Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Ивэн 1 дүгээр багт оршин суух хаягтай Боржигон овогт  ******* РД/,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цагаан эрэг, 1 дүгээр хэсэг, 16 дугаар байрны 3 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт ******* РД/ нарт холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл 35 143 180.67 төгрөг, хүү 9 155 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890 017 төгрөг нийт 45 188 915.67/дөчин таван сая нэг зуун наян найман мянга есөн зуун арван таван төгрөг жаран долоо/мөнгө гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Зээлдэгч *******, ******* нар нь манай банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 80,000,000 төгрөгийг 19 сарын хугацаатай, жилийн 32,4%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн барьцаа нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн баруун талд байрлах 288 метр квадрат үйлчилгээний зориулалттай барилга мөн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн баруун талд байрлах 2 га талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт тус тус барьцаалсан. Зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлагаа зөрчсөн. Зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар зээлдэгчид удаа дараа сануулж байсан. Нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар 307 хоног хугацаа хэтэрсэн байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35 143 180 67 төгрөг, хүү 9 155 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890 017 төгрөг, нийт 45 188 915.67 төгрөг төлөхөөр болсон байна. Одоо хариуцагч талаас нэгдүгээрт 45 188 915.67 төгрөгийг гаргуулах, хоёрдугаарт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна... гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би ******* ХХК-аас авсан зээлээ төлж барагдуулна. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо би өөрөө зээл төлөх хуваарь гаргасан байгаа. Үүнд: Зээлээс 2018 оны 07 дугаар сард 10%, 08 дугаар сарын 20-нд 30%, 09 дүгээр сарын 20-нд 30%, 10 дугаар сарын 30-нд 30%-ийг тус тус төлж барагдуулна гэж бодож байна. Түүнээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч *******ыг төлөөлж Сэлэнгэ салбар шүүхэд хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 35 143 180.67 төгрөг, хүү 9 155 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890 017 төгрөг нийт 45 188 915.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч *******, ******* нар зээлийг хүү, алдангийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Харин барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Зохигчид хоорондоо маргааны талаар эвлэрэх боломжгүй гэсэн тул хэргийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Хариуцагч Далхбүрэн Уул ХХК-ыг төлөөлж захирал *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Ганжид нар нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 80 000 000 төгрөгийг 19 сарын хугацаатай, жилийн 32.4 хувийн хүүтэй *******ны Сэлэнгэ салбараас зээлдэж авсан болох нь хавтаст хэргийн 15-18-р хуудаст байгаа 1100018698 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Хариуцагч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Ганжид нар уг зээлийг авахдаа зээлийн гэрээний баталгаа болгож *******инд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Амарбаясгалантын хийдийн баруун талд оршин үйлчилгээний зориулалттай 288 м 2, 20м2, 160 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 20 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 га газрын хамт барьцаалсан /хх-19-22/, мөн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч ******* зээлдэгч *******, Х.Ганжид нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд тэдгээрийн өмнөөс банкинд дахь үүргийг гүйцэтгэнэ гэж баталгаа гарган батлан даалтын гэрээг /хх-23-26/ байгуулсан байна.

Зээлдэгч, батлан даагч нар зээлийн гэрээ, батлан даалтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зээлийн хугацаа шүүхэд нэхэмжлэл өгөх үед 307 хоногоор хэтэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгчийн ...Нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар 307 хоног хугацаа хэтэрсэн байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35 143 180 67 төгрөг, хүү 9 155 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890 017 төгрөг, нийт 45 188 915.67 төгрөг төлөхөөр болсон байна...гэх тайлбар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын Манай орлого муудсан учир бид нар уг зээлийг төлж чадахгүй ийм байдалд хүрсэн гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага 45 188 915.67 төгрөгийн 10 хувийг 2018 оны 07 сарын 20-нд, 30 хувийг 2018 оны 08 сарын 20-нд, 30 хувийг 2018 оны 09 сарын 20-нд, 30 хувийг 2018 оны 10 сарын 20-нд тус тус төлж барагдуулах талаар тайлбарлаж байгааг нэхэмжлэгч тал манай тал хариуцагчийн энэ саналыг хүлээн авах боломжгүй. Учир нь хариуцагч тал зээлээ төлөхгүй 2 ч удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацаа сунгаж байсан гэж няцааж байна. Хавтаст хэрэгт хариуцагч ******* 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт хүсэлт-/хх-10/-ийг гаргасан учир банкны зүгээс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1100018698 дугаартай зээлийн гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулж /хх-26/, 2016 оны 01 дүгээр сарын 11-нд төлж дуусах зээлийн хугацааг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болгон хугацааг /хх-25/ сунгасан байна.

Ипотек гэдэг нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар тэргүүн ээлжинд өөрийн шаардлага хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг хэлнэ гэж заасан бөгөөд хариуцагч Далхбүрэн Уул ХХК-ний захирал ******* банкны тавьсан болзолыг зөвшөөрч ипотекийн гэрээг байгуулсан байна.

******* нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар ипотекийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. /хх-ийн 11 ар тал/,

Хариуцагч ******* орлого муудсан тул зээлийг төлөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа ч энэ байдлаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлэх болсон нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч/хариуцагч/ хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч /банк/ нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардлага гаргасан боловч хариуцагч /үүрэг гүйцэтгэгч/ зээл төлөх үүргээ гэрээнд зааснаар гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйлийг/үл хөдлөх эд хөрөнгүүдийг/ шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг байна.

Иймд дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 35 143 180.67 төгрөг, хүү 9 155 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890 017 төгрөг нийт 45 188 915.67 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******инд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1100018698-01 дугаартай гэрээнд заасан барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж, *******ны Сэлэнгэ салбарын 2015 оны 04 сарын 13-ны өдрийн 1100018698 дугаартай гэрээний үүргийг хангуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383 895 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас 191 947,5 төгрөг, хариуцагч *******өөс 191 947,5 төгрөг нийт 383 895 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.М-л, Б.М-р нараас үндсэн зээлийн үлдэгдэл 35 143 180.67 төгрөг, хүү 9 155 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890 017 төгрөг нийт 45 188 915.67 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х-нд олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1100018698-01 дугаартай гэрээнд заасан барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж, Х-2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1100018698 дугаартай гэрээний үүргийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383 895 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.М-с 191 947,5 төгрөг, хариуцагч *******өөс 191 947,5 төгрөг нийт 383 895 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэхийг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг, хариуцагч Б.М-д шийдвэрийн хувийг хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

7.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА