Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч С.Б************н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ************гийн Б************нд холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч С.Б************н нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн гэртээ төрсөн ах болох С.Э************тэй машины түлхүүрээс болж харилцан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б************н нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн гэртээ төрсөн ах болох С.Э************тэй машины түлхүүрээс болж харилцан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-13х/,

- Хохирогч Э.О************ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр талийгаач С.Э************ийн нас барсан асуудалд түүний төрсөн дүү С.Б************н холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэ хэрэгт миний бие Цагаан-Үүр сумын Засаг дарга тамгын газрыг төлөөлөн оролцохоор тогтоогдсон.

Талийгаач С.Э************ нь Цагаан-Үүр сумын Уялган 1 дүгээр багт оршин суух хаягтай боловч өөрийн гэсэн гэр орон, эхнэр хүүхэд байхгүй, ганц бие хүн байгаа юм. Талийгаач нь өөрийн төрсөн дүү С.Б************н болон төрлийн хүн болох Тэгшбаярынхаа гэр орноор эрэн очин амьдардаг байсан. Талийгаач С.Э************ нь ааш зангийн хувьд харилцаа сайтай, элдэв муу ааш авир байхгүй хүн байсан. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байсан бөгөөд уухаараа хаа сайгүй дэмий тэнээд явчихдаг хүн байсан. Архи уухаараа ямархуу зан авир гаргадаг байсныг хэлж мэдэхгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хуулийн дагуу шалгаж буруутай этгээдэд хариуцлага тооцуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

- Гэрч Я.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эхнэр Танихгүйчулууны хамтаар Цагаан-Үүр сумын 1 дүгээр баг Дээрхийн гол гэх газарт мал маллан амьдардаг юм. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой 17 цагийн үед адуугаа хураах зорилгоор Б************нгийн гэрийн тийшээ маягтай явж байхад газарт хүн хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь очиж харахад Б************нгийн төрсөн ах Э************ нас барсан байдалтай хэвтэж байсан бөгөөд 2 гутлаа тайлчихсан, нэг хөлдөө оймсгүй, хөлийн ороолт нь гутлынхаа хажууд байсан. Би тэндээсээ гэр лүүгээ харьчхаад хажуу айлын хүн болох Мөнхбатад хэлсэн. Тэгээд Мөнхбатын хамтаар талийгч Э************ийн том ахынх нь хүүхэд болох Анхаагийн гэрт очиж Э************ийг нас барсан байдалтай байгааг хэлсэн. Анхаа, Мөнхбат нарын хамтаар Б************нгийн гэрт очсон. Тухайн үед Б************нгийн гэрт хүн байхгүй гэр нь цоожтой байхаар нь цоожийг нь тайлж ороод дотроос нь бүтээлэг авсан. Авсан бүтээлгээрээ талийгаачийг хучсан. Тэгээд сумын эмнэлэг рүү залгаж дуудлага өгчхөөд гэр лүүгээ харьсан. Үүнээс хойш дахиж талийгаачийн байгаа газарт очоогүй. Эмнэлгээс сумын хэсгийн төлөөлөгч цагдаад мэдэгдсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

- Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би аав Гүррагчаа, эхнэр Батжаргал болон хүүхдүүдийнхээ хамт Цагаан-Үүр сумын 1 дүгээр баг Дээрхийн гол гэх газарт мал маллан амьдардаг юм. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу 1 дэх өдрийн 12 цагийн үед манай гэрт талийгаач Э************ ганцаараа машинтайгаа ирсэн. Э************ ах ирээд хэдүүлээ төв оръё гэж хэлэхээр нь зөвшөөрөөд эхнэр Батжаргалынхаа хамтаар явсан. Эхнэр бид хоёр сумын төв ороод Э************ ахаас салаад ойр зуурын ажлыг амжуулсан. Орой 22 цагийн үед талийгаач Э************ ах манай төвийн гэрээс ирж эхнэр бид хоёрыг аваад хөдөө гарсан. Талийгаач Э************ ах орой ирж авах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Э************ ахтай хамт Б************н ах, Эрдэнэбат ах хоёр хамт явсан. Э************ ах, Д.Б************н ах, Эрдэнэбат ах нар хөдөө явах замдаа 1 шил 0,75 литрийн хараа нэртэй архины талыг хувааж уусан. Харин би огт уугаагүй. Э************ ахын машиныг нь барьж явсан. Талийгаач Э************ ах эхнэр бид хоёрыг хөдөөгийн гэрт маань хүргэж өгчхөөд Д.Б************н ахынх руу явсан. Би тухайн шөнөдөө гэртээ гэр бүлийнхээ хамтаар унтаж амарсан. Уг өдрийн маргааш буюу 03 дугаар сарын 15-ны өдрийн өглөө талийгаач Э************ ах манай гэрт Тэгшбаярын эхнэр Маамаа гэх хүнтэй хамт ирсэн. Талийгаач тухайн үед намайг төв рүү хамт яваад өгөөч гэж гуйхаар нь завгүй гэж хэлээд яваагүй. Э************ ах намайг явахгүй гэсэн чинь яваад өгсөн. Үүнээс хойш талийгч Э************ ахтай дахин уулзаагүй... талийгч 03 дугаар сарын 15-ны өдөр манай гэрт ирэхдээ халамцуу байдалтай байсан бөгөөд түүний царай төрхөд ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

- Гэрч Х.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цагийн үед байхаа манай гэрт Соёл-Эрдэнэ, Мөнхбат хоёр мотоциклтой ирээд сигнаалдсан. Би тухайн үед тэр хоёртой гарч уулзахад Э************ ах чинь осгож нас барсан байдалтай хээр хэвтэж байна гэж хэлсэн. Би үүнийг сонсоод Мөнхбат, Соёл-Эрдэнэ нарын хамтаар талийгаач Э************ ахын байгаа газарт очсон. Талийгаач Э************ ахын 2 гутал тайлагдсан хөлийн ороолт гутлынхаа хажууд нэг хөл оймсгүй гэдэс хагас гарсан хоёр гараа энгэртээ эвхэж атгасан нүүр хэсэг нэлэнхийдээ цус болсон гэдэсний ил гарсан хэсэг хөхөрч гэмтсэн байдалтай байсан. Тухайн үед Мөнхбат, Соёл-Эрдэнэ бид гурав талийгаачийн төрсөн дүү Б************н буюу Баясаа зааны гэрт очсон. Тухайн үед Баясаа зааны гэрт хүн байгаагүй гэр нь цоожтой байхаар нь цоожийг нь тайлж онгойлгоод дотроос нь бүтээлэг авсан. Авсан бүтээлгээрээ талийгаачийг хучсан. Тэгээд тэндээсээ Мөнхбат, Соёл-Эрдэнэ нараас салаад гэр лүүгээ харьсан. Гэртээ хариад төвөөс эмнэлэг ирэхийг хүлээгээд байж байсан. Намайг гэртээ байж байхад эмнэлгийн машин талийгаачийн байгаа газарт ирсэн байхаар нь очиж уулзахад Э************ ахыг нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

- Гэрч Д.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаач Э************ийн зан чанарын хувьд гэвэл архи уугаагүй үедээ элдэв муухай ааш авир байхгүй хүнтэй харилцаа сайтай хүн байсан. Харин архи уучихаараа янз янзын юм ярьчихсан л явдаг. Архинаас болж амьдралаа алдсан хүн гэж хэлж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

- Гэрч Т.Тэгшчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед талийгаач С.Э************ ах, С.Б************н ах болон эхнэр С.Өлзийсайхан нарынхаа хамтаар хүнсний хэрэглээний зүйл болон шатахуун авах зорилгоор Цагаан-Үүр сумын төв рүү талийгаачийн машинтай орсон. Сумын төв ороод эхнэр С.Өлзийсайханы хамтаар салж яваад хувийнхаа ажлыг амжуулсан. Орой 19 цагийн үед С.Э************ ах, С.Б************н ах нартай уулзаад хөдөө гэр лүүгээ явсан. Сумын төвөөс гарахынхаа өмнө дэлгүүрээс 0,75 литрийн хараа нэртэй архи авсан. Уг архийг хөдөө явж байх замдаа талийгаач Э************ ах, Б************н бид гурав хувааж уусан. Бид нар шууд Б************н ахын гэрт очсон. Б************н ахын гэрт очоод архи уугаагүй эхнэр бид хоёр тэднийхээс алхаад гэр лүүгээ харьсан. Талийгаач Э************ ах Б************н ахын гэрт үлдсэн. Тухайн өдрийн маргааш Б************н ах манай гэрт талийгаач Э************ ахын машинтай ганцаараа ирээд Эрдэнэбулган сумын төв орлоо надтай хамт яваад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрч хамт явахаар болсон. Б************н ах бид хоёр явахдаа манай гэрт байсан Эрдэнэбат ахыг дагуулж явсан. Б************н ах, Эрдэнэбат ах бид гурав манай гэрийн гаднаас шууд Эрдэнэбулган сум руу хөдөлсөн. Замдаа шавар усанд саатаж нэлээн орой Эрдэнэбулган суманд очсон. Эрдэнэбат ах бид гурав Эрдэнэбулган сумын төв дээр очоод Б************н ахын эхнэр, хүүхэд байгаа газарт очиж хоносон. Тэгээд унтаж амраад маргааш нь гэр лүүгээ буцахаар болоод явж байх замдаа Эрдэнэбулган сумын цагдаатай тааралдаж саатуулагдсан. Саатуулсан цагдаа Б************н ахыг Эрдэнэбат ах бид хоёроос тусгаарласан. Эрдэнэбат ах бид хоёр Б************н ахыг хүлээгээд машин дотроо байж л байсан. 03 дугаар сарын 18-ны өдрийн өглөө Мөрөнгөөс ирсэн цагдаа нараас С.Э************ ахыг нас барсан гэдгийг сонссон. Тэгээд Мөрөнгөөс ирсэн цагдаа нарын хамтаар Цагаан-Үүр сум руу явсан... Талийгаач С.Э************, С.Б************н нар нь миний аав Төмөрчулууны төрсөн дүү нар байгаа юм. Энэ хоёр хоёулаа миний нагац ах нар бөгөөд энэ хоёртой ойрын төрөл садны холбоотой... Тухайн өдөр С.Э************ ах, Б************н ах хоёрын дунд маргаан гараагүй. Би энэ хоёрыг урьд өмнө хэрэлдэж маргалдаж байхыг харж байгаагүй. Энэ хоёр хоорондоо түшигтэй, эвтэй л харилцаатай байсан. Талийгаач С.Э************ ах маань өөрийн гэсэн гэр орон байхгүй эхнэр хүүхэдгүй байсан болохоороо Б************н ах болон манай гэр орноор ээлжлэн амьдарч байсан. Талийгаач С.Э************ ахын зан чанарын хувьд гэвэл хүнтэй харилцаа сайтай, элдэв муухай ааш авиргүй, хүнд тусархаг хүн байсан. Гэхдээ талийгаач ах маань архины хамааралтай хүн байсан бөгөөд архийг байнга шахуу хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ хүний үгэнд ордоггүй та нар надад заах болоогүй гэж хэлээд хэд хоног ч хамаагүй тэнээд алга болчихдог байсан. Архи уучихаараа л машинаа унаад гараад явчихдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амь хохирогч С.Э************тэй уулзахад талийгаач Э************ ахын биеийн байдал хэвийн байсан. Түүний биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Талийгаач ах маань миний мэдэж байгаагаар нас барахаасаа өмнө нэлээн хэд хоног архи уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

-Цоцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-47 тал/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 62 дугаартай:

1. Амь хохирогч С.Э************ нь нам температурын үйлчлэл буюу осголтын улмаас нас барсан байна.

2. С.Э************ийн биед хуйх, дух, доод уруул, эрүү, хэвлийд зулгаралт, зүүн буглаг, хэвлий, баруун, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн мөр, тохой, шуу, сарвуу, баруун шуу, баруун гарын сарвуу, баруун, зүүн чихэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Амь хохирогч нь шинжилгээнд орох үед нас бараад 2-3 хоног болсон байна.

4. С.Э************д үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. Амь хохирогч С.Э************ийн цусанд 1,6 хувь промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-51 тал/,

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаач С.Э************ийн биед гадна үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь амьд байх үед үүссэн шинэ гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач С.Э************ийн биед гадна үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байна. С.Э************ийн хэвлийд зулгаралт, цус хуралт үүссэн ба ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл биш. Согтолтын хэмжээнээс хамааран осгох эрсдэл, хувь хэмжээг тогтоодоггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

- Шүүгдэгч С.Б************нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед талийгаач Э************ ах маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд шөнө оройн цаг болсон байхад машинаа унаад гарч явах гээд надаас машиныхаа түлхүүрийг нэхээд байсан юм. Би тухайн үед та согтуу байна машины түлхүүр өгөхгүй гэж хэлэхэд талийгаач Э************ ах миний нуруу руу гараараа 2 удаа цохисон. Тэгэхлээр нь би зөрүүлээд цохисон. Миний хувьд талийгаач ахыг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Э************ ах надтай маргалдчихаад л гараад явсан. Явахдаа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тухайн үед машиных нь түлхүүрийг өгөөгүй учраас Э************ ахыг холдож чадахгүй байх гэж бодоод л унтаж амарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Соном овогт С************ын Э************ийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нас барсныг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 6701000084 дугаарт бүртгэсэн нас барсны гэрчилгээний хуулбар, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 80-81 тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав.

Үүнд: - Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган багийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай: “...тус багийн малчин С.Б************н ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тус багт байнга оршин суудаг болно. Б************н урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, сум, багийнхаа иргэдийн дунд нэр хүндтэй, ажилсаг, олны дунд биеэ авч явах чадвартай иргэн болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 72 тал/,-Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /хх-ийн 73-76 тал/,-Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 77 тал/,- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  78 тал/,- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 79 тал/,- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын  дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Б************н нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Б************нгийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б************н нь амь хохирогч С.Э************ийн оршуулгын зардалд 1,343,168 төгрөгийг төлж барагдуулсан болох нь амь хохирогчийн дүү Б.Үнэнбатын тодорхойлолт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 101 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б************нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, 4 үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Б************н нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч С.Б************нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 111 тал/, прокуророос сонсгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б************нд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Соном овогт ************гийн Б************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************гийн Б************нг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б************нд оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Б************нд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б************нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР