| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0171/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/188 |
| Огноо | 2022-05-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/188
2022 05 19 2022/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Л.Э,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2225000080230 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Э
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-д иргэн Д.А-ийн үлдээж гээгдүүлсэн 400.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.А-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ дээр 420.000 төгрөг шилжүүлэх гэж АТМ рүү хийсэн чинь 400.000 төгрөг нь ороод 20.000 төгрөг гарч ирсэн. Тэгээд мөнгө шилжсэн гэж бодоод “Төгөл” дэлгүүрийн нэг давхарт байрлах дэлгүүр орчихоод буцаад лангуун дээрээ очиж интернет банкаар мөнгө шилжүүлэх гэсэн чинь мөнгө орохгүй байхаар нь Хаан банк руу холбогдож тодруулахад “дараагийн гүйлгээ хийж байсан хүн авч явсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
“...Би буруутай этгээдээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гээгдүүлсэн 400.000 төгрөгөө өөрийн ХААН банкны 5090564431 тоот дансаар шилжүүлэн авсан, одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Б.Э-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэж 17 цагийн орчимд орсон чинь урд талд нэг эмэгтэй хүн гүйлгээ хийж байгаад яваад өгсөн. Тэгээд би картаа АТМ рүү хийж мөнгө авах гэж байсан чинь АТМ-ээс мөнгө гараад ирсэн. Тэгэхээр нь гарч ирсэн мөнгийг авч гараад машиндаа сууж тоолсон чинь 380.000 төгрөг байсан, би тухайн мөнгөнөөс 30.000 төгрөг үрсэн 20.000 төгрөгт нь тамхи авч, 10.000 төгрөгт газ хийсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа Эрдэнэт зар дээр миний зургийг оруулсан байхаар нь тухайн фэйсбүүк хаяг руу чат бичиж холбогдож, Хаан банкны данс руу нь 400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас шилжүүлсэн. ...надад ямар нэгэн зорилго байгаагүй, АТМ-ээс мөнгө гараад ирэхээр нь шууд авсан, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...хохирогчийн данс руу 400.000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 28, 34 дэх тал/,
хохирогч Д.А-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-д иргэн 400.000 төгрөгийн гүйлгээ хийж, амжилтгүй болж дараагийн хүн мөнгө авч явсан.” гэх гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, түүний гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8, 9 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум “Төгөл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ын хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум “Төгөл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн бичиг баримтууд /хавтаст хэргийн 36, 37, 42-44 дэх тал/,
хохирогч Д.А-ийн Хаан банкны дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 45 дахь тал/,
яллагдагч Б.Э-н “...Хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтас хэргийн 67 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос мөн Б.Э-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э-г гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-д иргэн Д.А-ийн үлдээж гээгдүүлсэн 400.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Д.А-ийн “...интернет банкаар мөнгө шилжүүлэх гэсэн чинь мөнгө орохгүй байхаар нь Хаан банк руу холбогдож тодруулахад “дараагийн гүйлгээ хийж байсан хүн авч явсан байна” гэж хэлсэн.” гэх,
Б.Э-н “...би картаа АТМ рүү хийж мөнгө авах гэж байсан чинь АТМ-ээс мөнгө гараад ирсэн. ...АТМ-ээс мөнгө гараад ирэхээр нь шууд авсан, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...хохирогчийн данс руу 400.000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон.” гэх,
хохирогч Д.А-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-д иргэн 400.000 төгрөгийн гүйлгээ хийж, амжилтгүй болж дараагийн хүн мөнгө авч явсан.” гэх гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, түүний гаргасан өргөдөл,
Орхон аймаг Баян-Өндөр сум “Төгөл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ын хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,
хохирогч Д.А-ийн Хаан банкны дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн баримт,
Б.Э-н “...Хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Энхмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Б.Э-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм бурууд нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчид таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
торгох ялыг арван таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.
Бусад асуудал;
Хохирогч Д.А-ийн “...Би буруутай этгээдээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гээгдүүлсэн 400.000 төгрөгөө өөрийн ХААН банкны 5090564431 тоот дансаар шилжүүлэн авсан, одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 20 дахь талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Орхон аймаг Баян-Өндөр сум “Төгөл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Орхон аймаг Баян-Өндөр сум “Төгөл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ын хяналтын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ