Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 137/2019/00170/и |
Дугаар | 001/ХТ2021/00280 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00280
2021 03 25 001/ХТ2021/00280
........... ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00179 дүгээр шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 202/МА2019/00022 дугаар магадлалтай,
........... ХХК-ний нэхэмжлэлтэй
...........д холбогдох
Хэрэглээний ус, дулааны төлбөр 1,146,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ...........гийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ........... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс2019 оны 06 дугаар сар хүртэл хугацааны хэрэглээний ус, халаалтын төлбөр 1,146,196 төгрөг төлөгдөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........... шүүхэд гаргасан тайлбартаа: Замын-Үүд сумын Сүлд багийн 135-р байр 83 тоотод оршин суугч ........... би 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинээр ашиглалтанд орсон 135-р байрны 83 тоот, 69.4 м2 талбайтай байр авсан бөгөөд 2012 оны 01-р сарын 11-ний өдөр манай байрны халаалтын шугам, радиотар усны даралтаа даахгүй хагарч буудан, нэлэнхүйдээ усанд автсан бөгөөд тэр өвөл өрөөнүүдийн халаалтын шугамыг хаалгаад халаалтгүй өвөлжсөн юм. Эхнэр бид хоёр байнгын өндөр даралттай, халуун дулаан орчинд байнга тархи толгой өвдөж байдаг, сэрүүн орчинд байхыг эрхэмлэдэг тул 2012 оноос одоог хүртэл байрандаа паар радиотар тавиагүй, 8 жил дулаан хэрэглээгүй амьдарч байна. Халаалт дулаан хэрэглээгүй үеийн халаалтын хөлсийг хасаж тооцож өгөхийг хүсэж тус компаний захиргаа, санхүү, ерөнхий инженерт удаа дараа амаар болон бичгээр учир байдлаа хэлж мэдэгдэж байсан бөгөөд 2012 оноос 2013 оны 05 дугаар сар хүртэл халаалтын хөлс төлж байгаад 2013 оны 10 дугаар сараас хойш төлбөр төлөхөөс татгалзсан. 2016 оны 05 сард Чандмань бадрал ХХК-иас Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлээр шүүх хуралдаан хийж, халаалтын хөлсийг төлөх үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан билээ. Хэрэглээний ус 2018 онд 78000 төгрөг, 2019 онд 61000 төгрөг төлсөн. Дутуу төлөлт байгаа нь үнэн бөгөөд цаашид төлөөд явна. Чандмань бадрал ХХК-иас нэхэмжилсэн халаалт хэрэглээгүй байранд тавьсан халаалтын хөлс ба түүнд тооцсон алдангийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00179 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч ...........гаас хэрэглээний ус, дулааны төлбөр 919196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чандмань бадрал ХХК-д олгож, үлдэх 227000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Чандмань бадрал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32058.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........гаас 26610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чандмань бадрал ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 202/МА2019/00022 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ...........гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...........гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч ........... хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Би 2012 оноос хойш өөрийн байрныхаа халаалтыг эрүүл мэндийн улмаас болж хэрэглэхгүй байгаа би Замын-Үүд сумын сум дундын шүүх болон тус аймгийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч хэрэгсэхгүй шийдвэр гаргасан. Иргэн би хэрэглэгчийн хувьд байрандаа халаалт дулаан авах, авахгүй байх эрхтэй бөгөөд яахаараа 2 шатны шүүх болон нэхэмжлэгч байгууллагын тулган шаалтаар хэрэглээгүй дулааныг бүрэн төлөх ёстой юм. Эрчим хүчний зохицуулах хорооны түр журмаар нөлөөллийн дулааныг, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний байгууллагын подвал коридор гаражид хамаатуулсан түр журам нь Монгол улсын засгийн газраас гаргасан тогтоол шийдвэр, УИХ-аас гаргасан хууль биш юм. Давж заалдах шатны шүүх дээрхи түр журмыг, УИХ-аас баталсан хуультай адил хэмжээнд ойлгож, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэж 1 талд нь давуу эрх эдлүүлсэн шийдвэр гаргаж байна. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1-д заасан харилцагчийн хүсэл зорилгыг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр харилцаа үүсэх болно гэсэн заалтыг хэрэгсээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар болон 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууцыг зориулалтын хэсэгт, халаалт авсан тохиолдолд, нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэгтэй болохоос биш аваагүй халаалтын хөлсийг төлнө гэж заагаагүй байна. Өндөр настан ........... би халаалт хэрэглээгүй 8 жилийн хугацаанд нэхэмжлэгч байгууллагын захиргаа, санхүү, борлуулалтын хэлтэст олон жил амаар, бичгээр хэрэглээгүй халаалтын төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлт тавьж байсан. Халаалт аваагүй байранд, халаалт авсан байртай адилтгаж, дулаан хэрэглэсэн гэж хүчээр тулган, бүрэн төлүүлэхээр, нэхэмжлэгч байгууллагын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийг зөрчиж, хэрэглэгчийн хүсэлтийг үл тоомсорлож, нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг хамгаалж, намайг хохироосон, хүчээр төлбөр төлөхийг тулгаж байгааг энэ үйлдлийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ........... ХХК хариуцагч ...........д холбогдуулж 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 сар хүртэл хугацааны хэрэглэсэн ус, халаалтын төлбөрт нийт 1,146,196 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч орон сууцад халаалтын хэрэгсэл тавиагүй, халаалт, дулаан хэрэглээгүй тул төлөх үүрэггүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагчаас 919,196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой хэрэглээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.
........... нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 135 дугаар байрны 83 тоот орон сууцны өмчлөгч ба ........... ХХК-тай цэвэр ус, халаалт дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулсан, талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн байна.
Үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар үүсдэг. Нэг тал нь цэвэр ус, дулаан нийлүүлэх, бохир ус татан зайлуулах үүргийг, нөгөө тал нь үүний төлөө төлбөр төлөх үүрэг нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийг баримталсан нь алдаатай болжээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан зохицуулалт нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн үүргийг зааглаж, тодорхойлсон агуулгатай, маргааны үйл баримтад хамааралгүй, хэрэглэх ёсгүй хууль юм.
Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ зохих ёсоор харилцан биелүүлэх үүрэгтэй.
...........нь гэрээний үүргээ биелүүлэх ёстой бөгөөд түүний төлсөн 227,000 төгрөгийг хасч үлдэх 919,196 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг зөрчөөгүй байна.
Хариуцагч ........... нь 2012 оноос хойш орон сууцанд паар тавиагүй, эрүүл мэндийн шалтгаанаар дулаан тавиулах шаардлагагүй, дулаан хэрэглээгүй тул үнийг нь төлөхгүй гэж татгалзаж байгаа боловч нийтийн зориулалттай орон сууцны хэвийн ашиглалтын байдлыг хангахын тулд зайлшгүй дулаан нийлүүлдэг, орон сууцны доод давхараас эхлэн дулааныг дамжуулдаг тул хариуцагч нь төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан баримтыг тал бүрээс нь харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 202/МА2019/00022 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн137/ШШ2019/00179 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...147 дугаар зүйлийн 147.1...гэснийг 243 дугаар зүйлийн 243.1...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ...........гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26 611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН