| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/0098/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/98 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/98
2022 оны 05 сарын 11 өдөр 2022/ШЦТ/98 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Б.Энх-Амгалан,
Шүүгдэгч Д.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Энхтайванд холбогдох 2230000260091 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-641 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бүрэн овогт Дамдинсүрэнгийн Энхтайван /РД:СЩ64011510/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Энхтайван нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Шар худаг” гэх газар улсын чанартай А2001 дугаартай хатуу хучилттай замаар 85-18 СҮЭ улсын дугаартай Ниссан НВ-200 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар Э.Есүдэйн эрүүл мэндэд “ зүүн эгэм ясны ташуу зөрүүтэй хугарал, зүүн шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
2230000000094 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
- Яллагдагч Д.Энхтайвангийн: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед өөрийн дүү Энхбатын төрсөн хүү Есүдэйн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн 85-18 СҮЭ улсын дугаартай Ниссан Ванита HV-200 маркийн автомашинтай Улаанбаатар хотоос хийдийн хүнсний ногоо ачаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу явсан. Орой 23 цагийн орчим Баруун-Урт сумын төвөөс баруун зүгт 17 км замд явж байсан чинь гэнэт дугуй хагарч байгаа юм шиг болоод машин баруун гар тал руугаа руль булаахаар нь буцаагаад руль хариулахдаа хэт дараад замын хойд тал руу 2-3 өнхрөөд босоод ирсэн. Тэр үед замд явж байсан хүмүүс туслаад эмнэлэгт хүргэгдэж ирсэн...гэх мэдүүлэг /хх 75-76/
- Бага насны хохирогч Э.Есүдэйн: Энхтайван ахтай хамт Улаанбаатар хотоос машинтай ирж байсан. Нойр хүрээд унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт сэрсэн. Өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх 24-25 /,
- Иргэний нэхэмжлэгч М.Оюунчимэгийн: Манай байгууллага нь 2021 онд худалдан авч байсан 85-18 СҮЭ улсын дугаартай HW-200 маркийн автомашиныг албан ёсны жолооч Д.Энхтайван нь хариуцаж Улаанбаатар хотоос хүнсний зүйл тээвэрлэдэг байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос ирж байгаад зам тээврийн осол гаргасан байсан. Д.Энхтайван нь манай байгууллагын автомашиныг шинээр худалдан авч байсан үнээр нь буюу 12.000.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-28-29/
-Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Энхтайван цус” шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Энхтайван цус” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй..” гэх дүгнэлт /хх-38-39/
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн “...1. Д.Энхтайвангийн биед толгойн баруун чамархайн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 42-43/ /,
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 61 дугаартай “...1. Э.Есүйдэйн биед зүүн эгэм ясны ташуу зөрүүтэй хугарал, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх 47-48 /,
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Сосорын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай “...Nissan HB-200 маркийн 85-18 СҮЭ улсын дугаартай автомашины жолооч Дамдинсүрэнгийн Энхтайван нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй байна” мөрдөгчийн магадлагаа /хх 16-17 тал/,
- Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022.03.14-ний өдрийн 2202112 дугаартай “... Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ 5.970.000 төгрөг “ гэх дүгнэлт /хх-57-62/
- 8518 СҮЭ улсын дугаартай “Ниссан NV 200” автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх-63/
- Д.Энхтайвангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх -79-82/
- Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн 2022.03.14-ний өдрийн 022 дугаартай тодорхойлолт /хх-83/
- Д.Энхтайвангийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх- 86/
- Насанд хүрээгүй хохирогч Э.Есүдэйн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат, ээж С.Халиунаа нарын Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “... Одоо миний хүү Есүдэйн биеийн байдал эрүүл саруул байгаа тул ямар нэгэн гомдол саналгүй тухайн осол болсон өдрийн маргааш цагдаад мөн адил гомдолгүй гэсэн мэдүүлэг миний бие өгсөн болно. Иймд хүсэлтийг минь хүлээн авна уу “ гэх хүсэлт
- Э.Есүдэйн 0000487929 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-91/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын Яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал /хх -100/ зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Д.Энхтайван нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Шар худаг” гэх газарт улсын чанартай А2001 дугаартай хатуу хучилттай замаар 85-18 СҮЭ улсын дугаартай Ниссан НВ-200 загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “ 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж машинаа онхолдуулан зам тээврийн осол гаргаж Э.Есүдэйн эрүүл мэндэд “ зүүн эгэм ясны ташуу зөрүүтэй хугарал, зүүн шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч Д.Энхтайван мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “....2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед өөрийн дүү Энхбатын төрсөн хүү Есүдэйн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн 85-18 СҮЭ улсын дугаартай Ниссан Ванита HV-200 маркийн автомашинтай Улаанбаатар хотоос хийдийн хүнсний ногоо ачаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу явсан. 23 цагийн орчим Баруун-Урт сумын төвөөс баруун зүгт 17 км замд явж байсан чинь гэнэт дугуй хагарч байгаа юм шиг болоод машин баруун гар тал руугаа руль булаахаар нь буцаагаад руль хариулахдаа хэт дараад замын хойд тал руу 2-3 өнхрөөд босоод ирсэн ” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй ба энэ нь бага насны хохирогч Э.Есүдэйн “Энхтайван ахтай хамт Улаанбаатар хотоос машинтай ирж байсан. Нойр хүрээд унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт сэрсэн. Өөр мэдэх зүйл байхгүй”, иргэний нэхэмжлэгч М.Оюунчимэгийн “ Манай байгууллага нь 2021 онд худалдан авч байсан 85-18 СҮЭ улсын дугаартай HW-200 маркийн автомашиныг албан ёсны жолооч Д.Энхтайван нь хариуцаж Улаанбаатар хотоос хүнсний зүйл тээвэрлэдэг байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос ирж байгаад зам тээврийн осол гаргасан байсан. Д.Энхтайван нь манай байгууллагын автомашиныг шинээр худалдан авч байсан үнээр нь буюу 12.000.000 төгрөгийг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 61 дугаартай “...1. Э.Есүйдэйн биед зүүн эгэм ясны ташуу зөрүүтэй хугарал, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-12/, Мөрдөгчийн магадалгаа зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Э.Есүдэйгийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 61 дугаартай “...1. Э.Есүйдэйн биед зүүн эгэм ясны ташуу зөрүүтэй хугарал, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна”...гэх дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэж заасан хамаарахаар бөгөөд хохирогч Э.Есүдэйн биед учирсан “ биед зүүн эгэм ясны ташуу зөрүүтэй хугарал” нь дээрх журмын 2.3.1. “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.
3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгч М.Азбаяраас шүүгдэгч Д.Энхтайвангийн холбогдсон зам тээврийн осол нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаар магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д.Энхтайвангийн мэдүүлгийг үндэслэвэл шүүгдэгч Д.Энхтайван нь шөнийн цагт хатуу хучилттай замд явахдаа машины жолоо алдагдах, булаасан үед зогсоох арга хэмжээ авалгүй баруун гар тал руугаа хэт дарсан улмаас онхолдож осол гаргасан буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байна.
4. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.
Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны
хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
5. Прокуророос шүүгдэгч Д.Энхтайвангийн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Есүдэйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Д.Энхтайванг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч Д.Энхтайвангийн үйлдлийн улмаас хохирогч Э.Есүдэйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бүрэлдэхүүний шинжтэй байна.
6. Шүүгдэгч Д.Энхтайвангийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд зам дээр тулгарсан саадыг гаргахгүй байж чадна гэж тооцон тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоолгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлснээс осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
7. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Д.Энхтайвангийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.Есүдэйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Энхтайванг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Д.Энхтайванд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Энхтайвангийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай бөгөөд прокуророос түүнд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, шүүгдэгч Д.Энхтайвангийн үйлдсэн дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, тухайн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шаардсан хэмжээнд нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчийг хохиролгүй болгосон, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Д.Энхтайван нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь түүний дүүгийн хүүхэд, тэрээр гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.
Д.Энхтайвангийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Д.Энхтайвангийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Есүдэйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Эрдэнэмандал хийдэд 5.970.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат, иргэний нэхэмжлэгч М.Оюунчимэг нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь Б.Энхбатын цагдаагийн газарт гаргасан “Одоо миний хүү Есүдэйн биеийн байдал эрүүл саруул байгаа тул ямар нэгэн гомдол саналгүй тухайн осол болсон өдрийн маргааш цагдаад мөн адил гомдолгүй гэсэн мэдүүлэг миний бие өгсөн болно” гэх хүсэлт, иргэний нэхэмжлэгч М.Оюунчимэгийн “Д.Энхтайван нь манай байгууллагын автомашиныг шинээр худалдан авч байсан үнээр нь буюу 12.000.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Есүдэйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Бусад:
Шүүгдэгч Д.Энхтайван нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүрэн овогт Дамдинсүрэнгийн Энхтайванг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтайванд 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Д.Энхтайванд дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтайван нь торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Энхтайванд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Энхтайван нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат, хохирогч Э.Есүдэй, иргэний нэхэмжлэгч М.Оюунчимэг нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Есүдэйн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатын тухайн гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН