Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2125

 

Н.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01533 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Амарбаясгалангийн, хариуцагч Эрчим хүчний яаманд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Амарбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Эрчим Хүчний Яаманд Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн Гэрээ хэлцэл, байгаль орчин, нийгмийн харилцааны инженерээр Эрчим Хүчний Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 165 тоот тушаалаар ажилд томилогдсон. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан боловч надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Эрчим Хүчний Яамны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 105 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Надад ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээгүй, тушаалд тодорхой хууль зүйн үндэслэлийг бичээгүй, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн В/691 тоот мэдэгдлийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажил хүлээлцсэн зэрэг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймгийн Эрдэнэбүрэн усан цахилгаан станц нь 2015 онд 72 дугаар тушаалаар үүсгэн байгуулагдсан бөгөөд Сангийн яамны сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримтлан гадаадын зээл тусламжийн дагуу хэрэгжиж байна. Мөн 2015 оны 196 дугаар тушаалаар Засгийн Газрын гадаад зээлийг ашиглах, эдгээр хөрөнгөөс санхүүжилт, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үнэлэх журмыг дахин баталсан. Үүний дагуу хөдөлмөрийн гэрээ бус, хөлсөөр ажиллах гэрээгээр төслийн нэгжүүд бүгд ажилладаг. Төслийг хэрэгжүүлэгч, захиалагч Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын зүгээс нэхэмжлэгч Н.Амарбаясгаланд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн В/691 тоот албан бичгээр мөн оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хөлсөөр ажиллах гэрээг цуцлах мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө хүргүүлсэн.

Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 105 тоот тушаалаар мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараа үүрэгт ажлаас нь хуулийн дагуу чөлөөлсөн. Н.Амарбаясгалан гэрээний дагуу хийсэн ажил нь тодорхойгүй. Захиалагч тал эрхийнхээ дагуу гэрээг цуцлах мэдэгдэл өгч, энэ мэдэгдлийн дагуу төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Эдгээр нь хууль журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Амарбаясгаланг Эрчим хүчний яамны хэрэгжүүлж буй Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн гэрээ хэлцэл, байгаль орчин, нийгмийн харилцааны инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговорт 4 649 262 төгрөгийг хариуцагч Эрчим хүчний яамнаас гаргуулан, нэхэмжлэгч Н.Амарбаясгаланд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Эрчим хүчний яаманд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүйг дурдаж, хариуцагч Эрчим хүчний яамнаас 89 338 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбадорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж нь Эрчим хүчний сайдын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар тушаалаар, тухайн үед үйлчилж байсан Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг дахин шинээр батлан Монгол Улсад хэрэгжиж буй бүх төсөл хэрэгжүүлэх нэгжүүд, мөн адил уг журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Уг журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загварын дагуу төсөл хэрэгжүүлэх, нэгжийн ажилчидтай хөдөлмөрийн эрхзүйн суурь харилцааг зохицуулдаг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллуулдаг. Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлдэг төслийн ажлын байр нь байнгын бус, нэгжийн захирал, ажилчидтай Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар баталсан журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажилладаг. Гэтэл шүүх уг заалтыг буруу тайлбарлан, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэлээ болгон иргэн Н.Амарбаясгаланг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 4 649 262 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондох маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Н.Амарбаясгалан нь хариуцагч Эрчим хүчний яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Засгийн газраас батлагдсан журамд нийцсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа 30 хоногийн өмнө мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Эрчим хүчний яам нь нэхэмжлэгч М.Амарбаясгаланг Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн Гэрээ хэлцэл, байгаль орчин, нийгмийн харилцааны инженерээр томилсон тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ажилд томилох тухай 165 дугаар тушаал, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралт Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2017/04 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, уг гэрээний зорилгоо 1.1-д зааснаар ажилтнаар гэрээнд заасны дагуу гүйцэтгэх захиалагчийн нэрийн өмнөөс тус гэрээний 1 дүгээр хавсралтад заасан ажлыг хийж гүйцэтгүүлэх, захиалагч буюу Эрчим хүчний яам нь ажлын үр дүнд үндэслэн гэрээнд заасан ажлын хөлс төлөх, талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулах гэж тодорхойлжээ. /хх-3, 9 дүгээр тал/

 

Уг гэрээний агуулга нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлд гэрээ дуусгавар болох нөхцлийг зохицуулсан. Талууд гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай байгуулж, гэрээг дуусгавар болгох үндэслэл, журмыг гэрээний 8-д зааснаар тохиролцсон байна. Хариуцагч Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 105 дугаар тушаалаар Н.Амарбаясгаланг ажлаас чөлөөлж, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болох заалтыг зөрчсөн байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн өөрөөр хэлбэл гэрээний 8.1.2, 8.2 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрээгээ талуудын тохиролцсон хугацааг дуусах хүртэл үргэлжлүүлэхийг Эрчим хүчний яаманд даалгаж, үүний үр дагавар болох ажлын хөлсийг олгох нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлын хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцон 4 649 302 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх уг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Мөн шүүх гэрээ цуцалсны үр дагавар болох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй болжээ.

 

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан албан журмаар даатгуулахаар заасан байна.

 

Талууд гэрээний 4.2 дахь заалтаар ажилтанд төлөх ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасны дагуу суутган тооцохоор тохиролцсон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд нийцсэн байх тул мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.Амарбаясгалантай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/04 тоот хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусах хүртэл үргэлжүүлэхийг хариуцагч Эрчим хүчний яамд даалгаж, ажлын хөлсөнд 4 649 262 төгрөг нэхэмжлэгч Н.Амарбаясгаланд олгосугай” гэж,

2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2” гэснийг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 338 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД