Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  А.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Мээпам

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Н.Энхжаргал

            Шүүгдэгч                                           А.О

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, А.Од холбогдох 1812004400311 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн Б овогт Аийн О

 

А.О нь 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 06-13 тоотод оршин суух иргэн Д.Эын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар “Гоо марал” хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 180.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 58-13 тоотод иргэн Т.Оыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Шүүгдэгч Б овогт Аийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оээс 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цогт-Уулын 06-13 тоотод оршин суух Боржигон овогт Довчинсамбуугийн Энхбат /РД:АЮ59041171/-д олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Оийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.”

 

Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч А.О нь: 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 6-13 тоотод оршин суух иргэн Д.Эын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар “Гоо марал” хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 180.000 /зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 58-13 тоотод иргэн Т.Оыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ.

Тус аймгийн прокурорын газраас А.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10- т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр боллоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч А.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн өдрөөс буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс тоололгүйгээр, анх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд А.Од холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулж өгнө үү.”гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би шүүгдэгч А.Од холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх  шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.О нь 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 06-13 тоотод оршин суух иргэн Д.Эын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлсан,  2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 58-13 тоотод иргэн Т.Оыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  гэж үзэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Иймд шүүгдэгч А.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Оийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 58-13 тоотод иргэн Т.Оыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 06-13 тоотод оршин суух иргэн Д.Эын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар “Гоо марал” хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт... гэмт хэрэг үйлдсэн этгээд нь энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох эрхийг шүүхэд хуулиар олгожээ.

 

Гэтэл шүүгдэгч А.О нь хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсоноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Түүний холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно гэж зааснаар тасалдаж, улмаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэх цаг хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох нь хууль ёсны байхад анхан шатны шүүх А.Оийн хүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

 

А.Оийн хувийн байдлыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол А.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

           ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

                                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ