Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0709

 

Д.Агийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга                        

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Нэхэмжлэгч: Д.А

Хариуцагч: НДЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэвэр тогтоолгосноос хойш хөдөлмөр эрхэлж шитгэл төлсөн цалин хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргасан үеэс өөрчлөн тогтоохгүй байгаа нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг мөн үеэс шинэчлэн тогтоохыг НДЕГт даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0689 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0404/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Агаас НДЕГт холбогдуулан “Тэтгэвэр тогтоолгосноос хойш хөдөлмөр эрхэлж шитгэл төлсөн цалин хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргасан үеэс өөрчлөн тогтоохгүй байгаа нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг мөн үеэс шинэчлэн тогтоохыг НДЕГт даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0689 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй, өөрчлөн тогтоохоос татгалзсан нийгмийн даатгалын байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож тэтгэврийг өөрчлөх тогтоохыг НДЕГт даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. “Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Давааням овогтой Амгалангийн нэхэмжлэлтэй НДЕГ-ын холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2023  оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцээд 128/ШШ2023/0689 дугаартай шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үндэслэл нь: Д.А нь нийтдээ 28 жил 7 сар шимтгэл төлж, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1996-2000 оны 5 жилийн дундаж цалин хөлс (70985 төгрөг) -нөөс анх төгрөгнөөс өндөр насны тэтгэврийг сард 105300 төгрөгөөр тогтоолгосон.

2011 оноос хойш Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2 удаа шинэчлэн, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг 7 удаа авч хэрэгжүүлэн, эдгээр тогтоол шийдвэрүүдийн дагуу Д.Агийн тэтгэврийг тухай бүр нэмэгдүүлэн олгосон болно.

3.2. Д.А нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш 2011.04.01-2012.02.28 хүртэл 10 сар 24 өдөр “Бритиш скүүл монголиа” ХХК, 2013.08.01-2018.05.01-ний өдөр хүртэл 4 жил 9 сар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК, 2018.05.01-2019.07.01-ний өдөр хүртэл 1 жил 2 сар “Эн Ди Си инженеринг” ХХК, 2019.07.01-2023.01.01 хүртэл 3 жил 6 сар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК, нийтдээ 10 жил 3 сар 27 өдөр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  4 дэх заалтад “Тэтгэвэр тогтоосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэж тус тус заасны дагуу тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хөдөлмөр эрхэлж шимтгэл төлсөн иргэний тэтгэврийг анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс нь тооцон нэмэгдүүлж байна.

Д.А нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш дээр дурдсан хуульд заасны дагуу авч байгаа тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 9 удаа гаргаж тухай бүр хууль тогтоомжийн дагуу тэтгэврийн нь нэмэгдүүлсэн талаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 223 дугаартай албан бичиг болон түүний хавсралтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт “...Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх “авч байгаа тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гэсэн заалтаар шимтгэл төлсөн хугацаанаас гадна, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодуулж тэтгэврээ өөрчлөн тогтоох эрхтэй байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 47 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “Хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч” гэдэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д зааснаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа, Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5-д зааснаас бусад төрлийн даатгалд даатгуулсан тэтгэвэр авагчийг хамааруулна.

Мөн зүйлийн 4-т заасан “тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэснийг тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосноос хойш хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д зааснаар ажиллаж авсан цалингийн болон төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас тооцож өөрчлөн тогтооно гэж ойлгоно гэж заажээ. Шүүхийн тайлбар нь хэдийгээр 2008 онд батлагдсан боловч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн есдүгээр бүлгийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т “Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно. /Энэ хэсэг (дугаарыг 3,4 гэж)-т 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон/

3.4. Нийслэл дэх Захиргааны анхан шатын шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0689 дугаартай шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.2. Нэхэмжлэгчээс тэтгэвэр тогтоолгоход баримталсан шимтгэл төлөлтийн хугацаа болон хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн үндэслэлээр тэтгэврийн хэмжээгээ шинэчлэн тогтоолгох хүсэлтээ Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст удаа дараа гаргасан байх бөгөөд нийгмийн даатгалын хэлтсээс Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчилсэнтэй холбогдуулан тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн, мөн шимтгэл төлсөн хугацаа нэмэгдсэн үндэслэлээр тэтгэврийн хэмжээг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж байснаас биш одоо маргаж буй үндэслэлээр нэмэгдүүлэхээс татгалзсан хариу өгсөн талаарх НДЕГ-ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/152, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/57 тоот албан бичгүүдээр хэрэгт авагдсан байна.

2.3. Нэхэмжлэгч Д.А тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажиллаж байгаа тохиолдолд тухайн цалин хөлснөөс тооцож тэтгэврийг өөрчлөн нэмэгдүүлэхээр маргасан.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гээд 1-д “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан” 4-т “тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэж тус тус заажээ.

3.1. Хуулийн дээрх заалтаас үзвэл тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч авч байгаа тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа өөрчлөгдөх мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдвөл хүсэлтээ холбогдох баримтын хамт харьяалах нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэтгэврийн хэмжээгээ өөрчлөн нэмэгдүүлэхээр, нийгмийн даатгалын байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш тодорхой хугацаанд шийдвэрлэж, өөрчлөгдсөн тэтгэврийг олгохоор заажээ.  

Нэхэмжлэгч Д.Агийн хувьд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 28 жил, 7 сар шимтгэл төлж, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5 жилийн дундаж цалин хөлснөөс тооцож өндөр насны тэтгэврийг сард 105.300 төгрөгөөр тогтоолгосон байна.

3.2. Тэтгэвэр тогтоолгосноос хойш буюу 2010 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөр эрхэлж, нийт 10 жил 3 сар 27 өдөр ажиллахдаа нийт 32.352.180.58 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй.

 Харин нийгмийн даатгалын байгууллагаас зөвхөн шимтгэл төлж ажилласан хугацаагаар буюу Д.Агийн 39 жил 6 сар ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаар өөрчлөн тогтоосон боловч түүний хөдөлмөрийн хөлс өөрчлөгдсөн хэмжээг тооцож өөрчлөөгүй, “... хуульд иймд зохицуулалт байхгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэж тайлбарлан татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн тэтгэврээ өөрчлөн нэмэгдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр өөрчлөн тогтоолгох даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно гэж тайлбарласан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэжээ.

4.1. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 47 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 2.7-д “... мөн зүйлийн 4-т заасан “тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэснийг тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосноос хойш хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д зааснаар ажиллаж авсан цалингийн болон төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас тооцож өөрчлөн тогтооно гэж ойлгоно” гэж тайлбарлажээ.

4.2. Дээрх тайлбар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэж зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо өөрчлөгдсөн тохиолдолд хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын өөр нэг үндэслэлээ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой тайлбарлаж байна.

5.1. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй” гээд 3-д “28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: 2/авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа”, 2 дугаар зүйлд “28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг “3-4” гэж” тус тус өөрчилсөн заалт оруулсан нь нэхэмжлэгчийн маргаж буй хуулийн заалттай хамааралгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Хариуцагчаас тэтгэвэр авагч нь харьяа нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор хүсэлт гаргасан тухай бүр шийдвэрлэж байсан тул эс үйлдэхүй байхгүй гэж тайлбарлах боловч “хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй байхгүй, харин “шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож өөрчлөлт оруулах” хүсэлтэд татгалзсан хууль бус үйлдэлд холбогдуулан  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0689 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ