Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ;

улсын яллагч С.Энхмаа,

хохирогч Г.Хишигбуян,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо,

шүүгдэгч Г.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ганбаатарын Даваажавт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080228 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.  

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотын  Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Дулааны 3 дугаар Цахилгаан Станцад бойлуурын машинист ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхэд, эцэг, эхийн  хамт  Налайх дүүргийн 07 дугаар хороо, Бадралын 06 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганбаатарын Даваажав. /РД:УД92090715/

Хоёр. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ганбаатарын Даваажав нь 2016 оны 05 дугаар сарын 17-нд Налайх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн урд талд хохирогч Г.Хишигбуянгийн эрүүн тус газар нь  хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа нэг удаа цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судалсаны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Даваажав мэдүүлэхдээ:

“2016 оны 05 дугаар сарын 16-нд манайд дүү Болдхүү ирсэн ба би тэр өдрийн 20 цагаас ээлжийн ажилтай байсан учир хот руу ажилдаа явсан. Болдхүү нь Цэрэндэмбэ ахынд очиж хамт ПС тоглоно гэж хэлээд үлдсэн. Орой 19 цагийн орчимд Цэрэндэмбэ  над руу хамт ПС тоглоё гэж залгахаар нь  дүү хамт байгаа юу гэхэд Хишигбуян бид гурав байна гэсэн. Би ажилтай очиж чадахгүй,  дүүг битгий дагуулж яваарай гэж хэлээд  шөнө ажил дээр байхад Болдхүү нар руу залгаад “Цэрэндэмбэ ах орцонд архи уугаад унтаад өглөө” гэж  ярьсан ба дүү гэрт хариагүй хамт хоносон байсан. Би маргааш нь ажилтай байгаад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд Болдхүү  шуудангийн машинаар яваагүй байхаар нь учрыг асуухад Хэнтий аймаг явах зардлын 20.000 төгрөгийг Цэрэндэмбэ, Хишигбуян нар зээлж архи авч уусан учир шуудангийн машинд суугаагүй гэхээр нь би Цэрэндэмбэ рүү залгахад  Хишигбуян утсыг нь авсан. Тэгээд Цэрэндэмбэтэй уулзаад маргалдаж байхад Шижээхүү, Хишигбуян хоёр дэлгүүрээс гарч ирэхээр нь би зүүн гараараа Хишигбуянгийн баруун шанаанд нэг удаа цохисон, тэгээд би Болдхүүг дагуулж гэртээ харьсан ба 24 цагийн үед Цэрэндэмбэ, Шижээхүү, Содбаяр, Хишигбуян нар  над руу залгаж дуудахаар нь очиход Хишигбуянгийн амнаас цус гарсан байсан. Өөрийн хийсэн гэм бурууг ойлгож байна, чин сэтгэлээсээ уучлалт гуйсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Хишигбуян мэдүүлэхдээ:

“2016 оны 05 дугаар сарын 17-нд  найзуудтайгаа нийлж архи уусан, тэгээд харих гэтэл Даваажав намайг цохисон. Урд өдөр нь би хотоос Налайхад ирээд Цэрэндэмбэ гэдэг найзындаа очиход  Даваажавын дүү Болдхүү гэх залуу байсан. Би Цэрэндэмбийг пиво ууя гэхэд  Цэрэндэмбэ “Даваажавын дүү ПС тоглоом тоглоё” гээд байна гэсэн. Тэгээд бид нар хоёр шил пиво уух үед Болдхүү пиво бараг уугаагүй, дараа нь Цэрэндэмбэ бид хоёр  Болдхүүгээс 20.000 төгрөг зээлж  0.5 литрийн архи авч Цэрэндэмбэ бид хоёр хувааж уусан. Тэр өдөр Цэрэндэмбэ нь Болдхүүг дагуулж орцонд хоносон гэсэн,  би хамт хоноогүй архиа ууж дуусгаад гэртээ харьсан. Эмчилгээний зардалд 995000 төгрөгийг  Даваажаваас хүлээн авсан, энэ нь өнөөг хүртэл баримтаар нотлогдсон зардлыг л төлсөн хэрэг, цаашид би эрүүний хадаас авхуулах, шүд хийлгэх гээд олон зардал гарна,  доод тал нь 1,5 сая төгрөг болно гэсэн үнийн санал бүхий эмнэлгийн бичгийг сая шүүхэд гаргаж өглөө, миний эмчилгээний зардлыг төлвөл найздаа гомдоод байх зүйлгүй, хөнгөн ял оноож өгөхийг  хүсч байна.

Шүүх  эмнэлгийн шинжээчийн  2016.05.20-ны №267 тоот дүгнэлт:

1. Г.Хишигбуянгийн биед доод эрүү ясны далд хугарал, эрүүний зүүн талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч О.Болороо. /хх-ийн 30 дахь талд/

Гэрч Г.Болдхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би 2016.05.16-ны өдөр Налайхад ирээд Даваажав ахтай уулзаад ПС тоглоё гэхэд ах ажилтай гээд явахаар нь Цэрэндэмбэ ахынд очсон. Тэднийд байхад Хишигбуян нэмэгдээд бид гурав  Нарлагийн хойно төмөр зам дээр очоод Цэрэндэмбэ, Хишигбуян хоёр нэг шил том пиво хувааж уугаад дахиад 1 шил архи авъя мөнгө зээлчих гэхээр нь би Хэнтий явах зардлын 20000 төгрөг байна гэхэд тэр хоёр бид маргааш олоод өгнө гээд 0.5 литрийн архи аваад хувааж уусан. Би архинаас нэг л татсан, Цэрэндэмбэ, Хишигбуян хоёр нэлээд согтсон,  тэгээд Хишигбуянг такси барьж явуулаад Нисэхийн байрны орцонд Цэрэндэмбэ тасарчихсан, тэгэхээр нь би Даваажав ах руу ярихад харь гэхээр нь би согтуу хүнийг яаж хая явах вэ гэж бодоод орцонд цуг хоносон. Маргааш нь Цэрэндэмбэ рүү утсаар хэд хэд залгахад утсаа авахгүй байхаар нь  Даваажав ахыг ирэхээр нь болсон явдлыг хэлэхэд ах уурлаад утсаараа залгахад Нисэхийн байрны тэнд байна гэхээр нь бид хоёр очсон. Даваажав ах уурлаад хүүхдийн мөнгө авч архи ууснаас болоод унаанаасаа хоцорлоо гээд Цэрэндэмбэтэй  маргалдаж байтал Хишигбуян нэг залуутай дэлгүүрээс гараад ирэхээр нь Даваажав ах Хишигбуянгийн эрүү рүү нэг удаа цохиход Хишигбуян эрүүгээ бариад байсан, тэгээд бид хоёр хамт харьсан. /хх-18 дахь талд/

Эдгээр нотлох баримтуудаас гэрч С.Содбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх19-20/, гэрч Б.Цэрэндэмбээгийн  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 21-22/, гэрч Н.Долзодмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 23-24/, гэрч Э.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 25-26/, гэрч О.Шижээхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 27-28/, Г.Даваажавын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42-45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 46/, хохирол төлсөн баримтууд /хх-79-81/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ганбаатарын Даваажав нь 2016 оны 5 дугаар сарын 17-нд хохирогч Г.Хишигбуянгийн эрүүн тус газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа нэг удаа цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Хишигбуянгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найз Содбаяр, Шижээхүү, Цэрэмдэмбэ, Баяржаргал бид  Нисэхийн байранд уулзсан, би дэлгүүр орчихоод гараад иртэл Даваажав дүүтэйгээ ирчихсэн байхаар нь мэндлэх гэтэл миний баруун шанаа руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016.05.20-ны 267 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.Даваажавын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хоорондоо утсаар ярилцаж, би дүүгээ дагаж байгаа газар нь явж очсон. Тэгээд Цэрэндэмбэтэй маргалдаж зогсож байхад Шижээхүү, Хишигбуян хоёр дэлгүүрээс гарч ирэхээр нь би зүүн гараараа Хишигбуянгийн баруун шанаанд нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч  С.Содбаяр, Б.Цэрэндэмбэ, Н.Долзодмаа, Э.Баяржаргал, О.Шижээхүү нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “..шүүгдэгч Г.Даваажав нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан учир оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хорих ялыг тэнсэх журам нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс гадна хохирлыг бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байхыг шаардах бөгөөд хэдийгээр шүүгдэгч Г.Даваажаваас эмчилгээний зардалд 995.000 төгрөгийг хохирогчид төлсөн нь нотлогдсон боловч  хохирогч Г.Хишигбуян нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, эмчилгээний зардалд доод тал нь 1,5 сая төгрөгийн зардал гарна хэмээн үнийн санал бүхий баримт ирүүлсэн, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа зэргээс үзэхэд гэм хор бүрэн арилаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин  шүүгдэгч Г.Даваажав нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг зардлын хэмжээнд сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэх боломжтой гэж үзлээ.               

Хохирогч Г.Хишигбуян нь цаашид гарах эмчилгээний зардлаа зохих ёсоор баримтжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь  нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ганбаатарын Даваажавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ганбаатарын Даваажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д  зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Г.Даваажавт сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Даваажав нь хохирогч Г.Хишигбуянд эмчилгээний зардалд 995.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Г.Хишигбуян нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Г.Даваажав нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6.  Шүүгдэгч Г.Даваажавт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ЦЭЛМЭГ