Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

  2022         6            07                                    2022/ШЦТ/209

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,     

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Ою нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн 2125000000403 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.Б

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэр 17 дугаар сургуулийн орчимд Ц.Э нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ “...Би Ц.Э ахаас 50.000 төгрөг зээлсэн боловч өгч чадаагүй байсан. Тухайн өдөр Оргил ах залгаад “хаана байна” гэхээр нь “гэртээ байна” гэсэн, 17 дугаар сургууль дээр ирээд намайг “машинд суу” гэсэн, уулан дээр гарч зогсоод миний нүүр рүү хэд, хэдэн удаа цохисон, би түүний нүүр рүү 2-3 удаа цохисон чинь “шүд уначихлаа” гэхээр нь би алхаад яваад өгсөн.” гэв.

Мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн;

хохирогч Ц.Э “...Болдоо гэх залуу нь миний аав Цэцэгжамбын төрсөн дүү болон Жаргаа гэх хүний хүүхэд. 2021 оны 4 дүгээр сарын эхээр ажил дээр ирээд “Булган аймагт хадам ээжийн бие муудаад сэхээнд байгаа, Эрдэнэт рүү авч ирж эмчлүүлмээр байна, бензиний мөнгө хэрэгтэй байна, маргааш буцаагаад өгчихнө” гээд 50.000 төгрөг зээлж авсан. Тухайн мөнгийг Болдоогийн данс руу эхнэр Ганцолмонгийн данснаас шилжүүлж өгсөн, хэд хоногийн дараа Болдоогийн утас руу залгахад эхнэр нь утсыг нь авахад нь би “Болдоо надаас 50.000 төгрөг зээлж авсан юм, Болдоотой ярих гэсэн юм” гэтэл эхнэр нь “юу яриад байгаа юм бэ, лалрын архичин минь” гэж хэлээд утсаа тасалсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Болдоогийн дугаарыг олж аваад Болдоогийн 99295771 дугаар луу залгаж, “хаана байна хоёулаа уулзая” гэж хэлэхэд Болдоо “гэртээ байна, Шандын 17 дугаар сургууль дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд би гэрээсээ гарч, манай ажилчин болох Дашзэвэгтэй хамт Шандын 17 дугаар сургууль дээр очиж, Болдоотой уулзахад “хоёрын хооронд 50.000 төгрөг дээр сүртэй юм бэ, эхнэр чамайг доромжилсон бол эхнэртэй учраа олохгүй юу” гэж хэлэхэд нь би “чиний эхнэр надаас мөнгө зээлж авсан юм уу, чи мөнгө зээлж авсан” гэж хэлсэн. Энэ үед Болдоо “хоёулаа сургуулийн хажууд хэрэлдээд яах вэ” гэхэд нь би Болдоог машиндаа суулгаад ойролцоо уулын хажууд очиж зогсоод Болдоо бид хоёр машинаас буугаад машины ард талд юм яриад зогсож байтал Болдоо “насаараа зодоон хийж сурлаа, чамайг ална” гээд гараараа нүүрэн тус газар цохиход би газар унасан. Энэ үед Болдоо миний дээр гарч суугаад өмсөж явсан цамцны захнаас барьж байгаад нүүр хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохисон, “чи одоо боль, миний шүд хугарчихлаа” гэж хэлэхэд миний дээрээс босоод гүйгээд явчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

“...одоогоор би уян тагнайтай шүд түр зуур хийлгэчихсэн байгаа, 85.000 төгрөгөөр хийлгэсэн. 3-17 дугаар байрны “Best massage” бариа заслын газарт 5 хоног толгойгоо бариулсан, нэг бариулахад 15.000 төгрөг, 5 хоногийн 75.000 төгрөг төлсөн, гаргаж өгөх баримт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний шүдэндээ эмчилгээ хийлгэх 2.500.000 төгрөгийг Болдбаатараас нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

          гэрч Э.Г-н “...нөхөр Эрдэнэ-Оргил нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарах үедээ “Болдбаатар гэх залууд зээлүүлсэн, мөнгөө аваад ирнэ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд 12 цагийн үед нөхөр Эрдэнэ-Оргил над руу өөрийнхөө утаснаас залгаж, “би зодуулчихлаа, миний шүд байхгүй, Хабитатад байна” гэж хэлсэн. Энэ үед би ах Ариунболорын хамт очиход нөхөр Эрдэнэ-Оргил Хабитатын зам дагуу зогсож байсан, ах бид хоёр машинаас буугаад хажууд нь очиход Эрдэнэ-Оргилын нүүр хэсэг нь хавдаж, цус болсон, өмсөж явсан хувцас нь цус, шороо болсон байдалтай байсан. ...Эрдэнэ-Оргилыг машиндаа суулгаад Цагдаагийн газар руу явж байх үедээ нөхрөөсөө юу болсон талаар асуухад “би Болдбаатарт зээлүүлсэн мөнгөө асуухад сүртэй юм бэ, 50.000 төгрөг зээлүүлчихээд үхлээ юу” гэж хэлээд зодсон гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

          гэрч С.Д-н “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 9 цагийн үед Эрдэнэ-Оргил над руу утсаар залгаж дуудсан, ...“та машин бариад яваад өгөөч хоёулаа хүнтэй уулзаад ирье.” гэж хэлсэн, ...Шанд багийн 17 дугаар сургуулийн хажууд очиход үл таних нэг залуу замын хажууд зогсож байсан ба Эрдэнэ-Оргил уг залууг машиндаа суулгаж, “баруун тийшээ яваад, уул руу гараад зогсоорой” гэж надад хэлсэн. Тэгээд уулын хажууд зогсох үед Эрдэнэ-Оргил, үл таних залуу нар машинаас буугаад машины ар талд зогсож байсан. Хэсэг хугацааны дараа үл таних залуу алхаад яваад өгсөн ба Эрдэнэ-Оргил машины хаалга онгойлгоод машинд суугаад “миний шүд рүү цохичихлоо” гэж хэлээд эхнэр лүүгээ залгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,  

          О.Б-ын яллагдагчаар өгсөн “...2021 оны 4 дүгээр сард Эрдэнэ-Оргилын ажил дээр очиж, “50.000 төгрөг зээлээч хадам ээжийг эмнэлэгт үзүүлэх гэсэн юм, хэд хоногоос өгчихнө” гэж хэлэхэд Ц.Эминий данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. ...2021 оны 12 дугаар сарын 02-ны өглөө гэртээ байх үед миний дугаар луу залгахад нь би утсаа аваад ярихад Ц.Э“хаана байна, чи гараад ир, би чамайг ална” гэж хэлсэн. ...Ц.Эцагаан тээврийн хэрэгсэлтэй ирээд намайг машиндаа суулгаад ... хоёулаа “уулан дээр гарч байгаад үзнэ” гэж явж байгаад Хабитатын зам дагуу уулын бэлд очиж машинаа зогсоож байгаад машинаас буусан, би бас машинаас буугаад зогсож байтал Эрдэнэ-Оргил нь гартаа байсан түлхүүрээр миний нүүрэн тус газарт цохиход нь “та одоо болно шүү дээ” гэхэд “битгий хуц” гэж хэлсэн. Миний уур хүрээд Ц.Эрдэнэ-Оргилын нүүрэн тус газарт гараараа гурван удаа цохиход Эрдэнэ-Оргил “шүд уначихлаа” гэж хэлэхэд нь би шууд яваад өгсөн. ...Би Ц.Эрдэнэ-Оргилыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 731 дугаартай “...1.Ц.Эрдэнэ-Оргилын биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэг ба хоёр дугаар шүдний булгаралт, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд урууланд зулгаралт нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Харин хоёрдугаар шүдний булгаралт нь хуучин гэмтэл байна. 5.Дээрх шинэ гэмтлүүд нь хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6.Нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд зүүн нэг ба хоёр дугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд урууланд зулгаралт нь эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 7.Дээд зүүн ба хоёр дугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

хохирогч Ц.Э-н “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Болдоо гэх залууд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,

О.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34, 36 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн О.Баас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч О.Б-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэр 17 дугаар сургуулийн орчимд Ц.Эрдэнэ-Оргилын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэг ба хоёр дугаар шүдний булгаралт, дээд урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ц.Э “...Болдоо “насаараа зодоон хийж сурлаа, чамайг ална” гээд гараараа нүүрэн тус газар цохиход би газар унасан. Энэ үед Болдоо миний дээр гарч суугаад өмсөж явсан цамцны захнаас барьж байгаад нүүр хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохисон, “чи одоо боль, миний шүд хугарчихлаа” гэж хэлэхэд миний дээрээс босоод гүйгээд явчихсан.” гэх,

гэрч Э.Г-н “...би ах Ариунболорын хамт очиход нөхөр Эрдэнэ-Оргил нь Хабитатын зам дагуу зогсож байсан, ах бид хоёр машинаас буугаад хажууд нь очиход нөхөр Эрдэнэ-Оргилын нүүр хэсэг нь хавдаж, цус болсон, өмсөж явсан хувцас нь цус, шороо болсон байдалтай байсан.” гэх,

гэрч С.Д-н “...Хэсэг хугацааны дараа үл таних залуу алхаад яваад өгсөн ба Эрдэнэ-Оргил нь машины хаалга онгойлгоод машинд суугаад “миний шүд рүү цохичихлоо” гэж хэлээд эхнэр лүүгээ залгасан.” гэх мэдүүлгүүдээр,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 731 дугаартай “...Ц.Эрдэнэ-Оргилын биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэг ба хоёр дугаар шүдний булгаралт, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

          Ц.Э “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Болдоо гэх залууд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Шүүгдэгч О.Б-ын хохирогч Ц.Эрдэнэ-Оргилын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэг ба хоёр дугаар шүдний булгаралт, дээд урууланд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотойгоос гадна түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч О.Бын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч О.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч “...шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьдчилан цагдан хоригдсон хоногийг хасаж тооцох.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “...торгох ял оногдуулж өгнө үү, өөрөө хүнд зодуулсан байгаа тул биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзана уу.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

          Шүүгдэгч О.Б нь боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр аавын хамт амьдардаг тул түүний үйлдсэн гэмт хэрэгт нь зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялаас аль нэгийг сонгож оногдуулах нь оновчтой байгаа хэдий ч шүүгдэгч бусдад зодуулсан, биеийн эрүүл мэнд, цаашид яаралтай эмчлүүлэх шаардлагатай нөхцөл байдлыг нь харгалзан шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /сарын/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас түүний 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 120.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 330.000 төгрөгөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Ц.Энь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй бөгөөд “...шүдэндээ эмчилгээ хийлгэх 2.500.000 төгрөгийг О.Баас нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэсэн түүний мэдүүлэг хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж заасны дагуу хохирол, хор уршгаа арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хохирогч Ц.Эрдэнэ-Оргилд нээлттэй үлдээв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч О.Бын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг дурьдаж,

         шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас түүний 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 120.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 330.000 төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Э энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ