Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 10 өдөр                    2022/ШЦТ/94                         Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох 2230000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн “Их ус” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн “Улаан хошуу” гэх газарт 31-06 СҮА улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ” гэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Г.Ануужинг автомашинаар мөргөж “ түүний эрүүл мэндэд тархины эдийн няцрал, хүнд хэлбэр, дагз чамархайг хамарсан тархины эд доторх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины оворго ” бүхий хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон асуудал бүгд үнэн зөв. Би мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

2230000000118  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

- Яллагдагч *******ийн: 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хаваржаандаа буух гээд нүүдэл хийсэн. 18 цагийн үед аргалаа хаваржааруугаа зөөхөөр Пронтер маркийн 31-06 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ хүүгийн хамт ачсан. Хоёр хүү хөлдүү газар зоолттой лоомыг сугалах гээд хашаанаас зүүн тийш явсан. Би аргал ачсан газраасаа хөдлөх гээд машиндаа суухдаа машиныхаа хоёр талаар харахад юм байгаагүй. Машиндаа суугаад машинаа асаагаад 5 минут орчим нормалдаж сууж байгаад баруун тийш хөдлөөд 1 метр орчим яваад толиндоо хартал машины ард охин Ануужин уначихсан байхаар нь машинаа зогсоогоод бууж очоод тэвэрч аваад гэрүүгээ авч ороод охин ухаан алдсан байсан болохоор нь түргэн дуудсан...гэх мэдүүлэг /хх 41-42 тал/

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******: 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хаваржаандаа буухаар нүүдэл хийж байсан юм. Орой 17 цагийн орчим манай нөхөр болон 2 хүү бид нар аргал ачсан. Би аргалаа аччихаад гэрлүүгээ орсон. Намайг гэрт орох үед бага охин Г.Ануужин гадаа аргал ачсан газрын хажууд тоглоод үлдсэн. Би гэр рүү ороод байж байтал охин Г.Ануужинг аав Ганхуяг нь тэврээд “машины ард доошоо хараад оочсон байна” гээд орж ирсэн. Охин ухаан алдсан байсан. Тэгээд шууд түргэн дуудсан...гэх мэдүүлэг /хх 22-23 тал/,

 

- Гэрч *******: 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манайх өвөлжөөнөөсөө хаваржаа руу буух гээд аав, ах бид гурав гэрийнхээ урд байх хашааны хойд талаас аргалаа ачсан. Орой 18 цагийн үед аргалаа ачиж дуусаад ах бид хоёр зүүн талд байсан лоомыг сугалж авах гээд явахтай зэрэгцээд аав Пронтер маркийн машинаа асаагаад хаваржаа руугаа хөдөлсөн. Тэгээд жоохон хөдлөөд зогсох шиг болохоор нь эргээд хартал 1 нас 8 сартай эмэгтэй дүү Г.Ануужинг машиныхаа ард талд тэвэрчихсэн сууж байхаар нь очтол аав дүүг гэрлүүгээ аваад орохоор нь араас нь ороход дүү маань ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд сум руу түргэн дуудаад эмч ирж дүүг авч явсан...гэх мэдүүлэг /хх 29-30 тал/,

 

- Сүхбаатар Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 178 дугаартай “1. ******* биед тархины эдийн няцрал, хүнд хэлбэр, дагз баруун чамархайг хамарсан тархины эд доторх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины оворго бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх 34-35 тал/,

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “...31-06 СҮА улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх дүрмийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх 16-18 тал/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14 тал/,

 

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-15/

 

- *******ийн В, С ангиллын 370724 дугаарын жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-19,47/

 

  • *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46/

 

- *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-48/

 

- *******ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-50/

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал /хх-57/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Хэргийн баримтаар шүүгдэгч ******* 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан хошуу” гэх газарт 31-06 СҮА улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Г.Ануужинг автомашинаар дайрч эрүүл мэндэд нь “ тархины эдийн няцрал, хүнд хэлбэр, дагз чамархайг хамарсан тархины эд доторх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины оворго бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “...Би аргал ачсан газраасаа хөдлөх гээд машиндаа суухдаа машиныхаа хоёр талаар харахад юм байгаагүй. Машиндаа суугаад машинаа асаагаад 5 минут орчим нормалдаж сууж байгаад баруун тийш хөдлөөд 1 метр орчим яваад толиндоо хартал машины ард охин Ануужин уначихсан байхаар нь машинаа зогсоогоод бууж очоод тэвэрч аваад гэрүүгээ авч ороод охин ухаан алдсан байсан болохоор нь түргэн дуудсан... ” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй ба энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “Орой 17 цагийн орчим манай нөхөр болон 2 хүү бид нар аргал ачсан. Би аргалаа аччихаад гэрлүүгээ орсон. Намайг гэрт орох үед бага охин Г.Ануужин гадаа аргал ачсан газрын хажууд тоглоод үлдсэн. Би гэр рүү ороод байж байтал охин Г.Ануужинг аав Ганхуяг нь тэврээд “машины ард доошоо хараад оочсон байна” гээд орж ирсэн. Охин ухаан алдсан байсан” гэх,

гэрч ******* “Орой 18 цагийн үед аргалаа ачиж дуусаад ах бид хоёр зүүн талд байсан лоомыг сугалж авах гээд явахтай зэрэгцээд аав Пронтер маркийн машинаа асаагаад хаваржаа руугаа хөдөлсөн. Тэгээд жоохон хөдлөөд зогсох шиг болохоор нь эргээд хартал 1 нас 8 сартай эмэгтэй дүү Г.Ануужинг машиныхаа ард талд тэвэрчихсэн сууж байхаар нь очтол аав дүүг гэрлүүгээ аваад орохоор нь араас нь ороход дүү маань ухаан алдсан байдалтай байсан”гэх мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-14/, Мөрдөгчийн магадалгаа зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ. 

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч ******* биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 178 дугаартай “1. ******* биед тархины эдийн няцрал, хүнд хэлбэр, дагз баруун чамархайг хамарсан тархины эд доторх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины оворго бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна”...гэх дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2. Гэмтлийн “хүнд” зэрэгт Гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.2.1.амь насанд аюултай гэмтэл, 2.2.амь тэнссэн байдал, 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг, 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан”  гэж заасан бөгөөд хохирогч ******* биед учирсан тархины эдийн няцрал, хүнд хэлбэр, дагз баруун чамархайг хамарсан тархины эд доторх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины оворго бүхий гэмтэл нь дээрх журмын 2.2-т заасан хүнд гэмтлийн зэрэгт хамаарч байгааг дурдъя.

 

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийн холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Азбаяр 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “...31-06 СҮА улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх дүрмийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй байна” гэх магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гараагүй байна.

           

4. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.

 

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

 

Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

5. Прокуророос шүүгдэгч *******ийг зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг агуулжээ.

 

   6. Шүүгдэгч *******ийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгалгүйгээр хөдөлгөөнийг эхлүүлснээс осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорихялтай бөгөөд прокуророос түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, тухайн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нь түүний төрсөн охин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оюун-Эрдэнээс гомдол , санал гаргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирлын талаар:

 

          Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний  “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ би гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Бусад:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн № 370724 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн № 370724 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН