Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 700

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Ганболд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч:  Г.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

 

гэм хорын хохиролд 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Оь, иргэдийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Г.Д миний бие нь Г.Г 2017 оны 01 сарын 05-ны өдөр эмчилгээний зардал болох 1,500,000 төгрөг гаргуулах тухай гэрээ хийж Сүхбаатар дүүргийн нотариатаар батлуулсан.

Энэ гэрээнд 2017 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл сар бүрийн 09-ний өдөр 500,000 төгрөг өгч дуусгахаар тохирсон. Гэвч Г.Гнь 2017 оны 2 сард 100,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг төлөөгүй. Г.Гнь гэрээнд бичсэн хаягтаа байгаагүй учраас Хан-Уул дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж оршин суугаа газар болон утасны дугаарыг тодорхой болгосон.

Иймд Г.Г миний эмчилгээний зардал болох 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Гшүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Г.Гминий бие нь Г.Дг зодож гэмтэл учруулж гэм буруутайд тооцогдон шүүхээр шийтгүүлсэн. Эрүүгийн хэргийг шийдэх явцад үндэслэлгүйгээр 10,000,000 төгрөг нэхэмжилж түүний эмчилгээ, эм тарианд гарсан зардал болон цаашид гарах зардалд 2,500,000 төгрөг төлсөн. Түүний эмчилгээ болон эм тарианы мөнгийг бүрэн төлсөн тул нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гнь Г.Дд эмчилгээний бодит зардал 1,100,000 төгрөг, хойшид гарах эмчилгээ эм тарианы төлбөрт 1,400,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Г эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан. эрүүгийн хэрэг шалгагдаж байхад Г.Д нь 10 сая төгрөг нэхсэн, сүүлдээ 5 сая төгрөг болсон. Тухайн үед эмчилгээнд гарсан баримтаар нотлогдож байсан бодит зардал нь 1,100,000 төгрөг байсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардалд 1,400,000 төгрөг өгсөн. Энэ хүн үнэхээр эмчилгээ хийлгэж зардал гаргасан бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа хохирол барагдуулах баримтаас гадна бусад баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Зохигчдын хооронд 2016 оны 07 сард маргаан үүссэн бөгөөд “хохирол барагдуулах тухай хэлцэл” нь 2016 оны огноотой байгаа нь техникийн алдаа гэж бодож байна гэв.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Г.Г холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,400,000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Гнь гэм буруугийн асуудлыг шүүх шийдсэн бөгөөд эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан одоо төлөх төлбөргүй гэж  маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож 2016 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн “хохирол барагдуулах тухай хэлцэл”-ийг шүүхэд гаргаж өгсөн. /х.х-ийн 5/

 

Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр “хохирол барагдуулах тухай хэлцэл”-ээр хохирогч Г.Дгийн эмчилгээ, эм тарианы зардал болох 1,500,000 төгрөгийг доорх хугацаанд төлөхөөр тохиролцов гэжээ.

 

Г.Гнь 2016 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Г.Дтай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндэвтэр зэргийн  гэмтэл санаатай учруулсан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд зохигчид гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд дээрхи хохирол барагдуулах хэлцэлийн огноог 2016 он гэж алдаатай бичсэн болох нь зохигчдын тайлбар, шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан агуулгаар эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл нь Зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа.

            Тодруулбал хэн нэгний гаргасан зөрчилтэй холбоотойгоор үүссэн гэм хорын үр дагаврыг арилгуулах үүргийн харилцаа юм.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Гнь хохирогч Г.Дд мөрдөн байцаалтын шатанд 500,000 төгрөг, шүүхийн шатанд 2,000,000 төгрөг нийт 2,500,000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан хохирол барагдуулах хэлцэл нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр буюу шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө байгуулсан бөгөөд хохирлыг барагдуулсан болох нь хариуцагчийн тайлбар, шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” атал нэхэмжлэгч Г.Д нь шийтгэх тогтоол гарсанаас хойш дахин эмчилгээ хийлгэснээ хэлцэлээс гадна бусад бичгийн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч Г.Д нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн бичгийн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Г.Дгийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар чөлөөлөгддөг тул түүний урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.Г 1,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

          

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      А.МӨНХЗУЛ

 

                              ШҮҮГЧИД                                                      Д.ГАНБОЛД

 

                                                                                                  Д.ЗОЛЗАЯА