Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Ержан,

Шүүгдэгчийн Ц.Тгийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Айбек

Шүүгдэгч Ц.Т, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2213000570094 дугаартай хэргийг хүлээн авч, шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Б-йн Б, РД:МВ77082716,

2.Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс Тува, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багт оршин суудаг, ам бүл 7, эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Цийн Т, РД:БЛ82042218,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг Хар уул гэх газраас 2021 оны 12 дугаар сарын эхээр ховор амьтан болох 1 тооны алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, 2022 оны 01 дүгээр сарын эхээр иргэн Б.Бд худалдаж, экологи эдийн засагт 130.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутагт 2022 оны 01 дүгээр сарын эхээр ховор амьтан болох 1 тооны алтайн хойлог шувууг худалдан авч, гэртээ хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

А.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг,

1.Шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2.Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Б.Эрүүгийн 2213000570094 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  03-06 дахь тал/,

           2.Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  07-10 дахь тал/,

           3.Галт зэвсэг түр хураан авсан тухай тэмдэглэл, холбогдох материал /хавтаст хэргийн  15 дахь тал/,

4.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  хавтаст хэргийн  16 дахь тал/,

5.Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ажилтай А.Жанарбекээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаар гаргасан мэдээлэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ший мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэм буруутай этгээдээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна. ...Тухайн шувууны экологи эдийн засгийн үнэлгээг 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр оногдуулах талаар хуульчилсан байдаг. Тийм учраас уг гэмт хэргийг үйлдсэн хүн нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан байдаг. ...гэм буруутай этгээдээс 260,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. ...Яллагдагч Ц.Т нь экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 260,000 төгрөгийг байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд шилжүүлсэн байх тул хохирол нөхөн төлсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47, 50 дэх тал/,

7.Гэрч Т.Бийн “...2022 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна манай нөхөр Б рүү О гэдэг залуу утасдаж хойлог шувууны бүтэн мах байгаа та нар авах юм уу гэж асуусан байна. Тэгээд манай нөхөр Б Ооос уг хойлог шувууны бүтэн махыг 280,000 төгрөгөөр авсан. Тухайн үед Б Од мөнгийг нь бэлэн өгсөн. ...худалдаж авсан хойлог шувууны бүтэн махыг амбаарт тавьж хадгалж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

8. Гэрч Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух Т гэх хадам ах над руу утсаар залгаад би Б гэдэг ченжтэй ярилаа, Нийн гэрт нэг толгой хойлог шувууны мах байгаа, тэрийг Бд хүргэж өгөөд мөнгийг нь авчих гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын үе байсан. Нямхүү гэдэг хүний гэрт очоод Нгээс Т ах танай гэрээс шуудайтай юм аваад Бд өгчих гэж байна тэрийг авах гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд Нямхүү ах гэр рүү ороод ууттай юм гаргаж өгсөн. Би тэрийг нь аваад Бийнд аваачиж өгөхөд хойлог шувууны мах байсан. Тэгээд Бээс хойлог шувууны мах болох 220,000 төгрөг авч, уг мөнгөө Т ахад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57, 63 дахь тал/,

9.Гэрч В.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Т нь 2022 оны 01 дүгээр сарын эхээр сумын төвд манай гэрт ганцаараа ирээд шуудайн дотор нэг зүйл хийчихээд энийг танайхаас хүн ирж авна гэж хэн гэдгийг нь хэлээгүй, авна гэж хэлсэн хүнд нь өгөөд явуулчихаарай гээд манай үүдний амбаарт үлдээгээд явсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан бөгөөд нөхөр С.Нямбаяр нь хөдөө явчихсан байсан. Тухайн үед шуудайнд юу байгаа талаар ч хэлээгүй, би ч нээж үзээгүй, тэр талаар нөхөрт хэлээгүй байсан. Тэгээд маргааш нь байх Т нь Ц.Т ах танайд нэг юм үлдээсэн гэсэн, тэрийг авахаар ирлээ гэхээр нь үүдний амбаарт шуудайтай байгаа юмыг аваад яваарай гэж хэлээд өгөөд явуулсан. Хойлог шувуу гэдгийг мэдээгүй, харин 3-4 өдрийн өмнө Ц.Тгаас өөрөөс нь асуухад эртээд танайд авч ирсэн шуудайтай зүйл хойлог шувуу байсан юм гэж хэлсэн. Манай нөхрийн жинхэнэ нэрийг Нямбаяр гэдэг харин манай Цэнгэл сумынхан Нямхүү гэж дууддаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

10. Эрх бүхий шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай: “...шинжилгээ гаргуулсан шувуу нь Аймаг амьтан, Хүрээ:хөвчтөн, анги:жигүүртэн, баг:тахиатан, овог:гургуулынхан, зүйл:алтайн хойлог шувуу ба Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой Алтайн хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 130.000 төгрөг байна. Алтайн хойлог шувууг юугаар, яаж агнасныг тогтоох боломжгүй. Алтайн хойлог шувуу нь Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон ховор шувуу юм” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70 дахь тал/,

11.Шүүгдэгч Ц.Тгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Хар уул гэх газарт мал оторлуулж явж байхдаа 1 тооны хойлог шувуу буудсан. Тухайн үед малаа оторлуулж байхдаа чоно дайрах үед ашиглах зорилгоор өөрийн нэр дээрх бүртгэлтэй ТОЗ-8 загварын галт зэвсгийг авч явсан. Хойлог шувууны мах шарханд сайн байдаг учраас зарж мөнгийг нь хэрэглэе гэж бодож буудсан юм. Алтайн хойлог шувуу ховор амьтны төрөлд ордог гэдгийг мэднэ. ...Би өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би уг хойлог шувууг 220,000 төгрөгөөр тохирч Б.Бд худалдсан. ...уг мөнгийг цагаан сарын хэрэглээнд зарцуулсан юм. Хойлог шувууны төлбөрт би 260.000 төгрөг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96, 98 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

12. Яллагдагч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өсгөн: “...Надад ял сонсгосон тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Тгаас 1 толгой хойлог шувуу худалдаж авсан маань үнэн. Даралт ихтэй учраас эмчилгээний журмаар хэрэглэх гэж авсан. ...Алтайн хойлог шувууг хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, би уг шувууны махыг эмчилгээний журмаар хэрэглэх гэж хадгалж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

В. Эрх зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, худалдсан, шүүгдэгч Б.Бийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Т, Б.Б  нар болон тэдний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн болно.

2. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.

3.Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай, “Жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны)” тогтоолын 1 дүгээр хавсралтын Хоёрын 17-нд Алтайн хойлог (Tetraogallus altaicus)-ыг ховор амьтны жагсаалтад оруулжээ.

4.Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 12 дугаар сарын эхээр  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хар уул” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 1 тооны хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, 2022 оны 01 дүгээр сарын эхээр иргэн Б.Бд худалдаж, экологи эдийн засагт 130.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 1 дүгээр сарын эхээр ховор амьтан болох  1 тооны хойлог шувууг  худалдан авч, гэртээ хадгалсан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан, худалдсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Т, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцож шийдвэрлэв.

5.Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хуулийн зохих мэдлэггүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

2.Шүүгдэгч Ц.Т, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт 260.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байна.

3.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай, “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар хойлог шувууны үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон байна. 

4.Амьтны аймагт учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлдэг дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд энэ хэргийн хувьд амьтны аймагт учирсан хохирол нь 130.000х2=260.000 төгрөгөөр тооцогдох бөгөөд шүүгдэгч Ц.Т нь  2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэргийн хохирол 130.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 260.000 төгрөгийг  Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Т, Б.Б нараас гаргуулах хохирол,төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

1.Шүүгдэгч Ц.Т, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

2.Уг хүсэлтийн дагуу шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж гарган, хэргийг шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

3. Прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг,

-Шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 220.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг болох  ТОЗ-8 маркийн бууг хурааж, улсын орлогод оруулах саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Ц.Т, Б.Б нарт танилцуулахад шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч  К.Ержан, Д.Айбек нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

4.Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

5.Шүүгдэгч Ц.Тд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

6.Шүүгдэгч Ц.Т, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 1 тооны хойлог шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

8.Хуулийн дээрх зохицуулалтыг журамлан шүүгдэгч Ц.Тгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох гол төмрийн 32694, замагны 33089 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсэг (буу) 1 ширхгийг гэрчилгээний хамт улсын орлогод оруулахаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, шүүгдэгч Ц.Тгаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 220.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

9.Шүүгдэгч Ц.Т, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Цгийн Тг “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, худалдсан”, Ш овогтой Б-ийн Бийг “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Тг 5400 (таван мянга дөрвөн зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга)-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий этгээдэд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Б.Б нь хүлээлгэсэн үүргийг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

6.Энэ шийтгэх тогтоолд хяналт тавьж,  биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 1 тооны алтайн хойлог шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Тгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох 1954 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн, гол төмрийн 32694, замагны  33089 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг (028157 дугаартай гэрчилгээний хамт)  улсын төсөвт шилжүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, мөн шүүгдэгч Ц.Тгаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 220.000 (хоёр зуун хорин мянга)-н төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

10.Шүүгдэгч нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг 

дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.Б