Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/681

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогч, шүүгдэгч Л.М, шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0850 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овгийн Н.Ш, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл гурав, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Монгол Улсын иргэн, Б овгийн Л.М, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-нд хүргэлтийн ажилтнаар ажилладаг, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо Бага наран мал тууврын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Ш нь Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 11 ээс-12-нд шилжих шөнө иргэн Л.М-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж түүний биед уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, тархи доргилт бүхий гэмтлийг учруулсан,

Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси” караокены гадна 2022 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө иргэн Б.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлийг учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Л.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галакси” караокены гадна 2022 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө иргэн Б.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, бие махбодод нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралтгэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан”, энэ үйлдэл дууссаны дараа Л.М-ыг караокед ороод сууж байхад хохирогч Б.Б-ийн нөхөр  буюу Д овгийн Н.Ш нь Л.М-ыг чирч гарган зодож, түүний бие махбодод нь “уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-10 дахь тал), хохирогч Л.М-ын “...Намайг Ш нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн, мөн толгой руу зүүн шанаа, дагз болон цээж ар нуруу руу гараараа олон удаа цохиж зодсон…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5655 дугаартай: “...Л.М-ын биед уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болох бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

-хохирогч Б.Б-ийн: “...Тэгээд нөгөө согтуу залуу орж ирээд үүдэн дээр зогсоод байхаар нь би нөгөө залуу дээр очоод одоо манайх хаах гэж байна, одоо гарчих гээд түлхэхэд нөгөө залуу эргэж харснаа миний нүүр рүү нэг удаа цохисон...Миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон ба хамраас цус гарсан. ...Надад учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг М-оос гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-18 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5600 дугаартай “...Б.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), гэрч М.А-ийн: “...Б гэнэт ёо ёо гээд орилох шиг болохоор нь шатны уруу харахад Б-ийн нүүр нил цус болчихсон “саяны хүн миний нүүр рүү 1 удаа цохиод зугтаачихлаа” гээд зогсож байсан. Тэгээд Б текний араар орж цусаа угаачхаад Ш-ыг дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Л.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед”... би Толгойтын хуучин эцсийн караокед 00 цагийн орчимд ороод ганцаараа ууж байгаад гараад хажууд байх Галакси караокед 01 цаг болох гэж байхад ороход текэн дээр байсан эмэгтэй “чи манайхаас гар, угаасаа манайд чамайг суулгах суудал байхгүй” гээд намайг шат руу түлхээд байсан, би гарчхаад эргээд ороод ирэхэд Б намайг гар гээд шат руу түлхэхээр нь би эргэж хараад нүүр рүү нь 1 удаа баруун гараа зангидаж байгаад цохисон...Тэгээд би анхны орсон караокед ороод сууж байтал Б-ийн нөхөр Ш орж ирээд намайг чирч гаргаад зодож байхад цагдаад ирсэн ...” гэж (хавтаст хэргийн 116-117 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Н.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны үед “яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх зүйлгүй” гэж (хавтаст хэргийн 123 дахь тал) гэж мэдүүлж байсан бөгөөд шүүх хуралдаанд: “...хэргийн талаар ярих зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэв.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Н.Ш, Л.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор тэдний хүсэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч нар прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Ш нь бүрэн бус дунд, Л.М нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5655 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.М-ын,  2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5600 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус бүр тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Ш, Л.М нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Л.М-ын хохирогч Б.Б-ийн нүүр рүү цохисон үйлдэл болон  хохирогч Б.Б-д учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл, шүүгдэгч Н.Ш-ын хохирогч Л.М-ын өшиглөсөн, цохисон үйлдэл болон Л.М-т учирсан уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, тархи доргилт гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.М, Н.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б нь “эмчилгээний зардлыг шүүгдэгч Л.М-той харилцан тохиролцож нийт 2,500,00 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж, хохирогч Л.М нь “шүүгдэгч Н.Ш-аас эмчилгээний зардал гэж 171,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж тус тус мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.М, Н.Ш нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.М, шүүгдэгч Н.Ш нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 73-74 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 60-64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.М-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ш, Л.М нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Д овгийн Н.Ш, Б овгийн Л.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.М-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш, Л.М нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ш, Л.М нарт сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ш, Л.М нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА