Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 174/2022/0059/Э |
Дугаар | 2022/ШЦТ/64 |
Огноо | 2022-04-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/64
2022 оны 04 сарын 06 2022/ШЦТ/64 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч М.Сумъяа,
шинжээч А.Болор-Эрдэнэ,
хохирогч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын дэд дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Саруул хотхоны 106 байрны 17 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Божоолой овогт Хүрэл-Ухнайн Наранбаатар
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр 11-ний өдрөөс 01 сарын 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 9-918 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ыг зодож эрүүл мэндэд нь дээд уруулын сэтэрсэн гүн шарх, зүүн хацар, зүүн чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед Тэгшжаргал бид хоёр маргалдаад Тэгшжаргал намайг гараад ир гээд гарсан. Би араас нь гарч очоод шатнаас бууж байхад Тэгшжаргал миний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би нэг удаа цохисон. Мөнхбаатар бид хоёрыг дундуур орж салгасан. Тэгшжаргал агсраад над руу дайраад байсан. Тэгж байгаад өөрөө бүдэрч унаад босож ирэхдээ ёолоод уруулаа сэтэлчихсэн байсан. Би Тэгшжаргалыг түлхэж барьсан зүйл байхгүй. Өөрөө бүдэрч унасан. Тэгшжаргал мэдүүлэг өгөхдөө Мөнхбаатарыг танихгүй, нэрийг нь мэдэхгүй гэж хэлсэн байсан. Сармандах хэлэхдээ Мөнхбаатарыг клипэнд тоглуулахаар хөдөө авч явдаг байсан, тэр айлаар орж гардаг байсан гэж хэлж байна лээ. Тухайн үед шууд цагдаа дуудаагүй. 1 цаг гаруй хугацаа болсны дараа цагдаа дуудсан. Би дүүгээ дуудаад эмнэлэг рүү авч явж оёдол тавиулсан. Тэгшжаргал ганцаараа явахгүй гээд хуурай дүү Баттулгыг засварын газраас нь авч явсан. Тэгээд эхнэрийг нь дуудсан. Эмнэлгийн гадаа очоод манай дүү Тэгшжаргалын ярьсан яриаг бичиж бичлэг хийсэн. Шүүхэд баримтаар өгсөн байгаа. Бичлэг дээр найз нөхдөөрөө явж байгаад би өөрөө төмрөн дээр бүдэрч унасан. Би хүн буруутгахгүй, хүн буруутгавал алдас болно. Хүн яаж ч яваа билээ гэж хэлсэн байгаа. Би Тэгшжаргалын нүүр рүү цохисон харин өшиглөөгүй. Тэгшжаргал над руу дайраад агсраад байхдаа бүдэрч унасан. Мөнхбаатар татаж босгосон. Бүдэрч унаад босож ирэхдээ нүүр нь цус болсон байсан. Би Тэгшжаргалыг өшиглөөгүй. Би цагдаад Тэгшжаргалыг өшиглөөгүй гэдгээ хэлсэн. Цагдаа нь тохиролцчихвол болох байлгүй дээ гэж хэлсэн. Бид хоёр маргалдсаны улмаас ийм байдалд хүрсэн. Би буруугүй, гэтэл хамаатан садан, найз нөхдөө дагуулж ирээд надаас 5, 6 сая төгрөг нэхэмжилсэн.Би тухайн үед болсон процессыг бүгдийг хэлсэн.. гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын морин хуурч, ая зохиогч, хөгжмийн багш урлагийн хүн. Би Сүхбаатар сум руу хоёр найзтайгаа хамт явчихаад ирсэн. Тухайн өдөр Сувдчимэг намайг дуудсан учраас би очсон. Би тодорхой хүмүүст танигддаг хүний хувьд тэр айл руу шууд ороогүй цонхыг нь балбаад байхад сонсохгүй байсан. Би 2012 оны хавьцаа клип хийхдээ хамт явж байсан, хальт таньдаг хүн байсан. Наранбаатар нилээн архи уусан байсан юм шиг байна лээ. Наранбаатар ахархаж яриад байсан. Үүнээс болж маргаан үүссэн. Би гаръя гэж хэлээд гараад нэг удаа цохисон. Дахиад цохиход Мөнхбаатар хаасан байх. Энэ бол 2-3 сарын өмнөх зүйл учраас бүрэн санахгүй байна. Гэрчүүд үнэн зөвийг хэлэхгүй байгаад гайхаж байна. Энэ хүн намайг гадаа зодчихоод цагдаа дуудаад ирэх хооронд гал тогоонд нь цохиж зодсон. Тэгээд намайг зодчихоод надаас “ ах нь олон нялх хүүхэдтэй, ийм асуудалд ормооргүй байна” гэж гуйсан. Миний бие өвдөөд байсан учраас би өвдөлтөө дарах гэж архи уусан. Би ч өөрөө 4 хүүхэдтэй, эхнэртэйгээ амьдардаг болохоор ойлгож байсан. Би өөрөө зовлон үзэж өссөн болохоор 2 цагдааг ирэхээр нь энэ ах нь намайг эмчлүүлээд асуудалгүй болгоод өгнө гэсэн. Бид хоорондоо ярилцсан гэж хэлээд цагдааг явуулсан. Гэхдээ цохиод өшиглөөд унагаагаад ийм болгосон ш дээ. Шударга байлдаа. Энэ хүн зардал мөнгийг зохицуулчихна гэж хэлсэн болохоор би эхнэрийнхээ хажууд тэгж хэлсэн нь үнэн. Би Баттулга дүүдээ Наранбаатарт зодуулсан гэдгээ хэлсэн. Мөн намайг үзсэн хоёр сувилагчид бас хүнд зодуулсан гэдгээ хэлсэн. Би ойр зуурын эмний мөнгө, сорвины тосны мөнгөний зардал гарсан. Энэ зардлаа нэхэмжилнэ. Би байнга тайзан дээр байдаг урлагийн хүн. Энэ асуудал болсноос хойш үр дүнгийн мөнгө бараг олгохгүй байгаа. Цаанаасаа ийм сорвитой хүний тоглолт, нээлтэнд явуулахгүй байгаа учраас миний урамшуулал олдохгүй байгаа. Би эхнэр, 4 хүүхэдтэйгээ амьдардаг, эмчилгээ хийлгээд явах боломж бололцоо байхгүй байна. Намайг бол Наранбаатар цохисон, өшиглөсөн зодсон.
Шинжээч А.Болор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч И.Сосорын шинжээчийн дүгнэлт гаргуулах тогтоолд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсыг хавсаргаж манайд ирүүлсэн. *******ын уруул язарсан шархтай, төмөр дээр унасан гэж ирсэн байсан. Дээд уруул сэтэрсэн шархтай байсан бөгөөд мэс заслын эмч оёдол тавьсан байсан. Дээд уруулд 8 ширхэг оёдолтой, хацарт зулгаралтай байсан. Миний хувьд яаралтай тусламжийн хуудасны тэмдэглэлийг хуулж бичсэн. *******ын гэмтэл 2014 онд батлагдсан ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж дүгнэлт гарсан. *******ын гэмтэл бол гараар цохих, хавтгай гадаргуутай газар унахад үүсэхгүй. Энэ шарх нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр л үүснэ. Гүн урагдсан шарх байсан. Ирмэгтэй зүйл гэдэгт гутал энтэр орохгүй үгүйсгэхгүй. Харин хавтгай газар унахад энэ шарх үүсэхгүй. Нүүр царайны төрхийг илт өөрчилсөн, мэс заслаар зайлшгүй засах гэсэн ойлголтод хамаарахгүй. Манай хэн энэ гэмтлийг учруулсан гэдгийг гаргахгүй. Энэ гэмтэл бол энгийн хөдөлмөрийн чадварт бол нөлөөлөхгүй... гэв.
-Яллагдагч *******ын: Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тухайн үед болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан.Мөн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед шиг санаж байна найз О.Сувдчимэг над руу залгаад би айлд байна гээд байгаа айлаа зааж өгөхөөр нь тухайн айлд очсон.Тухайн айл нь Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 9-918 тоотод байдаг.Уг айлд очоод О.Сувдчимэг, тухайн айлын эхнэр, нөхөр байсан бөгөөд би тухайн хүмүүстэй танилцсан. Өмнө нь таньдаггүй байсан одоо таньдаг болсон.Намайг очиход тухайн хүмүүс нь Хараа нэртэй 0.5 литрийн архи задалж өгөөд бид нар бөөндөө тухайн архийг хамт уугаад талдаа орж байхад шөнийн 01 цагийн үед тус айлын хаалга, цонхыг хүн тогшиход Д.Сармандах хэн бэ гэхэд хэн нь ямар хамаатай юм хаалга тайлаа гэхэд нь Т.Мөнхбаатар гэрийнхээ хаалгыг нээж өгөхөд танихгүй эрэгтэй хүн орж ирсэн.Тэгэхээр нь би танихгүй хүнд хэлэхдээ /******* нь уг айлд гаднаас орж ирэхдээ өөрийнхөө зүс царай мэдэгдэхгүй болтлоо малгай маскаар далдалсан байхаар нь/ айлд орж ирсэн хүн байж малгай, маскаа ав гээд малгайг нь авахад театрын Тэгшээ байхаар нь чи Тэгшээ л байна гэхэд Тэгшжаргал нь надад хандаж хэлэхдээ хэн нь чамд ямар ч хамаагүй хамаа байхгүй гэх мэтээр уурласан.Тэгэхээр нь би миний дүү монгол хүн байж ах, захтай бай, надаас олон насаар дүү гэхэд миний өөдөөс уурлаад уг асуудлаас болоод бид хоёр хэрэлдэж маргалдаж муудахад хамт байсан хүмүүс та нар одоо болцгоо гэхээр нь би тухайн хүнтэй маргалдаж муудахаа больсон. Би Тэгшээгийн малгайг нь авснаас болоод бид хоёр маргалдаж муудах болсон.Тэгээд бид нар тухайн архийг үргэлжлүүлэн уугаад байж байхад ******* нь надад уурлаад байгаа нь ил мэдэгдэж архи ууж байгаад намайг хэл амаар өдөөд байхаар нь тухайн хүйд хандаж хэлэхдээ миний дүү ах, захтай байгаарай гэж хэлэхэд чиний ах гэж юу байдаг юм гээд намайг заамдаад авахад гэрт байсан хүмүүс та хоёрт манайд зодолдохгүй шүү гэхэд ******* чи гараад ир гээд уг айлаас гарахаар нь би ардаас нь гарсан миний ардаас Т.Мөнхбаатар гарч ирсэн.Тухайн айлын гэрийн үүдний довжооноос буухад ******* нь гараараа миний нүүр рүү цохиход нь би бултаж зүүн чихний дээд хэсэгт хальт цохиулахад миний цамцнаас заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан.Тэгэхэд Т.Мөнхбаатар голоор орж ирээд бид хоёрыг салгахад Тэгшээ дахин над руу дайрч байгаад газар унаад босож ирэхдээ яая гэх шиг болохоор нь би тухайн хүнтэй дахин зодолдоод яахав гэж бодоод уг айл руу орсон. Уг айлд ороход Сармандах, Сувдчимэг хоёр та нар яасын хоорондоо муудаад байгаа юм уу, яагаад хувцас чинь урагдсан бэ гэхээр нь Тэгшээ бид хоёр маргалдаж муудаж байгаад цамцаа урчихлаа гэхэд ардаас Мөнхбаатар, Тэгшээ нарын хүмүүс орж ирсэн бөгөөд Тэгшээгийн дээд талын зүүн талын уруул нь маш том хэмжээтэй язарч цус гарсан байдалтай орж ирсэн.
Тэгээд чи намайг ийм болгосон гээд дахин над руу дайраад байхаар нь тухайн хүнийг хувцаснаас нь барьж байгаад газар унагаахад хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан.Тэгэхэд Мөнхбаатар бид хоёрт хэлэхдээ та хоёр хоорондоо зодолдохын хувьд зодолдсон, тэгэхдээ Наранбаатараа би чамайг Тэгшээг цохисноос болоод ийм болсон юм уу, эсвэл газар унасны улмаас ийм гэмтэл учирсан гэдгийг нь мэдэхгүй байна.Тэгэхэд хамт байсан эмэгтэйчүуд хүнийг цохиход ийм гэмтэл учирна гэж байхгүй, газар унасны улмаас уг гэмтэл үүснэ гэхэд Тэгшээ нь тухайн 2 эмэгтэйчүүдтэй хэрэлдэж маргалдаж муудсан.
Тухайн үед Б.Тэгшээ согтуу байсан учраас эхлээд ******* намайг цохиж зодож, газар түлхэж унагаасны улмаас миний биед уг гэмтлийг учруулсан, миний хажууд Мөнхбаатар : харсан гээд байж байгаад сүүлдээ ******* бид хоёр маргалдаж муудсан, тэгэхдээ энэ гэмтлийг ******* учруулсан зүйл байхгүй, би өөрөө газар унаад уг гэмтлийг авсан гээд байсан...гэх мэдүүлэг /хх-40-41/
- Хохирогч *******ын: 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-ны шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар сумаас аймгийн төвд орж ирэхэд найз Сувдаа залгаад би найзуудтайгаа хамт сууж байна манай найзын гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Сувдаагийн хэлсэн айлын гадаа ирээд хаалгыг тогшиход тус айлд байсан хүмүүс хэсэг хугацаанд онгойлгож өгөөгүй. Өмнө нь Мөөгий гэх айлынд очиж байгаагүй учраас тэнд байсан хүмүүсээс санаа зовоод байсан учраас гадуур хувцас, малгай масктайгаа байхад ******* нь “хэн гэх хүн гаднаас орж ирэв” гээд миний малгай, амны хаалт /маск/-г тайлаад авахаар нь би согтуу хүнтэй маргалдаж муудаад хэрэггүй гэж бодоод тухайн хүнтэй маргалдаж муудаагүй. Тэгээд бид нар бөөндөө юм ярьж байгаад *******ыг юу байна хөгшөөн гэхэд чи надаас дүү, ах захаа хүндлэхгүй гэж хэлээд бид хоёр уг асуудлаас болоод хоорондоо маргалдаж муудсан. Тэгээд бид хоёр уг айлаас гарч байгаад учраа олохоор болоод гэрээс гарахад Мөөгий бид хоёртой хамт гарсан. Уг айлын гэрийн үүдний довжооноос буугаад *******тай хэрэлдэж маргалдаж муудаж байгаад тухайн хүнийг гараараа нүүр рүү цохиход буцаад миний нүүр рүү цохисон. Тэгэхэд голоор Мөөгий бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёр дахин зууралдаж байгаад ******* миний нүүр рүү гараараа цохиход нь би газар унасан. Газар унасны дараа ******* нь миний нүүр рүү өшиглөхөд Мөөгий салгасан. Би босоод тухайн хүн рүү дахин дайрахад намайг газар түлхэж унагаахад нь би нүүрээрээ унасан. Тэгэхэд миний зүүн уруул язарч их хэмжээний цус гарсан...гэх мэдүүлэг /хх-06-07/,
- Гэрч *******: 2022 оны 01 дүгээр сарын 11-ний оройны 19 цагийн үед эхнэр найз Сувдаа гэх эмэгтэйг гэртээ дуудахад тухайн эмэгтэй удалгүй манайд ирсэн. Тэгээд эхнэр хоол цай хийж байх хооронд би дэлгүүрээс 2.5 литрийн пиво авчирч тухайн пивийг бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд бид 3, 0.5 литрийн архи дөнгөж задлаад уугаад эхэлж байхад гаднаас ******* гэх залуу 22 цаг нэлээн өнгөрч байхад орж ирсэн. Тэгшээ гаднаас орж ирсэн учраас малгай максаа тайлаагүй байсан /тухайн үед хэн нь танигдахгүй өөрийгөө малгай маскаараа зүс царайгаа нуусан байсан/ тэгэхэд ******* гэх залуу Тэгшээгийн малгайг аваад хөөе чи Тэгшээ л байна ш дээ гэхэд хэн нь чамд ямар хамаа байна гэхэд чи ах захтай байгаарай би чамаас ах хүн шүү гээд тухайн хүмүүс нь хоорондоо хэрэлдэж маргалдаж муудсан. Гэрийн үүдний шатнаас буугаад Тэгшээ нь *******ыг зүгээр байхад нь нүүр рүү гараараа 2 удаа цохих шиг харагдсан, тэгэхэд ******* зөрүүлээд нүүр рүү гараараа цохисны улмаас газар унахад нь нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би тухайн хүмүүсийг залгахад Тэгшээ дахин *******ыг цохиход буцаад тухайн хүн нь цохих гээд байхаар нь би цохиулаагүй, тэгээд ******* Тэгшээг гараараа түлхэж унагаахад Тэгшээ газар унахдаа нүүрээрээ унахаар нь татаж босгоход дээд уруул нь язарч цус гарахаар нь гэрт дагуулж ороод цусыг нь угааж өгөөд 00 цаасаар дарж тогтоож өгсөн. Тэгшээгийн уруулыг ******* түлхэж унагаасан, нүүр рүү нь гараараа цохисон, нүүр рүү өшиглөсний улмаас уруул нь язарсан...гэх мэдүүлэг /хх-12-13/,
- Гэрч *******: 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед би нөхөр ******* хамт гэртээ байж байгаад танил найз О.Сувдчимэгийг гэртээ дуудахад удалгүй манайд ирсэн. Тэгээд би хоол цай хийж дууссаны дараа тухайн архийг задлаад бид гурав тойруулаад ууж байхад О.Сувдчимэг нь би найзыгаа дуудчих уу гэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрсөн. Тэгээд удалгүй гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд нөхөр бид хоёрт О.Сувдчимэг тухайн залууг танилцуулсан. Тэгээд бид нар бөөндөө юм яриад тухайн архийг ууж байхад гэрийн хаалга, цонхыг хүн тогшиход нь нөхөр гэрийн хаалгыг нээж тухайн хүнийг оруулсан. Гаднаас орж ирсэн хүнийг Наранбаатар нь чи айлд орж ирж байж малгай маскаа ав гэж хэлээд тухайн танихгүй хүний малгайг нь тайлж авахад хамт байсан хүмүүс тухайн хүнийг бүгд таньж байсан. Тэгээд сүүлд орж ирсэн хүн *******тай уг асуудлаас болоод маргалдаж муудаад гэрээс гараад явсан. Харин удалгүй нөхөр тухайн хүмүүсийн ардаас гарсан. Удалгүй ******* гэрт орж ирэхдээ цамц нь урагдсан орж ирэхээр нь та нар хоорондоо зодолдоод байгаа юмуу гэхэд гэрээс гарахад гэрийн үүдний довжоон дээр нөхөр болон Тэгшээ нарын хүмүүс зогсож байсан бөгөөд Тэгшээгийн уруулнаас нь цус гарч байхыг хараад буцаад гэртээ ороод *******ыг чи цохисон юм уу гэхэд би цохиогүй харин гараараа түлхсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15-16/,
-Гэрч*******: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байх “Дөрвөн бэрх” авто засвар, угаалгын газрыг ажиллуулдаг. Өөрийнхөө засварын газарт унтаж байхад 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнийн 04 цаг нэлээн өнгөрч байхад гадаа гражны хаалгыг хүн тогшоод балбаад байхаар нь онгойлгоход танил ах Тэгшээ, Х.Сүх-Очир, танихгүй ахын хамт ирцгээсэн бөгөөд Тэгшээ ах, танихгүй ах хоёр бага зэргийн архи уусан халамцуу байсан. Тэгэхээр нь ямар учраас шөнөжингөө архи уугаад ирж байгаа талаар асуухад Тэгшээ ах надад хэлэхдээ ах нь хүнд зодуулчихлаа гээд уруулаа харуулсан. Тухайн үед Тэгшээ ахын зүүн дээд уруул нь зүсэгдэж язарсан, тус гэмтэл нь маш том хэмжээтэй байсан, зүүн талын шанаа хэсэгт бага зэргийн зүсэгдсэн гэмтэлтэй байхаар нь хэнд зодуулсан талаар асуухад ах нь өөрөө газар унасан гэхээр нь битгий худлаа яриад бай, унаад юу гэж ийм гэмтэл үүсэхийн бэ?, хүнд зодуулж байж ийм гэмтэл үүснэ, архиныхаа халуун худлаа яриад бай гэхэд ******* гэх хүнд цохиж зодуулсан, тухайн хүн нь намайг гараараа нүүр рүү цохиж, өшиглөж, түлхэж унагаасны улмаас ийм болсон гэхээр нь *******тай маргалдаж муудахад тухайн хүний дүү Х.Сүх-Очир бид хоёрыг голоор орж салгасан. Тэгэхдээ бид хоёр хэрэлдэж маргалдаж муудсан, харин бие биенийгээ цохисон ямар нэгэн асуудал байхгүй. ******* нь надад хэлэхдээ ах нь Тэгшээг ийм болгосон гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-18-19/,
- Гэрч *******: 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед гадуур явж байгаад танил Д.Сармандахтай тааралдаад бид хоёр тухайн айлд очсон. Уг айлд очиход ******* нөхөр нь байсан бөгөөд тухайн айлын эзэнтэй танилцсан. Тэгээд тухайн хүмүүс нь хоол цай хийж өгөөд бид 3 нийлээд 2.5 литрийн пиво ууцгаасан. Оройны 22 цаг өнгөрч байхад найз ******* над руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь байгаа газраа зааж өгөөд удаагүй байхад ******* 0.75 литрийн архитай ирсэн. Тэгээд бид нар бөөндөө тухайн архийг хувааж уугаад дуусаж байхад тухайн айлын хаалга, цонхыг хүн тогшоод балбаад байсан. Тэгээд бид нар бие биенээсээ та нар өөр хүн дуудсан хүн байгаа юу гэхэд өөр дуудсан хүн байхгүй байсан. Тэгээд уг айлын эзэн гэрийнхээ хаалгыг нээгээд тухайн хүнийг гэртээ оруулсан. Тэгэхэд ******* гаднаас орж хүнийг айлд орж ирсэн хүн байж малгай маскаа ав гэж хэлээд малгайг нь тайлахад театрт ажилладаг морин хуурч Тэгшээ байсан. Тэгээд тухайн хүмүүс нь удалгүй гэрээс маргалдаж муудаад гэрээс гараад явсан. Эхлээд Тэгшээ гэрээс гарахад ардаас нь *******, гэрийн эзэн, гарч байхыг харсан. Тэгээд хэсэг хугацаанд юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн хүмүүс нь орж ирээд Тэгшээ нь чи намайг ийм болгосон гээд ******* руу дайраад эдгээр хүмүүс нь хоорондоо маргалдаж муудаад байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 83 дугаартай: “...*******ын биед дээд уруулын сэтэрсэн гүн шарх, зүүн хацар, зүүн чихэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-40-41/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 85 дугаартай: *******ын биед зүүн чамархайд няцрал, зүүн өвдгөнд цус бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-47-48/,
- Шинжээч *******: Тус гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн улмаас үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Тус гэмтлийг цохих, өшиглөх үед үүсэх боломжтой гэсэн үг..гэх мэдүүлэг /хх-52/
- *******ын үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-73-74/
- *******ын Голомт банкны дансны хуулга /хх-77, 79-82/
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.01.19-ний өдрийн 45 дугаартай тодорхойлолт /хх-71/
- Энгийн эмийн жор, Баруун-Урт эмийн сангаас эм авсан баримтууд
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* 2022 оны 01 дүгээр 12-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 9-918 тоот иргэн хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ыг зодож эрүүл мэндэд нь “ дээд уруулын сэтэрсэн гүн шарх, зүүн хацар, зүүн чихэнд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч *******ын зүгээс “ хохирогч *******ыг зодож цохисон үйлдлийг үгүйсгээгүй боловч уруул сэтэрсэн шархыг унахдаа авсан” гэж маргаж буй нь хохирогч *******ын “ би *******тай хэрэлдэж маргалдаж муудаж байгаад гараараа нүүр рүү цохиход буцаад миний нүүр рүү цохисон. Тэгэхэд Мөөгий голоор орж бид хоёрыг салгасан. Дахин зууралдаж байгаад ******* миний нүүр рүү гараараа цохиход нь би газар унасан. Газар унасны дараа ******* нь миний нүүр рүү өшиглөхөд Мөөгий салгасан. Газар унахад хад миний зүүн уруул язарч их хэмжээний цус гарсан” гэх /хх-06-07/ мэдүүлэг болон тухайн үйл явдлыг болоход хажууд байсан гэрч ******* “Гэрийн үүдний шатнаас буугаад Тэгшээ нь *******ыг зүгээр байхад нь нүүр рүү гараараа 2 удаа цохих шиг харагдсан, тэгэхэд ******* зөрүүлээд нүүр рүү гараараа цохисны улмаас газар унахад нь нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн хүмүүсийг салгахад залгахад Тэгшээ дахин *******ыг цохиход буцаад тухайн хүн нь цохих гээд байхаар нь би цохиулаагүй.*******, Тэгшээг гараараа түлхэж унагаахад Тэгшээ газар унахдаа нүүрээрээ унахаар нь татаж босгоход дээд уруул нь язарч цус гарахаар нь гэрт дагуулж ороод цусыг нь угааж өгөөд 00 цаасаар дарж тогтоож өгсөн. Тэгшээгийн уруулыг ******* түлхэж унагаасан, нүүр рүү нь гараараа цохисон, нүүр рүү өшиглөсний улмаас уруул нь язарсан ” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2.” хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******ын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 83 дугаартай дүгнэлтээр *******ын биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүй сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан” байдал хамаарахаар тогтоосон ба бөгөөд хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
4. Хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын тухайн үедээ түүнийг цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.
5. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Шүүгдэгчийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа *******тай маргалдан улмаар түүнд цохиулсны улмаас *******ыг түлхэж унаган зодож мэндэд нь хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь энэ ангиллын гэмт хэрэгт анх удаа холбогдон эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч *******ын түүнийг эхэлж цохисон зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Шүүгдэгч *******ын эрхэлсэн ажилгүй байгаа болон түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 500.000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд, нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор Баруун-Урт эмийн сан 1-ээс 105.180 төгрөгийн, Монос Сүхбаатар ХХК эмийн сангаас 37.500 төгрөгийн, нийт 142680 төгрөгийн баримтыг гаргаж өгч, эмчилгээний зардлаа нэхэмжилжээ.
Тэрээр Баруун-Урт эмийн сан 1-ийн 2022.01.13-ны өдрийн 105180 төгрөгийн баримтанд буй 15000 төгрөгийн үнийн дүнтэй Тайлал хот нэртэй ханиадны эм нь уг түүнд учирсан хөнгөн гэмтлийн хохирол, хор уршигтай холбоогүй гэсэн тул түүний дээрх нэхэмжлэлээс 15000 төгрөгийг хасаж 127.680 төгрөгийг *******аас гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ
Хохирогч нь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад зардал зэрэг хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Энэ нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт хавсаргагдсан 1 ширхэг СД-г хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хадгална.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Божоолой овогт Хүрэл-Ухнайн Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхийн тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, 1 ширхэг СД-г хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 127.680 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн иргэн, хохирогч *******д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН