.

3.2. Улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдуулан “Н” ХХК-ийн 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг дээрх Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.3. Дараа нь “Н” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н” ХХК-ийн XV-005355, XV-005359 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр “... тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгах өргөдөлдөө хавсарган ирүүлээгүй болох нь тогтоогдсон ... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлэн хуульд заасан баримтуудыг нөхөн бүрдүүлж өгөх боломжит хугацааг олгосон хэдий ч нэхэмжлэгчээс түүнийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 299 дүгээр тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэр хэвээр үлдсэн байна.

3.4. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дүгээр тогтоолоор Өндөр-Улаан сумын Шаргачны гол орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд уг тусгай хамгаалалтад авсан газарт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай давхцалтай болох нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 21/10 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандахад тус сумын Засаг даргаас одоо маргаж байгаа 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3/465 дугаар албан бичгээр дээрх 04 дүгээр тогтоолыг үндэслэж татгалзсан хариу өгсөн байна.

Улмаар нэхэмжлэгч “Н” ХХК-аас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 615 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдож байна.  

3.5. Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шат шатны шүүхийн шийдвэрүүд болон хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах гомдолд дурдсан тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгч “Н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, сумын Засаг даргад хүргүүлэхээр заасан шаардлагыг хангаагүйгээс гадна тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, уг тусгай хамгаалалтад авсан захиргааны акттай маргаж, шүүхээс уг актыг хууль бус гэж шийдвэрлээгүй, мөн түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрийг хууль бус гэж дүгнэж шүүхээс хүчингүй болгоогүй нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Мөн уг талбайд хийгдэх байсан өмнөх онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйг хууль бус гэж шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй байна.

3.6. Нэгэнт уг талбай нь тусгай хамгаалалтад авагдсан, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 8/1427 дугаар албан бичиг, мөн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/4079 дүгээр албан бичгүүдээр мэдэгдсэн байхад анхан шатны шүүхээс “... төрийн захиргааны байгууллага нь “Н” ХХК-ийн 5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болон дуусгавар болгоогүй байна” гэж хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлт хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон нөхцөлд хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан үүрэг үүсэхгүй бөгөөд хариуцагч Өндөр-Улаан сумын Засаг дарга хуулийн шаардлага хангаагүй байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 109/ШШ2023/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ