| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/0090/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/90 |
| Огноо | 2022-05-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/90
2022 оны 05 сарын 03 өдөр 2022/ШЦТ/90 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Энх-Амгалан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар *******өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн харьяат, *******, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ах, эгч дүү нарын хамт ******* сумын 5 дугаар багийн *******ийн 29 тоотод оршин суух,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 сарын 30-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаарт зүйлийн 145.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 сарын 23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих,
Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 2 жил 06 сарын хорих ял шийтгүүлж Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2015.11.05-ны өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 06-нд суллагдсан,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих
регистрийн дугаар *******, *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 732 тоот дахь иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч 15 кг үхрийн мах хулгайлж 223,800 төгрөгийн хохирол,
2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 19-06 тоот дахь иргэн *******ын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч жаазанд байсан 5000 төгрөгийг авч нийт 9500 төгрөгийн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн *******ийн 12-29 тоот дахь иргэн *******гийн байшингийн цонхоор нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Хохирлыг бүгдийг нь төлсөн... гэв.
2230000000045 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09-10 цагийн хооронд ******* сумын 5 дугаар багт байдаг “Аз” дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч уусан. Тэгээд зүүн зүгт явж байгаад нэг хашаа байшин руу орсон. Тухайн айлд хүн байгаагүй бөгөөд би вакум цонхийг нь түлхэн дотогш нэвтэрч үүдний хэсэгт байсан үхрийн махнаас гялгар уутанд хийж авч гарсан. Гараад явж байгаад цагдаад баригдсан,...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үд өнгөрч байх үед гэрээсээ гарч өөрт байсан 3000 төгрөгөөр “Ганга” дэлгүүрээс ерөөл нэртэй 100 мг архи авч уусан. Дахиж архи авч уух мөнгө олох зорилгоор зүүн зүгт гэр хороолол дунд явж байгаад хашаан дотор байсан 2 гэрийн зүүн талын гэрийн цоожийг төмөр ашиглан хөшиж эвдээд гэрт орсон. Тухайн гэрт дотогш нэвтэрч хойморт байсан бурхны авдар, шургуулганд авчихмаар эд зүйлс хайгаад олдохгүй болохоор нь жаазтай эрэгтэй хүний зурганд 5000 төгрөг харагдахаар нь жаазыг нь салгаж 5000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртийг аваад гарсан,...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* сумын 5 дугаар баг *******ийн гудмаар явж байгаад блокон хашаатай, том хаалгагүй, улаан өнгийн тоосгон байшин руу хулгай хийх зорилготой орсон. Би эзэнгүй айл руу орвол архи байвал авна. Архи байхгүй бол бэлэн мөнгө авдаг. Архи, бэлэн мөнгө байхгүй бол өөр зүйл авахгүйгээр буцаад гардаг. ...Хүрэн өнгийн хар үдээстэй, өвлийн гуталтай, хар ногоон өнгийн хилэн өмдтэй, хүрэн шаргал өнгийн хүрэмтэй явж байсан...гэх мэдүүлгүүд /хх-49-50,180-181,145-146/
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2202013 дугаартай дүгнэлтээр “ хаалганы хятад шар цоож зэргийн зах зээлийн үнэлгээ 4,500 /дөрвөн мянга таван зуун/ төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 122 тал/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч Е.Мөнх-Учралын гаргасан 006 дугаартай “...49 дугаартай гомдолд хэргийн газраас бэхжүүлэн авсан 1 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэж байна. Уг гарын мөр нь Дамдинсүрэн овогтой Эрдэнэтөгсийн /РД:*******/ баруун гарын дунд хурууны мөр байна ” гэх дүгнэлт /хх-ийн 132-133 тал/,
- Хохирогч *******гийн: Би Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ийн 12-29 тоотод амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед хашаа байшингаараа очиход байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд би байшин руугаа ороод цонхоо харахад цонхны түгжээнүүд эвдэрсэн байсан. Гэр доторх эд зүйлсээ шалгахад алга болсон эд зүйл байхгүй бүх юм байрандаа байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс алдагдсан эд зүйлс байхгүй. Харин манай байшингийн урд талын вакум цонхыг хөшиж онгойлгосон байсан. Манай байшин руу хууль бусаар нэвтэрч орсон хүний гутлын улны мөр нь үргэлж ултай /хээг нь сайн мэдэхгүй/ мөр байсан тэр гутлыг өмсөж явсан хүн манай гэр рүү орсон. Манай гэрээс алдагдсан эд зүйлс байхгүй болохоор миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 153-157/,
- Эд мөрийн баримт хураан авсан прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 159-162 /,
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ” зарчимд тулгуурлан шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 732 тоот дахь иргэн *******ын амьдрах байшингийн цонхоор нэвтрэн орж 15 кг үхрийн мах хулгайлж 223,800 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 19-06 тоот дахь иргэн *******ын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч жаазанд байсан 5000 төгрөгийг авч, нийт 9500 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******ийн 12-29 тоот дахь иргэн *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл явдлыг хүлээн зөвшөөрч “ 15 кг махыг үүдний амбаарт шуудайнд дүүрэн шахуу мах байсан. Доод талд нь бага зэргийг үлдээгээд хажууд нь байсан цагаан өнгийн уутанд хийгээд аваад явсан, ..хашаан дотор байсан 2 гэрийн зүүн талын гэрийн цоожийг төмөр ашиглан хөшиж эвдээд гэрт орсон. Тухайн гэрт дотогш нэвтэрч хойморт байсан бурхны авдар, шургуулганд авчихмаар эд зүйлс хайгаад олдохгүй болохоор нь жаазтай эрэгтэй хүний зурганд 5000 төгрөг харагдахаар нь жаазыг нь салгаж 5000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртийг авсан, *******ийн гудмаар явж байгаад блокон хашаатай, том хаалгагүй, улаан өнгийн тоосгон байшин руу хулгай хийх зорилготой орсон. Би эзэнгүй айл руу орвол архи байвал авна. Архи байхгүй бол бэлэн мөнгө авдаг. Архи, бэлэн мөнгө байхгүй бол өөр зүйл авахгүйгээр буцаад гардаг. Хүрэн өнгийн хар үдээстэй, өвлийн гуталтай, хар ногоон өнгийн хилэн өмдтэй, хүрэн шаргал өнгийн хүрэмтэй явж байсан...гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ хохирогч *******, *******, ******* нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
шинжээчийн 006 дугаартай “...49 дугаартай гомдолд хэргийн газраас бэхжүүлэн авсан 1 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэж байна. Уг гарын мөр нь Дамдинсүрэн овогтой Эрдэнэтөгсийн /РД:*******/ баруун гарын дунд хурууны мөр байна ” гэх дүгнэлт , Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, шинжээчийн 2103359 дугаартай “ 15 кг махны үнэлгээ 223,800 төгрөг” гэх, 2202013 дугаартай “ хаалганы хятад шар цоож зэргийн зах зээлийн үнэлгээ 4,500 /дөрвөн мянга таван зуун/ төгрөг” гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс *******, *******, ******* нарыг хохирогчоор тогтоож, тэдгээрийн хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хөрөнгийн үнэлгээний эрх бүхий хуулийн этгээд болох “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2103359 дугаартай дүгнэлтээр 15 кг махны үнийг 223,800 төгрөгөөр, *******ын гэрийн цоожийг 4500 төгрөгөөр тогтоосон зэрэг нь хууль зөрчөөгүй хийгээд хохирлын үнэлгээ, шинжээч дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
4. Хууль зүйн ойлголтоор “ Хулгайлах гэмт хэрэг ” нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.
Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл “ Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн тайлбарт “ Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” тусгажээ.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлавал, шүүгдэгч *******ийг мөнгө, эд зүйлийг авах санаа зорилго, сэдэлтээр бусдын орон байрт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоно.
5. Прокуророос шүүгдэгч *******ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 732 тоот дахь иргэн *******ын амьдрах байшингийн цонхоор нэвтрэн орж 15 кг үхрийн мах хулгайлж 223,800 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 19-06 тоот дахь иргэн *******ын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч жаазанд байсан 5000 төгрөгийг авч, нийт 9500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******ийн 12-29 тоотод оршин суух *******гийн байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч шүүгдэгч *******ийн зүгээс эд зүйл авахаар хохирогч *******гийн байшингийн цонхоор нэвтэрсэн боловч түүний зорилгод нийцсэн буюу архи уух мөнгө болгох эд зүйл байгаагүй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг төгсгөөгүй байгааг дурдъя.
6. Шүүгдэгч *******ийн хувьд бусдын орон байранд нэвтэрч 15 кг мах, 5000 төгрөг зэргийг хулгайлж гэмт хэргийг төгс үйлдсэн, мөн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл авахыг завдсан хийгээд түүнийг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Учир нь тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох буюу архи уух мөнгө олох, өөрийн хэрэгцээгээ хангах зорилгоор 15 кг мах, бэлэн 5000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Энх-Амгалангаас “ ... Шүүгдэгч ******* нь гурван удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Иймд шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх. Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 95 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан. Түүний нийт 95 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох...” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “...Миний үйлчлүүлэгч өмнө нь 8 удаа ял шийтгүүлсэн. Ял шийтгүүлсэн хэрэг нь дандаа орон байранд нэвтэрдэг ба дандаа хүнсний зүйл буюу ахуйн чанартай эд зүйл хулгайлдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учруулсан хор, хохирлын талаар заасан байдаг. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдлыг харгалзан үзэж боломж олговол архинаас гарч хүнсний зориулалтын хулгай хийхгүй чадвар байгаа гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Улсын яллагчаас шүүгдэгч *******өд ял оногдуулахад түүний хохирогч *******гийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан үйлдлийг, хохирогч *******ын байшин, *******ын монгол гэрт тус тус нэвтэрч хулгайлах гэмт хэргийг төгс үйлдсэн хэргүүдэд хамтатган нэг ял оногдуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна ” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн зүгээс эд зүйл авахаар хохирогч *******гийн байшингийн цонхоор нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэл нь дээрх хоёр гэмт хэргээс тусдаа цаг хугацаанд үйлдэгдсэн, нэг эхлэл, төгсгөлтэй, бие даасан үйлдэл тул тухайн гэмт хэрэгт тусад ял оногдуулах нь хуулийн дээрх зохицуулалтанд нийцэх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай бөгөөд тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, хохирогч нарт бага хэмжээнээс доош хохирол учирсан, хохирол нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Иймд *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2/хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтооно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Гэм хор, хохирлын талаар:
*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******д 9500 төгрөгийн, хохирогч *******т 223.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогч *******ын гэрээс хулгайлсан 15 кг махыг биет байдлаар буцаан өгсөн болох нь мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр, хохирогч *******ын гэрээс авсан 5000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдоно.
Хохирогч ******* нь өөрт учирсан хохирол цоожны үнэ 4500 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд хохирогч *******д биет, бодит хохирол учраагүй болно.
Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
“Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2103359 дугаартай дүгнэлтээр 15 кг махны үнийг 223,800 төгрөгөөр, *******ын гэрийн цоожийг 4500 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Бусад:
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолно.
Шүүгдэгч *******ийн энэ хэргийн улмаас нийт 95 хоног цагдан хоригдсон хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн, өвлийн дотортой, үргэлж ултай, үдээстэй 1 хос гутлыг эзэмшигч *******өд буцаан олгох бөгөөд хэрэгт итүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг дурдья.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах, мөн хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2/хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн цагдан хоригдсон 95 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******, *******, ******* нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн, өвлийн дотортой, үргэлж ултай, үдээстэй 1 хос гутлыг эзэмшигч *******өд буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН