Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00091

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол улсын гудамж Энканто Таур 306-32 тоот, ЛС ХХК-ний нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сум, БС ХХК-д холбогдох

            29850000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ЛС ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зохигч талууд нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах- худалдан авах гэрээг байгуулсан юм. Тухайн гэрээгээр хариуцагч тал нь Рапс тарианы үрийг 1 тонныг 4500000 төгрөгөөр тооцож нийт 13 тонныг урьдчилгаа 50 хувийн үнийн дүнг төлж зээлээр худалдан авах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр авах байсан 13 тонн үрээс 7.3 тонныг буюу 32850000 төгрөгийн үрийг урьдчилгаа 3 сая төгрөгийг төлөн манай байгууллагаас хүлээн авсан болно. Одоо манай байгууллагад гэрээгээр хүлээсэн 29850000 төгрөгийг барагдуулахгүй гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаад байна.

Бид дээрх байгууллагын удирдлагатай удаа дараа холбогдож гэрээний биелэлтийн талаар харилцан тохиролцож үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзсэн бөгөөд хариуцагч талаас уг нөхцөл байдлыг удаа дараа үгүйсгээд байгаа юм. Иймд хариуцагчаас гэрээгээр хүлээн авсан бараа бүтээгдэхүүний нийт өртгийг гаргуулж манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ЛС ХХК-ийг төлөөлж Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сани таун хотхон 830-137 тоотод оршин суух, 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, ЛС ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, Хоньч овогт Борхүүгийн Тулгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ЛС ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа байгасгаж байна. Учир нь БС ХХК нь манай байгууллагаас 7.3 тонн рапсын үр ачаагүй бодит байдал дээр 7 тонн рапсын үрийг ачсан байдаг юм. Иймд 300 кг рапсын үрийн үнэ 1350000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцож байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн № 22 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээгээр БС ХХК нь 7 тонн рапсын үрийг урьдчилгаа 3 сая төгрөгийг төлж манай байгууллагаас авсан. 1 тонн рапсын үрийг 4500000 төгрөгөөр тооцсон. 50 хувийг нь урьдчилан төлж үлдэх 50 хувийг нь ургац хураалтаар буцаан төлөх болзолтой байсан юм. Нийт 7 тонн рапсын үрийн төлбөр нь 31500000 төгрөг болж байх бөгөөд үүнээс урьдчилгаанд өгсөн 3 сая төгрөгийг нь хасаад үлдэх 28500000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч БС ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 17-12 тоотод оршин суух, 1962 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Гөрөөчин овогт Ичинхорлоогийн Атас /РД:*/ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний нөхцөл дээр бол маргаан байхгүй. Харин өгөх өглөг авах авлага дээрээ л тохирохгүй байгаа юм. БС ХХК нь 7.3 тонн биш 7 тонн рапсын үр авсан. Үүний зөрүү 1350000 төгрөг болж байна. Мөн авсан үр нь хог шороо ихтэй байсан учир дахин 300 кг үрийн үнэ 1350000 төгрөгийг хасуулна. ЛС ХХК-ний захирал Ш.Бо нь 2015 оны 08 дугаар сард БС ХХК-ний захирал Ц.Нятай уулзаад рапсаа хураачихаад чамд борлуулъя урьдчилгаа 15 сая төгрөгийг дансанд хийчих гэж захирлууд хоорондоо ярилцсан юм байна лээ. Үүний дагуу Ц.Ня нь 15 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг юм. Гэтэл Ш.Бо нь рапсаа хураачаад Ц.Няд худалдаагүй өөр хүнд худалдсан байдаг. Үүний мөнгийг нэг жил гаруй хугацаанд Ц.Ня аваагүй. 2016 онд уг өгсөн 15 сая төгрөгийнхөө 13.5 сая төгрөгөнд бодож ЛС ХХК-иас селк авсан гэж Ц.Ня надад хэлсэн. Үүний үлдэгдэл нь 1.5 сая төгрөг болж байгааг хасуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ЛС ХХК-ний захирал Ш.Бо нь 2017 оны 05 дугаар сард Төв аймгийн Жаргалант суманд хүний газар түрээслэж рапс тарина гэж Батхуяг гэдэг хүнтэй гэрээ байгуулсан байдаг. Тэгээд Батхуягтай байгуулсан гэрээний төлбөрөө Ц.Няыг хийчих гэсэн тул 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр банкаар шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг Ш.Бо нь одоо болтол өгөөгүй. Иймд 14200000 төгрөгийг хасч тооцуулаад 14300000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Хариуцагч БС ХХК нь нэхэмжлэгч ЛС ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэг тонн нь 4500000 төгрөгийн үнэтэй 13 тонн рапсын үрийг 50 хувийн урьдчилгаа төлж үлдсэн 50 хувийг намар ургац хураасны дараа төлөхөөр тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлд заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан ¹ 22 дугаартай эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ЛС ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч БС ХХК-иас худалдах-худалдан авах гэрээгээр авсан рапсын төлбөрийн үлдэгдэл 29850000  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж БС ХХК нь гэрээгээр тохирсон 13 тонн үрээс 7.3 тонн биш 7 тонн үрийг бодит байдал дээр авсан байх тул илүү нэхэмжилсэн 300 кг рапсын үрийн үнэ 1350000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 28500000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч БС ХХК нь ЛС ХХК-иас 7.3 тонн биш 7 тонн рапсын үр авсан тул илүү нэхэмжилсэн 300 кг рапсын үрийн үнэ 1350000 төгрөгийг хасч тооцуулах, авсан 7 тонн рапсын үр нь хог шороо ихтэй учир 300 кг рапсын үрийг хорогдолд тооцуулж түүний үнэ 1350000 төгрөгийг нэмж хасуулах, мөн 2015 оны 08 дугаар сард ЛС ХХК-ний захирал Ш.Бот 15 сая төгрөгийг өгснөөс үлдэгдэл 1500000 төгрөгийг аваагүй тул хасч тооцуулах, 2017 оны 05 дугаар сард захирал Ш.Бот 10 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн тул хасч тооцуулах, нийт 14200000 төгрөгийг хасч тооцуулан 14300000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ЛС ХХК нь БС ХХК нь 7.3 тонн рапсын үрийг аваагүй харин 7 тонн рапсын үрийг авсан гэж илүү нэхэмжилсэн 300 кг рапсын үрийн үнэ 1350000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан бөгөөд харин хариуцагч БС ХХК-ний захирал Ц.Няын шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ат нарын шүүх хуралдаанд гаргасан 2015 оны 08 дугаар сард захирал Ш.Бот өгсөн 15 сая төгрөгийн үлдэгдэл 1.5 сая төгрөг, 2017 оны 05 дугаар сард шилжүүлсэн 10 сая төгрөгийг хасуулах тухай тайлбар хүсэлт нь ЛС ХХК БС ХХК-ний хооронд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан № 22 дугаартай эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээтэй холбоогүй, компаниудын хооронд биш уг компанийн захирлуудын хоорондын хувийн маргаантай асуудал байх тул үндсэн нэхэмжлэлтэй ямар ч холбоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй байна.

Харин БС ХХК-ний захирал Ц.Ня болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ат нар нь 2015 оны 08 дугаар сард Люкс Сролюшн ХХК-ний захирал Ш.Бот өгсөн гэх 15 сая төгрөгийн үлдэгдэл 1.5 сая төгрөг, 2017 оны 05 дугаар сард шилжүүлсэн гэх 10 сая төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн ЛС ХХК-иас авсан 7 тонн рапсын үр нь хог шороотой байсныг нотолсон талаар ямар ч нотлох баримтгүй, мөн энэ талаар гэрээндээ зааж өгөөгүй учир 300 кг рапсын үрийг хорогдолд тооцуулж түүний үнэ 1350000 төгрөгийг хасуулах тухай тайлбар хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагч БС ХХК-иас 28500000 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч ЛС ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч 29850000 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 307125 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БС  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 300450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛС ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243,1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БС ХХК-иас гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 28500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛС ХХК-д олгосугай.

 

2. Нэхэмжлэгч ЛС ХХК нь 1350000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсныг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 307125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БС ХХК-иас 300450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛС ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.