Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 11                   2022/ШЦТ/67                                   Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч М.Ханджав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

шүүгдэгч *******,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130002910079 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, , 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, Зээрднүүд овогт Сүхээгийн Батжаргал РД:*******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн гэх газарт 32-43 УНЭ улсын дугаартай Карина загварын тээврийн хэрэгслээр *******ийг мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн дунд чөмөгний зөрөөтэй ил хугарал, баруун умдаг суудал ясны хугарал, зүүн гуяны урагдсан том хэмжээний шарх, цус алдалтын дараах цус багадалт ” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед согтуу байсан. Хонио дарахаар явахдаа машинаараа хохирогчийг мөргөсөн. Хохирогч нь манай ээжийн төрсөн дүү юм. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн... гэв.

 

Эрүүгийн 2130002910079 дугаартай хэргээс

 

- Яллагдагч *******ын: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай том ах Улаанбаатар хотоос манай хөдөө гэрээс идэш авахаар Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багт байх Авдарын гол гэх газар ирсэн. Улаанбаатар хотоос надад 0.5 гр архи авчирч өгсөн тэрийг нь ганцаараа уусан. Миний бие гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин Лутсүх ах надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-132-133/

 

- Хохирогч *******ийн: Эхнэр бид хоёр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг Авдарын гол гэх газарт очсон. Тухайн айлд очиход ******* нь согтуу байсан. Мөн манай 2 дүү байсан бөгөөд дүү нар эхнэр бид 2-ын түр хугацаанд амьдрах сууцыг янзалж байсан. Тухайн айлын гадна ертөнцийн зүгээр хойд зүг рүү хараад зогсож байсан марк, дугаарыг нь мэдэхгүй цагаан өнгийн машин байсан. Харин тухайн айлын зүүн талд зүүн тийшээ харсан байсан Портер машин байсан ба тухайн машин дээрээс мотор буулгах гэж байхаар нь би дүү нартаа туслах зорилгоор очиход ардаас машин ирээд мөргөсөн. Тэгэхээр нь хэн намайг дайрчихваа гээд эргээд харахад ******* нь гэрийнхээ урд талд байсан машиныг бариад намайг ар талаас мөргөсөн. Тэгэхээр нь босох гэхэд босож чадахгүй байсан. Тэгээд би Батжаргалд хандаж “намайг нэг мөсөн дайраад алчих” гэж хэлж байсан. Тухайн асуудал маш түргэн хугацаанд болоод өнгөрсөн учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Намайг ******* мөргөсөн асуудлыг түүний хүүхэд харсан байх гэж бодож байна.******* болон түүний ар гэрийнхэн манай хүүхдүүдэд миний эмчилгээний зардалд нийт одоогийн байдлаар 1.900.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг эмчилгээндээ зарцуулсан. Надад гаргаж өгөх эмчилгээний баримт бичиг байхгүй. Өөрт шаардлагатай эм тариаг дандаа энэ тэндээс авхуулж хэрэглэж байсан. Одоогийн байдлаар гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-38-40/,

 

- Гэрч *******: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сумын 3 дугаар баг “Авдарын гол” гэх газар Батжаргалын гэрт чирдэг сууц янзлаад байж байх хооронд Батжаргал согтуу бид нарт “би та нарыг ална, би өнөөдөр та нарт хүн яаж алдгийг харуулна, муусайн гөлөгнүүдээ” гээд агсамнаж байсан. Тухайн үед бид нар огт тоогоогүй. Учир нь өмнөх орой нь бас архи уучихаад агсамнаж байсан болохоор юм бодолгүй сууж байсан. Осол болдог өдөр 14 цагийн үед Лутсүх ах эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Удалгүй бид нар худгаас ямаа гаргахдаа ашигласан багажуудаа Портер дээрээс буулгах гэж байтал Лутсүх ах дэмнэж туслахаар болж Батжаргалын гэрээс Портер луу зүглээд алхаж байхад нь гэнэт машин хүчтэй хаазлах шиг болоод юм түжигнэх чимээ гарахаар нь би эргээд хартал Батжаргал машинтайгаа миний Портерыг мөргөсөн. Яг тэр үед цаанаас нь хүн алчихлаа гээд Цог-Идэр ах орилоод гүйхээр нь би яваад очтол Лутсүх ах газар хэвтчихсэн байсан. Би Батжаргалын машиных нь араас нь харсан болохоор урд нь хүн байгааг анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-46-48/,

 

- Гэрч *******: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сумын 3 дугаар баг “Авдарын гол” гэх газар пинд гэдэс арилгаад сууж байтал манай хүү, Лутсүх ах 2 тэвштэй машин дээр юм хийх гээд явж байсан. Тэгтэл манай нөхөр Батжаргал нь машинтай хөдлөх гэхээр нь түлхүүрийг нь би нуучихсан байхад Лутсүх ахын хүү Эрдэнэбаатар намайг түлхүүрийг нь өг гээд загнахаар нь манай хүү Мөнхзаяа өгчихсөн гэсэн. Тэгтэл манай нөхөр Батжаргал машинаа асааж хөдлөхдөө Лутсүх ахыг мөргөчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-51-52/,

 

-Гэрч ******* дахин мэдүүлэг: Манай нөхөр Батжаргал нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хөдөө гэртээ архи уугаад надтай маргалдаж, ээжийнх нь дүү Олзвой ахтай маргалдаад байх шиг байсан, тэгээд унтсан. Маргааш өглөө нь архи нь гараагүй босож ирээд жаазны ард байсан тал шилтэй архийг уугаад буцаад согтчихсон. Тэгээд байж байхад хүн сүйд боллоо гээд Идрээ ах бахирхаар нь гараад очсон чинь Батжаргал гэрийнхээ баруун урд талд урагш хараад зогсож байсан машинтайгаа гэрийн урд зүүн тийшээ хараад зогсож байсан. Олзвой ахын Портер машиныг мөргөчихсөн байсан. Харин Лутсүх Батжаргалын машины хамрынх нь хажууд газар уначихсан байсан. Би Батжаргалд хандаж чи Лутсүх ахыг дайрчихлаа гэсэн чинь би дайраагүй мэдэхгүй гээд болсон асуудлыг сайн мэдэхгүй согтуу байсан. Тухайн өдөр хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй, миний хажууд лав муудаж маргалдсан зүйл байхгүй. Ер нь Батжаргал 2000 оноос хойш архи ууж байгаа архи уухаараа л та нарыг ална энэ тэр л гэж ярьдаг. Намайг хүртэл тэгж л байдаг. Бусдаар бол хэнд нь ч гар хүрч зодож цохидог асуудал байхгүй. Батжаргалын даралт байнга ихсэж эм уудаг группэд байдаг, зүрх нь их өвддөг. Мотоциклоос олон удаа ойчсон болохоор гар нь өвддөг. Толгой тархи нь өвддөг, нойргүй унтаж чаддаггүй. Манай нөхөр өглөөнөөс хойш машинаа согтуу барих гээд байхаар нь би түлхүүрийг нь аваад халаасандаа хийчихсэн байсан чинь Лутсүх ахын хүү Эрдэнэбаатар та нар Батжаргал ахын машины түлхүүрийг нь авсан бол өгөлдөө гээд байхаар нь би өөрийн хүү Мөнхзаяад машиных нь түлхүүрийг өгсөн чинь манай хүү машиных нь суудал дээр үлдээсэн юм билээ. Тэрийг нь Батжаргал хайж яваад олж аваад хөдлөхөд нь Лутсүх таарсан юм шиг байгаа юм, тэрнээс бол албаар мөргөөгүй байх. Батжаргалын машин урд зүгрүү харсан байсан ийш, тийшээ муруйгаагүй яг байрлуулсан зүгрүүгээ чигээрээ явж байхад нь Лутсүх ах замд нь таарч мөргүүлж хажуу тийшээ ойчоод цаана нь Портер машиныг мөргөсөн байсан....гэх мэдүүлэг /хх-64-65/,

 

-Гэрч *******: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сумын 3 дугаар баг “Авдарын гол” гэх газар байрлах гэртээ Портер дээрээс юм буулгах гэж байтал манай аав машинаа унаж хөдлөөд гэрийн баруун урд талаас зүүн тийшээ дараад баруун урагшаа явахад машиных нь урд Лутсүх ах байж таараад Лутсүх ахын ардаас нь /манай аавыг ирж байгааг мэдээгүй/ манай аав машинтайгаа мөргөөд Лутсүх ахын цаана байсан Портерыг мөргөж зогссон...гэх мэдүүлэг /хх-55-56/,

 

-Гэрч *******: 2021 оны 10 дугаар сарын 22-ны үдийн үед Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг “Авдарын гол” гэх газар аав, ээжийгээ аваад 3-уулаа очсон. Манай 2 авга ах манай аавын суух явуулын сууцыг засварлаад дууссан байсан. Тэр үед би ээж, Олзвой ах нарын хамт гал яаж түлэх талаар ярилцаж байхад сууцны гадна пид хийх чимээ сонсогдохоор нь юу болов гээд гүйгээд очиход Идэр ах уйлаад сууж байсан. Хажууд нь очсон чинь аав байсан. Тэгээд аавыг босгох гэхэд босохгүй байхаар нь хөдөлгөж болохгүй гээд түргэн дуудсан. Тухайн үед аав Батжаргалд мөргүүлчихээд би энэ хүний гарт үхэх ёстой юм байна гэж хэлж байсан. Өс хонзонгийн зүйл байхгүй, миний хажууд муудсан зүйл байхгүй. Өмнөх өдөр нь архи уусан гэсэн, тухайн үед архи уучихсан босож, суугаад, орж гараад байсан. Миний бие харсан. Өөрийн хэмжээнд зурж өгч болно. Батжаргалын машин гэрийнхээ баруун урд талд урагш харсан байдалтай байсан Портер машин гэрийнх нь урд зүүн зүг рүү харсан байдалтай байсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-69-70/,

 

- Гэрч *******: 32-43 УНЭ улсын дугаартай Карина маркийн автомашин миний машин мөн гэхдээ би зараад 6-7 жил болж байна. Тухайн үед нотариатаар гэрээ байгуулаад зарж байсан. Нэрээ шилжүүлээгүй гэдгээ би ч мартсан байна ...гэх мэдүүлэг /хх-74/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн “******* цус” шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* цус” гэсэн хаягтай цуснаас 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-79-80/,

 

  • Хохирогч *******ийн Өвчний түүх/хх-87-98/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 532 дугаартай: *******ийн биед зүүн дунд чөмөгний зөрөөтэй ил хугарал, баруун умдаг суудал ясны хугарал, зүүн гуяны урагдсан том хэмжээний шарх, цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-99-100/,

 

- Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн 2022.01.27-ны өдрийн 2202053 дугаартай “Карина загварын автомашин 2.555.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-105-115/

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-06-20/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-33/,

 

  • 2021.11.18-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-25-27/

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2022.03.09-ний өдрийн 06 дугаартай тогтоол /хх-32-33/

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-137-139/

 

  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-140/

 

- *******ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-141-142/

 

- *******ын Амбулатороор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-143/

 

- Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021.10.25-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт /хх-144/

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-145/

 

  • *******ын Малын А данс /хх-146-147/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ хэрэглэх тухай санал /хх-161/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн гэх газарт 32-43 УНЭ улсын дугаартай Карина загварын тээврийн хэрэгслээр *******ийг мөргөж, эрүүл мэндэд нь “ зүүн дунд чөмөгний зөрөөтэй ил хугарал, баруун умдаг суудал ясны хугарал, зүүн гуяны урагдсан том хэмжээний шарх, цус алдалтын дараах цус багадалт ” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн мэдүүлэг, шинжээчийн 532 дугаартай “*******ийн биед зүүн дунд чөмөгний зөрөөтэй ил хугарал, баруун умдаг суудал ясны хугарал, зүүн гуяны урагдсан том хэмжээний шарх, цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ. 

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2.” хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******ийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 532 дугаартай дүгнэлтээр *******ийн биед учирсан гэмтлийг хүнд гэмтэл гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.Үүнд:2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” байдал хамаарахаар тогтоосон ба  бөгөөд хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын тухайн үедээ түүнийг машинаар мөргөсөн уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.

 

5. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******ийг машинаар мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Шүүгдэгчийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд согтуурсан, өөрийн үйлдлийг хянах чадваргүй үедээ машин барьснаар тухайн орчин тойрны хүмүүс, бусдын эд хөрөнгөд гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хэт согтуурснаас бусдын машин асаан хөдөлж *******ийг машинаар мөргөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас хохирогч *******эд учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйл заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих...” ялтай бөгөөд прокуророос түүнд 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч ******* хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь анх удаа эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, тэдгээр нь садан төрлийн холбоотой,хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000,000 төгрөгийн торгох ял оногдуулах” ялыг оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Шүүх шүүгдэгч *******ын хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “..******* болон түүний ар гэрийнхэн манай хүүхдүүдэд миний эмчилгээний зардалд нийт одоогийн байдлаар 1.900.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг эмчилгээндээ зарцуулсан. Надад гаргаж өгөх эмчилгээний баримт бичиг байхгүй. Өөрт шаардлагатай эм тариаг дандаа энэ тэндээс авхуулж хэрэглэж байсан. Одоогийн байдлаар гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******ыг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Сүхээгийн Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 / арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. *******д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэрэгт *******ын эзэмшлийн 32-43 УНЭ улсын дугаартай Карина загварын автомашиныг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН