Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 00585

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01409 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 433 194 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-тай SC/16/008 тоот худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн нийт 23 639 085 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэтэл “М” ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-т “... төлбөр тооцоог зохих хуваарийн дагуу хийх ...”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “... Тооцоог сард 1 удаа хийх” мөн гэрээний 4.2-т “... төлбөрийг дараа сарын 1-10-ны хооронд дансаар шилжүүлнэ ...” гэж заасныг удаа дараа зөрчсөн тул бидний зүгээс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/16 тоот албан бичгээр барааны нийлүүлэлтийг зогсоож, борлуулагдаагүй үлдсэн байсан бараа бүтээгдэхүүнээ татаж, гэрээг цуцлах асуудлыг тавьсан юм. “М” ХХК нь албан шаардлагыг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн баталгааг эрх бүхий албан тушаалтнууд үйлдэн нийлүүлсэн барааны үнэ болох 11 433 194 төгрөгийн өглөгтэй гарсан юм. Үүнийгээ баталгаажуулж бэлэн мөнгөөр төлж барагдуулах хүсэлтээ тавьж байсан. Баталгаажсан төлбөрийг төлөхийг шаардахад өр төлбөрөө зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч төлбөрөө төлөхгүй хугацаа хожих арга саам хайж эхэлсэн юм. Иймд бидний зүгээс гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу хугацаандаа төлөөгүй өр төлбөрөө гаргуулах үүднээс шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХХК-иас барааны үндсэн төлбөр болох 11 433 194 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                               

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар
“М” ХХК-иас 11 433 194 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 197 900 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй. Санхүүгийн тооцооллыг буруу гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлэхээр буцааж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 433 194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Зохигчид 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “М” ХХК нь эрүүл ахуй, чанарын  стандартын шаардлагыг хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч “М” ХХК нь сард нэг удаа тооцоо нийлж, барааны төлбөрийг дараа сарын 1-10-ны өдрийн хооронд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Талууд тооцоо нийлж, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн барааны төлбөр 11 433 194 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулжээ. /хх-ийн 14 дүгээр тал/

 

            Түүнчлэн хариуцагч “М” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “М” ХХК-д “… дэлгүүрүүдийн үйл ажиллагаа жигдэртэл барааны төлбөрийн үлдэгдлийг түр хойшлуулах саналтай байна, бидний нөхцөл байдлыг ойлгож саналыг хүлээн авна уу” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна. /хх-ийн 35 дугаар тал/

 

            Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх  тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажсан 11 433 194 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хариуцагч “М” ХХК-д шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01409 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЗОЛЗАЯА     

 

                  ШҮҮГЧИД                                              Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ