Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр             2022/ШЦТ/77                                Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2130002770057 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.Монгол Улсын иргэн, ******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, эхнэр, охины хамт Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн “Баян эрдэс” зочид буудлын хашаанд түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, *******, 

 

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн “Баян эрдэс” зочид буудлын хашаанд түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Зэлмэн урианхан овогт Батбэхийн Ганболд, *******;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “Авдрын гол” гэх газраас иргэн 30 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг *******ийн эзэмшлийн мотоциклыг ашиглан хулгайлж, хохирогчид 28.154.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. хохирлыг төлөх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд шүүхэд хүлээлгэж өгсөн. Ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү.. гэв.

 

- Шүүгдэгч *******эд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг багасгаж өгнө үү  гэв.

 

2130002770057  дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч *******ын: Манай төрсөн ах *******, Б.Ганбаатар нар  Сүхбаатар сумын 1-р багийн Үнээтийн цагаан суварга гэх газарт хүний мал маллан амьдардаг. Би 2021 оны хавар 03 дугаар сард 2 ах дээрээ очиж мал маллахад нь тус дэм болж байсан. 2021 оны 09 дүгээр сарын дундуур /өдрийг тодорхой санахгүй/ Гансүх ахын үхрээс зун алаг бух нь алга болсон байсан учир Гансүх ахын улаан өнгийн, улсын дугааргүй, Бэрс маркийн хуучин мотоцикльтой бид хоёр бухны эрэлд явсан. Ах бид хоёр 2 өдөр эрэлд явж байгаад сум руу орж бензин авчихаад буцах замдаа хөдөө хээр бэлчээрт байсан 30 тооны үхрийг хөөж гэр рүүгээ явсан. Би Гансүх ахыг үхэр тууж явж яах гээд байгаа юм бэ? гэж ятгасан боловч “Энэ үхрүүдийг Батжавт тоолуулчихаад буцаагаад явуулчихна” гээд байхаар нь цуг хөөгөөд явсан. Тухайн үед үхрийн эзэн Батжав ах хүмүүстэй ирчихсэн байсан бөгөөд Гансүх ах, Ганбаатар ах бид хэд бүгдээрээ байж байгаад үхрийг имнэж, ээмэг зүүсэн. Учир нь Батжав ахын үхрээс олон үхэр үхэж, дутсан байсан тул тэдгээр үхрийг тоонд нь оруулж тоолуулаад, буцаагаад тавьж явуулна гэж байсан. Тухайн 30 тооны үхрийг сумын урдаас 5-6 км газар байсан үхрээс тасдаж, Сүхбаатар сумын нутаг Үнээтийн цагаан суварга гэх газарт байх гэр рүүгээ 80-90 км газар, 2 өдөр хөөж явсан. Тууж явсан 30 тооны үхрийг эзэн нь ирж аваад явсан гэсэн. Тухайн үед би Хэнтий аймагт гэртээ байсан болохоор мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-113-114/,

 

- Яллагдагч *******ийн: Би Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг Үнээтийн цагаан суварга гэх газар Л.Батжав гэх хүний үхрийг 2020 оны 08 дугаар 26-ны өдрөөс 2022 оны 01 сар хүртэл маллаж байсан. Анх надад 74 үнээ, 73 тугал, 2 бух, нийт 149 тооны үхрийг хүлээлгэн өгсөн. Ингээд 2020 оноос 2021 онд шилжих өвөл, хавар Батжав ахын үхрээс олон тооны үхэр мал маш ихээр ядарч, нийт 149 үхрээс том, жижиг нийлсэн 74 тооны үхэр үлдэж, 62 тооны үхэр, тугал үхэж үрэгдсэн бөгөөд би 13 тооны үхэр, тугалыг хүнд зарж, бойнд өгч борлуулсан байсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сард Батжав ах ирж үхрээ тоолно гэхээр нь дутуу байсан нэг бухаа хайж дүү Ганболдын хамт 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ мотоцикльтой гарч яваад 2-3 хоног эрэл хийж байгаад, сумын ойролцоо ирээд мотоциклийн бензин дуусч байхаар нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны орой сумын төв орж бензин авчхаад буцахдаа сумаас урагш 5-6 километрт байсан үхрээс том, жижиг нийлсэн 30 тооны үхэр тасдаж аваад гэр рүүгээ туугаад явсан. Шөнөжин үхрээ тууж байгаад 2 хоногийн дараа сумаас зүүн урагш 80 гаран километрт байх Сүхбаатар сумын 1-р багийн нутаг Үнээтийн цагаан суварга гэх газарт гэртээ ирж, хөөж авчирсан үхрээ гэрийнхээ гадаа хэд хоног хашсан. Тэгж байтал 09 дүгээр сарын 20-д гаргаад Батжав ах, хадам аав Эрдэнэ-Очир, эхнэрийн хамт ирж үхрээ тоолоход нь нөгөө тууж ирсэн үхрээс том, жижиг нийлсэн 15 тооны үхрийг Батжав ахын нэртэй ээмгээр ээмэглэж, хайчаар зүүн чихний имийг нь тайрч, дутсан үхрийнхээ тоонд оруулан тоолуулсан юм. Батжав ахыг сумын төв орсон хойгуур ирэхээс нь өмнө үхрүүдээ ээмэглэж, чихийг нь тайрсан. Би хулгайлсан 30 тооны үхрийг эзэнд нь тоо ёсоор нь бүрэн өгсөн. Одоо ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх- 103-104/

 

- Хохирогч : Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн үхрийг бөөгнүүлээд, маргааш нь мотоцикль эвдэрсэн тул 09 дүгээр сарын 17-ны өдрийн үдээс хойш хүний мотоцикль гуйгаад малаа бүртгэхэд миний үхрээс тал нь байхгүй байсан. Баруун чих араасаа ганзага, зүүн чих цуулбар имтэй, содон шинжтэй нэг тал нь хар, нэг тал нь бөөр алаг бяруу, хүрэн цоохор үнээ, голдуу баруун зүсмийн үнээнүүд байгаа. Түүн дотор 9 тугалтай үнээ, 2 шүдлэн, сувай орог хар халзан үнээ, эрээн нүүртэй тумбай гунж 1, сартай хүрэн тумбай гунж 1, мухар хүрэн халзан тумбай гунж 2, эрээн нүүртэй хүрэн бяруу 2 /эр, эм/, ухаа халзан гунж 1, судалтай бөөр алаг бяруу 1, гэх мэт 30 тооны үхрээ хулгайд алдсан. Би сар гаруй хугацаанд эрэл хийж байгаад сумын “Сөдийн хамар” гэх газраас үхрээ олж авахад ******* гэх хүн манай үхрийг хөөж ирээд, зүүн чихний имийг нь тайрч, зарим үхэрт нь Батжав гэсэн хүний нэртэй шар өнгийн ээмэг хийсэн байсан...” гэх /хх-12-13/,

...*******, ******* нар нь дутуу байсан тугалтай үнээ буюу 2 тооны үхрийг замын унаанд ачуулаад явуулсан байна лээ. Одоо миний хохирол бүрэн барагдсан. Гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-22/ мэдүүлэг,

 

- Иргэний нэхэмжлэгч : Ганаа надаас 2021 оны 05 дугаар сард мөн тугалтай үнээ өгнө гэж хэлээд 850,000 төгрөг зээлж авсан юм. Гэтэл харин 2021 оны 10 дугаар сард над руу яриад “Ирж тугалтай үнээгээ ав” гэхээр нь машинтайгаа очоод ягаан халзан охин тугалтай, улаан халзан бага насны үнээ авсан. Тухайн үхрийн зүүн талын чихийг нь тайрчихсан, шинэ имтэй, шарх нь гүйцэд эдгээгүй, баруун чих нь араасаа ганзага имтэй байсан. Гэтэл тэр үхэр нь хулгайн үхэр байсан гэдгийг нь сүүлд мэдээд Ганаа руу ярьж “Үнээгээ ирж авч яв” гэж 2-3 удаа хэлж байж арван хэд хоногийн дараа өөрөө ирээд хөөгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

 

-Гэрч : 2021 оны 09 дүгээр сарын дундуур манай хүүхдийн сургууль нь эхэлчихсэн, би аймгийн төвд “Анхилуун” халуун усанд үйлчлэгч хийж байсан юм. Тэр үед Батжав ахын хадам аав болох Эрдэнэ-Очир ах Улаанбаатар хотоос ирээд намайг хөдөө гэр рүүгээ явах уу гэхээр нь хүүхдийнхээ даалгаврыг аваагүй байсан тул маргааш араас чинь очъё гээд үлдсэн. Тэгээд би маргааш нь хөдөө явах унаа таараад гэртээ ирээд 4 хоногийн дараа Ганбаатарын гэрийн гадаа хашаанд үхэр хашаатай байхыг мэдээд “энэ юун үхэр юм бэ?” гэж нөхрөөсөө асуухад Ганаа дугарахгүй байгаад байтал Соёмбоо хажуунаас нь “Та хэлээгүй юм уу?” гээд Гансүхээс асуугаад байхад огт юу ч хэлээгүй. Гэтэл Соёмбоо харин надад Гансүх ах, Ганболд хоёр аас үхэр хулгайлж авчир ирсэн гэдгийг би сүүлд нь мэдсэн гэж хэлсэн. Ингээд би тэр үхрүүдийг хулгайн үхэр гэдгийг нь олж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

 

-Гэрч : Тухайн үед хүүхдийн хичээл ороод удаагүй байсан шиг санаж байна. 2021 оны 09 дүгээр сарын дундуур /өдрийг тодорхой санахгүй/ манай нөхөр Ганбаатар бид хоёр Хэнтий аймгаас хөдөө гэртээ ирээд 2-3 хонож байхад Гансүх ах, Ганболд хоёр үхэрт явлаа гээд Гансүх ахын улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикльтой явсан. Гэтэл 3 хоногийн дараа /хэдний өдрийг санахгүй/ Гансүх ах, Ганболд нар 9 тугалтай, том, жижиг нийлсэн 30 тооны үхэр хөөж ирээд, үдийн хойно нөгөө үхрээ эргэж алдаад, орой харанхуй болсон хойно олж ирээд, манай хашаанд хашсан. Ганаа ахаас “Та хаанаас юун үхэр тууж ирсэн юм бэ? баруун хойшоо зугтаагаад байна” гэж хэлэхэд Ганаа ах “Баруун хойшоо чигт л гүйх байхдаа” гэж байсан. Би тухайн 30 тооны үхрийн имийг нь сайн санахгүй байна. Хүзүүвчтэй мухар хар үнээ, бөөрөн дээрээ цагаантай хар, эр бяруу, энэ бяруу нь нэг талаасаа хар харагддаг, мухар, хар зүсмийн эр шүдлэн, улаан алаг сувай гунж зэрэг содон үхрүүдийг санаж байна. Би Гансүх ахад “яах гэж хүний үхэр авчирсан юм бэ?” гэхэд Батжавын дутаасан үхэртээ тоог нь гүйцээх гэсэн юм гэж байсан. Би хулгайн үхэр гэдгийг нь мэдэж байсан боловч Гансүх ах битгий хэлээрэй гээд байхаар таг чимээгүй өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-38-39/,  

 

- Гэрч : Манай ах ******* нь Батжав гэх хүний үхрийг хардаг юм. Би Батжавын адууг нь хардаг. Тэгээд өнгөрсөн оны буюу 2020 оны өвөл болон 2021 оны хавар үхэр шуурганаар уруудаж, хоргодолд орж үхсэн байсан. Алдсан малынхаа сэг зэмийг заримыг нь олоод заримыг нь олоогүй. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймаг руу охин Буянзаяаг зүрхний хагалгаанд орсон болохоор хяналтанд оруулчихаад 2021 оны 09 дүгээр сарын 16-ны үед Хэнтий аймгаас ирэхэд миний мэдэхгүй үхэрнүүд ирчихсэн байсан. Тэгтэл удалгүй малын эзэд нь ирээд малаа бүртгэж тоолсон. Тэгээд бид нар дутуу үхрийнхээ тоонд тэдгээр үхрүүдээс оруулж, тоолуулан, имлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-42-44/,

 

-Гэрч : Тэр 30 тооны үхрийг Гансүх нь дүүгийн хамт хулгайлж Сөдийн хамар гэх газар гэртээ аваачиж имнэж, ээмэг зүүсэн байсан. Манай сумын Баасанбат/дэлдэн Батаа/ гэх залуу 30 тооны үхэр мотоцикльтой хоёр хүн хөөгөөд явж байсныг харсан байна лээ...гэх мэдүүлэг /хх-51-52/

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №2103323 дугаартай: 30 тооны үхрийн үнэлгээ 28.154.000 төгрөгөөр үнэлэгдсэн...эх дүгнэлт /хх-71-82/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2202147 дугаартай:  Бэрс маркийн мотоциклийг 625.000 төгрөгөөр үнэлнэ... гэх дүгнэлт /хх-132-142/,

 

- *******ийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-116-117/

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-118-119/

 

- *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-120-121/

 

-*******ын Хаан банкны депозит дансны хуулга /хх-128/

 

-*******ийн  Хаан банкны депозит дансны хуулга /хх-129/

 

-Иргэний нэхэмжлэгч төлөх 850.000 төгрөгийг шүүхэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “Авдрын гол” гэх газраас иргэн 30 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг *******ийн эзэмшлийн мотоциклыг ашиглан хулгайлж 28.154.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Шүүгдэгч *******, ******* нарын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч З.Гантулга, иргэний нэхэмжлэгч С.Равжир, гэрч Н.Батсүрэн, Ё.Оюунсоёмбо, Б.Ганбаатар нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон, хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ. 

 

3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч З.Гантулгад учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ 8 хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч 30 тооны үхрийн үнэлгээг 28.154.000 төгрөгөөр тогтоосон “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч болон шүүгдэгч нараас маргаагүй байна

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “Авдрын гол” гэх газраас иргэн 30 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг мотоциклыг ашиглан хулгайлсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ олон тооны мал хулгайлж/, 2.2./ бүлэглэж/, 2.4. машин механизм ашиглаж/ -т заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзнэ.

 

5. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын хувьд хохирогч 30 тооны үхрийг ижил сүрэгтээ бэлчээрт байхад нь *******ийн эзэмшлийн мотоциклийг ашиглан хулгайлан авч, өөрсдийн гэрт аваачиж имнэж, ээмэг зүүж, нэг тооны үхрийг бусдад зарж борлуулах зэргээр гэмт хэргийг төгс үйлджээ.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “ Олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын бусдын 30 үхрийг хулгайлсан нь олон тооны малд хамаарах юм.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ ” гэж тодорхойлсон хийгээд хэргийн баримтаар шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг үйлдэх санаачилгыг гарган улмаар, *******ыг хулгайлах үйлдэлд татан оролцуулан мотоциклоор үхрийг бэлчээрээс хамт хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд “бүлэглэн мал хулгайлах ” үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилжээ.

 

8. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч 30 тооны үхрийг хулгайлахдаа *******ийн эзэмшлийн улсын дугааргүй Бэрс загварын мотоциклиор бэлчээрээс хөөж туун гэрийнхээ гадаа авчирсан бөгөөд тэдгээр нь 30 гаруй тооны үхрийг 80 км орчим газраас явган туух, хөөх боломжгүй буюу уг тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя.

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

 

Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон тогтоосон байна.

 

9. Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч нарыг бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “Авдрын гол” гэх газраас иргэн 30 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг мотоцикль ашиглан хулгайлсан үйлдэл нь хэрэгт нотлогдож тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

10. Шүүгдэгч *******, ******* нар нь 30 тооны үхрийг хулгайлж хохирогч З.Гантулгад 28.154.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

11. Шүүгдэгч *******, ******* нар дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах буюу иргэн Батжавын дутсан үхрийн оронд имнэж, ээмэг зүүж тоолуулах зорилгоор хохирогчийн 30 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээр нар нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч М.Ханджаваас “ ... *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч тус бүрд 2 жил 1 сарын хугацаагаар хорих, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “...Үйлчлүүлэгч нар тухайн зүйл ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” зааснаар ял оногдуулж өгнө үү... ” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж байгаа, гэмт хэргийг санаачилсан, тэдгээрийн оролцоо зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хэсэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3- т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 1 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй гэж үзнэ.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас хохирогч З.Гантулгад учирсан 28.154.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогчийн “ *******, ******* нар нь дутуу байсан тугалтай үнээ буюу 2 тооны үхрийг замын унаанд ачуулаад явуулсан байна лээ. Одоо миний хохирол бүрэн барагдсан. Үхэрнүүдээ тоо ёсоор нь бүрэн хүлээж явсан” гэх мэдүүлгээр тогтоогдоно.

 

Мөн иргэний нэхэмжлэгч учирсан 850.000 төгрөгийн хохирлыг түүнтэй холбоо барих боломжгүй байгаа шалтгаанаар шүүхэд хүлээлгэн өгсөн байх тул тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин иргэний нэхэмжлэгч хохирлын 850000 төгрөгийг хүлээлгэн өгөхийг томилогдсон шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгана.

 

Бусад:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төрүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд  ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заажээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ *******ийн эзэмшлийн улсын дугааргүй Бэрс загварын тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу уг тээврийн хэрэгслийн үнэ 625.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 312500 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо.

Учир нь тухайн мотоцикль эвдэрч, ашиглагдах боломжгүй учраас мөрдөгчөөс хэрэгт битүүмжлээгүй хийгээд иймд үнийг гаргуулж улсын орлогод оруулах нь дээрх хуулийн зохицуулалтанд нийцэх юм.

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2202147 дугаартай дүгнэлтээр дээрх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 625000 төгрөгөөр тогтоосон ба шүүгдэгч нарын зүгээс энэ үнэлгээний талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолоо.

 

  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зэлмэн Урианхан овогт Бахбэхийн Ганболд, Зэлмэн Урианхан овогт Батбэхийн Гансүх нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ийн эзэмшлийн Бэрс загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 625.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 312.500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд хохирогч З.Гантулга, иргэний нэхэмжлэгч С.Равжир нарт учирсан хохирол тус тус нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******, ******* нараас иргэний нэхэмжлэгч хохирлыг нөхөн төлөхөөр шүүхэд ирүүлсэн 850.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн иргэн хүлээлгэн өгөхийг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН