Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 102/2018/00027/и |
Дугаар | 00904 |
Огноо | 2018-03-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 00904
2018 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2018/00904 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Дорноговь аймаг, Замын-Үүд сумын дүгээр баг, дүгээр хэсгийн тоотод оршин суух, Г овогт Д.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг дугаар хороо, дүгээр хороолол, төвийн давхарт байрлах, “Э/Т” ХХК
Хариуцагч Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, төвийн тоотод байрлах, “Г.Б” ХХК-иудад холбогдох орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн биелэлт 28.993.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, хариуцагч “Э/Т” ХХК-ийн төлөөлөгч Л.Т, хариуцагч “Э/Т” ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, хариуцагч “Г/Б ХХК-ийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Э/Т” ХХК-тай “Байр захиалан бариулах гэрээ”-г байгуулан, 45.101.700 төгрөгийн үнэ бүхий 71.59 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг бариулахаар тохиролцож, төлбөрийн 30 хувь болох 19.329.300 төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 454045574 дугаарын дансанд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн.
Гэтэл өнөөдрийг хүртэл “Э/Т” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа учраас талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “гүйцэтгэгч орон сууцны байрыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн бол төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор үүрэг хүлээсэн тул урьдчилгаа төлбөрт 19.329.300 төгрөг, алдангид түүний тавин хувь болох 9.664.650 төгрөг, нийт 28.993.950 төгрөгийг “Э/Т” болон “Г/Б” ХХК-иудаас гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч “Э/Т” ХХК-ийн төлөөлөгч Л.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М Улаанбаатар төмөр замын Замын-Үүд Зангилаатай төсөл хэрэгжүүлэгч “Э/Т” ХХК, хөрөнгө оруулагч “Ган ганжир” ХХК-иудтай тохиролцон, хамтран хөрөнгө оруулж, орон сууц захиалан бариулах гурвалсан гэрээний дагуу Замын-Үүд Зангилааны захиргаанаас олгосон зөвшөөрлөөр 66 айлын орон сууцны барилгад захиалагч болж 30 хувийн урьдчилгаа мөнгийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөн мөн өдрөө гэрээ байгуулсан.
Захиалагч Замын-Үүд Зангилааны гэрээний шаардлага хангасан 66 ажилтаны 30 хувь болох хөрөнгө оруулах үүргийн биелэлт хойшлогдон, барилга барих газар олголт маргаантай байсны улмаас “Э/Т” ХХК-иас үл хамаарч, барилга угсралтын ажил 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүрэн зогсож, он дамжих нөхцөл үүссэн.
2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгө оруулагч “Ган ганжир” ХХК, “Дорнын гэгээ” ХХК-иуд хамтран хуралдаж, олонхын шийдвэрээр “Г/Б” ХХК өөрсдөө зээл авч барилгыг гүйцээн барьж, ашиглалтад өгөхөөр шийдвэр гарч, 60 хувьтай дуусаагүй барилгын гэрчилгээг “Ган ганжир” ХХК-ийн охин компани болох “Г/Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.
Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд Зангилаа, “Э/Т” ХХК, байр захиалсан ажилтаны хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудлаар Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Цэрэндорж, захиалагчийг төлөөлж Ү.Сангидорж, “Дорнын гэгээ” ХХК-ийн захирал Б.Наранчимэг “Г/Б” ХХК-ийн захирал Г.Э, “Э/Т” ХХК-ийн захирал Л.Т, ажилтаны төлөөлөл 42 хүн оролцсон хурлаар Замын-Үүд зангилаа “Э/Т” ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан.
Өнөөдрийн байдлаар захиалагч Замын-Үүд Зангилааны 52 ажилтан, “Г/Б” ХХК хоёр тус дуусаагүй барилагын өмчлөгч болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.
Хариуцагч “Г/Б” ХХК-ийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Э/Т”ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод байрлах Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллаж, хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан.
Гэрээнд “Э/Т” ХХК төслийн ерөнхий гүйцэтгэгч, “Г/Б” ХХК хөрөнгө оруулагч гэж заасан бөгөөд бид гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар төслийн эхний үе шатны санхүүжилтэнд шаардлагатай 450.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор “Э/Т”ХХК-д шилжүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний биелэлтийн явц дүгнэсэн актыг үйлдэж хоёр талаас баталгаажуулсан.
”Э/Т” ХХК төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд Замын-Үүд Зангилаа болон байр захиалагч 52 иргэнтэй гэрээ байгуулсан бөгөөд барилга угсарлтын ажил 2014 оны 8 дугаар сард 60 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон.
Тэрээр Замын-Үүд Зангилаа 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн барилгын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, байр захиалагч 52 иргэнтэй хамтран хийсэн хурлаар үүргээ биелүүлээгүй үндэслэлээр “Э/Т” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан.
Дээрх хурлаас хойш тус барилгыг цаашид хэн үргэлжлүүлэн гүйцэтгэх нь тодорхойгүй болж манай компанийн зүгээс Замын-Үүд Зангилаа болон байр захиалагч нартай гэрээ байгуулаагүй.
Иймд нэхэмжлэгч Д.М-ийн гэрээний үүрэгт хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн байр захиалагч 52 ажилтан байгууллагын хүсэлтээр өмчлөгчөөр тогтоогдсон, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.М, хариуцагч “Э/Т” ХХК, “Г/Б” ХХК-иудад холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн биелэлт 28.993.950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Э/Т” ХХК-ийн төлөөлөгч манай компанийн хувьд гэрээний үүргээ биелүүлэн, 60 хувийн хөрөнгө оруулалтыг хийсэн, захиалагч гэрээгээ цуцлаж, “Г/Б” ХХК, байрны захиалагч нар өмчлөгч болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
“Г/Б” ХХК-ийн төлөөлөгч Д.М-тэй ямар нэгэн байр захиалах гэрээ байгуулаагүй учраас мөнгө төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.М 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төмөр замчдын 66 айлын орон сууцны 2 давхарт 71.59 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 45.101.700 төгрөгөөр захиалан бариулахаар, урьдчилгаа төлбөрт 19.329.300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 454045574 дугаартай дансанд төлж, хариуцагч “Э/Т” ХХК-тай “Байр захиалан бариулах гэрээ”-г байгуулсан болох нь зохигчдын тайлбар, Худалдаа хөгжлийн банкны “Орлогын ордер” зэрэг баримтаар тогтоогдож байна.
Уг байрыг барихаар хариуцагч “Э/Т” ХХК, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын нэгдүгээр багт байрлах, Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын орон сууцны суурь хийгдсэн барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах гэрээг Төмөр замын Замын-Үүд зангилаа, “Ган ганжир” ХХК-тай 2013 оны 11 дүгээр 25-ны өдөр
Орон сууцыг захиалгаар барьж нийлүүлэх гэрээг “Дорнын гэгээ” ХХК, Замын-Үүд зангилаатай 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
“Хамтран ажиллах гэрээ”-г “Дорнын гэгээ” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
“Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-г “Г/Б”ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр
“Орон сууцны барилга захиалан бариулах гэрээ”-г 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд зангилаатай байгуулан, 66 айлын орон сууцны ерөнхий гүйцэтгэгчээр “Э/Т” ХХК ажиллаж, орон сууц барихад “Г/Б” ХХК-иас 450.000.000 төгрөгийн, “Дорнын гэгээ” ХХК-иар барилга угсралтын ажлын 30 хувийн хөрөнгө оруулалтыг хийлгэхээр тохирч, гэрээний дагуу гүйцэтгэгч 2014 оны 9 дүгээр сард багтаан тус байрыг ажлын комисст хүлээлгэн өгөх байсан нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээгээ цуцалсан, барилгаа бүрэн хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр шаардах эрхтэй.
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн “хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нэгэнт байрны өмчлөгчөөр тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхтөр “шүүх хуралдаан болохоос өмнөх нь өмчлөгчөөр тогтоогдсон болон “Бэлэглэлийн гэрээ” байгуулсан баримт хэрэгт авагдсан. Бид гомдол гаргаагүй. Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана” гэх тайлбаруудыг гаргасан бөгөөд шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Зангилааны комиссын 07 дугаартай “Хурлын тэмдэглэл”, 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрээ дүгнэсэн акт”-аар захиалагч Замын-Үүд зангилаа, гүйцэтгэгч “Э/Т”ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлаж, “Г/Б” ХХК-д гэрээг шилжүүлэхээр шийдвэрлэж мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар анх 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр “Г/Б” ХХК, Төмөр замын 66 “А” байрны өмчлөгчөөр бүртгэгдэж, дараа нь Улсын бүртгэлийн Ү-0714002948 дугаарын бүртгэлтэй, Төмөр замын 66 тоот, 5136 метр квадрат талбайтай, 60 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ”Г/Б” ХХК, Замын-Үүд өртөөний 52 ажилтан болох нь өмчлөх эрхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр олгосон гэрчилгээгээр нотлогдож, нэхэмжлэгч урьдчилан төлсөн мөнгөн дүнгийнхээ хэмжээнд дээрх дуусаагүй барилгын өмчлөгч болсон учраас гэрээний үүргийн биелэлт 28.993.950 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э/Т”ХХК, “Г/Б” ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА