| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/0068/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/69 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/69
2022 оны 04 сарын 12 өдөр 2022/ШЦТ/69 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******өд холбогдох 223000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, ******* төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, Боржигон овогт Баасанжавын Отгонмөнх
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкин дотроос Iphone-X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 887.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруу дээр маргахгүй, хэлэх үг байхгүй, мэдүүлэг өгөхгүй...гэв.
Эрүүгийн 2230000000099 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын Хаан банканд гар утасны лизинг ирсэн байхаар нь тухайн гар утаснуудыг сонирхох гээд эхлээд очсон. /Би өөрөө I phone-7 маркийн гар утас барьдаг, утсаа солих гэхээр надад мөнгө байхгүй учраас тухайн газарт ирсэн утаснуудыг эхлээд сонирхох журмаар очсон./ Лизингээр ирсэн утаснуудыг том ширээн дээр өрөөд тавьсан байсан бөгөөд тухайн утаснуудыг манай сумын иргэд ихээр сонирхож байсан, мөн уг гар утаснуудыг нэг л эрэгтэй хүн бусдад худалдан борлуулж байсан учраас тухайн хүнийг өөр хүнд гар утас тайлбарлаж, зарах гэж байх хооронд нь ширээ нь дээр өрөөд тавьсан байсан гар утаснуудаас хамгийн урд талд байсан гар утсыг хулгайлаад куртикний зүүн талын халаасандаа хийсэн. Би утас зарж байгаа хүнээс өөр утас сонирхож байгаа мэтээр асууж байгаад гараад явсан. Би хулгайлсан гар утсаа гудамжинд үзэхэд тухайн гар утас нь асаалттай байхаар нь үзэж байгаад хүн харахаас өмнө нь сумын Уяачдын холбооны байрны урд талд байх төмөр чингэлэг доогуур даавуунд ороогоод хийсэн. Тэгээд гэр рүүгээ явж байж байхад тухайн гар утасны эзэн залуу, нэрийг нь мэдэхгүй байна, ардаас ирээд чи гар утас үзэж байгаад хулгайлсан байна, өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хэллээ гэхээр нь айсандаа тухайн гар утсыг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн.Ашиг олох шунахайн сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Миний хулгайлсан гар утас нь I phone-X маркийн гар утас бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас байхгүй, шинэ утас байсан. Утасны ард талын доод талд ногоон өнгийн цаасан дээр 1.200.000 гэсэн бичиглэлтэй байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-45-46/
- Хохирогч *******: Би Баруун-урт суманд хувиараа бизнес эрхэлдэг. Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө ******* суманд утас зарах ажлаар ирсэн. Би ******* сумын Хаан банкин дотор гар утсаа зараад байж байхад орой 17 цагийн үед утсаа бүртгэхэд нэг тооны I phone-X маркийн гар утас дутсан болохоор би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Миний алдсан гэх утас I phone-X маркийн гар утас байгаа юм. Ар талдаа хоёр камертай урдаа нэг камертай шилэн наалттай ар талын талдаа ногоон өнгийн наалддаг цаасан дээр 1.200.000 гээд бичсэн байгаа. Би алдсан гар утсаа 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би өөрийн алдсан эд зүйлээ олж авмаар байна. Би хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. ******* нь надаас уучлалт гуйсан тул гомдол, санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-13-14,16/,
-Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2202070 дугаартай: I phone-X маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ нь 887.500 төгрөгөөр үнэлэгдсэн...гэх дүгнэлт /хх-24-34/,
- Эд зүйл/эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7/
- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-51/
- Сүхбаатар аймгийн ******* сумын 3-р багийн Засаг даргын 2022.03.13-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт /хх-55/
- *******ийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-58/
- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ хэрэглэх тухай санал /хх-161/ зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкин дотроос хохирогч ******* худалдаалж байсан гар утаснаас АйПоне Икс / I phone-X / загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 887.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд дээрх үйл баримтын талаар гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд энэ нь хохирогч ******* мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2202070 дугаартай “ I phone-X маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ нь 887.500 төгрөгөөр үнэлэгдсэн ” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдсон, хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байгааг дурдъя.
3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Э.Амарсайханд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч ******* АйПоне Икс гар утасны зах зээлийн үнийг 887.500 төгрөгөөр тогтоосон “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч Э.Амарсайхан, шүүгдэгч ******* О.Бадрал нараас маргаагүй байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
4. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор ******* сумын Хаан банкны байрнаас АйПоне Икс/iphone x/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
5.Прокуророос шүүгдэгч *******ийн ******* сумын Хаан банкны байрнаас АйПоне Икс/iphone x/ гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдлүүд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
6. Шүүгдэгч *******ийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялтай бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Амарсайханд учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******өд дээрх тэнссэн хугацаанд авсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Гэм хор, хохирлын талаар:
*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Амарсайханд 887.500 төгрөгийн учирсан бөгөөд тэрээр уг гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч ******* “...Би хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. ******* нь надаас уучлалт гуйсан тул гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг, мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баасанжавын Отгонмөнхийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******өд дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******өд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.Амарсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН